Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 02, 2017

Ирэх өдрүүдэд спортын хорхойтнуудын алдаж болохгүй 5 тэмцээн

Зуны налгар өдрүүд айсуй энэ цаг мөчид спортын хорхойтнууд хамгийн завгүй, хамгийн догдлонгуй байдаг. Учир нь спортын ихэнх төрлийн уралдаан тэмцээнүүд чухам энэ өдрүүдэд өндөрлөж, хамгийн шилдгээ тодруулдаг уламжлалтай юм. Тиймээс бид энэ өдрүүдэд спортын жинхэнэ фанатуудын алдаж болохгүй үзэх ёстой спортын уралдаан тэмцээнүүдийн мэдээллийг, хэрхэн үзэх зөвлөмжийн хамтаар хүргэж байна. 

Аваргуудын лигийн шигшээ тоглолт

Нэр хүнд, цар хүрээгээрээ Европын хамгийн том хөлбөмбөгийн тэмцээнд тооцогдох Аваргуудын лигийн шигшээ тоглолт маргааш болох гэж байна. Энэ тэмцээнд хамгийн олон удаа буюу 11 удаа түрүүлж байсан Реал Мадрид болон Италийн аваргаар 6 улирал дараалан тодорч, дархан цолоо мандуулаад буй Ювентус клубууд цомын төлөө тоглохоор тунан үлдсэн. Энэ улиралд онцгой байгаа Криштиану Роналдугийн "толгойлсон" Реал Мадрид энэ тоглолтонд ялалт байгуулж чадвал аварга цолоо хамгаалж чадсан анхны баг болох учиртай. УЕФА тэмцээний журам, бүтцэд өөрчлөлт оруулж, Аваргуудын лигийн өнөөгийн форматад шилжсэн 1992 оноос хойш 2 дараалж түрүүлсэн баг гараагүй байгаа юм. Сүүлийн 3 жилд 2 дахь удаагаа финалд үлдээд буй Ювентусын хувьд домогт хаалгач Жианлуижи Буффон болон хамгаалалтын багтаа гол найдлага хүлээлгэж буй. Олон фенүүд өнөө цагийн хамгийн шилдэг хаалгачдын нэг Буффоныг анх удаа Аваргуудын лигт түрүүлэхийг харахыг хүсэж буй нь гарцаагүй. Тоглолт манай цагаар шөнө дунд буюу 02:45-д таарч байгаа. Гэхдээ санаа зоволтгүй, та Юнивишний шинээр танилцуулж буй "хувилах үйлчилгээний тусламжтайгаар" гар утаснаасаа Look TVаппликейшнийг ашиглан тоглолтоо шууд үзэх буюу нөхөж, ухрааж үзэх боломжтой. Шөнө дунд заавал том зурагтаа асааж, гэрийнхнээ "зовоолгүй", гар утсаараа ч үзэж болох нь.

Хэзээ: 6-р сарын 4, 02:45
Хаана: Кардифф, Уэльс
Хэрхэн үзэх: Look TV, SPS, Юнивишн 612-р суваг

NBA-ийн шигшээ тоглолт

Монголд хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спортын лиг гэж хэлж болох NBA-ийн финалын тоглолтууд өнөөдөр эхэлж байна. Урьдчилан таамаглаж байсанчлан өнөө цагийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчдийг эгнээндээ нэгтгэсэн 2 баг болох Кливленд Кавальерс, Голден Стэйт Уарриорс багууд шигшээд үлдсэн. Ялагдлын амтыг энэ жилийн плэйоффт мэдрээгүй яваа Голден Стэйт өнгөрсөн жил ялагдсан гашуун дурсамжаа мартаагүй байгаа. Тэд лигийн супер оддын нэг Кевин Дюрантыг багтаа элсүүлж, бүрэлдэхүүнээ эрс хүчирхэгжүүлсэн тул зөвхөн ялалтын төлөө тэмцэх нь тодорхой юм. Гэхдээ эсрэг багт нь Леброн Жэймс болон түүний нөхөд итгэл төгс зогсож байна. "Хаан" гэх нэрийг зүгээр ч нэг зүүгээгүй гэдгээ тоглолт бүртээ харуулж буй Жэймс 7 дахь жилдээ дараалан финалд тоглохоор зэхэж буй. 7 тоглолтоор ч шийдэгдэж мэдэх сонирхолтой цуврал биднийг хүлээж байна. Тоглолтууд Улаанбаатарын цагаар ихэвчлэн ажлын өдрийн өглөө таарч байгаа. Гэхдээ та Юнивишний хэрэглэгч бол дурын ухаалаг төхөөрөмж ашиглан гар утаснаасаа хүссэн газартаа нэмэлт төлбөр төлөхгүйгээр өндөр чанартайгаар тоглолтуудаа үзэх боломжтой.

