Дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын нэг Samsung жил бүрийн Unpacked эвентээ 2-р сарын 11-нд Сан Францискод зохион байгууллаа. Компанийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, төхөөрөмж, үйлчилгээнүүдийг ил болгодог гэдгээрээ энэ эвент технологийн хорхойтнуудын хувьд хүсэн хүлээдэг өдрүүдийн нэг болсон юм. Энэ жилийн Unpacked-аар танилцуулагдсан бүх зүйлсийг бид энэ удаа багцлан хүргэж байна. Ташрамд дурдахад, Samsung Mongolia өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан энэхүү арга хэмжээг Монгол хэл дээр шууд дамжуулсан нь үнэхээр олзуурхууштай хэрэг болсон билээ.

Samsung galaxy s20

Олны хамгийн их хүлээж байсанчлан энэ өдрийн гол "од" нь Galaxy S20 загвар байв. 2020 онд S10-аас шууд үсрэлт хийн S20 руу орсон нь бэлгэдлийн хувьд, агуулгын хувьд ч шинэ загвар томоохон дэвшлүүд дагуулсныг илтгэж байлаа. Samsung энэ удаа S20, S20+, S20 Ultra гэсэн гурван загварыг олон нийтэд танилцуулжээ.

S20 загварын хамгийн гол ялгарал бол камер. Камерын цоо шинэ эринг эхлүүллээ хэмээн сүр жавхлантайгаар зарлан тунхагласанчлан үнэхээр ч энгийн хэрэглэгчид мэргэжлийн камерын үзүүлэлт, хүч чадлыг хамгийн энгийн бөгөөд хялбар байдлаар авчирсан мэт санагдав. Ялангуяа 6.9 инчийн дэлгэцтэй S20 Ultra-ийн өргөн өнцгийн дуран нь 108 мегапиксел болсон нь олон хэрэглэгчдийг ангайлгав. Үүнээс гадна тус загвар зургаа "100Х" буюу 100 дахин татдаг болсон нь ухаалаг утасны зах зээлд цоо шинэ жишиг тогтоосон хэрэг болжээ. 6.2 инчийн дэлгэцтэй S20 нь гурван камертай бол нөгөө 2 нь дөрвөлсөн камертай. S20, S20+ нь зургаа 30 дахин татдаг аж.

Мөн хамгийн сонирхолтой шинэчлэл нь "Ганц даралт" буюу бичлэгээ нэг л удаа хийж, AI-ийн тусламжтайгаар хэд хэдэн хувилбараас сонгон хадгалж болдог функц байв. 8К бичлэг хийх чадалтай гэдгээрээ онцлог шинэ загварыг ашигласнаар та өөрт хэрэгцээтэй видео, зургийг ухаалаг нэмэлтүүдийн ачаар хадгалж авч үлдэж чадах нь.

S загварын хувьд хамгийн сайн батарей бүхий, цэнэгээ хуваарилах ухаалаг системтэй гэдгээрээ онцлог бөгөөд уг загваруудын багтаамж нь 128 гб-аас эхлэн microSD карт ашиглан 1тб хүртэл өсөх боломжтой. Мөн S20 Ultra загвар 5G сүлжээг дэмжин ажиллах учир хамгийн хурднаар интернет ашиглах боломжоор хангажээ. S20-оор шууд стримингээ цацсан Unpacked эвентийн үеэр тэд Netflix, Xbox-той хийсэн шинэ хамтын ажиллагаагаа танилцуулсныг төгсгөлд нь онцолъё.

Эдгээр утаснуудын урьдчилсан захиалга Samsung-ийн Монгол дахь албан ёсны бүх дистрибьютерүүдээр аль хэдийн эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн лавлах 1800-2555 утсаар аваарай.

Samsung galaxy z flip

Өнгөрсөн жил анхны нумардаг утас Samsung Galaxy Fold-оо танилцуулж, инновацлаг шийдэл, бүтээлч загвараараа олны анхаарлын төвд орж байсан тэд энэ удаад ч фенүүдээ гонсойлгосонгүй. Samsung Galaxy Z Flip бол тэдний анхны бүрэн дэлгэгддэг утас. Fold загвар нь бүрэн дэлгэгдсэн үедээ таблетын үүргээр хэрэглэгддэг байсан бол Z Flip танд дундуураа нугарсан энгийн утас шиг санагдах болно. Dynamic AMOLED дэлгэцийн хэмжээ нь 6.7 инч бөгөөд шилийг нугалах технологийг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн утас гэдгээрээ хэрэглээ даах чадвар нь өндөр, илүү бат бөх болж чаджээ. Сүүлийн үеийн тренд болоод буй Snapdragon 855 процессороор тоноглогдсон уг утас 256 гб-ийн багтаамж, 8 гб-ийн рамтайгаар үйлдвэрлэгдэж байгаа аж.

Гоёмсог дизайнаараа эрс ялгарах, халаас болон энгэрт чөлөөтэй багтах уг утас ухаалаг утасны зах зээлд цоо шинэ хэмжүүрийг авчирлаа хэмээн танилцуулгын үеэр Samsung онцолсон. Нүүрэн дэх дэлгэцэнд нь цаг, мессеж, календарь зэрэг түгээмэл хэрэглэгддэг мэдээллүүд харагдана. Дэлгэгдсэн үедээ дэлгэцээ 2 хувааж, өөр апп-ууд нээж ашиглах боломжтой болсон нь "күүл" санагдав. Ягаан болон хар өнгөтэйгээр худалдаанд гарах уг утас нүүрэндээ нэг, ардаа хоёр камертай. Өнөөдөр буюу Валентины өдөр худалдаанд гарч буй уг утас 1380 доллараар АНУ-ын зах зээлд гарч байгаа бөгөөд одоогийн байдлаар Монгол улсад албан ёсоор худалдагдах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

samsung galaxy buds plus

Утасгүй чихэвчийн давлагааг түрж буй хамгийн хүчирхэг бүтээгдэхүүнүүдийн нэг бол Samsung Galaxy Buds. Тэгвэл энэ удаа тэд дараагийн үеийн чихэвчээ танилцууллаа. Buds Plus 11 цаг цэнэгээ барих чадвартай болсон нь өмнөх загвараасаа бараг 2 дахин илүү үзүүлэлт юм. USB-C-ээр гурван минут цэнэглэхэд л нэг цаг хэрэглэж болох уг чихэвч хар, цагаан өнгөтэй байх бөгөөд iOS дээр ажиллах боломжтой аж.

Мөн дизайны шийдэл нь аудио дуугаралтыг илүү чанартай, өндөр түвшинд дамжуулах боломжтой болсныг бүтээгчид нь онцолсон юм. Мөн микрофоны тоог нэгээр нэмж, нийт хоёрыг суурилуулжээ. Сонирхуулахад Samsung Galaxy S20 | S20+ | S20 Ultra загварын утаснуудын урьдчилсан захиалга болгонд энэ чихэвч үнэгүй дагалдаж байгаа гэнэ. Хэрвээ та урьдчилан захиалахыг хүсвэл Mobicom, Unitel, Technozone, Solar Star, Sain Electronics руу хандаарай.