Хөл хорио тогтсон, гадуур аль болохгүй явахгүй байхыг зөвлөж буй энэ өдрүүдэд бидэнд хань болж буй гол зүйлсийн нэг нь ном болоод байна. Дэндүү гэмээр түргэн хэмнэлтэй болчихоод байгаа өнөө цагт гэртээ суугаад уншина даа гэж бодсон номуудаа барьж авч, дуусгаагүйгээ гүйцээнэ гэдэг том завшаан. Уншигчдадаа энэ завшааныг сайн ашиглаарай гэж хүсэхийн ялдамд манай багийнхан одоо уншиж буй номуудаа хуваалцаж байна.

"НOOKED"

Б.Батзаяа

Нэгэнт мэргэжлээр нь сурсан тул би жилд гурваас дөрвөн удаа дижитал бүтээгдэхүүний дизайны чиглэлийн хуучин номуудаа эргүүлэн зүлгэж, эсвэл шинэ гарснуудаас нь сонирхон, мартсанаа сэргээдэг заншилтай. Монголд дизайн гэхээр зөвхөн харагдах байдал гэж ойлгоод байдаг хэвшмэл төөрөгдөл бий. Уул шугамдаа бүтээгдэхүүний дизайн гэдэг нь тухайн бүтээгдэхүүн/үйлчилгээг хэрэглэх зорилтот хүмүүсийн зан төлөвийг ойлгох, interaction буюу аливаа зүйлтэй харьцах дадал, cognitive psychology буюу аливаа мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулж, тэрийгээ хийхийг зорьж буй үйлдэлдээ ашигладаг талаар судлах, ойлгох, бүтээгдэхүүндээ тусгах гэдэг дээр илүү анхаардаг зүйл гэж болно. Миний хамгийн сүүлд ахин уншсан, та бүхэнд санал болгох гэж буй ном бол яг үүнийг бодит жишээнүүд дээр тулгуурлан, онолын үндэслэлтэйгээр тайлбарласан “Hooked” буюу “Дэгээдэхүй” юм. Хэрэглэгчдийг хэрхэн дэгээдэн авчирч, бүтээгдэхүүнээ дахин дахин хэрэглүүлэх арга, нууцуудын талаар эндээс мэдэх боломжтой. Нир Эяал, Райн Хүүвер нарын хамтарсан энэ бүтээл нь яг салбартаа нэлээд алдартай бөгөөд танд аливаа бүтээгдэхүүнийг арай өөр өнцгөөс харах сэдлийг өгнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

"THE Gift of Fear"

О.Бүтэд

Хэн нэгнээс юм уу ямар нэг газраас "шалтгаангүйгээр" жийрхэх мэдрэмж бидэнд хааяа төрөх нь бий. Таксинд суусны дараа эргээд буумаар мэт байвч таксины жолооч яагаа ч үгүй байхад буувал "бүдүүлэг" болчих байх даа гэж бодсоор чимээгүй өнгөрнө. Тийм мэдрэмж авсандаа битүүхэн өөрсдийгөө зэмлэх нь энүүхэнд. Тэгвэл өнөөх мэдрэмж маань ямар нэг зургаа дахь мэдрэхүйн үр дүн биш, харин бидний тархинаас илгээдэг дохио байдаг аж. Зөн совингоо дагаж таксинаас бууснаар та болзошгүй хүчирхийллээс өөрийгөө хамгаалж ч байж магадгүй. "The Gift of Fear" бол зөв совиндоо итгэхийн ач тусыг шинжлэх ухаанч өнцгөөс бодит туршлага дээр суурилан бичсэн ном юм. Номын зохиогч олон жилийн турш гэмт хэргийн бодит кэйсүүд дээр ажиллан, залилан, луйвар, хүчирхийлэл үйлдэгчид ямар арга заль, овжин үйлдэл ашигладаг, тэдгээр нь бидний зөн совинг хэрхэн өдөөдөг тухай өгүүлжээ. Энэ нь зөвхөн гэмт хэргээр тогтохгүй эрүүл бус харилцаан дээр ч харагддаг аж. Тааламжгүй мэдрэмж төрүүлэвч нөгөө хүн ямар ч буруугүй мэт. Энэ мэтчилэн яагаад гэсэн асуултад хариулж чадахгүй гайхан суух үе байдаг бол эргүүлээд үзэхэд гэмгүй ном.

