Миний бие өнгөрөгч 12 сарын 22-нд Номтой өвлийн өвөөг нэг өдөр дагалдан явсан юм. Тэр өвөө бол "Номын жор" клубийн үүсгэгч Б.Базарсүрэн найз минь билээ. Номтой өвлийн өвөө Монголын нэрт зохиолчид, эрдэмтэд, номын ертөнцийнхний гэрээр зочлон, номтой бэлэг гардуулдаг болоод дөрөв дэх жилтэйгээ золгож буй. Ийм гэгээлэг, үнэ цэнтэй үйлийг эхлүүлэн уламжлал болгоод буй Номтой өвлийн өвөөг дагаж явахад төрсөн сэтгэгдэл, түүнд тавьсан асуултуудынхаа хариуг энэ тэмдэглэлээр хуваалцаж байна.

Сарын өмнө би Базараа найзтай тааралдаад энэ жил өвлийн өвөө болоход нь дагаж явж болох талаар асуутал маш дуртай хүлээж авсан юм. Тэгэхэд "Чи бүр хэн хэнийд очмоор байна, түүнийгээ над хэлж болно” гэж байсан мань эр, үнэхээр хэлсэн зарим нэрийг минь жагсаалтдаа оруулчихсан, за явна даа гэж байх юм гэж үнэндээ санаагүй. 12-р сарын 22-ны өглөө 11 цагт "Чүү Чүү Клуб" дээр очиход өвлийн өвөө маань дэргэдээ хоёр цасан охиноо, мөн зурагчин, жолооч Ч.Ганжавхлангаа суулгачихсан хүлээж байв. Ингээд бид тав кофе ууж аваад энэ жилийн аяныг эхлүүлсэн билээ.

Базараагийн Номтой өвлийн өвгөн болсон нь ийм учиртай аж: Уран зохиолд жигтэйхэн дуртай тэр 2013 оноос Фэйсбүүк дээр "The Book Cafe of Mongolia" номын бүлгэмийг үүсгэн, "Номын жор" нэртэй уулзалтуудыг зохион, ахмад зохиолчдыг урин ярилцдаг байжээ. Ингэж ахмад зохиолчидтой ах дүүгийн харилцаа үүсгэсэн байна. Таван жилийн өмнө Ш.Сүрэнжав гуайн гэрт буу халж суухдаа “Бид ер нь мартагдсан хүмүүс юм байна” гэсэн гуниглуу үгс сонсжээ. Энэ ярианаас үүдэн ахмадуудаа жилдээ яаж нэг эргэж байх вэ хэмээн бодож, өвлийн өвөө болж бэлэг түгээх санаа олжээ.

2016 онд анх өвлийн өвгөн болохдоо Базараа “Номын жор” клубийнхээ гишүүдийн хандиваар бэлгээ базааж байсан бол удаах жил нь өөрийн хоёр сарын цалингаар нүүр тахалж байж. Харин энэ жил санхүүгийн хувьд тун сайн дэмжлэгтэй байсан нь АНУ-д амьдардаг Д.Долгорсүрэн хэмээх эмэгтэйн ач гэнэ. Тэрээр энэ зун Монголд ирэхдээ “Номтой өвлийн өвөө” аяныг дэмжихээ илэрхийлж, Фэйсбүүк дээр хандивын санаачилга эхлүүлэн 1800 долларын зорилт тавьсан нь сайхан сэтгэлтнүүдийн үрээр биелжээ. Энэ санаачилгад олон хүн нэгдсэний дотор АНУ-д амьдардаг монголчууд оройлон оролцжээ. Мөн "Тод Оймс" компани 15 ширхэг тэмээний ноосон хантааз бэлэглэсэн нь ахмад хүмүүст барихад үнэхээр таатай бэлэг байсныг дурдаж байв. Зохиолч Л.Нямаа гуайн гэргий өвгөнөө уг хантаазыг өмссөнийг хараад алга хавсран, үнэн сэтгэлийн талархал илэрхийлснийг Базараа хөхин ярьж байлаа. Түүнчлэн сэтгүүлч Ж.Тэгшжаргал өөрийн "25" номоос 25 ширхгийг, "Анд" хэвлэлийн газрын хамт олон 20 ном өвлийн өвөөгийн богцод нэмэрлэжээ.

Энэ жил өвлийн өвөө маань оргилуун дарстай хамт барих нэлээд олон ном банжжээ. Тухайлбал, залуу яруу найрагч Мө.Батбаярын шинэ ном “Өртөөн дээр хэлэгддэг үгс”-ийг авснаа онцлон, “Мө сүүлийн үед сайн бичиж байгаа. Ахмад зохиолчид араас түрэн гарч ирж буй авьяаслаг залуучуудын номыг уншаад олзуурхаж баярлах байх гэж бодсон" гэлээ. Мөн Тагтаа хэвлэлийн газрын номууд, зохиолч, нийтлэлч Б.Номинчимэдийн нийтлэлийн ботиуд, хүүхдүүдэд нь яруу найрагч, зохиолч Д.Оюунчимэгийн орчуулсан “Шилмэл үлгэрийн түүвэр” гээд олон бүтээлийг дурдаж болно.

