А бол алаГ мэлхий өрөх

Монголчуудын арвин баялаг тоглоом наадгайн соёлын нэг оргил нь алаг мэлхий өрөх. Цагаан сарын "брэнд" болсон энэ тоглоом тухайн жилд айл гэрээс хэн нь илүү аз хийморьтой, цог золбоотой байхыг тодруулдаг бэлгэдэлтэй гэдэг. Дараа жил айл хэсэхдээ та хэдэн ч хүн тоглож болдог, хэн ч учрыг нь төвөггүй олчихдог алаг мэлхийг өрөн, аз хийморио сорихоо бүү мартаарай.

б бол Битүүн

Азийн бусад орнуудаас Монгол улсыг ялгаруулах нэгэн чухал онцлог бол бидний цаг тоолол. Манай үндэстэн Манжийн дарлалаас гарснаас хойш шар зурхайг хүчээр дагадаг байснаа больж, монгол хүний зохиосон, нүүдэлчин ахуйд тохирсон Төгсбуянтын зурхайг цаг тоололдоо хэрэглэх болсон юм. Уг зурхай дахь жилийн сүүлийн өдөр буюу өвлийн адаг сарын отгон өдрийг бид “Битүүн” хэмээн нэрлэж, айл хотлоороо тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр гэр бүлээрээ, хоол ундаар элбэг дэлбэг байхаас гадна нохойгоо цадтал хооллож, гэрээ цэвэрлэж, мөн Лхам бурханы моринд зориулж үүдэндээ мөс, өвс тавьж хонуулдаг заншилтай.

В бол видео дуудлага

Алс холын нутагт амьдралын эрхээр суугаа элгэн садантайгаа видео дуудлага хийн холбогдож, амар мэндийг нь мэдэх бол сар шинийн баярын нэгээхэн хэсэг байсаар ирсэн. Харин энэ жил битгий айл хэсээрэй хэмээн уриалж буйтай холбоотойгоор видео дуудлага бүр ч их хийгдэж, цахим золголт өргөн дэлгэр болох нь ээ. Та Messenger, Skype, Viber-аас гадна Whereby, Zoom зэрэг аппуудыг туршаад үзээрэй.

г бол гар цайлгах бэлэг

Гэрт ирсэн зочин гийчдийн гарыг цайлгаж, хоосон гаргадаггүй ёс бий. Гэвч өнгөрсөнд энэ ёс нь бидний одоо мэддэгээс тэс өөр зүйл байсан талаар ахмадууд ярьдаг. Өөрөөр хэлбэл гэрт буй бяслаг, ааруул, хэвийн боов зэргийг хошуу торгонд боон удаан уулзаагүй зочид, хүүхэд, настайчуудад өгдөг байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд тус зан үйл нь ёс, хүндэтгэл гэсэн утгаа гээн бэлэг, дурсгал тал руугаа хазайжээ. Гэртээ ирсэн зочид, гийчдийг бэлгийн сайхнаар биш сэтгэлийн сайхнаар угтах нь чухал юм шүү. Сонирхуулахад, "Digi Золгоо" санаачилгаар дамжуулан айл хэсэх бүрийд залуусын тулгардаг өнөөх “танил дотно” асуултууд, олон давтагддаг мэндчилгээний үгс зэргийг тун ч донжтойгоор дижитал хувилбарт шилжүүлэн, давхар золголтын мөнгө, бас бэлгээ буюу урамшууллын оноо шилжүүлэх боломжийг U-Point аппликейшн бий болгосныг энэ ташрамд онцолъё.

САНАЛ БОЛГОХ: ШИНЭ СОЁЛЫГ ТҮГЭЭХ НЬ - ДИЖИ ЗОЛГОО + ВИДЕО МЭНДЧИЛГЭЭ

Unread

д бол дээл

Үндэсний дээл хувцас нь Монгол орны цаг уур, нүүдэлчин соёлтой нягт холбоотой юм. МЭӨ II зуунд Хүннү гүрний үед Монгол үндэсний хувцасны нийтлэг шинж төрх цэгцэрч бүрэлдсэн гэж үздэг бөгөөд өдгөө монгол үндэсний хувцас нь 20 гаруй ястны хувцсыг агуулдаг аж. Цагаан сараар монголчууд аль өнгөтэй өөдтэй хувцсаа гаргаж өмсөн, гарч буй шинэ жилд өнгөлөг, гоё сайхан байхыг бэлгэддэгийг та бид мэднэ. Тэр дундаа дээлийг янз бүрийн дизайнаар хийлгэн гангарч, ёстой л "Монголын загварын долоо хоног"-т оролцох шиг болдог билээ.

