дэлхий

Францад тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал газар авч байна. Нийтийн тээвэр, эмнэлэг, цагдаа, аж үйлдвэрийн салбарынхан ажил хаялт зарласан учир ихэнх байгууллагуудын үйл ажиллагаа зогссон бөгөөд пүрэв гарагт болсон жагсаалд 800 гаруй мянган хүн хамрагджээ. Макроны засгийн газар одоо үйлчилж буй 42 төрлийн тэтгэврийн системийг өртөг ихтэй, харилцан шударга бус хэмээн үзэж оноонд суурилсан системд шилжихээр зэхэж байгаа юм. Ажлын өдрийг оноогоор үнэлж, тэтгэврийн хэмжээг тооцох шинэ системийг иргэд тэтгэврийн насыг хойшлуулж, илүү цагаар ажиллуулан, улмаар бага тэтгэмж олгох уршиг дагуулна хэмээн үзэж эсэргүүцсээр байгаа билээ.


Япон улс эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс ирэх жил 120 тэрбум долларын санхүүжилтийг улсын төсөвтөө суулгаснаа мэдэгдлээ. Абе Шинзогийн засгийн газар ирэх онд явагдах Олимпийн наадамтай холбоотой бүтээн байгуулалт болон бусад дэд бүтцийн ажлуудыг дэмжихэд энэхүү санхүүжилт түлхэц болохыг онцолсноос гадна 2021 он гэхэд ДНБ-ийг 1.4 хувиар өсгөх зорилготой байгаагаа дурджээ.


Финлянд улс түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайдаа угтан авч байна. Өмнө нь тээврийн сайдаар ажиллаж байсан 34 настай Санна Мартин хэмээх бүсгүй 6 сарын өмнө бүрэлдсэн социал демократ тэргүүтэй эвслийн засгийн газрыг удирдахаар сонгогдлоо. Ингэснээр С.Мартин яг одоо алба хашиж буй дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүн болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрчний эвлэл болон том үйлдвэрүүдийн хоорондох цалин, ажлын нөхцөлтэй холбоотой хэлэлцээр бүтэлгүйтсний улмаас орон даяар ажил хаялт явагдаж, улмаар Финляндын эдийн засаг бараг "тэг зогсолт" хийсэн нь ерөнхий сайд А.Риннег ажлаа өгөхөд хүргэсэн билээ.


Саудын Араб улс эмэгтэйчүүдийг ресторанаар үйлчлүүлэхдээ тусдаа хаалгаар нэвтрэх ёстой байсан дүрмийг хүчингүй болгосноо зарлалаа. Өмнө нь ресторан, олон нийтийн газарт үйлчлүүлэхийн тулд эмэгтэйчүүд эрчүүдээс тусдаа хаалгаар орж, тусдаа хэсэгт суудаг байсан юм. 34 настай угсаа залгамжлах ханхүү М.Бин Салмангийн ээлжит шинэчлэл зарим бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулж байгаа ч олон улсын ажиглагчид талархан хүлээн авч байна.


Facebook-ийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж турших зорилготойгоор үүсгэсэн NPE буюу "New Product Experimentation" подкаст, ажлын харилцаа, аяллын апп-ууд бүтээж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус баг Фэйсбүүкийн үндсэн апп-ийг дэмжиж, хэрэглэгчдийн дижитал амьдралын хэв маягт нөлөө үзүүлэхүйц бүх төрлийн апп-ийг хийх зорилготой бөгөөд долоо хоног бүр шинэ апп гаргаж хэрэглэгчдийн хариу үйлдлийг ажиглах гэнэ.

