Өдгөө дэлхий дээр нэг тэрбум гаруй нохой, 600 сая муур айл гэрт халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, баяр баясал, инээд хөөрийг авчирдаг ажээ. Хүн төрөлхтний хамгийн анх гэршүүлсэн амьтад болох муур, нохой нь гэрийн тэжээмэл амьтдын 55 хувийг дангаар эзэлж, хүний хамгийн дотно нөхөр, гэр бүлийн гишүүнд тооцогддог. Энэ удаа бид муур, нохой үрчилж авахаар сонирхож буй хүмүүст зориулан энэ амьтдын амьдралын хэв маяг, онцлох шинж чанаруудыг танилцуулъя.

Муур 

Муур нь бусад гэрийн амьтантай харьцуулахад биеэ даасан, өөртөө анхаарал тавьж чаддаг ч тэдний биеийг хэлэмжийг ойлгох нь нохойныхоос илүү төвөгтэй. Тиймээс сайн харилцаа тогтооход гэртээ авчирснаас хойших эхний 6-8 долоо хоног хамгийн чухал. Муурыг шүтээнээ болгосон гэгддэг Ойрх Дорнодод 10 мянган жилийн өмнөөс муурыг гэршүүлсэн гэж үздэг. Ялангуяа, эртний Египетэд муурыг шүтээнээ болгож, хайрлан хүндэтгэдэг байсныг гэрчлэх хадны сүг зураг, бунхнууд бий.

Өдөрт 16-18 цаг унтаж, амьдралынхаа 70 хувийг нойрсож өнгөрүүлдэг муурын таван мэдрэхүйгээс сонсгол нь хамгийн сайн хөгжсөн тул хулганын алхах чимээг хүртэл шууд сонсдог. Чихээ өөр зүгт хөдөлгөж, тэр зүгээс гарч буй дуу чимээг ялгаж сонсох чадвартай аж. Харин цагираглаж суух буюу шүүгээний дээрээс бусдыг ажиглах нь амьтны зөн совингоор ан хайж буй, эсвэл аюулаас өөрийгөө хамгаалж буй үйлдэл ажээ. Мөн өвчтэй байхдаа араатны олз болно гэх инстинкттэй тул аюулаас сэргийлэн аль болох нуугддаг аж.

Тэгвэл нүдээ жижигрүүлэн удаанаар анивчих нь тайван байгааг, эзнээ хайрлаж буйг илэрхийлдэг. Муур чимээгүй хэвтэх, суниах, залхуурах, тогтуун байх нь орчин тойрноо аюулгүйд тооцож, сэтгэл зүйн хувьд таатай байгаагийх ажээ. Муур тайван байх үедээ хамгийн сайхан ааштай байдаг гэсэн үг юм.

Муур хүржигнэх нь таатай байгаагийн шинж мөн үү?

Хүмүүс муурыг аз жаргалтай үедээ хүржигнэдэг гэдэг. Гэвч заримдаа биед нь зовиур өгөх, стрессдэх, айдастай байгаа үедээ хүржигнэх нь бий. Муур хүржигнэхийг сонсох нь яг л далайн давлагааны чимээ сонсож буй мэт тайвшруулдаг тул хүний эрүүл мэндэд тустай болохыг тогтоосон байдаг.

Оренгоны их сургуулийн эрдэмтэд муур өөрийн эзэн, хоол хүнс, тоглоом зэргээс алинд нь илүү татагддагийг олж тогтоохоор эзэнтэй болон эзэнгүй 50 муурыг туршилтад оруулсан аж. Туршилтаар ихэнх муур хоол хүнс, тоглоом, таатай үнэрийг бус эзнийгээ хараад хамгийн их баярладаг болохыг тогтоожээ. Тиймээс эзэн нь хэр их анхаарал хандуулахаас шалтгаалан зан төлөв, сэтгэл зүйн байдал нь өөрчлөгддөг байна. Муур эзнийхээ сэтгэл хөдлөлийг хүртэл мэдэрч, өөрийн зан төлөвийг хувиргадаг гайхалтай амьтан ажээ.

Мөн муурын аюулгүй, тайван байдал эзнээсээ хэрхэн хамаардгийг судлахаар муурнуудыг эзэнтэй нь хамт нэгэн өрөөнд оруулжээ. Хоёр минутын дараа эзэд нь орхиод явахад муурнуудын гуравны хоёр нь таагүй болж, аюулыг мэдрэн энд тэнд нуугдаж эхэлжээ. Харин эргээд ирэхэд нь тайвширч, өрөөг сониучирхон ажиглаж, хөдөлгөөн нь ихэссэн байна.

Муур нохойноос илүү ухаантай юу?

Хүний тархи 16 тэрбум ширхэг мэдрэлийн эстэй. Харин муурынх 250 сая байдаг бол нохойнх хоёр дахин их буюу 530 сая ширхэг байдаг ажээ. Тиймээс нохой аливаа нөхцөлд дахин зохицох чадвараараа илүү байдаг байна. Гэхдээ энэ нь нохой илүү ухаантай гэсэн үг биш. Нохой, муур нь өөрсдийн онцлог шинж чанартай амьтад тул янз бүрээр харьцуулах нь утгагүй хэмээн үздэг.

