Технологийн дэвшил бидний амьдралыг улам бүр хялбар болгосоор. Зөгнөлт кино зохиолуудад л үзэгддэг байсан роботууд хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдрах цаг улам ойртсоор. Дэлхийн өнцөг булан бүрд судлаачид хүний амьдралыг илүү хялбаршуулж, эрсдлийг бууруулах зорилгоор олон үйлдэлт роботуудыг хөгжүүлсээр байна.. 

Бид өнөө цагийн хамгийн дэвшилтэт бөгөөд тэргүүлэх роботуудыг танилцуулж, роботын хөгжил хаа яваа төсөөллийг өгөхийг энэхүү нийтлэлээрээ зорилоо. Тэд бол бидэнд роботын талаарх анхны төсөөллийг өгсөн Асимо, Пеппер, Софиа роботын дараагийн үеийнхэн.

Boston dynamics-ийн супер роботууд

Роботикийн салбарт хамгийн тэргүүнд яваа баг бол Boston Dynamic.1992 онд MIT-аас салбарлан гарсан тус компани өдгөө Японы SoftBank-ийн харьяа болж, хөгжүүлэлтээ хийж байна. Хамгийн сүүлийн тоймоороо бид тэдний Spot нэртэй дөрвөн хөлт роботыг цагдаагийн газрынхан ашиглаж буй талаар дурдсан билээ. Яах аргагүй гэмт хэргийн орчинд хаалга онгойлгох, сэжигтэй нөхцөл рүү орох, мэдээлэл дамжуулах зэрэг төвөгтэй, эрсдэлтэй үйлдлүүдэд хурдтай, бие даасан, уян роботууд хүнийг орлож, мянга мянган хүний амийг аврах нь гарцаагүй.

Нөгөө талд 2 хөлтэй робот Аtlas-ийн хүний хийдэг үйлдлүүдийг ямар ч асуудалгүй хийж байгаа нь бараг айдас төрүүлмээр. Тэр зөөлөн шогшиж, хурдтай гүйж, үсэрч харайж, бас хүнд ачаа зөөж чадна. Хүний хийдэг бүхэнд туслах ерөнхий зориулалтаар хийгдсэн робот.

Ford хүргэлтийн салбарын ирээдүйг роботууд гэж үзэж байна

Жолоочгүй машины технологи бидний өдөр тутмын амьдралд юу юугүй нэвтрэхэд бэлэн болоод буй энэ цаг мөчид Ford тун сонирхолтой төслийг туршиж үзэж байгаа гэнэ. Тэд Agility Robotics-той хамтран жолоочгүй машин + 2 хөлтэй роботыг хүргэлт хийх төгс хослол хэмээн үзэж байгаа аж. Digit нэртэй 2 хөлтэй робот Ford-ийн жолоочгүй машины арын суудалд сууж, улмаар бараа захиалсан хаяг дээр очингуут "өөрийн биеэр" хаалга тогших, эсвэл үүдэнд баглааг тавих чадвартай гэнэ. Энэ нь дрон болон бусад мини төхөөрөмжүүдийн хийж чадахгүй байгаа "тав тухтай сэтгэгдэл үүсгэх" буюу бодит харилцаа үүсгэх асуудлыг шийдэх боломжтой хэмээн бүтээгчид нь үзэж байгаа юм.

Нэг өдөр хаалга тогштол ийм робот таны шууданг барьчихсан зогсож байвал та яах вэ? Доорх бичлэгийн 55 дахь секундээс эхлээд алдалгүй үзээрэй.

Аюултай нөхцөлд роботууд хүнийг орлоно

Өнгөрсөн жил NASA-аас тэтгэлэг хүртсэн судалгааны төслүүд дотор "Squishy" нэртэй робот хөгжүүлэгч даруухан баг багтсан нь тийм ч их хүний анхаарлыг татаагүй байх. Гэхдээ уг баг анхны демогоо олон нийтэд танилцуулж, роботынхоо хүчин чадлыг зарлахад бүгд түүний ач холбогдлыг ойлгож, хэрэгцээг нь мэдэрч эхэлсэн юм. Товчхондоо Squishy бол ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй уян материалаар хийгдсэн робот. Санчир гарагийн дагуул Титаныг судлах, түүн рүү камертай төхөөрөмж илгээх зориулалттайгаар эхэлсэн судалгааны хүрээнд эрдэмтэд түүнийг бүтээжээ. Уг робот дүрэлзэж буй гал, нурсан барилга, үзэгдэх орчин хязгаарлагдмал талбайд буулт хийж, улмаар 360 камераараа хүмүүст мэдээлэл дамжуулах чадвартай юм. Энэ нь онцгой байдлын нөхцөлд ажилладаг албаныхны эрсдлийг бууруулж, үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлнэ хэмээн үзэж буй юм.

