Хүн бүр л амжилтын нууцыг эрж хайдаг. Тиймдээ ч бид Билл Гэйтс, Стив Жобс, Марк Цукерберг, Элон Маск зэрэг алдартнуудаас үлгэр дууриал авахыг хичээн, хийж буй үйлдэл, өдөр тутмын дадлыг нь сурахыг хичээж, хэлж ярьж буй зүйлсийг нь анхааран сонсдог билээ. Тэднээс сурж болох хамгийн чухал зүйлсийн нэг ер нь юу юм бол оо? Товчхоноор хариулахад амжилтын гол түлхүүрүүдийн нэг бол зөвхөн өөрийн удирдаж, шийдэж чадах зүйлс дээр нь санаа зовж, бусад зүйлсийг зүгээр л зөнд нь орхих юм. Шилдэг энтрепренерүүд зорилго, алсын хараа, ирээдүйд хийж бүтээх зүйлс дээрээ төвлөрдөг агаад явцын дунд тохиолдох төрөл бүрийн эрсдэл, санхүүгийн асуудал, хүн хүч гэх мэт ойлгомжтой зүйлс дээр толгойгоо өвтгөхийг хүсдэггүй. Дэмий зүйлст санаа зовохын оронд ирээдүй рүү лазер мэт фокусладаг нь тэдний амжилтын гол нууц юм.

1. Бүтэхгүй болов уу гэж санаа зовдоггүй

Шилдэг энтрепренерүүд бүтэлгүйтэж байж л амжилт гаргадаг гэдгийг сайтар мэддэг. Энэ хоёр ойлголтыг угаас салгах боломжгүй юм. Тиймээс бүтэлгүйтлийн талаар тэд ярихыг ч хүсдэггүй. Эрсдэл хүлээж, хийж байгаа зүйл нь бүтэхгүй байсан ч асар их зүйлийг сурч ойлгох тул ер нь яг юунд нь санаа зовох билээ?

2. Ажил амьдралаа зохицуулах тал дээр санаа зовдоггүй

Ажил амьдралаа эн тэнцүү, баланстай авч явах гэдэг ихэнх хүмүүсийн хувьд маш чухал гэхэд болно. Харин шилдэг энтрепренерүүд энэ тал дээр санаа зовдоггүйгээр барахгүй амьдралынх нь бүх зүйл ажилтай нь ямар нэг байдлаар холбогдсон байдаг. Тэд амьдрахын тулд ажил хийх бус, ажлаа хийж бүтээхийн төлөө амьдардаг. Жишээлбэл Элон Маскийг хар л даа...

3. Мөнгө олохгүй байна гэдэгт санаа зовдоггүй

Мөнгө олох бус зорьж байгаа зүйлээ ямар нэг арга замаар хийж бүтээх л тэдний хувьд чухал. Мөнгө олох, мөнгөтэй байх, өндөр цалин зэргээр бус хэр их үнэ цэнэ бүтээж байгаа вэ гэдэг мотивацилагддаг. Харин үнэ цэнэ бий болгосныхоо шанд үе үе "цөм" хийх нь бий.

4. Бусад хүмүүс илүү амжилт гаргаад байна гэж санаа зовдоггүй

Бидний үе үе, нууцхан гаргадаг алдаа бол өөрсдийгөө бусадтай харьцуулах. Харьцуулж буй хүмүүсээ хэр их хугацааг зарцуулж, юу юу давж туулсныг мэдэхгүй байж тийм юм бодоод сууж байх нь товчхондоо утгагүй бөгөөд цагийн гарз юм. Гагцхүү өөрийнхөө хийж бүтээж буй зүйлдээ анхаарч, улам илүү сайжруулж хөгжүүлэхэд л цагаа зарцуул. Хөдөлмөрлөсний хариу заавал ирдэг. ЧИНИЙ хийж байгаа зүйлийг ЧИНИЙ арга барилаар зөвхөн ЧИ л хийж чадна гэдгийг санагтун.

