Подкаст гэдэг дэлхийд ч, Монголд ч борооны дараах мөөг шиг их болсон цаг. Түргэн хэмнэлтэй, түгжрэл ихтэй хотод маань бүр ч сайн тохирч байгаа. Юутай ч өдгөө мэдээлэл авах, мэдлэгээ нэмэгдүүлэх нэг гол суваг нь гарцаагүй подкаст болжээ. Гагцхүү тэдгээрээс өөрт хэрэг болохыг олж сонгоно гэдэг тийм ч амар биш. Иймд бид уншигчдынхаа ажлыг хөнгөвчлөн энэ онд сонсвол зохих гадаад дотоодын 10 подкастыг танилцуулж байна.

1. The Conversation

Эхний дугаараа цацаад удаагүй, хоёр долоо хоногт хүрэх тус подкаст зурагтын дэлгэц, сайтын нийтлэл, сонингийн хуудаснаас тэр бүр олддоггүй бүтээгч, шинийг эрэлхийлэгч, салбарынхаа ирээдүй болсон залуучуудыг урьж, амттай чөлөөт яриа өрнүүлдэг.

Шинэ эрин хаашаа чиглэж, залуус юунд тэмүүлэн, нийгэм ер нь хэрхэн өөрчлөгдөж буйг та The Conversation-оор дамжуулан мэдэрч, ойлгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Unlimited Media Group-ийн ерөнхий редактор, “Цаг хугацаа хэлнэ” номын зохиогч У. Бямбаням, "Never" дуу нь хит болоод буй санхүүгийн шинжээч, дуучин Амра, MNTM, Gobi, Goyo, Michel Amazonka, 93 Kidult зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг гэрэл зурагчин О.Төмөрбаатар нарын орсон эхний дугааруудыг сонсож амжаагүй байгаа бол яг одоо сонсоод үзэхийг зөвлөе.

2. Hurry Slowly

Цагийн хөл хурдан болсноор хувь хүмүүс илүү хурдтай өсөж хөгжих, илүү хурдан амжилтад хүрэхийг тэмүүлэх болов. Хурдан туршаад, хурдан алдаад, хурдан ойлгоод, хурдан ахиад эхэл. Хурдан хурдан хурдан. Тэгвэл "Удаанаар яар" гэж орчуулж болох Hurry Slowly подкаст энэ "хурдан хандлага" ямар ямар сөрөг нөлөөтэйг танд ойлгуулж, өөрт зүдэргээтэй биш аргаар ажил карьертаа амжилт гаргах талаар өгүүлнэ. Хөтлөгч Жослин Глейн салбар салбарын томоохон төлөөлөгчидтэй ярилцсан агуулга сайтай ярилцлагуудаас та ажил амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалж, хэрхэн ажиллах хэрэгтэйг ойлгож авах болно.

3. Sustainable Mongol

Технологийн хурдац гүйцэгдэхээ болж, хүний дундаж наслалт нэмэгдэж, дэлхийн хүн ам ихээр нэмэгдсээр буй өнөө цагт хязгааргүй хэрэглээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах вэ? Хүн амын өсөлтийг дагаад бий болж буй эрэлт хэрэгцээг хэрхэн хүртээмжтэй байдлаар зохицуулах вэ? Энэ байдлаар дэлхийн экосистем хэдий хүртэл тэсэх вэ? зэрэг асуултууд өнөөгийн биднийг судлах ёстой, хариулах ёстой чухал сэдэв болоод байна. Sustainable Mongol подкастын хөтлөгчид болох Энхзул, Цэнгүүн нар 2015 оноос хойш тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны талаар блог бичиж, бэлтгэсэн мэдээллээ илүү олон хүнд хүргэх зорилгоор хоёр жилийн өмнөөс подкаст хөтөлж эхэлжээ. Тэд танд байгалийн экосистем, байгальд ээлтэй амьдралын талаар ач холбогдолтой, судалгаа, тоо баримттай ойлголтуудыг өгөх болно.

Эдийн засаг, нийгэм, байгаль орчны салбарууд харилцан уялдаатайгаар хөгжил дэвшилд тэмүүлэхийг "тогтвортой хөгжил" хэмээнэ.

https://www.facebook.com/sustainablemongol/

4. Everyday Wellness

Everyday Wellness бол байдаг л нэг эрүүл мэндийн подкаст биш. Мэргэжлийн сувилагч, хоол тэжээлийн мэргэжилтэн, сэтгэл судлаачдаас бүрдсэн хөтлөгчдийн баг нь анагаах ухаан, сэтгэл зүйн чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай. Тэд өөрсдөө завгүй ээж, энтрепренерүүд тул подкастаа аль болох бага цагт их мэдээлэл өгөхүйц байдлаар бэлтгэдгийг онцлох нь зүйтэй. Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, амьдрал дээр туршигдаж батлагдсан, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, сөрөг зүйлсээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй зөвлөгөөнүүдийг өгдөг.