Миний хувьд өвлийн өвөөг даган эрдэмтэй номтой ахмадуудын гэрээр орж, номын санг нь харж, үгийг нь дуулахад туйлын соньхон бөгөөд дурсамжтай байлаа. Монголын нэрт зохиолч, сэтгэгч Д.Урианхай, өдгөө нас сүүдэр хэдийн 90 гарсан, нэрт эрдэмтэн Ш.Бира, монгол хэл, бичгийн амьд домог Ш.Чоймаа, нэрт эрдэмтэн-зохиолч, Монгол Уламжлалын Академийн тэргүүн Л.Дашням, нэрт эрдэмтэн Ц.Шагдарсүрэн, тун саяхан ЮНЕСКО-ийн тайзнаа “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгээ тоглуулаад ирсэн, нэрт эрдэмтэн С.Дулам нартай нэг өдөр уулзана гэдэг юутай аз, юутай завшаан билээ. Нас хэдий өндөр, нэр хэдий алдартай байлаа ч зорьсон хүмүүс маань бүгд л өвлийн өвгөнийг баяртай угтаж, 2019 оныг ямар сонинтой, ямар бүтээлтэй үдэж байгаагаа "тайлагнаж" байлаа.

“Ахмадууд дээр хоёр дахь, гурав дахь удаагаа очиход ихэд дотносож, нээлттэй болж ирдэг нь үнэхээр сайхан санагддаг юм. Энэ жил Тангадын Галсан гуай дээр очиход намайг суудалдаа хүндэтгэн суулгаад, өөрөө зогссон хэвээр бүтэн нэг цаг хөөрөлдсөн шүү. Бусдыгаа үнсэх насан дээрээ ирсэн буурал зохиолч маань жам ёсны өвөөдөө үнсүүлэх дуртай байгаагаа хэлж байна лээ” хэмээн Базараа ярилаа. Дөрвөн дэвтэр бүхий “Аригбөх” романдаа цэг тавьж, он гармагц хэвлэлд шилжүүлэхээр төлөвлөж буй Д.Урианхай гуай бас цаг гаруй хуучлан, "залуу байхад их завтай байжээ, өвгөрөхөөр уншъя гэсэн ч цаггүй болдог юм байна" гэсэн нь орой руу орох шиг л болсон.

Насаараа ном судар шамдан бүтээж, буян үйлдэж ирсэн эрхэм хүмүүсийг баярлуулан патиар, дүрсийг нь, үнэтэй үг сургаалыг нь баримтжуулан авч үлдэж байгаагаараа "Номтой өвлийн өвөө” аяны үнэ цэн жилээс жилд нэмэгдэж буй. Ч.Ганжавхлан энэ ажлыг “Энэ бол зүгээр нэг аян бус хүндлэл, талархал, буян юм” гэсэн нь чухам оносон тодорхойлолт гэлтэй. Утга зохиолд үнэнхүү хайртай Базараа маань хэн нэг эрхэм хүмүүн тэнгэрт дэвшихэд сэтгэл нь хоосроод л явчихдаг хэмээн өгүүлнэ. Хоёр жилийн өмнө Санжийн Пүрэв гуайг бурханы оронд одсоныг дуулаад сэтгэл нь жигтэйхэн өмөрснийг дурссан юм. Түүний өвөө болон очоод баярлуулж байсан Б.Лхагвасүрэн, Б.Бааст, Ш.Сүрэвжав гуай нар одоо алга. Базараа маань Бавуугийн Лхагвасүрэн гуайг бие базаахгүй байхад нь 7 хүрэхгүй хоногт 280 ширхэг номыг нь борлуулан, 8 сая 400 мянган төгрөг аваачиж өгч байсан тийм л сайхан сэтгэлтэй залуу.

Гэхдээ Номтой өвлийн өвөө зөвхөн өндөр настайчуул гэлтгүй номын ертөнц, утга зохиолын хүрээллийн олон хүнд бэлэг хүртээдэг. Энэ жил Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын санд бэлэг хүргүүлснээс гадна манай Unread-ийн оффисоор зочилсонд баярлаад баршгүй.

Базараа энэ гэгээлэг ажлынхаа тухай “Бид бэлэг өгч буй боловч үнэндээ олон түмний хайр, хүндлэлийг л эдгээр хүмүүст дамжуулдаг юм. Өөрөөр хэлбэл гүүр болж байгаа хэрэг. Хэдий өгч байгаа мэт харагдавч үг сургаалыг нь сонсож байгаагаараа авч байгаа нь бид юм” хэмээн ярьсан. Тийм ээ, өгөх гэдэг ерөөлтэй, ерөөлтэй.

Тэмдэглэлийнхээ төгсгөлд Номтой өвлийн өвөөдөө болоод түүний багийнханд, энэ буянтай ажлыг дэмжсэн, нэг хэсэг нь болсон бүх хүнд уншигчдынхаа өмнөөс гүнээ талархъя.

Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэж, аз жаргал хүсье.