"A Gentleman in Moscow"

А.Ундрал

Москва хотын зүрхэнд, Кремлийн ордны эсрэг талд Метропол нэртэй зочид буудал сүндэрлэнэ. Анх харахад хотын уран яруу хийц, тансаг чамин чимэглэлээрээ зартай бусад байшингаас нэг их ялгарахгүй мэт санагдавч үүх түүх нь хавьгүй илүүг өгүүлэх мэт санагддаг юм. Чухам тийм нэгэн онцгой түүхийг “A Gentleman in Moscow” зохиолд дүрсэлжээ. Парисаас эх нутагтаа ирсэн Ростов гүн бүх насаараа гэрийн хорионд байх ял авсан нь Метрополд өнгөрөх учиртай байж. Большевикүүд төрийн эрхийг гартаа аваад удаагүй байсан 1922 оноос Ростов гүнгийн амьдралын сүүлийн 30 жил Зөвлөлтийн түүхийг нэгэн хүний нүдээр, гэхдээ зочид буудалд л өрнөж буй үйл явдлаар төлөөлүүлэн дүрсэлсэн мэт. Зохиолч Э.Тоулс гол дүрийн баатрын аливаад гярхай, ажигч сониуч занг ашиглан сэтгэл хөдлөм, түгшүүр төрүүлэм, итгэл бэлэглэм мөчүүдийг бүтээж чаджээ. Улс төрийн нөлөө, хүмүүс хоорондын харилцаа, цаг үеийн ялгаа, сэтгэлгээний зөрүү, эцэг эх байхны утга учир гээд олон өгүүлэмж энэ зохиолд агуулагдана. Хэдий зохиомол түүх хэдий ч 20-р зууны эхэн үеийн Зөвлөлтийн түүхийг уран зохиолын хэлээр тайлсан толь мэт сэтгэгдэл төрүүлсэн нь санаандгүй хэрэг биш байх. Дараа нь Москвад зочлох боломж олдвол сүр жавхлант Метрополоор дайраад гарахаа битгий мартаарай. Сонирхуулахад, уг зохиолоос сэдэвлэсэн телевизийн цуврал бүтээгдэж байгаа бөгөөд Peaky Blinders-ийн Т.Харпер найруулагчаар, Henry V, My Week with Marilyn-ий од Сир К.Брана гол дүрд нь тоглох болсон гэнэ шүү.

"Өөдөө тэмүүл"

Д.Мөнхбаясгалан

Зарим номыг унших хамгийн зөв үе гэж байдаг юм шиг санагддаг. Нэлээн хэдэн жилийн өмнө уншиж байсан ч саяхан дахин эхлүүлэхдээ карьераа эхлүүлээд удаагүй надад энэ ном яг одоо л хамгийн их тусаа хүргэх юм байна гэж бодсоор уншиж дуусгасан юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан төлөвийн ялгаа болоод тэдгээрийн ажлын талбарт үзүүлэх нөлөөлөл, карьерийн өсөлт, харилцаа, мөн миний л мэдэхийн хүн бүрд тулгамддаг ажил амьдралаа тэнцүүлэх асуудлаар өөрийн туршлагыг бусдын жишээтэй хослуулан, тун илэн далангүй бичсэн нь яг л ойрын ментор хүнээсээ зөвлөгөө авч байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Энэхүү номыг зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй "өөдөө тэмүүлэхээр" зорьж буй бүхий л залуу мэргэжилтнүүд заавал уншаасай гэж хүсэж байна.

“Вино хүртэх соёл: Түүх технологи хэрэглээ”

С.Отгонбат

Сүүлийн үед миний сонирхлыг "Яаж?" гэдэг асуулт их татах болсон. Нэг өдөр найздаа вино бэлэглэх гээд дэлгүүрт явж байхдаа виноны талаар ер нь юу ч мэддэггүй юм байна гэдгээ гэнэт ухаарсан. Аль нь сайн вино болох, виноны шошго нь ямар мэдээллийг агуулж буй, би яг ямар амтыг хүсэж байгаа юм гэх мэт олон асуулт эргэлдэж байв. Үүний дараа дэлгүүрт орж виноны тухай номуудыг судлаад “Вино хүртэх соёл: Түүх, технологи, хэрэглээ” гэсэн ном дажгүй санагдахаар нь авсан юм. Виноны түүх, усан үзмийн сортууд болоод хэрхэн яаж тариалдаг, яаж амталдаг, яаж хадгалдаг талаар, виноны лонх, бөглөө зэрэг зайлшгүй мэдэж байх зүйлсийн талаар маш тодорхой бичсэн нь таалагдсан шүү.

"АЛТ: ДЭЛХИЙН ХАМГИЙН СЭТГЭЛ ТАТАМ МЕТАЛЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ"

Ш.Цогзолмаа

COVID-19-ийн улмаас алтны зах зээл хамгийн их савлаж буй энэ цаг мөчид Мэтю Хартын бичсэн “Алт: Дэлхийн хамгийн сэтгэл татам металлын төлөөх тэмцэл” номыг уншиж сууна. Алт яагаад санхүүгийн зах зээлийн хамгийн найдвартай хэрэгсэл болж, төв банкуудын гадаад валютын нөөц болов? Алтны ханш яагаад улс орнуудын эдийн засагт нөлөөлж, хүн төрөлхтний түүхийн турш хамгийн үнэт металлд тооцогдож ирэв? Алтны төлөөх тэмцэл энд тэндгүй гэмт хэрэг, хууль бус үйлдлийн шалтгаан болж байсан талаар, эдийн засгийн их хямралын үеэр засгийн газрууд алтаа хадгалах буюу бүр алтны стандартыг халах хүртэл арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байсан зэрэг олон сонирхолтой түүхийг өгүүлдэг. Аливаа улс оронд эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн өөрчлөлт, байгалийн давтагдашгүй хүчин зүйлс тохиолдох бүрд иргэд санхүүгийн хамгийн аюулгүй хэрэгсэл болох алтанд хөрөнгө оруулж, эрсдэлээс хамгаалдаг байна. Өдгөө коронавирусын тархалтын улмаас зарим оронд алтны ханш огцом өсөж буй бол нөгөө талд эзэмшсэн алтаа зарж бэлэн мөнгө болгох оролдлогууд алтны ханшийг унагаж байна.