Хэзээ: 6-р сарын турш
Хэрхэн үзэх: Look TV, SPS, Юнивишн 613-р суваг

Францын нээлттэй тэмцээн

Теннисийн ертөнцийн хамгийн "хэцүү" тэмцээнүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох Францын нээлттэй тэмцээн ид дундаа үргэлжилж байна. Их дуулгын 4 тэмцээний энэ жил зохиогдож буй 2 дахь тэмцээн эхлэхээсээ өмнө л шуугиан дэгдээж амжсан. Допинг хэрэглэсний улмаас жил гаруй эрхээ хасуулаад эргэн ирсэн энэ тэмцээний хошой аварга Мариа Шараповад "цагаан хуудас" өгч оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаснаараа фенүүдийг 2 хуваагаад амжсан Ролан Гарросын 3-р шат өдгөө өндөрлөж байгаа. Эрэгтэйчүүдийн төрөлд Р.Федерерээс бусад бүх шилдгүүд өрсөлдөж байгаагийн дотор дасгалжуулагчаа солиод удаагүй байгаа Н.Жокович, энэ тэмцээний 9 удаагийн аварга Р.Надаль нарыг гол фаворитоор нэрлэж буй. Харин эмэгтэйчүүдийн төрөлд сүүлийн жил ноёлж буй С.Уильямс "жирэмсний амралтаа" авсан учир цомын төлөөх горилогчид олон байгаа нь гарцаагүй.

Хэзээ: 6-р сарын 11 хүртэл
Хэрхэн үзэх: Eurosport, Юнивишн 606-р суваг

NHL-ийн шигшээ тоглолт

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн шигшээ тоглолтууд энэ өдөр мөн явагдаж байна. NHL-ийн аваргын төлөө өнгөрсөн жилийн аварга Питтсбург Пингвинс болон Нэшвилл Прэдаторс клубууд тоглож байгаа. Энэ цагийн хамгийн агуу хоккейчин Сидни Кросбигийн тэргүүлж буй "оцон шувууд"-аас энэ жил хаалгач М.Мюррэй онцгой байгаа. Плэйоффын онооны жагсаалтын эхний 4-т Питтсбургийн тоглогчид бичигдэж буй нь тэд ямар давамгай тоглож байгааг илтгэнэ. Байгуулагдаад 20 жил ч болоогүй байгаа Нэшвилл түүхэндээ анх удаа финалд үлдсэн. Плэйофф-т арайхийн буюу 8-р байраар шалгарч оролцон, бүсийнхээ тэргүүн баг Чикагог 4 тоглолтонд "шүүрдэж", ийм амжилт үзүүлсэн анхны баг болсон тэд гэмтэл бэртлийн асуудал ихтэй байгааг энд онцолъё. Цувралын эхний 2 тоглолт Питтсбургт явагдаад байгаа бөгөөд 2-ууланд нь талбайн эзэд хожил авсан. Гэхдээ Стэнлийн цомын эздийн нэрс тийм амархан тодорно гэж бүү бодоорой, цуврал дөнгөж одоо л эхэлж байна.

Хэзээ: 6-р сарын 14 хүртэл

CS:GO Азийн аварга шалгаруулах тэмцээн

Сүүлийн жилүүдэд залуусын дунд ихээхэн түгэн дэлгэрч, бие даасан спортын хэмжээнд үнэлэгдэх болсон цахим спортыг бид онцолж байна. Монголын цахим спортын хөгжлийн түвшинг илтгэх амжилтыг олон улсын тавцанд үзүүлж буй The MongolZ-ийн залуус БНХАУ-ын Бээжин хотноо явагдаж буй Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд энэ өдрүүдэд оролцож байгаа. Өнгөрсөн жил энэ тэмцээнд түрүүлж шуугиан дэгдээж байсан манай баг хэрвээ энэ амжилтаа давтаж чадвал дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Major-ийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй болох аж. Манай баг Австрали, Тайландын багуудтай нэг хэсэгт оржээ.

Хэзээ: 6-р сарын 4 хүртэл
Хаана: Бээжин, БНХАУ

16876   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.