е бол ерөөлийн үг

Монгол хүн байна даа, сар шинийн баяраар ерөөлтэй үгсийг л хэлэлцэх учиртай билээ. Амны бэлгээс ашдын бэлгэ хэмээдэг монголчууд сар шинийн баяраар бэлгэ дэмбэрлийн үгсээр хур буулгадаг нь гайхалтай. Сүүлийн үеийн залуус ерөөл, бэлгэ дэмбэрлийн үгсийг төдийлөн сайн мэдэхгүй байж болох ч "найранд 3 дуутай, наадамд 3 даваатай" гэдэгчлэн түүх уламжлалтайгаа танилцах далимд "золгоонд 3 үгтэй" болохыг уриалъя.

ё бол ёслол хүндэтгэл

Цагаан сарын баяр бол зүгээр нэг айл хэсдэг, бууз иддэг, бэлэг авдаг, баахан ядардаг баяр биш. Утга агуулга, учир начраараа манай үндэстний олон зуун жилийн турш өвлүүлэн ирсэн зан заншил, ёслол хүндэтгэлийг өөртөө агуулсан баяр билээ. Ёслол хүндэтгэлийн тухай ойлголт бол цагаан сарын хамгийн энгийн боловч хамгийн эрхэм агуулга юм. Настан буурлууд, ахан дүүсээсээ гадна номын багш, эрхэм зөвлөх, ачлалт хүмүүстээ хүндэтгэл үзүүлэн учран золгож, амар мэндийг нь эрэхийг урьтал болгодог нь ийм учиртай.

ж бол жил орох

Дорнын зурхайн цаг тооллын дагуу огторгуйд урган гарч байгаа жил нь тухайн хүний төрсөн жилтэй давхцахыг “Жил орох” хэмээдэг. Буддын шашинд жил ороход тухайн хүний төрсөн үеийн ертөнцийн нөлөөлөл давтагдах учраас нэг бол сайн, эсвэл муухан нөлөө үзүүлдэг гэж үздэг учраас онцгойлон авч үзэж, ном уншуулан засал хийлгэдэг ажээ.

САНАЛ БОЛГОХ: 1 гол сэдэв - #ЦахимЗолголт

Unread

з бол золгох

Аюулт вирус дэлхийг сандаргаж, нэг дор олноороо цуглахгүй байхыг уриалж буй энэ цаг дор олон байгууллага иргэдийг сар шинийн баяраар зочин урихгүй, айл хэсэхгүй байхыг сануулж, цахимаар золголт хийхийг уриалсан аянуудыг хэрэгжүүлж байгаа нь талархууштай. Эдгээрээс бид #ЦахимЗолголт санаачилгыг онцолж байна. Уг аяныг санаачилсан Оюу толгой ХХК-аас Фэйсбүүк профайлын хүрээ, Инстаграм, Мессенжерийн стори филтер, хөгжилтэй gif стикер (Tsakhim Zolgolt гэсэн нэрээр хайна) зэргийг бэлтгэснээс гадна баяраар айл болгонд байдаг “Тогоо баригч”-ийн албыг энэ жил “Холбоо баригч” хэмээн шинэчилж, настан буурлууддаа технологийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд нь туслах уриалга гаргажээ.

