Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 17, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - "Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн багш О.Саранчулуун

Өнөөдрийн дугаартаа бид эрүүл амьдралын хэв маягийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, бас оюутнуудад зааж, олон нийтэд сурталчилж яваа нэгэн бүсгүйг урилаа. Тэр бол 13 настайдаа өвчний улмаас нэг хөлөө тайруулсан ч алдарт Нью Йоркийн марафонд мэргэжлийн болон хагас мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн гүйж, 42 км замаа амжилттай дуусгасан О.Саранчулуун юм. Тэрээр өдгөө АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимд багшлахын зэрэгцээ хөгжлийн бэршээлтэй хүмүүсийг спортоор хичээллүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх зорилготой "Achilles International" байгууллагын Монгол дахь салбарыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд жил бүрийн есдүгээр сард "Итгэл найдвар, боломж" марафон гүйлтийг зохион байгуулж, хөгжлийн бэршээлтэй олон хүнд итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг билээ. Тэр бакалаврын зэргээ МУИС-аас, магистрын зэргээ Израйлийн Хэбрэйн Их Сургуулиас авч, АНУ-д Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлж байжээ.

Байршил: Монгол улс - Улаанбаатар, Итали улс - Тренто хот
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: "Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн багш
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Эртэч, багаар ажиллах
Хэрэглэдэг гар утас: iPhone5
Хэрэглэдэг лаптоп: Toshiba Ultrabook 11.5
Сошиал хуудсууд: Saranchuluun Otgon (фэйсбүүк) @Saranchuluun_O (твиттер)

ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ? 

Миний үндсэн ажил бол АШУҮИС-ийн багш. Эрүүл мэндийн зан үйл, нийгмийн ажлын нөлөөлөл (advocacy), нийгмийн ажлын макро практик зэрэг нийгмийн ажлын мэргэжлийн хичээлүүдийг заадаг. Хичээлээ илүү практикт суурилж заахыг хичээдэг. Энэ ажил маань өдрийн ажил 80 хувь нь болдог. Ахиллисийнхээ ажлын оройн цагаар, амралтын өдрөөр хийнэ дээ. 7 хоногоо нэг удаа гадаадад, АНУ-д байгаа хүмүүстэй холбогдохын тулд шөнө 12 өнгөрөөгөөд ярьдаг.

За тэгээд аль аль ажил дээрээ зохион байгуулах, холболт хийх ажлыг нэлээд хийнэ. Ахиллис дээр бол багийн ажиллагаа нэн чухал байдаг.

Мөн эрт босож, ажлаа чухлаас нь эхлээд эртхэн хийхийг эрмэлздэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Docs, Calendar, Drive, Map гээд Google-ийн аппуудыг их ашиглана даа. Coursera хардаг, CamCard-ийг ашиглаж нэрийн хуудсууд хадгалдаг. Гүйлтийн үед Argus гэх аппийг ашиглана, Workouts аппаар заримдаа гэрийн нөхцөлд дасгал хийнэ. Гүйж байхдаа Audible, iBook хоёроос ном сонсоно, Soundcloud-аар хөгжим сонсоно.

Аяллын үед TripAdvisor, Wizz Air, Aeroflot, Dreamtrips, Flixbus зэрэг апп-ийг ашиглана. Wallet -ийг ашиглаж онгоцонд биет билетгүй check in хийдэг. Мөн Yummly гэх апп-ийг хоол хийх дуртай хүмүүс санал болгоё. Энэ талын аппуудыг нэлээн судалж, энэ апп их зүгээр санагдсан. Байгаа материалуудаа оруулахад хийж болох бүх хоол гарч ирнэ, ямар нэг харшилтай бол тохирох хоол хүнсийг санал болгодог. Мөн Learn Phyton гэх апп-аар програмын хэлэнд бага багаар суралцаж байгаа шүү. Khan Academy-ийн Statistics гэх аппаас статистикийн зарим нэг хичээл авдаг. Мөн утасныхаа Notes-ийг байнга хэрэглэдэг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өглөө эрт босох. Өглөө оройтож сэрэхээр л ажлууд хойшлоод, цаг алдаад байх шиг санагддаг. Мөн би нэг юм хийхдээ зөвхөн түүндээ төвлөрөх гэж оролддог. Ажлуудыг зэрэг зэрэг хийж цаг хэмнэх нь надад тохирдоггүй. Мөн гэртээ бол огт ажил хийдэггүй. Сүүлийн 3 жил ийм байх гэж хичээж байна.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Google Calendar, Notes хоёр дээр л сайн тэмдэглэнэ дээ. Цаас бараг ашигладаггүй. Ер нь хүнд цүнх сав авч явах дургүй.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Өөрийн ажилд буюу нийгмийн ажлын ач холбогдлыг хүмүүст тайлбарлан таниулахдаа дажгүй гэж бодож байна. Мөн түрүүнд хэлсэнчлэн зохион байгуулах ажилд идэвхтэй. Нэг мэдэхэд л юмны зохион байгуулалтын багт орчихсон явж байдаг юм.