5. Уухай

“Уухай” нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэх зорилготой залуусын хөдөлгөөн-ий зүгээс хийж буй ээлжит ажил нь энэхүү подкаст юм. Нийгэм, улс төр, үндсэн хууль, боловсрол зэрэг залуу хүний мэдвэл зохих макро түвшний сэдвүүдийг олон талаас харж, хэлэлцдэг нь тун сонирхолтой. Олон залуус улс төр гэхээр л жигтэйхэн зэвүүцээд, тэгсэн хэрнээ өөрчлөлтийн төлөө үйлдэл хийхээс зайлсхийдэг дүр зурагтай болсон энэ үед "Уухай" подкаст бол нийгэмд өөрчлөлт хийх сэдвээр цэгцтэй, ойлгомжтой ярих нэг суваг юм.

6. 13 minutes to the moon

Саран дээр хүн мөрөө гаргасан тэр цаг үеэс хойш хэдийн 50 жил өнгөрсөн байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан BBC World Service, алдарт Ханс Зиммертэй хамтран “13 Minutes to the Moon” нэрт подкастыг гаргажээ. 12 цуврал бүхий энэ подкастад сарны бүтэц, түүний судалгаанаас эхлээд Аполло 11 хөлгийг бүтээж, түүнийг аюул ослоос сэргийлсэн гавьяатнуудын тухай гэх мэт олон зүйлсийг ярих бөгөөд яг л саран дээр очиж буй мэтээр алхам бүрийг дүрсэлнэ. Тэгээд бүр энэ мэдрэмжийг Ханс Зиммер хөглөнө гээд бод доо. Уг подкаст бол таны сонсох хамгийн сонирхолтой, бодит мэт сарны аялал байх болно.

7. Эрчүүд хаачив?

Unread Audio Experience сувгаар сонсогчдод хүрч буй өөр нэг сонирхолтой подкаст бол “Эрчүүд хаачив?”. Эрчүүдийн боловсрол, гэр бүлийн харилцаа, биеэ авч явах соёл гэх зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд эрчүүд өөрсдөө буу халж, асуудлын учир шалтгаан, үндэслэлийг тодруулан, гарц гаргалгааг санал болгоно. Эцэст нь олон асуултад хариулт олдож, эрчүүд эргээд гарч ирэхэд энэ подкаст дөтөлнө гэж итгэж байна.

8. The Alarmist

The Alarmist бол зочинтой, хөгжилтэй консепттой подкаст. Түүхэн дэх хамгийн том бүтэлгүйтлүүдийн талаар судалгаанд суурилан хэн буруутай талаар хэлэлцэж, дүгнэлт шинжилгээ хийдэг. Подкастыг бэлтгэн явуулдаг Ребека, Аманда, Крис нар болон дугаар бүрийн тусгай зочид нь мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүс тул подкастаараа дамжуулан сонсогчдод сонирхолтой баримтуудыг дэлгэнэ. Титаник яагаад сүйрэв? Үүнд хэн буруутай вэ? Домогт Битлз хамлтлаг тарах шалтгаан юу байв? гэх мэт таны өмнө бодож байгаагүй, магадгүй огтхон ч мэдэхгүй сонин содон сэдвүүдээр тэд ярилцах болно. Хөгжилтэй яриа сонсонгоо мэддэггүйгээ мэдээд аваарай.

9. Mom’s corner 

Зөвлөгөө бүхий блог бичвэрээс гараагаа эхэлсэн Mom’s corner подкаст өдгөө шинэхэн ээжүүд, залуу гэр бүлүүдийн үнэнч туслах болжээ. Хүүхдийн өсөлт хөгжил, хүмүүжлийн тухай сэдэв бол “Шинэхэн аав ээжүүдийн нууцлаг ертөнц” гэлтэй. Сонсож байсан ч сонирхож байгаагүй, мэддэг боловч мэдэрч байгаагүй олон хэрэгцээтэй агуулгын хүрээнд чиглэл чиглэлийн мэргэжилтэн, зочидтой яриаг өрнүүлэх нь мэдээллээр цангаж яваа эцэг эхчүүдэд тун ч дэмтэй байх болно. Нойргүй өнгөрүүлж буй шөнө, ханиадтай өрнүүлэх ширүүхэн тулаан, хүүхдээ анх цэцэрлэгт өгөх тэр бэрх мэдрэмж гээд л олон олон асуудлыг бусад эцэг эхчүүд хэрхэн шийдэж байгааг сонсвол та илүү уужирч, илүү туршлагажих нь гарцаагүй.

10. Rework

Rework бол ажил хэрэг, бизнесээ удирдан явуулах хамгийн үр дүнтэй арга замуудыг санал болгож, Basecamp програмын ач холбогдол, арга барил, нөү-хаугийн тухай мэдээлэл олгох зорилготой подкаст юм. Basecamp-ийн үүсгэн байгуулагчдаас эхлээд бизнесээ амжилттай авч яваа манлайлагчдын олон сургамж, туршлагуудыг та энэ сувгаас авах боломжтой.

Нийтлэлийнхээ төгсгөлд та бүхнийг сонсдог подкастаа бидэнтэй хуваалцан харилцан ярихыг урья.