Эмэгтэйчүүдийн манлайлал. Финляндын топ намуудыг шинэ үеийн эмэгтэй улс төрчид тэргүүлж байна

технологи

2018 онд NASA-аас нарны талаар мэдээлэл цуглуулах зорилготой илгээсэн "Parker Solar Probe" хөлөг анхны мэдээллээ дэлхий рүү илгээжээ. Эрдэмтэд нарны соронзон шуурганы хурдыг хэмжиж, урьдчилан таамаглах боломж олгохуйц мэдээллүүдийг хүлээн авснаас гадна нарны титмийг халаагч эх үүсвэрийг тодорхойлоход дөхөм болох материал цуглуулсныг зарлалаа. Тус хөлөг наранд 24 сая км-ийн зайтай очсон нь хүн төрөлхтний хувьд хамгийн ойрхон дөхсөн хэрэг болсон нь энэ. 2024 оны орчимд уг сансрын хөлөг 6.1 сая км-ийн зайтай ойртож мэдээлэл цуглуулах зорилготой байгаа билээ.


Apple 2020 онд ямар нэгэн холбогч оролтгүй буюу "бүрэн вайрлес" iPhone гаргахаар зэхэж байгаа талаар шинжээчид мэдээлж байна. Чихэвч, цэнэглэгчийн оролтыг байхгүй болгох нь дагалдах бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх нэг гарц гэж үзэж буй болтой. Мөн зарим эх сурвалжууд Apple шинэ загвар зарладаг давтамжаа 2 жилд нэг удаа болгохоор төлөвлөж буйг ч мэдээлжээ.


Хятадын эрдэмтэд сармагчний эсээс гахайн торой төрүүлсэн тухайгаа мэдээллээ. 4000 гаруй үр хөврөлийн оролдлогоос 2 торой төрсөн ч долоо хоногийн дараа тодорхойгүй шалтгааны улмаас амьсгал хураасан гэнэ. Энэ нь цаашид хүний эд эрхтнийг амьтдын биед ургуулах технологийн туршилтын нэг хэсэг болон хийгдэж байгаа аж.


Чип үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч Qualcomm шинэ үеийн технологио танилцууллаа. Snapdragon 865 нь AI ачаалах чадвартай, ихэнх ухаалаг төхөөрөмжүүдэд суугдсан байдаг өмнөх хувилбараасаа 25 хувиар хурдан болсон бөгөөд 200 мегапикселийн зураг авч, 8К видео бичлэг хийх чадалтай гэнэ. Одоогоор Xiaomi, Oppo шинэ утсандаа 865 загварын чипийг суулгахаа мэдэгдээд байгаа бол Apple 2020 оны загварууддаа 5G технологи дэмждэг хувилбарыг нь ашиглах төлөвтэй байгаа юм.


Дэлхийн хамгийн зартай хар тамхины эзэнт гүрнийг үндэслэгч Пабло Эскобарын дүү Роберто гэр бүлийнхээ нэрээр нэрлэсэн нумардаг утсыг танилцууллаа. "Escobar Fold 1" нэртэй уг ухаалаг утас нь бүрэн дэлгэгдсэн үедээ 7.8 инчийн хэмжээтэй болох агаад 16, 20 мегапикселийн хос камертай хийгджээ. Үнийн хувьд 350 доллараар борлуулагдах нь зах зээл дээрх бусад нумардаг утсыг нийлүүлэгч Samsung, Huawei-ээс дор хаяж 5 дахин хямд байна гэсэн үг билээ. Роберто Эскобар уг утсыг Өмнөд Америкийн зах зээлд тэсрэлт болно гэдэгт итгэлтэй байна.

Сонирхол татаж байна уу?

Бизнес

Саудын Арабын төрийн өмчит газрын тос үйлдвэрлэгч Aramco хөрөнгийн зах зээлээс 25.6 тэрбум долларыг босгосноор түүхэн дэх хамгийн том IPO-г амжилттай хийлээ. Тэдний зах зээлийн үнэлгээ 1,7 триллион доллараар хэмжигдэх бөгөөд компанийн 1.5 хувийг нээлттэй арилжаалсан нь энэ. Засаглалын тодорхойгүй асуудлуудаас шалтгаалан олон улсын томоохон санхүүгийн институтууд арилжаанд идэвх багатай оролцсон ч бүс нутгийн болон дотоодын хөрөнгө оруулагчид шаардлагатай санхүүжилтийг босгож чаджээ.