и бол их цэвэрлэгээ

Шинэ жил, шинэ би гэдэг үг зүгээр нэг маазарсан үг биш гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Цаг тооллын нэгэн шинэ үе ирэхэд хүний сэтгэл санаа эерэг болж, өөрчлөлт хийх боломжтой болдгийг сэтгэл зүйн шинжлэх ухаан нотолдог. Ёс заншилд ч энэ бодол биеллээ олсон нь их цэвэрлэгээ. Шинэ жил гарахын өмнө айл гэрүүд тоос шороогоо гөвж, бүтэн жилээ даах их цэвэрлэгээг хоног дамнан хийдэг нь аль ч талаас харсан зөв зүйтэй үйлдэл. Танай гэрийн цэвэрлэгээ ингэхэд хэд хоног үргэлжилсэн бэ?

й бол йоо ямар их бууз идчихэв ээ!

Өмнө жилүүдэд бол “Шинийн юм шингэц сайтай” хэмээн айл болгонд хэдэн бууз, хэсэг салаттай “цохиж" явсаар орой нь гэртээ баахан ядарсан л хүмүүс ирдэг байв даа. Цаг үеийн байдлаас болоод энэ жил хүмүүс харин айлд биш гэртээ буузаа идэх болж байна. Магадгүй амьдралдаа анх удаа цагаан сараар хэтрүүлж идэхгүй боломж гарч байж ч мэдэх юм. Гэхдээ цагаан сараар их идэх ёстой гэж бодлыг дарахад амаргүй л байх болов уу.

САНАЛ БОЛГОХ: Жулиа Эндэрсийн “Гэдэс” номын тухай

Unread

К бол карантин

Энэ жилийн цагаан сарыг хожим дурсахдаа "карантилагдсан" хэмээн онцлон санах байх. Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчин гарах эрсдэл өндөр байгаа ийм үед бид эрүүл мэндээ эн тэргүүнд тавин айл хотлоор хэсэхээ багасгаж, насан буурлуудаа хүндрүүлэлгүй ухаалаг шинэлэх нь түмэн зөв. Гэрээрээ цомхон баярлаж буй энэ үедээ сар шинийн баярын утга учрыг ухан ойлгож, ураг төрлөө улам таньж, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг санал болгож байна.

л бол лам залах

Шинэ он гараад хамгийн эхэнд хийх ёстой зан үйл бол заслаа хийлгэх байдаг. Монголчууд эртнээс шинэ сар гарсны дараа лам залах буюу ламд зорин очиж зурхайд бичигдсэн номуудыг хуруулан, гэр бүлийнхнээ даатгадаг уламжлалтай. Энэхүү заслыг Шинийн 15-нд багтаан хийлгэхийг зөвлөдөг. Сонирхуулахад, энэ жил технологийн дэвшил ашиглан заавал өөрийн биеэр очилгүй аппликэйшн ашиглан, эсвэл лам нартайгаар цахимаар холбогдон номоо уншуулж болохоор болсныг онцолъё.

м бол мөрөө гаргах

Хаврын эхэн сарын шинийн нэгэнд өөрийн хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалыг мөр гаргах гэдэг. Энэ нь тэр жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэддэг зан үйл юм. Айл гэрийн гишүүн бүр мөрөө гаргаж болох бөгөөд гэрийн эзэн нь эхнэр, хүүхдүүдээ төлөөлөн мөр гаргаж болно гэж үзэх нь ч бий. Энэ жилийн суудал, мөр гаргах зүг, тарни, заслаа эндээс нэгтгэн хараарай.

н бол настан буурлууд

Цагаан сар бол ахмад настануудын баяр байдаг гэхэд нэг их хол зөрөхгүй. Хүн бүр л, айл бүр л аав ээж, өвөө эмээгээ зорьдог. Ахмад настанууд үр хүүхдүүдээ тойруулан сууж магнай нь тэнийдэг. Тиймдээ ч настайчууд маань энэ баярыг хоног тоолон хүлээдэг нь нууц биш. Хэдийгээр баахан зочин хүлээж авна гэдэг амаргүй ч, өөрсдөө ч мэдэлгүй их ядарсан байдаг ч, цагаан сарын өдрүүдээр настан буурлууд асар их хүндэтгэл, хайрыг мэдэрч, олон олон цагаан сарыг угтах эрч хүч, урам зоригийг авдаг билээ.

