Номын хэсгээс

"Хязгаарыг давахуй" номын хэсгээс - Л.Суаресийн бага нас

06 сарын 03, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


12577   1




Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн довтлогчдын нэг Луис Суаресийн намтар ном монгол хэлнээ орчуулагджээ. Өмнө нь А.Пирлогийн "Сэтгэж байгаа цагтаа ширэн бөмбөгөө илдэнэ" номыг орчуулж байсан спортын сэтгүүлч, орчуулагч Г.Баярсайханы 2 дахь бүтээл болон энэхүү ном нь уншигчдын хүртээл болж байгаа юм. Барселона клуб болон Уругвайн шигшээ багийн довтлогч Л.Суарес өөрийн бага насны хүнд хэцүү амьдрал, хэрхэн мэргэжлийн хөлбөмбөгчин болсон болон Европыг уран гоолууд, хичээнгүй зүтгэлээрээ хэрхэн байлдан дагуулсан тухайгаа энэхүү номдоо өгүүлсэн юм. "Хязгаарыг давахуй" нэрээр гарч буй энэхүү номын хэсгээс, Л.Суаресийн өөрийн бага насаа өнгөрүүлсэн Кальехон орчмын талаар, хэрхэн анх энэ спорттой холбогдсон тухайгаа сануулсан хэсгээс та бүхэнд хүргэж байна.  

Кальехон

Монтевидеогийн Ла Комерсиал дүүрэг дэх байшингийн маань ар талын давчуу нарийхан гудамж намайг долоон настай байхад мөрөөдлийн маань цэнгэлдэх хүрээлэн байлаа. Нэг талд нь эмээгийн маань суулгасан нимбэгний мод сүглийж, нөгөө үзүүрт нь харуулын цамхаг, өргөстэй тор бүхий эмэгтэйчүүдийн хорих газрын сүрдмээр өндөр хана хашсан энэ газар бидэнд түм түжигнэж бум бужигнасан их хотын чимээ шуугиан, хөл хөдөлгөөн, Артигас Булеварын өргөн чөлөөгөөр өөд уруугүй сүлжилдэх машин тэрэгний утаа тоосноос хол, эрх дураараа бөмбөгөө элдэж өөрсдийгөө зугаацуулах чөлөөт орон зай, орогнох байр байв.

Бид үүнийгээ кальехон гэж нэрлэнэ. Шоронгийн харьяанд байдаг хүүхдийн асрамжийн газрын торлосон цонхнууд, хэзээ сүүлд онгойсон нь үл мэдэгдэх үйлдвэр цехийн цоожтой төмөр хаалганууд дунд хоёр бөөрнөөсөө хавчуулагдсан энэ талбайдаа бид өдрийн ихэнхийг өнгөрүүлэх агаад олуулаа үедээ нимбэгний модноос хорих газрын хана хүртэлх уртааш нь, харин цөөхүүлээ үедээ шүршдэг будгаар ханан дээр зурсан хаалга руугаа өшиглөн хөндлөнгөөр нь тоглоно.


Тэнд цугладаг хүүхдүүдээс би биеэр хамгийн жижиг, насаар хамгийн бага нь байсан боловч өөрөөсөө тав зургаан насаар ахмад хөвгүүдээс айж эмээлгүй, ана мана өрсөлддөг байсан. Том ах Паологийн маань тэдгээр найзууд эхэндээ намайг балчир гээд харж үзэж, өхөөрдөх янзтай байснаа яваандаа ямар шартай, шазруун гэдгийг минь мэдээд нас чацуу юм шиг л ширүүн дориун тоглодог болсон. Хатуу чулуун дээр хэчнээн хүчтэй унаж, өвдгөө шалбалж, бөмбөгөнд цохиулж, шилбэ рүүгээ өшиглүүлсэн ч гэсэн би уйлж байгаагүй. Хувцсаа гөвж босож ирээд л бөмбөгнөөс харцаа салгалгүй, болгомж болгоны төлөө эцсээ хүртэл тэмцдэг байв.


Мөрөөдлийн талбай маань зөөлөн ногоон зүлэг бус овгор товгор ихтэй, хатуу хайрган хучилттай байдаг нь л жаахан тиймэрхүү. Түүнд нь би хөлөө цохих буюу бүдэрч унаад өвдөг тохойгоо шалбалж улаан нялга болон гэртээ орохдоо өвчнөөсөө болоод маргааш тоглож чадахгүй байх вий гэхдээ л хааяа нэг доголон нулимс унагадаг байсан. Хичээлдээ өмсдөг ганц гайгүй пүүзээ хайрлаад бараг л хөл нүцгэн шахуу, урагдаж салбайсан хуучин сандаалтайгаа би тэнд тоглодог байсан юм. Тал хөндий дүүрэн өнгө алагласан цэцэгс бүхий ногоон зүлэгтэй, цэвэр агаар цэлмэг тэнгэртэй Сальтогоо санаж би их бэтгэрнэ. Монтевидеогоос умард зүгт долоон цагийн зайд байдаг энэ жижигхэн хотод би төрж өссөн юм. Тэгээд аав маань ажил хайж гэр бүлээ нийслэл рүү нүүлгэх хүртэл буюу зургаан нас хүртлээ тэнд амьдарсан. Хүн болгон нэг нэгнээ таньдаг итгэдэг, оройн цагаар ч хаалга үүдээ түгждэггүй хөдөө тосгоны тайван амгалан уур амьсгалтай сэлүүхэн чөлөөтэй Сальтогоос хөл тавих зай үгүй хүн машин хөлхөлдсөн, гэрэл чимээ ихтэй том хотын амьдралд дасах надад болоод ах эгч нарт маань тийм амар байгаагүй. Бүх зүйл бидэнд шинэ содон болоод харь холын хөндий хүйтэн санагдаж байв.