Бас сайн гэрийн эзэгтэй байхыг хичээдэг. Хоол хийх дуртай. 30 гаруй төрлийн хүнсний ногоо тарьж байсан. Гэрээ эмхэлж цэгцлэх "өвчтэй". Тосгоны эмэгтэй шиг амьдарч чадах юм шиг байгаа юм (инээв).

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

ТББ-ын тухайд, өөрийн туулсан амьдралсургамжийг, олон улсын сайн туршлагатай нийлүүлээд, Монголд буй хэрэгцээтэй хүмүүст хүргэх ажлыг сайн багийн туслалцаатайгаар эхлүүлээд явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд туулсан бэрхшээл, түүнээс олж авсан авсан сургамжаа бусдад хүргэх юм сан, туслах юм сан гэж их боддог байсан. Яг энэ чиглэлд ажилладаг олон улсын байгууллагын салбарын Монголдоо оруулж ирэхэд хувь нэмэр оруулсандаа их баяртай байдаг. Одоо манай дээр хэд хэдэн төсөл явж байна. Манайх бүтэн цагийн ажилтангүй, бүгд сайн дураар ажилладаг болохоор гүйцэтгэх захирал нэртэй боловч бүх л зүйлдээ оролцоод явдаг даа.

Анагаахын сургууль бол өөрийгөө хөгжүүлэхийг олон боломжийг олгодог, өөрийгөө байнга хөгжүүлэхийг ч шаарддаг. Миний заадаг нийгмийн ажил ч байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ чиглэлд Монголд тогтсон сурах бичиг, судалгаа ховор учраас өөрсдөө орчуулж, судалгаа хийж явна даа. Энэ чиглэлийн их сургуулийн анхны багш нарын нэг болохоор хариуцлагатай байж дараа дараагийн багш нараа бэлдэхийг хичээдэг.

Ажлуудаасаа болж харин гэр бүлээ орхигдуулж байгаа мэт мэдрэмж төрөөд байдаг нь хэцүү.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоо бид "Ахиллис хүүхэд" төсөл дээр ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд хотын 6 тусгай сургуулиас 300 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулж, долоо хоног бүр гүйлгэн, гүйлтийн зай цуглуулж байгаа юм. Энэ бүтэн сайн өдөр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд "Ахиллис Хүүхэд - Багачуудын Гүйлт" нэртэй хаалтын арга хэмжээ, гүйлт болно. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй нийлсэн 500 хүүхэд 5 насны ангиллаар гүйх юм. Та бүхэн очоод хөгжөөн дэмжиж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зурсан зургуудаар үзэсгэлэн гарч, урлагийн номерууд тоглогдоно. Энэ ташрамд хэлэхэд, хүүхдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг, хүүхдийг спортоор дамжуулан зорилготой, хатуужилтай, өөртэй итгэлтэй болгох зорилготой байгууллагууд арга хэмжээний үеэр танилцуулга хийж болно. Ийм хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

Мөн АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран Sport Visitor хөтөлбөрийн хүрээнд 10 хүүхдийг АНУ-руу энэ сарын 29-нд явуулж, спортоор дамжуулан хүмүүжил боловсролд нь хөрөнгө оруулах гэж байна.