"Everything is F*cked: A Book About Hope"

Л.Болорцэцэг

Энэхүү ном нь “Нью Йорк Таймс”-ын бестселлер “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номын зохиолч Марк Мэнсоны ээлжит бүтээл юм. Бид одоо амьдарч байгаа цаг үеэ харвал, технологи өдрөөс өдөрт хөгжиж, амьжиргааны түвшин дээшилж, шинэ боломжуудын үүд хаалга улам бүр нээгдэж байгаа хэдий ч хүмүүсийн итгэл найдвар, хүсэл эрмэлзэл улам бүр багассаар байгаа мэт. Баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудад амиа хорлолтын тоо өдөр ирэх тусам ихсэж байгаа нь үүнийг улам бүр батлах мэт. Миний хувьд оюутан байхдаа бүхий л зүйлийг сорьж үзэхийг хүсэж, ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж байсан бол нэг л мэдэхэд урдахдаа дарагдсан, амьдралд гутарсан нэгэн болж хувирчээ. Итгэл найдвараа алдаж, зорилгоо умартсан би энэ номыг уншсаны дараа “Мөрөөдөл”-өө дахин нэг санасан юм. Зохиогч өөрийн туршлага болоод бусдын жишээнд үндэслэн “таны харж байгаа бүх зүйл новш биш” гэдгийг ойлгуулах болно. Аз жаргал, сайн сайханд энэ ном таныг уриалан дуудаж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ ном монголоор "Бүх зүйл новш: Итгэл найдварын ном" нэрээр хэвлэгдсэн.

"The Catcher in the Rye"

Г. Оюунлхам

Гол дүр болох 15-хан настай архаг тамхичин, сургуулиасаа хэдэнтээ хөөгдсөн, хүмүүжлийн хурц доголдолтой Холден Колфилдийг эхэндээ та жигшиж магадгүй. Харах нүд нь тэр чигтээ харанхуйгаар бүрхэгдчихсэн юм уу гэлтэй, алхам тутамдаа хэлэх хэлэхгүй хараал урсгах түүний ертөнц тун ч ярвигтай. Гэвч номын хуудсууд нэг нэгээрээ эргэж, Холден хүүтэй танилцах тусам та түүнийг ойлгож, өмөөрч, өрөвдөж, тэр байтугай ямар ч үйл явдлаас илүү чухал нэг зүйлийг анзаарч мэднэ. Тэр нь хүмүүсийн хуурмаг байдал юм. Улмаар та Холдентой адил зүйлийг хүсэж эхэлнэ... Төгсгөл нь бүр ч сэтгэл догдлом. Нэгэнт нийгмийг өөрчилж чадахгүй бол өөрийгөө аз жаргалд хэрхэн ойртуулахыг төсөөлөмгүй бяцхан жишээгээр өгүүлэх нь амттай. Энэ номын нэг биш орчуулга бий.

"ВЕРОНИКА ҮХЭХЭЭР ШИЙДСЭН НЬ"

Б.Номинжаргал

Пауло Коэльогийн "Вероника үхэхээр шийдсэн нь" зохиолоос үүдэн тэртээ 1998 онд Бразил улсад сэтгэл гутрал, айдас, амиа хорлолт зэрэг нь маш том асуудал болж байсныг нийгмээрээ анхаарч, эрдэмтэд хүртэл уг асуудлаар онолын бага хурал хийж байсан юм. Зохиол амьдралд нь ямар нэг зовлон бэрхшээл тохиолдоогүй залуу эмэгтэй нэг л өдөр залхсандаа амиа хорлох гэж оролдож буйгаар эхэлдэг. Ийнхүү зохиолын үйл явдал сэтгэцийн эмнэлэгт үргэлжилж, уншигчийг бодолд автуулах болно. Паула Коэльо өөрөө хэд хэдэн удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан тул элдэв дэгсдүүлсэн сүржин төсөөлөл өгөхгүйгээр тухайн орчныг тун бодитой дүрсэлсэн байдаг. Гэхдээ зохиолыг хэт бараанаар төсөөлөх хэрэггүй. Энэ зохиол магад таныг амьдралаа хайрлаж, бусдыг ойлгоход туслах вий.

Номын хэсгээс: "Солиорох хэрэгтэй. Гэхдээ бусдын анхаарлыг татахгүйгээр солиорч сурах хэрэгтэй. Бусдаас онцгой сонин амьдарч чадахуйц зоригтой бай."

Санал болгох: Номыг хэрхэн үр дүнтэй унших вэ?

Unread