Өнгөрөгч 12-р сард АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Кино Институтээс хамтран "Америкийн кино өдөрлөг"-ийг зохион байгуулж, туршлагатай хоёр кино бүтээгчийг Монголд урьж авчирсан билээ. Тэдний нэг, баримтат кино бүтээгч Камерон Иэтстэй хийсэн яриагаа бид өнөөдөр толилуулж байна. Түүний хамгийн сүүлд бүтээсэн, "Хоолны салбарын Жастин Бибер" хэмээн алдаршсан залуу тогооч Флинн МкГарригийн амьдралыг харуулах "Chef Flynn" баримтат кино Sundance болон Берлиний кино фестивалд нээлтээ хийж, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Тэрээр мөн Sundance, Hamptons зэрэг кино фестивалуудад куратороор ажиллаж байсан бөгөөд indieWIRE-д нийтлэл бичдэг байжээ.

Байршил: АНУ, Нью Йорк
Эрхэлдэг ажил: Баримтат кино бүтээгч, куратор
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Вэб:
www.cameronyates.com

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би багаасаа л сониуч хүүхэд байсан. Камер барьж гараад сонирхолтой газрууд, хүмүүс, хүмүүсийн өгүүлэх түүхийг сонирхож бичдэг байв. Коллежид киногоор сурч байхдаа анхны "14 and Payrolled" нэртэй баримтат бүтээлээ хийсэн. Би Виржиниад төрж өссөн, бас улс төр нэлээн сонирхдог, төрийн байгууллагуудад ажил хийж үзэж байсан тул Виржиниа мужийн Төлөөлөгчдийн танхимд дадлага хийсэн дөрвөн 14 настай хүүхдийн тухай хагас цагийн бүтээл хийсэн нь тэр юм. Энэ бүтээл 2003 онд PBS сувгаар гарч, надад кино фестивалуудад оролцох боломжийг олгосноор индепендент кино ертөнцөд татагдах болсон юм. Улмаар кино фестивалуудын хөтөлбөр, програмууд дээр ажиллаж эхэлсэн.

New Fest гэх Нью Йоркийн ЛГБТИ сэдэвт кино фестивалд таван жил ажиллаж мянга мянган кино үзсэн. Үүний дараа Хамптонс, Sundance зэрэг кино фестивалд ажиллаж, дадлага хийж байв. Ер нь кино бүтээхийн зэрэгцээ кураторын ажилд сонирхолтой болсон хэрэг л дээ. Энэ явцдаа би мөн өөрийн ментор Альберт Мэйзлийн компанид богино хэмжээний кино, рекламууд дээр ажилладаг байлаа. Тэнд байхдаа би өөрийн анхны бүрэн хэмжээний "The Canal Street Madame" киногоо хийсэн юм. Энэ баримтат кинонд Катерина хар салхинд сүйдсэн Нью Орлеанс дахь эмсийн хүрээлэнд ирсэн эмэгтэйн тухай өгүүлдэг. Түүнийг FBI баривчилсан нь сонирхол татаж, түүнээс хойш 6 жил тэдний түүхийг баримтжуулж киногоо бүтээсэн. Товчхондоо засгийн газрын шударга бусаар хандаж буй, адармаатай гэр бүлийн түүх. Энэ сэдвийг өгүүлэх нь чухал гэж бодсон хэрэг. Энэ бүтээлийн дараагаас би уламжлалт бус гэр бүлийн харилцааг тун их сонирхдог болсон.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Нэг дор хэд хэдэн төсөл дээр ажилладаг. Төсөл бүр дээр сайн продюсеруудтай ажиллаж, тэд ажлын төлөвлөгөө, цагийн хуваарийг гаргадаг.

