Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 31, 2017

Харьцуулалт: Та дуртай видео контентоо хаанаас үзэх хэрэгтэй вэ?

Та дуртай киногоо хэрхэн үздэг вэ? Хэрхэн бусдаас хоцролгүй үйл явдлыг нь мэдэж, шилдэг контентуудыг хүлээн авдаг вэ? Интернетийн хэрэглээ өдрөөс өдөрт өсч, олон төрлийн сонирхолтой үйлчилгээнүүдийг хэрэглэх боломжтой болсон өнөө үед та хэрхэн сонголтоо хийх вэ? Үүнд туслах үүднээс бид танд өнөөдрийн нийтлэлээ хүргэж байна. Бид видео стриминг үйлчилгээг үзүүлэгч гадаадын болон дотоодын платформуудыг дэлгэрэнгүй танилцуулан, харьцуулж, танд дөхөм болгох үүднээс түүнийг тогтмол хэрэглэдэг хэрэглэгчдийн сэтгэгдлийг хавсаргасныг хүлээн авч уншаарай. 

Netflix

Стриминг үйлчилгээний "өвөг эцэг" Нетфликс оригиналь контентууд, төрөл бүрийн ТВ шоу, кино, хошин шог зэрэг контентийн асар өргөн сонголтыг санал болгодог. Хэдэн төхөөрөмж дээр үзэхээсээ хамаараад сарын 7.99-11.99 долларын хооронд төлбөрийн 3 сонголттой. Одоогоор ижил төрлийн бусад үйлчилгээнээс хамгийн үнэтэй нь ч хамгийн гол нь үүндээ таарсан сонголт, чанар, найдвартай байдлыг санал болгодог. Та нэг аккаунтаар таван ч хүний хаягийг үүсгэж болгох ба найзууд гэр бүлийнхэнтэйгээ хамт ашиглахад нэн тохиромжтой.

Яагаад энэ үйлчилгээг хэрэглэдэг вэ?

Дуртай цувралынхаа дараагийн ангийг хүлээж хэд хоног “баларч” суухгүйгээр бүх ангийг нэг суултаар шууд үзэх боломж. Энэ бол Нетфликсийн хамгийн гол онцлогуудын нэг байж магад. Дээрээс нь киноны санг нь онцлохгүй байхын аргагүй. Тэднийг аль хэдийн зөвхөн стриминг үйлчилгээ үзүүлэгч биш медиа бүтээгч компани болсон гэж шинжээчид үзэж байгаа нь ч санаандгүй хэрэг биш. House of Cards, Sense8, Stranger Things гээд өөрсдийн хийдэг “оригинал” цувралуудаас гадна аль хэдийн нэрд гарчихсан мундаг цувралууд, кинонууд, баримтат бүтээлүүдийг эндээс үзэж болно. Хадмалтайгаар үзэх, эхлэл төгсгөл алгасах, нет муу байсан ч хурданд нь тааруулаад стриминг хийх гээд өөр олон давуу тал нь намайг Нетфликсийн фен байхад хүргэдэг.

Unread-ийн үүсгэн байгуулагчдын нэг А.Ундрал

Hulu

Хэрвээ та хамгийн сүүлийн үеийн ТВ шоу, ТВ хөтөлбөрүүдийг алдалгүй дагамаар байгаа бол Hulu хамгийн зөв сонголт. Яагаад гэвэл The Walt Disney Company, 21st Century Fox, Comcast, Time Warner гэсэн 4 аварга сүлжээ компани хамтран эзэмшдэг бөгөөд эхний 3 нь 30 хувьтай, Time Warner 10 хувийг эзэмшдэг байна. Төлбөртэй, төлбөргүй хоёр янзаар үзэж болох ба төлбөргүй контентийн сонголт цөөн, зөвхөн компьютерээс үзэх боломжтой байдаг бол сарын 8 доллараар төрөл бүрийн баялаг контентийг бүх л төхөөрөмжөөс үзэх боломжтой. Одоогоор зөвхөн АНУ, Япон зэрэг улсад гардаг. Сарын төлбөр 7.99 доллар.

Яагаад энэ үйлчилгээг хэрэглэдэг вэ?