о бол ОРОЙТЛОО ШҮҮ, ХҮҮХЭЭ

Холын байтугай ойрын хамаатнуудтай уулзалдаж чадахгүй явсаар цагаан сартай золгох тохиолдол олон байдаг. Ингээд ойрд уулзаагүй хамаатан саднууд бөөгнөрөх үед нэг нэгээсээ хурдан мэдээлэл авах зорилгоор “Хаана ажиллаж байгаа вэ?”, “Хүнтэй суусан уу?” гэх зэрэг асуултуудыг угсруулдаг. За тэгээд нас 30 дөхсөн буюу гарсан бол ах дүү, хамаатан садан ямар нэг байдлаар мессеж өгдөг нь "Оройтлоо шүү, хүүхээ" юм :) Нэг талаас санаа тавьж, зөвлөж буй хэрэг мөн ч нөгөө талд сонсож буй хүндээ "дарамттай" тусах нь цөөнгүй. Үүнтэй холбоотойгоор жилийн энэ үед залуучуудын ганц бие гэдгээрээ хошигнож буй постууд ч их харагддаг. Гэхдээ энэ бол бас зөвхөн манайд ч байдаг асуудал биш бөгөөд Азийн зарим оронд бүр цагаан сараар түрээслэх нөхөр/эхнэр байдаг гэнэ шүү. Ер нь хостой, ханьтай болно гэдэг санааны зоргоор бүтдэг зүйл биш тул энэ асуудалд бусдыг шүүхгүй, өөрөө эмзэглэхгүй байх нь зөв биз ээ.

ө бол өглөө ЭРТЛЭН БОСОХ

Хүүхэд байхад шинийн нэгний өглөө л хамгийн эрт босдог юм шиг санагддаг байж билээ. Үнэхээр ч шинийн нэгний өглөө монголчууд өглөө эртлэн босож, зан үйлээ гүйцэлдүүлэн, цай сүүний дээжээ өргөдөг сайхан уламжлалтай. Дээж өргөх нь бурхан шүтээн, хангай дэлхийдээ хамаг амьтан амар амгалан, өвчин зовлонгүй эрүүл энх, амар амгалан байхыг бэлгэддэг утга агуулгатай үйл гэнэ шүү. Тэгэхээр та бүхэн цай сүүнийхээ дээжийг сүсэглэн өргөөрэй.

CАНАЛ БОЛГОХ: ЦАГААН САРЫГ ОРЧИНДОО ЭЭЛТЭЙ ТЭМДЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

Unread

п бол ПОЛОГТОХ

"Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна" гэсэн хэллэгээс монголчуудын цагаан сарын үеэрх хооллох хэв маягийн талаар бүрэн ойлголт авч болно. Зарим судлаачийн үзэж буйгаар цагаан сар нь хөргөгчгүй байх үед үүссэн баяр тул хаврын урь орж дулаан болохоос өмнө нөөцөлсөн хүнсүүдээ идэж, түгээж, айл хотлоороо найрлах зориулалттай баяр гэнэ. Иймд хүмүүс цагаан сараар хэвийн өдрүүдээс хэд дахин их иддэг. Ийм үед пологтон бие тавгүйтэх нь байдаг тул та бүхэн хоолоо зөв тохируулан шинэлээрэй.

р бол рашаан болог

Цагаан сарын баяр ширээний идээний дээж архи тэргүүтэн хүндтэй байр эзэлдэг. Ах дүүс, анд найзуудаараа цугласан үед монголчууд идээний дээжээ хүртэхдээ “Рашаан болог" хэмээдэг билээ. Хэт их идчих гээд байдаг энэ өдрүүдэд идээний дээж нь үнэхээр ч хоол унд шингээхэд тустай байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд үүнийгээ хэтрүүлэн согтуурах явдал эрс багассан нь сайшаалтай хэрэг юм.