Мууртай хүмүүсийн малын эмчээс заавал асуух 5 асуулт

Муур, нохойн аль нь илүү ухаантай вэ?

Муурын дургүйг хүргэдэг 20 зүйл

Муурын толгойд юу бодогддог вэ?

нохой 

Судлаачид чоныг хүнтэй хамгийн анх ойртож нөхөрлөсөн амьтан гэж үзэж, ойролцоогоор 12-14 мянган жилийн өмнө дасган тэжээх болсон гэдэг. Гэршүүлсэн нохой нь орон гэр, эзнээ хамгаалах, ан агнуурт туслах үүрэгтэй байв. Зарим судлаачид эртний олдворуудыг судлан шинжилж, 30 гаруй мянган жилийн өмнөөс ч гэршүүлсэн юм байна хэмээдэг. Учир нь хаад ноёдыг өөрийнх нь хайртай амьтантай буюу нохойтой оршуулах нь цөөнгүй байжээ.

Түүхэнд хөдөө аж ахуйн хувьсгал гарснаар ургамал, ногоо тарихад туслуулах зорилгоор хонь, ямаа, үхэр зэрэг бусад амьтдыг гэршүүлж эхэлсэн билээ. Гэвч XVIII зууныг хүртэл гэртээ амьтан тэжээх нь хаана ч түгээмэл зүйл биш байв. Тэр үед амьтдыг гэр орноо мануулах, аюулгүй байдлаа хангах, ан гөрөөнд авч явах зорилгоор авч явдаг байсан бол орчин цагт гэр бүлийн гишүүний адил үзэж, хайрладаг болсон билээ.

Нохойн үнэрлэх чадвар хэр хөгжсөн бэ?

Нас биед гүйцсэн нохойн сэтгэн бодох чадвар гурван настай хүүхдийн ой ухаантай бараг дүйдэг тул 250 гаруй үг, үйл хөдөлгөөн тогтоох чадвартай.

Мөн аливаа үнэрийг маш хурдан олж, олон үнэрийг маш сайн ялгаж, удаан хугацааны туршид санадаг. Нохой хүний эерэг, сөрөг мэдрэмжийг үнэрээр мэдэж чадна. Өөрөөс нь айж буй хүнийг нохой үнэрээр нь шууд мэдэрдэг байна.

Тиймд үнэрлэх өндөр чадварыг нь ашиглан нохойг сүүлийн үед хүний өвчний эмчилгээ оношилгоонд ашиглах болсон. Тухайлбал, Австралийн Хавдар судлалын төвд уушги, хөхний хавдартай 83 хүнийг амжилттай оношилжээ. Мөн нохой татаж унах өвчтэй хүмүүсийг урьдаар мэдрэх чадвартай тул таталт өгөхөөс нь өмнө эзэндээ дохио өгөх сургуулилалтыг зааж, нөхөн сэргээх эмчилгээнд ашигладаг байна.

Нохой тэврүүлж илүүлэх дуртай юу?

Нохой арьсаараа хүрэлцэхүйг маш бага мэдэрдэг учраас толгой, нуруугаа илүүлж, тэврүүлэх тийм ч дуртай байдаггүй. Дулааны хэм буурахад нохойн үс сөрвийдөг учир туйлын ноход цасан дээр шууд унтаж чаддаг байна.

Амьдрах хугацааны хувьд одоогоор Гиннесийн номд Австралийн малч Блу хэмээх 29 настай нохой бүртгэгдсэн байдаг. Гөлөг эхээс төрснийх дараах бойжилт маш хурдан явагддаг ч төрсний дараах 21 хоногтоо аливаа зүйлийг хардаггүй, хөдөлгөөнийг нь мэдэрдэггүй гэнэ. Зөвхөн хатуу бус гадаргуугаар багахан явах ба хойшоо ухарч чадахгүй байнга унана. Ингээд эхний шүд нь 20 дахь өдрөөс цухуйдаг ажээ. Тиймээс энэ үед гөлгийг эхтэй нь хамт байлгаж, аль болох тайван, дулаан, тухтай орчинд байлгах учиртай.

Нохой эзнийхээ зан төлөвийг дуурайдаг уу?

Таны дуу хоолойн өнгө, царайны хувирал, биеийн хэлэмжийг тэд маш сайн уншдаг бөгөөд эзнийхээ сэтгэл хөдлөл, үйл хөдлөлийг даган дуурайхдаа гаргууд.

Мөн амьтад эзнийхээ зан төлөв төдийгүй гадаад төрхтэй нь ойролцоо байдгийг олон судалгаанаас харж болох ажээ. Амьтан тэжээдэг хүмүүс гэр бүл, найз нөхдөөсөө илүүтэй нохойтойгоо илүү төстэй ааш араншинтай байдгийг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд судалжээ. Тухайлбал, урт үстэй эмэгтэйчүүд урт, унжгар чихтэй нохойд дуртай бол жинтэй хүмүүс биерхүү нохой авах сонирхолтой байдаг гэнэ.

Нохойтойгоо харьцахдаа гаргадаг бидний алдаанууд

Бяцхан гөлөг амархан уурладаг шалтгаан

Нохойн үйлдлийг А-Я хүртэлх үсгэнд тайлбарлах нь