Кальехоны талбай. Нимбэгний модноос цааш эмэгтэйчүүдийн хорих газар бий.

Аавын дүү авга ах маань намайг өөрийнхөө Депортиво Артигас хөлбөмбөгийн багт тоглуулдаг байсан болохоор би тэмцээнд оролцох нэрийдлээр өвөө эмээ дээрээ сар гаруй үлдэж гэр бүлийнхнээсээ тусдаа амьдарсан юм. Үнэндээ Сальтогоос, найзуудаасаа салах дургүй байсандаа л тэмцээнээр шалтаглаж тэнд үлдсэн хэрэг. Депортиво Артигас баг ойролцоох цэргийн ангийн талбайг түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Аав маань тэнд алба хааж байхдаа армийн клубт зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглодог байсан юм билээ. Солгой хөлийн хүчтэй цохилттойгоос гадна хатуу, хурц тоглолттой болохоор нь хүмүүс түүнээс нэлээн эмээж жийрхдэг байсан гэлцдэг.


Серхио Суарес авга ах маань ч гэсэн залуудаа хөлбөмбөг тоглодог байсан. Тэр энэ спортод чин сэтгэлээсээ ухаангүй хайртай нэгэн. Тийм болоод л хөлбөмбөгийн клуб байгуулж, ахынхаа хөвгүүдэд нэг нэгээр нь өөрийнхөө «өвчин»-ийг халдаасан хэрэг. Намайг дөнгөж дөрвөн настай байхад авга маань «Багачуудын хөлбөмбөг»-ийн хөтөлбөрт хамруулж, яаж бөмбөг өшиглөх, яаж эзэмших тогтоох тухай анхны А үсгийг зааж өгсөн юм. Түүний ачаар л би энэ тоглоомын амтанд орж, унтаршгүй улаан хорхойтон болсон гэж боддог.


Сальтогийн хашаа хороогүй задгай зэлүүд талбайгаас Монтевидеогийн хайрга чулуун хавчиг гудамжинд ирсэн нь намайг хатуужуулж, хэр баргийн юманд халирч хулчийгаад байхааргүй зоригтой, тэсвэртэй, хэрсүү болгож хүмүүжүүлсэн. Монтевидеогийн амьдрал ч тийм байхыг шаардаж байв. Харуй бүрий нөмрөнгүүт хоёр гурваараа цугласан хүмүүс байшингийн булан тохой, гэрэлгүй түнэр гудамжинд юу хийгээд байдгийг би багадаа их гайхдаг байлаа. Ялангуяа хоригдол эргэхээр шоронгийн гадна хүлээж байгаа хүмүүсээс хачин, үл мэдэх, содон нэг үнэр ханхийдэг байв. Бүр сүүлд нь би үүнийг хар тамхи юм байна гэдгийг мэдэж авсан. Хорих газрын хаяанд байдаг болоод ч тэрүү манай тэр хавиар тиймэрхүү зүйлс элбэг байсан юм.



Бидний хөлбөмбөг тоглодог кальехон маань оройн цагаар хар тамхи, мансуурал, архидалт, биеэ үнэлэлт гээд есөн жорын бурангуй үзэгдлийн үүр уурхай болж, хажуугаар нь алхаж өнгөрөхөд хүртэл айдас хүйдэс төрөм аймшигтай газар болон хувирдаг байв. Өглөө болгон хөлбөмбөг тоглохын өмнө тэнд хуримтлагдсан зүү тариур, шил лааз, цус шүлс, цавуу бохь зэрэг огиудас төрөм хог хаягдлуудыг бид цэвэрлэж холдуулах хэрэгтэй болдог байлаа. Хүмүүс хорих газар луу нууцаар кокайн, марихуан,каннабис оруулах гэж үзнэ, хоригдол оргуулах гэж оролдоно. Юм юм л болдог байв. Миний санаж байгаагаар хэд хэдэн удаа тэр шоронгоос хүн оргож байсан. Ийм л газар би өдөржин шөнөжин бөмбөг өшиглөж, хүний сайн мууг таниж хүн болсон юм.

Насьоналын академид. Та Суаресийг олж чадах уу?

"Хязгаарыг давахуй" номыг CSPORTS.mn, Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Хүрхрээ брэнд хамтран гаргаж байгаа бөгөөд "Интерном", "Мажестик" номын дэлгүүрүүдээр борлуулагдаж байна.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.