5. Өнгөрсөндөө санаа зовдоггүй

Өнгөрсөн долоо хоногт та магадгүй 100% бүтээмж гаргаагүй байж болох. Тэглээ гээд яах билээ? Энэ долоо хоногт тэр бүтээмжээ нөхөж, хэрхэн сайн ажиллахдаа анхаар. Өнгөрсөндөө санаа зовлоо гээд өөрчилж угаас чадахгүй.

6. Хийж байгаа зүйлээ болих гэж санаа зовдоггүй

Ихэнх хүмүүст Б төлөвлөгөө байдаг. За цалин бага байвал өндөр цалинтай газар орно доо. Жаахан юм сураад хувиараа юм хийнэ дээ. Эсвэл хувьцаагаа зараад exit хийнэ дээ гэх мэт. Мэдээж байх ёстой зүйлс. Гэхдээ шилдэг энтрепренерүүд үүн дээр бус хийж байгаа зүйлээ хэрхэн амжилттай болгох вэ, амжилттай байхын тулд бидэнд юу юу хэрэгтэй байна вэ гэдэг дээр л анхаардаг. Болих гэдэг бол тэдний хувьд сонголт биш юм. Оронд нь ажиллаж буй арга хэлбэрээ өөрчлөх, бизнес моделио солих эсвэл түр хугацаагаар амарч өөрийгөө цэнэглэх зэргээр дараагийн "тулаан"-д бэлтгэдэг.

7. Өдөр тутам бэрхшээлтэй учирна гэж санаа зовдоггүй

Аюулгүй, тухтай, "comfort zone"-доо байн амар хялбар зүйлийг хайх нь энтрепренерүүдийн хувьд мөхөл юм. Тэд угаас адал явдал, бэрхшээл, сорилтуудыг эрэлхийлж түүндээ хурцлагдаж байдаг.

8. Өөрөөс нь илүү чадварлаг ажилтантай боллоо гэж санаа зовдоггүй

A-тоглогчид зөвхөн А-тоглогчдыг сонгодог гэж дүрэм бий. Шилдэг энтрепренерүүд ч гэсэн энэ дүрмийн дагуу л тоглодог. Өөрөөс нь илүү чадварлаг ажилтан байвал сайнаар барахгүй баярлан угтан авдаг. Компани нь улам хөгжиж сайжирч байж л амжилтанд хүрнэ гэдгийг тэд сайтар ойлгодог. Угаас хүн бүх зүйлийг чадахгүй нь ойлгомжтой.

9. Элдэв дүрэм журамд баригдаж байна гэж санаа зовдоггүй

Угаас энтрепренерүүд тогтсон журмыг эвдэж, дүрэм зөрчдөг хүмүүс. Ийм л байх ёстой гээд яваад байвал хэзээ ч инноваци гарахгүй шүү дээ. Уламжлалт тогтсон хэв маягийг аль болох эвдэж өөрчилж байх нь тэдний хувьд амжилт юм. Гэхдээ сайжруулж эвдэх ёстой юм шүү.

10. Буруу байх вий гэж санаа зовдоггүй

Хүн төгс биш тул мэдээж алдаа гаргана. Шилдэг энтрепренерүүд ч мөн адил. Буруу байх вий гэж болгоомжлон суухын оронд тэд ямар нэгэн шийдвэр гарган байнга урагшлахыг тэмүүлж байдаг тул алдаа гаргах магадлал нь бүр ч их. Харин тэд алдаа гаргалаа гэхэд тэрийгээ дор нь хүлээж, хариуцлагаа ухамсарлан засварлах, шийдэх арга замуудыг хайдаг. Тэгж чадснаар өөрсдөө болон компани нь улам хөгжиж, зорилгодоо хурдан хүрэх боломжууд нээгддэг юм.

Эх сурвалж: KnowStartup