Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 26, 2017

Pixar-ийн бүтээсэн хамгийн шилдэг богино хэмжээний кинонууд

Дэлхийн хамгийн шилдэг анимэйшн студи Pixar бүрэн хэмжээний кино бүртэйгээ цуг "халаалт" болгон богино хэмжээний бүтээлүүдийг толилуулдаг уламжлалтай. Заримдаа үндсэн киноноосоо ч илүү сэтгэлд хүрч, зарим кинонуудын 2 цагийн турш өгүүлэх гээд чадаагүйг 5 минутанд л ойлгуулж чадах гайхалтай бүтээлүүд энэ дунд бий. Unread өнөөдөр Pixar-ийн бүтээсэн хамгийн шилдэг богино хэмжээний кинонуудыг онцлон хүргэж байна. 

Tin Toy

1988 онд Pixar-ийн гаргасан энэ богино хэмжээний кино Оскарын шагнал хүртсэн хамгийн анхны бүрэн компьютер анимэйшн бүтээл болсон билээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь юу гээч? Чухам энэ бүтээл алдарт Toy Story-г хийх сэдэл нь болсон юм.

Day & Night

Харанхуй дэвсгэр дээр "өдөр", "шөнө" хоёрын харилцаж, "өрсөлдөнгөө" бие биенээ "танин мэдэж" буй энгийн, "хуучинсаг" стильтэй энэхүү дүрслэлийн агуулга нь бүтээлээ 2011 онд Оскарын шагналд нэр дэвшихэд хүргэсэн мэт. Заавал үзэх бүтээл!

Presto

Илбэчин болон туулайн "түвэгтэй" харилцааг хөгжилтэй, бас чангахан байдлаар харуулсан энэ бүтээл таныг лав уйдаахгүй. Орчин цагийн "Том Жерри 2-ын түүх" ч гэж нэрлэж болох энэхүү богино хэмжээний кино Wall E-ийн хамтаар олон нийтэд хүрч байлаа.

Sanjay's Super Team

Pixar-ийн уран бүтээлч Санжай Пателийн өөрийн бага насны амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кино The Good Dinosaur-ийн хавсарга бүтээл болон 2015 онд гарсан билээ. Энэтхэгийн бурхадыг супер баатрууд болон төсөөлж буй бяцхан жаалын дүр олон хүнд өөрсдийнх нь "гэнэн мөрөөдлийг" санагдуулсан нь гарцаагүй.

The Blue Umbrella

Pixar-ийн хамгийн романтик бүтээл ч энэ байж мэднэ. Их хотын уйтгартай, нэгэн хэвийн, дээрээс нь бороотой оройгоор тэд нэгэн хүчирхэг түүхийг бэлэглэсэн нь энэ билээ. Энэ киноны хөгжмийг плэйлистдээ оруулчихад ч илүүдэхгүй байх.

One Man Band

2005 онд Cars-тай гарсан One Man Band-ийг хамгийн эхэнд дурдсан Tin Toy-ийн албан бус үргэлжлэл гэж хэлж болно. Бяцхан охины алтан зоосны төлөө тэмцэлдэх гудамжны хөгжимчдийн гэмгүй тэмцэлдээнд хэн нь ялах бол?

Lifted

Оскарын шагналд нэр дэвшиж байсан чадварлаг дууны найруулагч Г.Ридстромын анхны бүтээл Ratatouille-тэй хамт гарч олон шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн. Шалгалт өгч буй "харийн эзлэн түрэмгийлэгч"-ийн дүрээр тэр хүмүүст түгээмэл тулгардаг олон асуудлыг хөгжилтэйгээр хөндсөн билээ.

Бонус: Dante's Lunch

Энэ оны сүүлээр нээлтээ хийх Coco киноны өмнө гарах учиртай Dante's Lunch-ийн трэйлэрийг төгсгөлд нь хүргэе. Coco-ийн найз Данте хэмээх нэртэй нохойн түүх танд энэ киног үзэх сэдлийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Таны хувьд хамгийн дуртай богино хэмжээний бүтээл тань юу вэ? Бидэнтэй өөрийн дуртай киного хуваалцаж, бусад уншигчидтай хэлэлцүүлэг үүсгээрэй.

19778   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.