с бол сүүтэй цай

Нутаг нутгийн, айл айлын цай гэдэг өөр өөрийн өвөрмөц амттай. Бидний өдөр тутмын хэрэглээ болох сүүтэй цай бол Монгол үндэстний хоолны соёл болон хүндэтгэлийн салшгүй нэг хэсэг билээ. Шинийн нэгний өглөө айлууд эртлэн босож, хамгийн түрүүнд цайгаа чанаж дээжийг нь өргөөд, зан үйлүүдээ хийсний дараа хоорондоо золгон цайгаа уудаг уламжлалтай. Нохойн хошуутай, арвайн гурилтай, сүүлтэй, хийцтэй, шар тостой гэх мэт хоолноос дутуугүй олон төрлөөр хөгжсөн сүүтэй цайны үнэ цэнийг магадгүй бид гадагшаа явахдаа л ойлгодог болов уу.

САНАЛ БОЛГОХ: МИНИЙ ДУРТАЙ МОНГОЛ КИНО БУЮУ ЗААВАЛ ҮЗЭХ БҮТЭЭЛҮҮД

Unread

т бол түүх соёл

Цагаан сар бол ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, түүх соёл, зан заншлын илэрхийлэл болсон сайхан баяр. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан гэгддэг. Харин үүнээс өмнө цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.

Энэ баяраар түүх, соёлын элементүүд хувцас хэрэглэл, урлаг уран сайхан, нэвтрүүлэг контент зэрэг олон зүйлээр илрэн гарч ирдэг болохоор та гярхай анзааран, түүх соёлын мэдлэгээ арвижуулаарай хэмээн хүсье.

у бол ул боов

Цагаан сарыг мэдээж таваг засах ул боовгүйгээр төсөөлөх боломжгүй. Нутаг нутгийн онцлогоос шалтгаалан ул боовыг янз янзаар хийдэг бөгөөд таваг засах нь ч өөр өөр байдаг. Тавгийн боовыг гурав гурваар нь өрдөг нь тулгын гурван чулуу болоод жаргал, зовлон, жаргалыг илтгэдэг байна. Харин таван үеэр өрсөн ул боов нь таван бие махбодыг илтгэдэг гэж үздэг. Өндөр настай болох тусмаа хүмүүс таваг засах үеэ ихэсгэдэг бөгөөд долоо, есөөр идээгээ зассан настайчуул олон байдаг.
Хоол хүнс, идээ амттан ховор байх үед ул боов нь цагаан сарын дараа олон хоног "гол" хүнс болдог байсан бол сүүлийн жилүүдэд моодноос гарах маягтай болоод байв. Тэгвэл үлдэгдэл хэвийн боовоороо амтат кекс хийх боломжтойг сануулаад, туршиж үзэхийг санал болгоё.

ү бол үндэсний бөх

Сар шинийн баярыг үндэсний бөхийн барилдаангүйгээр төсөөлөхөд бэрх. Битүүний өдөр битүүлж суухдаа бид бөхөө үзэн баясацгааж, шинийн нэгэн хоёрны өдрүүдэд золгохдоо бөхийн сонин сайхныг ярилцдаг билээ. Хүчит бөхчүүд ч бас Цагаан сарын барилдааныг тухайн жилийн өнгө тодорхойлох барилдаан гэж үзэн, сайн барилдахыг ихэд хичээдэг уламжлалтай. Харин энэ жил бөхийн барилдааныг өнжөөх шийдвэр гаргаад буй.

х бол хөөрөг зөрүүлэх

17 дугаар зууны үеэс Хятадаар дамжин орж ирсэн нэг соёл бол хамрын тамхи агуулах хөөрөг. Дөрвөн зууныг дамжин Монголд нутагшихдаа хөөрөг нь өдгөө эрчүүдийн нэг төрлийн гангараа, гоёл хэлбэртэй болжээ. Цагаан сараар хүмүүс аль сайн хөөрөг, даалингаа базааж, бусдын амар мэндийг эрэн хөөрөг зөрүүлдэг бөгөөд эрчүүдийн хувьд хөөрөг гэдэг нэг ярианы сэдэв байдаг.