Google-ийн үүсгэн байгуулагчид Ларри Пэйж, Сергей Брин нар толгой компани болох Alphabet-ийг удирдах албан тушаалаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. Тэдний орыг 2015 оноос хойш Google-ийн CEO-оор ажиллаж буй 47 настай Сундар Пичай залгуулах болсон байна. Гэхдээ Пэйж, Брин нар удирдах зөвлөлд суудалтай хэвээр үлдэх бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувиар гол шийдвэрүүдэд оролцоотой байх нь тодорхой билээ.


Өнгөрсөн даваа гарагт тохиосон "Cyber Monday"-ийн борлуулалт 9.4 тэрбум долларт хүрсэн нь түүхэн дээд амжилт байсныг Adobe мэдээллээ. Америкийн топ 100 сайтын онлайн худалдааны үзүүлэлтээс харахад хамгийн эрэлттэй бараа нь Frozen-ий тоглоомууд, Nintendo Switch, Apple-ийн лаптопууд, Samsung-ийн тв-үүд байжээ. Хамгийн сонирхолтой нь оройн 22 цагаас шөнийн 2 цаг хүртэлх борлуулалт бараг 3 тэрбум доллартай тэнцүү байсан гэнэ.


Японы тэргүүлэх технологийн компаниудын нэг Panasonic хагас дамжуулагчийн бизнесээ 250 сая доллараар зарж байгаагаа зарлалаа. 2022 оны 3-р сар гэхэд зардлаа 100 тэрбум иенээр бууруулах зорилго тавьсан тэд Тайванийн Nuvoton-той хэлэлцээрт хүрсэн нь энэ. Panasonic үйлдвэрлэлийн автоматжуулалт, автомашины электрон хэрэгслийн бизнестээ төвлөрөх үүднээс өргөн хэрэглээний цахилгаан хэрэгсэл, чип, компьютерийн салбаруудаасаа гарах стратегитай байгаа билээ.


Үнэ төлбөргүйгээр гадаад хэл сурах боломж олгодог "Duolingo" 1.5 тэрбум долларын үнэлгээтэйгээр шинэ хөрөнгө оруулалт босголоо. 100 сая долларын борлуулалттай, машин сургалт, хиймэл оюуныг системдээ нэвтрүүлээд буй тус стартапын шинэ хөрөнгө оруулагчид дотор Гүүглийн толгой компани Alphabet багтжээ.

Google-д шинэ эрин эхэллээ.

Энтертэйнмент 

Apple хөгжмийн стриминг үйлчилгээнийхээ датан дээр тулгуурлан шилдгүүдийг тодруулах Apple Music Awards-ийг анх удаа зохион байгууллаа. Наадмын нийт 5 шагналын гурвыг нь буюу "Шилдэг артист", "Шилдэг цомог", "Шилдэг зохиолч"-оор 17 настай залуу од Билли Айлиш тодров. Харин "Шилдэг залуу од"-оор Lizzo, "Шилдэг дуу"-аар Lil Nas-ийн "Old Town Road" тодорчээ.


2019 оны "Алтан бөмбөг" шагналын эзнээр Аргентин болон Барселона клубын хөлбөмбөгчин Лионель Месси тодорлоо. 1956 оноос эхлэлтэй уг шагналыг тэрээр 6 дахь удаагаа хүртснээрээ дээд амжилтыг тогтоож байна. 5 удаа "Баллондор"-ын эзэн болж байсан, түүний гол өрсөлдөгч К.Роналду санал асуулгын 3-р байрт бичигджээ.


Энтертэйнмент ертөнцийн хамгийн нөлөөтэй эрхэм Jay Z 50 насны төрсөн өдрөөрөө Spotify-д эргэн ирлээ. Тэрээр 2 жилийн өмнө өөрийн худалдан авсан Tidal нэртэй стриминг лүү "нүүсэн" удаатай. Сонирхуулахад, өдгөө 113 сая хэрэглэгчтэй Spotify 2019 онд хэрэглэгчдийн хамгийн их сонссон дуунуудыг зарласан байна. Жагсаалтыг Post Malone, Billie Eilish, Ariane Grande нар тэргүүлжээ. Мөн тэд подкаст сонсолтын хэмжээ 50 хувиар нэмэгдсэнийг онцолсон байна.