Анагаах дээрх ажлын хувьд би саяхан Польшоос ирээд, оюутнуудынхаа төгсөлтийн хуралд нь суугаад явж байна. Хичээлийн жил дуусах дөхөөд бужигнасан байдалтай л байна. Би АШУҮИС дээр хэрэгжиж буй олон төслүүдийн нэг болох "Монголын ахмад настны сэтгэл зүйн сайн сайхан байдал" нэртэй төсөл дээр судалгаа хийж, үүгээрээ докторын ажлаа хийж байгаа юм. Энэ хүрээнд Монголдоо хэсэг ажиллаад, гадаадад хэсэг ажиллаж байгаа. Ирэх оны эхээр Итали явах болов уу.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Гүйх үедээ сонсдог хөгжмүүдийн маань жагсаалт саяхан Ub.Life дээр гарсан. Харин ажиллах үедээ Youtube-ээс төвлөрч ажиллахад тустай төгөлдөр хуурын аялгуунуудыг тавих дуртай шүү.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Их сургуулийн багш хүний хамгийн их уншдаг юм бол оюутны бие даалтууд, судалгааны ажлууд, хичээл заахтай холбоотой мэргэжлийн сурах бичиг, өгүүллүүд байдаг. Ширээн дээр овоолоостой бий. Харин сүүлийн үед уран зохиолын ном, мэргэжлийн бус ном унших нь ховордчихоод л байна даа. "Очир Огтлогч"-ийг сүүлд уншсан. Сая Польшид байхдаа тэнд ажилладаг Байгалмаа гээд эмчийн "Монгол эмчийн тэмдэглэл" гэдэг номыг унших гэж авсан шүү.

Зүгээр санал болгох номууд гэвэл, Дэйл Карнегийн номууд, Далай ламын сургаалиуд, Өглөөний хүн, Жэк Лондоны "Саран Хөндий" зэргийг дурдаж болно. Сүүлийн зохиолыг уншаад маш сайхан, өөдрөг мэдрэмж авч байж билээ.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Сүүлийн үед уг хүнийхээ хувьд дотогшоо талдаа юм байна гэж анзаараад байгаа. Ганцаараа цагийг өнгөрүүлэх дуртай. Гүйх бол ганцаараа байх нэг сайн арга. Гэхдээ ажилтай холбоотойгоор хүмүүстэй их харилцана, харилцахад ямар нэг асуудал гарахгүй дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар шөнө 12-оос өглөө 6 хүртэл унтдаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, эсвэл гэр гэсэн хоёр гол газрыг дурдаж болно. Ямар ч ачаалалтай ажиллаж байсан долоо хоногтоо 2 удаа 3-5 км гүйдэг. Өглөө юм уу оройдоо. Их ажилтай, стресстэй үед сайхан амралт болдог юм. Би фэйсбүүкийн 3 группийн админ, мөн Ахиллисийнхаа төслүүдийн хуудсуудыг хариуцдаг юм. Let's Run! Mongolia гээд групп бий, энэ группийнхэнтэйгээ гүйнэ. "Хамтдаа алхацгаая" гээд групп бий, эдэнтэйгээ алхана, Богд ууланд гарна. Мөн Run for Change гээд манай сайн дурынхны групп бий.
Жилдээ нэг удаа олон улсын марафонд оролцуулах зорилготой байсан. Гэвч өнгөрсөн жил автын осолд ороод хүнд гэмтсэн. Одоо л арай дээр алхдаг болоод байна. Эргээд хол зайд гүйхэд биеийн болон сэтгэл зүйн байдал болоогүй байгаа.