ц бол цагаалга

Цагаан сарын идээг үндсэнд нь бор ба цагаан идээ хэмээн хоёр ангилдаг. Хуучин жилийг таатай үдэж, шинэ жилийг гэгээлгээр эхлүүлж буйг бэлгэдэн цагаалгыг бэлтгэх бөгөөд үүнийг ирсэн зочдын заавал амсах ёстой, чухал зоог гэж үздэг. Цагаан идээ, тэр дундаа аарц, үр будаа оруулан хийдэг цагаалга нь өсөж үржихийн илэрхийлэл, бэлгэдэл гэнэ. Ахмад настанууд, монголч эрдэмтэд цагаалгагүй цагаан сар байж болохгүй, цагаалгыг цагаан сарын хамгийн чухал идээ хэмээдгийг санууштай.

ч бол чимэг гоёл

Цагаан сар бол бүх л хүний хувьд чимэг гоёлоо зүүдэг, авдраасаа гарган эдэлж хэрэглэдэг цөөхөн тохиолын нэг. Монголчууд эртнээс мал аж ахуй эрхэлж ирсэн ч түүхийн явцад өөрсдийн гар урлалын үнэт нандин бүтээлүүдийг бүтээж, өвлөж иржээ. Эрдэнийн чулуудаар чимсэн эдлэл хэрэглэл, хувцас гоёлоороо энэ л өдрүүдэд гангардаг уламжлалтай.

ш бол шүүс тавих

Шүүс тавих ёсыг Өндөр гэгээн Занабазарын үеэс үүссэн гэдэг. Мах шүүс нь монголчуудын аман хишгийн бэлгэдэл болсон хүндэтгэлийн зоог юм. Энэ нь дотроо ямар ямар мах тавьж байгаагаас хамааран их бүхэл шүүс, дунд бүхэл шүүс, бага бүхэл шүүс гэж хуваагддаг байна. Айлд орж ирсэн зочид идээ шүүсэнд заавал хүрдэг бөгөөд баяр дууссаны дараа айлууд идээ шүүсээ ах дүүсдээ хуваарилан тараах нь бий. Харин айл болгон ууц тавих гээд байдаг нь харин өрөөсгөл хандлага бөгөөд 19-р зууны сүүл үед Богдын хүрээ, түүний эргэн тойрны баячуудын өрсөлдөөнөөс дэлгэрсэн заншил аж.

э бол элгэн садАН

Сар шинийн баяр маш олон утга агуулга, учир бэлгэдлийг нэгтгэсэн байдаг. Түүний дотроос ураг төрөл, элгэн саднаараа учран золгож, амар мэндээ мэдэлцэх нь баярын яах аргагүй чухал хэсэг юм. "Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байтугай" хэмээдэг нь магадгүй энэ баярын хамгийн түгээмэл ерөөл биз ээ. Энэ жил гэхдээ айл хэсэх нь эрсдэлтэй тул элгэн садандаа утсаар, видеогоор мэндчилгээ дэвшүүлж, удахгүй уулзахын ерөөл талбиарай.

ю бол ЮУ ХИЙХ ВЭ?

Энэ жилийн цагаан сарын хувьд "Юу хийх вэ?" гэдэг чухал асуулт болж байна. Нэгэнт айл хэсэхгүй болохоор гэртээ суун халуун ам бүлээрээ цагийг сайхан өнгөрүүлэх, зурагтаар төрөл бүрийн кино, сонирхолтой контентууд үзэх л хамгийн зөв сонголт болох болов уу. Мөн энэ өдрүүдийг ашиглан шинэ юм сурах, хэрэгтэй зүйлсийг уншиж судлахыг санал болгоё.

САНАЛ БОЛГОХ: ЦАГААН САРЫН АМРАЛТААРАА ШИНЭЭР ТУРШИХ 6 ЗҮЙЛ

Unread

я бол яндар

Монголчууд хадаг яндрыг "эдийн дээд" хэмээдэг. Тийм ч учраас цагааны сарын хамгийн чухал хэрэглэлүүдийн нэг нь хадаг яндар юм. Таван өнгийн хадаг байдгаас цэнхэр өнгийн хадаг нь мөнх, амар тайван, хүндэтгэлийн бэлгэдэл бөгөөд энэ хадгийг бид ах дүүсдээ барьж золгодог билээ.

Ингээд эцэст нь Unread-ийн багийнхан бид хадаг юугаа өргөн уншигч та бүхэнд сар шинийн мэнд хүргэе.