Нетфликс, Hulu хоёр ер нь төстэй. Нетфликсийг 4 төхөөрөмжөөр (гар утас, таблет гэх мэт) үзэхэд сарын 12 доллар байдаг бол Hulu-г үзэхэд төхөөрөмжийн тоод хязгаар байдаггүй. Яагаад гэхээр өөрөө кабель маягийн сүлжээ учраас. Бусад сувгуудыг бодвол илүү олон шоу, цуврал гардаг, тэдгээрийн үнэлгээ нь бас сайн байдаг болохоор төлбөр төлж үздэг.

Төгөлдөр хуурч Х.Мөнхбайгаль, АНУ

LOOKTV

"Монгол Нетфликс" гэж хэлж болох LookTV-ийн тухай бид өмнө нь энд танилцуулж байсан билээ. Холливудын 5 том студи, дотоодын контент бүтээгчидтэй хамтран ажилладаг тэд саяхан LookTV апп-аа Юнивишнтэй холбожээ. Ингэснээр Монголын контентийн “нэг цонхны” үйлчилгээ үзүүлдэг анхны цогц платформ бий болоод байна. LookTV-ээр та дотоод, гадаадын ТВ-ийн 60 гаруй сувгийг шууд болон нөхөж үзэх боломжтой болсон ба Юнивишнээс түрээсэлсэн контентуудаа давхар гар утас, таблетаасаа үзэх, нөгөө талаас гар утсан дээр LookTV-ээс түрээсэлсэн контентуудаа Юнивишнээр үзэх боломж бүрдсэн нь томоохон шинэчлэл болжээ. Өөрөөр хэлбэл зурагт дээр үзэх юмаа булаалдах цаг өнгөрч, өрхийн гишүүд тус бүртээ хүссэн контентоо үзэхэд асуудалгүй болсон байна. Гадаадын ижил үйлчилгээнээс ялгаатай нь монгол контентуудаа үзэж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, гадаадын бүх кино, контентуудыг монгол дуу оруулгатайгаар үзэх боломжтой. LookTV-ийг Юнивишнтэй холбоход гар утасны ямар ч операторын дугаар байж болох ба Юнивишнтэй айлд энэ үйлчилгээг ашиглах нэг эрх, мөн холболт хийсэн дугаараас гадна тухайн айлд Юнителийн дугаар байгаа бол тэр дугаарт мөн энэ жилийг дуустал Юнивишнтэй холбох эрх өгөх аж.

Яагаад энэ үйлчилгээг хэрэглэдэг вэ?

Гар утаснаасаа ашиглаж эхэлж байна. Юнивишнийг хаанаас ч хүлээн авч үздэг болсон нь цаг хугацаа их хэмнэх юм билээ. Хоёр талаасаа синк хийдэг учир дахин мөнгө төлөлгүй түрээсэлсэн контент, идэвхжүүлсэн төлбөрт сувгаа LookTV-ээс үздэг болохоор мөнгөнд хэмнэлттэй. НБА-гийн плэйоффын сүүлийн тоглолтуудыг гар утаснаасаа үзэж байна.

Маркетер Х.Энхбат

Amazon Prime Video


Онлайнаар худалдаа их хийдэг хүний хувьд Amazon Prime бол эргэлзээгүй зөв сонголт. Жилийн 99 доллар төлөөд, Амазоноос бүх л захиалгаа АНУ дотор 2 өдрийн дотор шуурхай хүлээн авч, сар бүр Kindle-дээ үнэгүй ном татаж, Amazon Music, Amazon Prime Video үйлчилгээнүүдийг хязгааргүй ашиглах эрхтэй болох юм. Нетфликсийн адилаар Prime Video нь төрөл бүрийн кино, тв шоу, Alpha House, Transparent and Mozart in the Jungle зэрэг оригиналь контентуудаар баялаг. Comedy Central, MTV, Nickelodeon зэрэг сувгийг эзэмшдэг Viacom-той хийсэн гэрээний ачаар Amazon Prime нь хошин шогийн болон хүүхдийн хөтөлбөрийн хувьд бусдаасаа илүү сайн сонголттой гэж болно. Мөн HBO-ийн The Sopranos, The Wire зэрэг классик цувралуудыг үзэх боломжтой. Prime Video үйлчилгээг дангаар нь авахад эхний 6 сардаа $2.99, цаашлаад $5.99 үнэтэй.

Яагаад энэ үйлчилгээг хэрэглэдэг вэ?