Ажлын өдөр өглөө хамгийн түрүүнд имэйлээ шалгана даа. Миний ажлын хамгийн бүтээлч бус хэсэг ч заавал цаг зарцуулах л ёстой ажил. Тэгээд л төслийн ямар үе шатанд яваагаас өдрүүд өөр өөр. Заримдаа зураг авна, заримдаа төслийн багуудтай холбогдоно, хүмүүстэй уулзана гэх мэт. Зураг авах ажилдаа бол маш дуртай. Ер нь компьютер дээр хийх ажилдаа бол би нэг их бүтээлч биш. Харин хүмүүстэй уулзах, харилцаа үүсгэх тал дээр тун бүтээлч шүү. Нью Йорк дахь оффис маань монтаж хийдэг хоёр өрөөтэй, хоёр төсөл дээр зэрэг ажиллаж болдог.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би дүрүүдтэйгээ маш сайн харилцаа үүсгэхийг их чухалчилдаг. Тэдэнтэй итгэлцэл үүсгэж байж сэтгэл хөдлөл сайтай, сайн бүтээл гаргаж чадна. Хэнтэй ч гэсэн эхний удаа уулзахдаа камер барьдаггүй. "Chef Flynn"-ийн хувьд бол би ээж, хүү хоёртой нөхөрлөл үүсгэж нэг жил явсны эцэст тэд кино хийхийг зөвшөөрсөн. Энэ бол урт хугацаа. Хүн болгонд ийм боломж гараад байдаггүй. Нэг кинон дээр ингэж уддаг учраас хэд хэдэн төсөл зэрэг явж байх хэрэгтэй байдаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Хамгийн чухал хэрэгсэл гэвэл утасгүй (wireless) микрофон л гэж хэлнэ дээ. Дүрсийг бол iPhone дээрээ, төрөл бүрийн камераар бичиж болно. Харин дууг хэзээ ч гэсэн өндөр чанартай авах ёстой байдаг.

Би хувьд сошиал медиа нэг их хэрэглэдэггүй. Гадагшаа аялж яваа үед бол Фэйсбүүк хэрэг болдог. Сошиал медиад идэвхтэй байна гэдэг нь урлаг бүтээх үйл явцад сөргөөр нөлөөлдөг юм шиг санагддаг. Мэдээж харилцаа холбоо тогтооход, бүтээлээ сурталчлахад хэрэгтэй л дээ. Миний хувьд лав давуу тал болдоггүй юм.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Онлайн байхаар цаг улам ч хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор аль болох л компьютер, дэлгэцүүдээс холдож юм унших сан гэж хүсдэг. Гэвч тэр болгон санаснаараа хэрэгжүүлж чаддаггүй.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлаа урт хугацаагаар төлөвлөхөд жаахан төвөгтэй. Дүрүүдэд маань гэнэтхэн чухал үйл явдлууд, очих ёстой агшнууд гардаг. Тэр үед нь бэлэн байж боломжийг алдахгүй л байх ёстой. Тийм болохоор цагийн хуваарь гаргадаг продюсерийн үүрэг их.
Үүнтэй холбоотойгоор би аялахдаа, гадуур ажиллахдаа аль болох хөнгөн, уян хатан байхыг эрмэлздэг. Хэт нүсэр камер, хэрэгсэл чирээд явах нь хэрэгтэй агшнуудыг буулгахад хэцүү байдаг.
Товчхондоо миний ажлын төлөвлөлт дүрүүдээс маань их хамааралтай.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би дугуй унах, агаарт алхах их дуртай. Ажил дээр гацсан үед дугуй унаад л Нью Йорк хотоор хэсэх сайхан. Машинаар явахаас тэс өөр мэдрэмж шүү. Бас усанд дуртай. Гол ус, нуурын эрэгт очих, боломжтой бол сэлэх дуртай. Мөн цэцэг ногоо арчлах хоббитой. Нөхөр бид хоёр дээврийн жижиг цэцэрлэгтэй юм л даа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Stray нэртэй компаниараа дамжуулан нийтийн, гудамжны гэх мэт төрөл бүрийн урлагийг сурталчлан таниулах, залуу ирээдүйтэй артистуудыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь Берлинд хийгдсэн нэг инсталляци Мексикээр аялж яваа юм билээ. Түүнийг Нью Йоркт авчрахыг хүсэж байгаа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Олон газрын олон хүнтэй уулзаж, тэдний намтар түүхийг сонсох нь миний ажил гэж бодохоор сайхан шүү. Баримтат кино бүтээхийн сайхан нь өөрөөр замнасан бол уулзахгүй байсан хүмүүстэй, очихгүй байсан газартай учруулдаг.