Anymal  аж үйлдвэрийн сэргэн мандлын эх болно

10 гаруй жилийн турш хөгжүүлэгдэж буй Anymal хамгийн дэвшилтэт роботуудын нэгт тооцогддог. Тэдний гол үүрэг бол үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах. Эрчим хүч, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт машин механизмуудын эвдрэл гэмтлийг хянах, үйлдвэрийн орчны дулаан, бохирдол зэргийг хэмжих, алдаа ба гэмтлийг илрүүлэх зэрэг үйлдлийг тэр хийж чадна. Маш хүчирхэг процессортой учир мэдээлэл дамжуулах, датанд дүн шинжилгээ хийх чадалтай гэдгээрээ ялгардаг гэнэ.

Тэд усан дор ч ажиллаж чадна

Otherlab хэмээх стартапын хөгжүүлж буй усан дор ажиллах зориулалттай хийн робот далай тэнгис судлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Хэлбэр дүрсийг нь харвал хийгээр дүүргэсэн гар мэт харагдах энэ робот өндөр даралтад уян байдлаа алдахгүйгээр хөдөлгөөн хийх чадвартай бөгөөд зайнаас камерын тусламжтайгаар удирдагдаж, улмаар тодорхой үйлдлүүдийг хийх чадалтай гэнэ. Далайн гүнд орших обьектүүдэд хүрч мэдрэх, ойртох, дээж авах зэрэг үйлдлүүдийг уг робот хийх боломжтой бөгөөд аль хэдийн NASA, US NAVY-ийн захиалгаар туршилтын ажлууд хийгээд эхэлжээ. Далайн гүний нууцад хүн биш эхлээд робот нэвтрэх юм биш биз?

Тэд бас байгаль орчныг ээлтэй байлгах хувь нэмрээ оруулна

Роботууд бидний ажлыг булаана, хөдөлмөрийн зах зээлд хямрал үүсгэнэ гэж олон хүн мэтгэдэг. Гэхдээ хүний хийх дургүй, уйтгартай ажлуудыг ч тэд хийж чадна гэдгийг мартаж болохгүй. Alphabet-ийн хөгжүүлж буй Everyday Robot л гэхэд хогийг илрүүлж, ялгаж, бас ангилж хаяж чадна. Өдөр бүр нэг үйлдлээ мянга мянган удаа давтан хийх чадалтай, хийх тусмаа улам төгөлдөршүүлж чадах AI технологийг хослуулж чадсан нь тэдний давуу тал. Google-ийн толгой компанийнхан хэн нэгний ажлыг булаах биш, харин илүү үр ашигтай болгох зорилгын хүрээнд роботууддаа рубикын шоо эвлүүлэх, гадил жимс шидэх зэрэг чадвартай болгон чадваржуулсаар байна.

Та роботыг өөрөө ч хөгжүүлж болно

Stanford-ийн их сургуулийн эрдэмтэд удаан хугацаанд хөгжүүлсэн Doggo нэртэй дөрвөн хөлт роботынхоо эх кодыг нээлттэй болгосон нь инженерчлэлийн салбарынхны талархлыг хүлээсэн үйл явдал болсон билээ. Одоо өөрөө робот тэжээхийг хүссэн хэн ч тэдний эх кодыг татаж аван, 3000 долларт багтах хэрэгслүүдийн тусламжтай Doggo-г угсарч, бүтээж, бас сургаж чадна.

Doggo үсрэх, эргэх, гүйх зэрэг энгийн үйлдлүүдийг хийх чадалтайгаас гадна өөр дээрээ бараа байршуулан хүргэж, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж чадна. Нэг ёсондоо та өөрөө гэрийн тэжээмэл роботтой болчихлоо л гэсэн үг :)