Өнгөрсөн оны 12 сард Amazon Prime Video үйлчилгээ Netflix-ийн мөрөөр гишгэж өөрийн контентуудаа дэлхий даяар санал болгож эхлэх үед ашиглаж эхэлсэн. Хэрэглэх болсон шалтгаанууд гэвэл нэгдүгээрт, өмнө нь АНУ-д сурч байхдаа Amazon Prime-ийн хэрэглэгч байсан тул нэлээн ойр, хоёрдугаарт, Netflix-ийн контентууд удаан шинэчлэгдэж, нэг хэвийн болоод байгаа мэт санагдсантай холбоотой. Нэг сар үнэгүйгээс гадна эхний 6 сардаа $2.99 цаашлаад $5.99 гэх үнийн санал нь ч боломжийн санагдав. Харин хэрэглэх явцад төрсөн сэтгэгдэл үнэнийг хэлэхэд тийм ч өндөр байсангүй. Контентийн сан маш цомхон байгаа нь түгээх эрхийн асуудал буюу олон бүтээлийг Монголоос үзэх боломжгүйтэй холбоотой. iPad, iPhone, Apple TV болон PlayStation 3 дээр туршиж үзсний хувьд Amazon Prime Video апп-ийн хувьд жаахан асуудалтай байсан гэдгийг бас дурдах нь зүйтэй. Товчхондоо бол дэлхий даяар үйлчилгээгээ санал болгоход эртэдсэн мэт санагдсан. Цаашид мэдээж сайжирна буйзаа.

Unread-ийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Батзаяа

Twitch

Дараагийн танилцуулах видео платформ бол мөн л Амазоны харьяа Twitch юм. Видео тоглоом, цахим спортод төвлөрсөн энэ сайтад та мянга мянган стримингийг үнэгүй үзэж болно. Саяхнаас тэд мөн хөгжмийн дамжуулалтыг хүргэж байгаа юм. Twitch бол үндсэндээ видео тоглоом дуртай хүмүүсийн диваажин л гэсэн үг. Хялбар ашиглая гэвэл дэлгэцийн апп-ийг нь суулгах боломжтой.

Яагаад энэ үйлчилгээг хэрэглэдэг вэ?

Электрон спортын одууд өөрсдийн албан ёсны сувгаараа өдөржин, шөнөжин стрийминг хийж бусдадаа сурах боломжийг олгодог. Үнэгүй үзэх боломжтой хэдий ч үзэгчид өөрсдийн дэмждэг тоглогчдодоо мөнгө хандивлах боломжийг олгодог нь шилдэг тоглогчдыг төвлөрүүлэх сэдэл болсон. Twitch тоглогчдын орлого том эх үүсвэр бөгөөд цахим спорт сонирхогчид нь реклам сурталчилгаа хийгчдийн гол зорилтот насны бүлгийнхэн байдаг болохоор ихээхэн анхаарал хандуулдаг. Мөн энэхүү платформ дээр электрон спортын том тэмцээнүүд өндөр чанар, зохион байгуулалттайгаар гардаг нь давуу тал болдог.

Цахим спорт сонирхогч, NewMeta-г үүсгэн байгуулагчдын нэг А.Амаржаргал

Miye

Miye.mn бол бүх цагийн монгол кинонуудыг нэг дороос үзэх боломж юм. Гэхдээ гадаадад буй монголчууддаа түүх соёл, өв уламжлалаа хадгалах, эрэлт хэрэгцээтэй монгол контентийг хүргэх туслах зорилготой болохоор Монголоос хандах боломжгүй. Уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалахад ихээхэн анхаарал хандуулдгаас гадна фэйсбүүк хуудсаа их сонирхолтой хөтөлдөг шүү. Саяхнаас хэрэглэгчид нь Нетфликс шиг сард нэг удаа багцын төлбөр төлөөд бүх контентийг үздэг болж байгаа. Miye сайт манай онцлох бизнес буланд орж байсныг эндээс уншаарай.

Яагаад энэ үйлчилгээг хэрэглэдэг вэ?

Киноны сонголт сайтай, хамгийн гол нь дүрс нь өндөр чанартай байдаг. Мөн чанартай баримтат нэвтрүүлгүүдийг үзэж болно. Гадаадад буй монголчуудад зориулан төрөлжсөн нь таалагддаг.

Магистрын оюутан Ц.Батхүү, Швед

Та видео контентоо хэрхэн үздэг вэ? Ямар үйлчилгээг та тогтмол хэрэглэдэг вэ? Өөрийн туршлага, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаж, бусад уншигчидтай бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлээрэй.

21180   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.