Харин амаргүй нь юу вэ гэвэл, баримтат кино бүтээгээд мөнгө олно, санхүүгийн амжилттай байна гэдэг нэлээн хэцүү. Цаг, нөөц их зарцуулдаг. Ялангуяа залуу артистуудын хувьд танигдаж гарч ирэх нь амаргүй байдаг тул зовлонг нь мэдэхийн хувьд тэдэнд боломжоороо туслахыг хүсдэг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

"Chef Flynn"-ийг хийж дуусгаад хоёр жил болж байна. Түүнээс хойш кинотойгоо фестивалуудаар нэлээн явж байна. Энэ удаа American Film Showcase-ээс соёлын элчээр анх удаа сонгогдоод тун ч их баяртай байгаа. Монголд ирээд Америкийн кино өдөрлөгөөр киногоо үзүүллээ, киноны сургуулийн олон оюутан, олон кино бүтээгчтэй уулзлаа. Үзэгчид киног маань сайхан хүлээн авч, олон асуулт тавьж байна. Монголын киноны салбар ирээдүйтэй сайхан харагдаж байна. Танай зочломтгой улсад дахиад ирнэ гэж найдаж байна.

Уран бүтээлийн хувьд гэвэл Кубад нэг баримтат кино хийж байгаа. Раул Кастрогийн охин Мариела Кастрогийн тухай голлох ч Кубын эрхийг баригч энэ гэр бүлийн түүхийг өгүүлэх нь ойлгомжтой. Түүний ээж Кубын хувьсгалд эмэгтэйчүүдийг манлайлан оролцож, эмэгтэйчүүдийн холбоог толгойлж байсан. Мариела одоо Кубын Сексийн боловсролыг түгээх үндэсний төвийг толгойлж, ЛГБТИ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэж яваа хүн. Энэ төсөлд хугацаа их орох байх.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Байнга соргог сониуч байж, эргэн тойрноо анзаарахыг эрмэлздэг. Мэдээж бусдын бүтээлүүдийг, урлагийн бүх л төрлүүдийг сонирхож судалдаг. Сайн уншигч, үзэгч байхыг хичээдэг. Мөн куратор байсан учраас бусдын бүтээлд санал сэтгэгдлээ хэлэхийн чухлыг мэднэ. Артистууд өөрийн орчин, өөрийн хайрцагт орчихсон байдаг учраас хөндлөнгийн санал шүүмж их чухал байдаг.

Хүндэлдэг, үлгэр дууриал авдаг уран бүтээлчид гэвэл "Bombay Beach"-ийг хийсэн Алма Хар'ел байна. "Cameraperson"-ийг бүтээсэн Кирстен Жонсон байна. Мөн Mэйслийн ах дүүсийн "Grey Garden"-д их дуртай. Мөн гэрлээр инсталляци хийдэг Жэймс Тюррил байна. Францын артист Прюн Нүриг мөн дурдъя.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

"Chef Flynn"-ийн хөгжмийг хийсэн Holy Ghost хамтлагт дуртай. Jungle бол бас миний урам зориг авдаг хамтлаг. Ном гэвэл Дэвид Митчелийн "Cloud Atlas", "The Bone Clocks" зэрэг зохиолыг бичсэн номыг нь санал болгоё. Женни Ливингсоны "Paris is Burning”-д дуртай. "All These Sleepless Nights"-рхуу баримтат, уран сайхан хосолсон кинонд бас их татагддаг шүү. Алабама дахь хар арьстануудын амьдралыг харуулсан "Hale County This Morning, This Evening”, мөн Сингапурын Санди Таны "Shirkers" зэрэг киног мөн дурдъя.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Миний ментор Альберт Мэйсл "өөрийн үнэхүү сонирхдог, дурладаг сэдвийг кино болго" гэж захидаг байсан юм. Хэдийгээр ойлгомжтой зүйл мэт сонсогдох ч баримтат кино бүтээгчид хүнд хэцүү сэдэв барьж авах гээд дур сонирхолтой сэдвээ орхигдуулах нь бий. Хийж байгаа зүйлдээ дур сонирхолтой байж, цаг зарцуулахгүйгээр сэтгэлд хүрсэн кино хийнэ гэдэг хэцүү. Мэдээж үнэнийг, бодит байдлыг харуулах нь чухал ч тэгэх зуураа сэтгэл ханамжтай байвал сайхан шүү дээ.

Мөн битгий яар, цаг зарцуул гэсэн зөвлөгөө миний карьерт чухал байсан.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хөрштэйгөө, автобусанд яваа хүнтэй, дараалалд зогсоо нэгэнтэй мэндэлж байхаа битгий мартаарай. Тийм хором мөчөөс л нандин сайхан харилцаа холбоо үүсдэг. Өөрөөс чинь гадна хүмүүс амьдарч, дэлхий ертөнц эргэдгийг битгий мартаарай. Бид хамтдаа л амьдарч, зүтгэж яваа. Сонирхолтой, гоё түүхтэй хүмүүс зөндөө бий шүү.