Өнгөрөгч өдрүүдэд өрнөсөн гол үйл явдлуудыг гарчигтаа онцолсон шинэ тоймд тавтай морил. 983 үгтэй өнөөдрийн тоймыг дуусгахад танд 4 минут л хангалттай.

1 гол сэдэв


77 дахь удаагийн Алтан бөмбөрцөг наадам өнгөрсөн долоо хоногт явагдаж ялагчдаа тодрууллаа. Оскарын өмнөх сорил хэмээгддэг уг наадам энэ жил Беверли Хиллзд зохиогджээ.

Хамгийн одтой наадсан нь хэн байв?

Алдарт К.Тарантиногийн "Once Upon A Time in Hollywood" нийт 3 шагнал хүртэж бүх бүтээлийг тэргүүлэв. Харин "Joker", "1917", "Rocketman" тус бүр 2 төрөлд ялалт байгуулжээ. Шилдэг драма бүтээлийг "1917" хүртсэн нь Netflix-ийг гомдоосон гэнэтийн ялалт байв. Ж.Финикс, Р.Зелвеггер, Б.Питт, Т.Эгертон нарын одод шилдэг дүрийн шагналуудыг хүртсэний дотроос Awkwafina-ийн ялалтыг онцолъё. Тэрээр The Farewell-д бүтээсэн дүрээрээ анхны ази гаралтай ялагч болсон нь энэ.

Телевизийн салбарт хэн цойлов?

HBO телевизийн цувралуудын төрөлд манлайлагч нь гэдгээ батлан харуулж, "Succession", "Chernobyl"-оороо нийт 4 гол төрөлд ялалт байгууллаа. Amazon-ий "Fleabag" комеди төрөлд 2 шагнал хүртсэн нь мөн онцлууштай амжилт байв. The Crown-ий гол дүр О.Коулман гурав дахь удаагаа Алтан бөмбөрцгийн ялагч болжээ.

Өөр онцлох зүйл юу байв?

Диснейн бүтэлгүйтэл. Тэд шилдэг анимэйшн цувралын шагналаа түүхэнд ердөө 4 дэх удаагаа л алдав. Энэ удаад тэд "Frozen II", "Toy Story 4", "The Lion King" зэрэг бокс оффисийн хитүүдийг сойсон ч "Missing Link" хэмээх даруухан бүтээлд ялагдчихав. Олны таамаглаж байсанчлан "Parasite" шилдэг гадаад киноны төрөлд ялсан анхны солонгос бүтээл боллоо. "The Irishman", "Marriage Story", "The Two Popes" гэсэн гурван бүтээлээрээ л 15 номинацид нэр дэвшсэн Нетфликс ердөө ганцхан "туслах дүрийн" шагналтай хоцорсон нь чамлалттай.

Санал болгох: Алтан Бөмбөрцгийн ялагчид ба ялагдагчид

Санал болгох: Онцлох зүйлс болон гол анализ

Р.Жервайс сүүлчийн удаа оддыг ёжлохоо мартсангүй

2 чухал тоо


176 - Тегеранаас Киев чиглэлд хөөрсөн иргэний агаарын тээврийн онгоц осолдож, 176 хүн амиа алдав. Ираны зэвсэгт хүчин "хүний санамсаргүй алдааны улмаас" уг онгоцыг санамсаргүйгээр сөнөөснөө хүлээн зөвшөөрч, гүнээ харамсан эмгэнэл илэрхийлсэн байна. Амиа алдагсад дунд 83 иран, 63 канадын иргэд байсан юм.

1,000,000,000 - Японы тэрбумтан Юусаку Маэзава "уламжлал ёсоор" твиттер дагагчид дундаасаа 1000 хүнд сая сая иен буюу 9 сая доллар тараав. Оны өмнө өөрийн үүсгэн байгуулсан Zozotown-ийг Softbank-д зарсан тэрээр гэнэтийн орлого амьдралын чанар болон сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг эсэх нийгмийн туршилтыг хийж байгаа нь энэ гэнэ. Мөн тэрээр саяхан Э.Маскийн хөлгөөр сар луу хамт явах хүнээ хайж байгаагаа зарлажээ.