Нийт 33 сая долларын орлого цуглуулсан "Frozen 2" гурав дахь долоо хоногтоо дараалан бокс оффисийг тэргүүлэв. 150 сая долларын төсвөөр хийгдсэн уг кино одоогоор дэлхий даяар 800 сая долларын орлого олоод байна. Жагсаалтын топ 3-т өөрчлөлт орсонгүй, "Knives Out", "Ford v Ferrari" дараагийн байруудад бичигджээ.


32 дахь удаагийн Европын Кино Фестивалийн шилдгээр "The Favourite" тодорч, нийт 7 төрөлд ялалт байгуулсан байна. Энэ кинонд бүтээсэн дүрээрээ Оскар гардсан О.Колман мөн шилдэг эмэгтэй жүжигчнээр нэрлэгджээ. Харин эрэгтэй жүжигчнээр "Pain & Glory"-д бүтээсэн дүрээрээ А.Бандерас тодорсон байна.

Билли Айлишийн давамгайлал үргэлжилсээр

алдалгүй унших арван мэдээ

NYTimes: Филиппин далайчны ганцаардмал бөгөөд аюултай амьдрал

Таны энэ жил унших хамгийн утга учиртай, бүрэн нийтлэл ч энэ байж мэднэ. Заавал унших нийтлэл.

Variety: Билли Айлиш хэрхэн өөрийгөө алдалгүй карьераа удирдаж байна вэ?

2019 оныг бид Билли Айлишийн сэргэн мандлаар нь эргэн санаж магад. Залуу одын гайхалтай карьерын нууц, хувийн амьдралын өөрчлөлтийн талаарх онцгой ковер нийтлэл

CNN: Дэлхийн хамгийн шилдэг 50 хоол

Пицца, сүши, карри, бургер. Таны амталсан, амтлаагүй, сонссон, сонсоогүй хамгийн амттай жагсаалт энд бий.

Insider: "Black Widow"-ийн трэйлэрээс таны анзаараагүй орхисон зүйлс

Марвелын фенүүдийг "гялтайлгасан" шинэ трэйлэрийг та яг сайн үзэж чадсан уу? Танд илүү дэлгэрэнгүй төсөөлөл өгч чадахуйц 10 баримтыг эндээс үзээрэй

Rover: Тэжээмэл амьтандаа хэн гэдэг нэр өгөх вэ?

Кеану, Аряа, Белла. Энэ бол Америкчуудын дунд хамгийн эрэлттэй нэр. Шинэ нэрний санааг эндээс аваарай

Guardian: NATO-ийн чуулга уулзалтын эргэн тойронд

Д.Трамп чуулганыг эрт орхиж, Э.Макрон "тархи үхэжсэн" гэдгийг онцлов. Улс орнууд амлалтандаа хүрэхийг бие биеэсээ шаардав.

The Verge: Microsoft шинэ дизайн тренд үүсгэхийг хүсэж байна

Тэд гар утсан дээрх бүтээмжийг нэмэгдүүлэх "Fluid design" концепцийг танилцуулж, өөрсдийн бүтээгдэхүүнүүд дээр хэрэгжүүлж эхэллээ

Reuters: Хонгконгийн жагсагчид 6 сарын дараа юу хэлэв?

Ардчиллыг дэмжигчид орон нутгийн сонгуульд ялалт байгуулсны дараа жагсагчид асар их урам зориг аван ахин жагсаалаа үргэлжлүүлэв. Тэдний санаа бодол одоо хааш чиглэнэ вэ?

Vulture: М.Атвүүд хэрхэн ирээдүйг зөгнөв?

Өнөө цагийн хамгийн нөлөө бүхий зохиолчийн санаа сэдэл хаанаас төрдөг вэ? Тэр хит зохиолуудаараа юуг өгүүлэхийг хүссэн бэ?

QZ: 120 мянган долларын үнэтэй гадилыг идсэн артист

Базелийн галлерейд болсон үйл явдал тавилттай жүжиг байсан уу, төлөвлөсөн дайралт байв уу?