Мөн бичих сонирхолтой, хааяа зав зай гарвал блог хөтлөхийг боддог.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Ахиллисийн "Итгэл найдвар, боломж" марафон гүйлт маань анх 1000 хүрэхгүй хүнтэй эхэлж байсан бол одоо 4-5 мянга хүн гүйдэг болж. Хүүхдийн гүйлт маань 93 хүүхэдтэй эхэлж байсан бол одоо 300 хүүхэд гүйдэг болжээ. Эхлүүлсэн ажил маань ийн цар хүрээгээ тэлж, хүмүүст эерэг нөлөөлж байгааг хараад дэмий зүйл хийгээгүй юм байна даа гэж урамшдаг. Анх хөгжлийн бэрхшээлтэй гэж өөрийгөө зарлаж, зураг хөргөө сошиалд тавихад бас их л зориг шаарддаг юм билээ. Одоо бол Ахиллисийн ажил маань зогсохын аргагүй эргэлдэж байна. Ахиллист хандив өргөсөн, өргөх сэтгэлтэй олон зуун монголчууд байдаг, тэдэнд үнэхээр талархаж явдаг. Ялангуяа гадаадад буй монголчууд маань их дэмждэг шүү. Хааяа их ажилтай байсан ч ажил маань эргээд амралт болдог юм.

За тэгээд оюутнууд маань бас их эрч хүч өгнө. Хичээл заасан оюутан залуус маань сайн явахыг харах сайхан. Та надад ингэж зөвлөж байсан чинь тус болсон шүү гэх мэтээр дурсахад сайхан байдаг. Багш хүний жаргал юм даа.

Мөн миний эрч хүчний ундарга бол 5 настай хүү маань. Хүүгийнхээ амьдрах нийгмийг илүү сайн сайхан болгохын төлөө гар бие оролцож хичээхээс өөр аргагүй.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

23 жилийн өмнө 13 настай жаахан охин хөлөө тайруулчихаад их гутарч байсан. Тэр үед эмээ минь "Хүн хөлөөрөө биш толгойгоороо л амьдарна. Тархи толгойгоогүй алдчихаагүй хүн зөв явбал хоёр хөлтэй хүнээс ч сайн сайхан амьдарч болно" гэж хэлсэн нь тэр үеийг давахад, цаашдаа итгэлтэй амьдрахад тусалсан.

Бас би нэг удаа ээжээсээ "Та яагаад л байнга хүнд туслаад яваад байдаг юм бэ, яагаад өөрийгөө боддоггүй юм бэ?" гэж асуусан юм. Тэгэхэд "Би тэр хүний оронд байсан бол яах байсан бэ гэж байнга боддог. Миний хүү ч гэсэн тэгж бодож байгаарай" гэж хэлж билээ. Түүнээс хойш бусдын оронд өөрийгөө тавьж боддог байх гэж хичээж л явна.

ЗАЛУУЧУУДАД ХАНДАН НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Залуучууд бусдыг даган дууриаж хэлбэрдэх нь элбэг. Өөрөөр хэлбэл өөрт зохиогүй дүрийг бүтээхийг оролддог. Энэ нь хэцүү. Тиймээс эхлээд өөрийгөө сайн таньж мэд, давуу сул талаа олж мэд, түүний дараа өөрийн бүтээж чадах дүрийг бүтээхийн төлөө явах хэрэгтэй гэж хэлмээр байдаг. Өөрийн таньж мэдэх хоёр аргыг санал болгоё. Нэг нь ганцаарчилсан спортоор хичээллэ. Гүйлт ч байж болно. Мөн ямар нэг сайн дурын ажил хий. Бас хэзээ ч хийхгүй дээ гэсэн ажлаа хийгээд үз. Энэ тохиолдлуудад танаас ямар зан ааш гарч байна, түүнээс улбаалан өөрийгөө таних боломжтой.

ТА МАНАЙ ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг санал болгоё. Манай сургууль дээр маш олон төсөл хэрэгждэг, багш нар нь тун чадварлаг, бүгд л гадаадад зэрэг хамгаалсан, хамгаалах гэж буй багш нар байдаг. Би өөрийгөө багшийн хувьд болоогүй гэж боддог, тэр утгаараа олон багш нараас үлгэр дууриал авдаг. Батбаатар захирал энэ бүгдийг зангидаж, академик байгууллагын соёлыг тогтоож, амжилттай авч явж байгаа.

Гэрэл зургийг: Б.Батзаяа (Зак)

49341   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.