3 онцлох зүйл

#CES: 1967 оноос эхлэлтэй дэлхийн инновац, шинэ технологийн чиг хандлагыг тодорхойлогч CES 2020 Лас Вегас хотноо явагдлаа. Энэ жил уг үзэсгэлэнд 180 мянга гаруй оролцогч оролцож, топ компаниудын шинэ концепц, шинэлэг технологийг гэрчлэв. Sony цахилгаан машины, Toyota ухаалаг хотын, Quibi контент үзэлтийн, Samsung дижитал аватарын шинэ концепцоо танилцуулсан нь анхаарал татав.

Санал болгох: CES-ийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүд


#YOG: Швейцарын Лозанн хотноо 3 дахь удаагийн залуучуудын өвлийн Олимп нээлтээ хийлээ. 15-18 насны тамирчид өрсөлддөг уг наадамд Монгол улсыг төлөөлөн биатлон, гүйлтийн цанын төрөлд 6 тамирчин оролцож буй. Биатлоны 12.5 км-ийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн, манай багийн тугч Э.Энхсайхан нийт 99 тамирчнаас 12-р байрт орж бахдам амжилт үзүүлэв. Энэ удаагийн наадамд дэлхийн 70 гаруй улсын 1.800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Сонирхуулахад, ОУОХ-ны ээлжит хурлын үеэр 2024 онд явагдах дараагийн наадмын эрхийг БНСУ-ын Канвон хотод олгожээ.

Санал болгох: Залуучуудын Олимпийг ойлгох нь


#BREXIT - Их Британийн парламент ерөнхий сайд Борис Жонсоны "Brexit" төлөвлөгөөг 330:231-ийн харьцаатайгаар баталлаа. Ингэснээр 2016 оноос эхлэлтэй Европын холбоог орхих уг үйл явц товлосон хугацаа болох 1-р сарын 31-нд багтан өрнөх боломжтой болж байна. Өмнөх ерөнхий сайд Т.Мэй чухам парламентийн дэмжлэг авч чадахгүй байсаар 10 сарын хугацааг алдаж, улмаар ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Өнгөрсөн сард явагдсан ээлжит бус сонгуульд олонх болж чадсан Жонсон энэ онд багтаан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаа юм.

Санал болгох: Одоо юу хүлээж байна вэ?

4 мэдүүштэй баримт


AI ШИНЖЭЭЧ: Warner Bros их тоон өгөгдөл дээр тулгуурлан кино бүтээлийн амжилт, орлогын таамаглал дэвшүүлдэг хиймэл оюун хөгжүүлэгчтэй гэрээ байгуулснаа зарлалаа. Тэд энэхүү технологийн тусламжтайгаар киноны нээлт, цацалт, маркетинг зэрэг гол шийдвэр гаргалтуудыг илүү үр дүнтэй гаргана хэмээн найдаж байгаа гэнэ.

МӨНХ НАСТ: Эрдэмтэд C.elegans төрлийн хялгасан хорхойн насыг 500 хувиар уртасгах туршилтыг амжилттай хийснээ зарлалаа. Энэ төрлийн судалгаа нь хүний насыг уртасгах ажилд томоохон нөлөө үзүүлэхүйц хэмээн салбарынхан нь үзэж буй юм. 3-4 долоо хоногийн настай уг хорхойн амьдарсан хугацаа нь хүний хувьд 400 насалсантай адилтгахуйц үр дүн билээ.

ОДДЫН БӨӨГНӨРӨЛ: Одон орончид сүүн замын хамгийн том бүтцийг илрүүлснээ зарлалаа. 9000 гэрлийн жилийн урттай буюу манай галактикийн 9 хувийг эзлэх уг бүтцэд 800 сая од харьяалагдана гэнэ.

ШИНЭ ВИРУС: БНХАУ-ын Вухан хотноо гараад байсан үл мэдэгдэх халдварт өвчний үндэс нь шинэ төрлийн "корона" буюу титэмт вирус байсныг судлаачид тогтоолоо. Одоогоор 59 хүн хяналтанд байгаагаас 1 хүн амь насаа алдаж, долоогийнх нь биеийн байдал хүнд нөхцөлд байгаа гэнэ. Дэлхий даяар тархан олон хүний аминд хүрч байсан SARS, MERS зэрэг ханиадын шалтгаан болдог титэмт вирус нь хөнгөн хэлбэрийн ханиадаас эхлэн бөөрний дутагдал хүртэл хүндэрдэг гэнэ.

Шар цэг нь манай нар гэнэ шүү

5 сонин хачин


1. Алтан бөмбөрцгийн "том" ялагч "1917" 37 сая долларын орлогоор бокс оффис дахь "The Rise of The Skywalker"-ийн ноёрхлыг зогсоолоо. Гурван долоо хоногийн турш хүснэгтийг манлайлсан Оддын дайны ертөнцийн ээлжит түүх дэлхий даяар тэрбум долларын борлуулалтад хүрэхэд ойрхон байна.


2. Их Британийн хунтайж Харри болон эхнэр Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн үндсэн үүргээсээ чөлөөлөгдөж, санхүүгийн хувьд хараат бусаар амьдрах шийдвэр гаргаснаа зарлалаа. Энэхүү гэнэтийн шийдвэрийг тэд хатан хаантай зөвлөлдөлгүй гаргасан нь удалгүй ил болсон бөгөөд хүсэлтийг шууд хүлээн авах нь тун "төвөгтэй" хэмээн Бүүкингемийн ордноос мэдэгдээд байна.


3. Оскарт өнгөлөх магадлалтайд тооцогдож буй "Parasite"-ийг HBO телевизийн цуврал хэлбэрээр шинэчлэн хийнэ гэнэ. Шинэ бүтээлд найруулагч Бон Жон Хогоос гадна "Vice", "The Big Short"-ийг бүтээгч Адам Мккэй ажиллах бололтой. Одоогоор үндсэн киноны үйл явдал үргэлжлэх, эсвэл англи хэл дээр хийгдэх эсэх зэрэг нарийн мэдээлэл тодорхойгүй байгаа аж.


4. Дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд Санна Марин Финляндыг ажлын 4 өдөр, өдрийн 6 цагийн горимтой болгохыг хүсэж байна. Тэрээр үүрэгт ажлаа авахаас өмнө энэ санаачилгыг дэвшүүлж байсан бөгөөд ард иргэд гэр бүлдээ их цаг зарцуулснаар сайн сайхан байдал нь нэмэгдэхээс гадна бүтээмж ч нэмэгдэнэ хэмээн найдаж байгаа аж. Гэхдээ засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай хараахан багтаагүй байгаа гэдгийг эх сурвалжууд сануулж байна.


5. Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд Цай Инвен дахин ялалт байгууллаа. Бээжингийн эсрэг бодлого баримтлагч тэрээр 57 хувийн саналаар буюу 8.2 сонгогчийн санал авсан нь түүхэн амжилт болсон байна. Мөн түүний харьяалагддаг ардчилсан нам парламентын 110 суудлын 61-ийг өөрийн болгож, олонхын статусаа хадгалж чаджээ.

10 унших мэдээ


Дурсах: Дэвид Боуви яагаад 2000-аад онд "алга болов"? /Pitchfork/

Төлөвлөх: Онлайн гудасны стартап Casper IPO хийнэ /Financial Times/

Талархах: AB Inbev зөвхөн сэргээгдэх эрчим хүч хэрэглэнэ /CNBC/

Санах: Зукерберг 10 жилийн төлөвлөгөө гаргалаа /Techcrunch/

Унах: Hummer цахилгаан хөдөлгүүртэй эргэн ирнэ /WSJ/

Эмгэнэх: Оманы удирдагч таалал төгслөө /Al Jazeera/

Цэгнэх: Гон орголтынхоо талаар анх удаа ам нээв /NYTimes/

Үзэх: Starlink 60 хиймэл дагуул хөөргөв /Space/

Аялах: 2020 оны онцлох 20 аяллын чиглэл /CNN/

Гутах: Boeing-ийн ажилчдын дотоод мессеж ил боллоо /The Verge/