Өнөөдрийн танилцуулах зочин бол Цахиурын хөндийн венч хөрөнгө оруулагч Пол Брэгиэл. Тэрээр хөрөнгө оруулалт хийж эхлэхээсээ өмнө Paragon 5, Lefora зэрэг стартапуудыг үүсгэн байгуулж амжилтанд хүрч байсан бөгөөд 2010 онд гарааны санхүүжилт олгодог i/o Ventures-ийг үүсгэн байгуулжээ. Өдгөө тэрээр Цахиурын хөндийд төдийгүй олон улс оронд стартап экосистем, гарааны санхүүжилтын орчинг судалж, Африкт Savannah Fund, Зүүн Өмнөд Азид Golden Gate Ventures, Зүүн Европт Gamefounders зэрэг венч сангуудыг бий болгоод байгаа юм. Хамгийн сүүлд 2016 онд стартапуудад 10 хүртэл сая долларын хөрөнгө оруулалт хийх Bragiel Brothers-ийг үүсгэн байгуулсан Пол өнөөг хүртэл өөрийн сангуудаар дамжуулан дэлхийн хэмжээнд 200 гаруй компанид хөрөнгө оруулаад байгаа бөгөөд үүн дотор алдарт Uber багтдаг. Тун сонирхолтой нь энэ эрхэм 2014 онд Сочигийн өвлийн олимпод орохын тулд 1 жилийн хугацаанд гүйлтийн цанаар хичээллэж, Колумбын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр тус улсын иргэн болж, хэвлэлээр “шуугиулж” байжээ.

Байршил: Сан Франциско / Сингапур
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: i/o венч хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 15’
Сошиал хуудсууд: Твиттер

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Би долоо хоног бүр 2-3 удаа нисэж, жилийн 300 өдөрт нь аялж явдаг ажилтай хүн. Шинэ улс орнуудад зочилж, гайхалтай санаагаараа дэлхийг өөрчилж байгаа стартап эхлүүлэгчдээс аваад улс орноо бодлогоор зангидаж байгаа төрийн тэргүүдтэй хүртэл уулзах шаардлага гарна. Өдөр бүр өөр сорилт, өөр орчин, өөр хүмүүс намайг угтдаг учраас "хөдөлгөөнт" байдлаар, цахимаар л бүх ажлаа амжуулна даа. Би өөрийгөө "имэйлийн хаан" гэж боддог шүү.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програм, ажлын хэрэгслээсээ нэрлэнэ үү?

Би Skype-ийг яг л донтсон мэт хэрэглэж, Slack-ийг галзуу юм шиг ашигладаг. Хаана ч явсан багийнхантайгаа харилцаж, үүргээ хуваарилж авах хэрэг гардаг тул эдгээр апп-уудыг ашигладаг. Лаптоп дээрээсээ имэйл шалгаж, Mac-ийнхаа Notepad-ийг хэрэглэдэг. Фэйсбүүк, Мессенжерийг хэрэглэнэ.

Би спортоор сонирхож, хичээллэдэг учир фитнесс цагаа байнга ашигладаг.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Гар утас аль болох ашиглахгүй байхыг хичээдэг. Би хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэхийг хүсдэг учраас анхаарал сарниулдаг төхөөрөмжөөс зайлсхийдэг. Ямар ч ажлыг имэйлээр эхлүүлэн өрнүүлж, шаардлагатай бол уулзахыг илүүд үзнэ. Утсаа шагайж өнгөрүүлдэг цагаа илүү бүтээлтэй зүйлд зарцуулахыг хүсдэг гэх үү дээ.

Мөн онгоцоор нисэхдээ сайн унтаж чаддаг. Газарт байх мөч бүрээ үр ашигтай өнгөрүүлэхийг хүсдэг тул амрах чөлөө бага олддог юм. Тиймд онгоцонд унтаж цагаа хэмнэдэг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Mac-ийн Notepad. Би санаанд орсон, сонссон, харсан зүйлсээ тэмдэглэж, жагсааж бичих дуртай.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Имэйл бичихдээ гэж хариулж болох уу? (инээв) Би хэрэгтэй хүмүүсийг хооронд нь холбох гүүр болохдоо сайн байж мэднэ. Дэлхийн нэг захад байгаа супер энтрепренерийг нөгөө захад байгаа сайн хөрөнгө оруулагчтай холбоно гэсэн үг л дээ. Үргэлж шинэ боломж, шинэ авьяастан, шинэ хамтын ажиллагааг эрэлхийлж байдаг юм.

Гэртээ бол унтахаас гадна мах шарахдаа сайн байж магадгүй.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Би бол хөрөнгө оруулагч хүн. Миний хийж байгаа ажлын хамгийн гайхалтай нь би дэлхийг өөрчилж байгаа эсвэл өөрчлөх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүстэй үргэлж уулзаж байдаг. Эрч хүч дүүрэн залуучууд, хүсэл тэмүүллээр бялхсан бизнес эрхлэгчид, алсын хараатай удирдагчид бүхнээс сурах, анзаарах зүйл байдаг.

Байнга аялах шаардлагатай байдаг нь нэг талаас амар биш. Жилийн 300 өдөрт өөр газар хонож таардаг шүү. Хэдийгээр дэлхий даяар найзууд маань тархан сууж байгаа ч хэт шахуу хуваариасаа болоод тэдэнтэйгээ хангалттай цаг өнгөрүүлж чаддаггүй. Хальт уулзаад л, мэнд мэдээд салах үе зөндөө. Дотны хүмүүсдээ илүү "чанартай" цаг гаргахыг хүсдэг.

Алдарт Uber-тэй холбогдсон түүхээсээ сонирхуулахгүй юу?

Uber-ийн үүсгэн байгуулагч Трэвис Каланик бид хоёр гуравхан блокийн зайтай амьдардаг байлаа. Тэр үед миний 2 дахь стартап бүтэлгүйтчихсэн, Трэвисийн ч бизнес унаж байсан үе. Uber байгуулагдахаас 5 жилийн өмнөх хэрэг. Бид амралтын өдөр бүр уулзаж, шар айраг шимэнгээ яагаад бизнесүүд маань "явахгүй" байгаа талаар санал солилцдог байсан юм л даа. Бүр хамт аялдаг ч байсан.

Нэг өдөр тэр Uber-ийг байгуулж байгаагаа дуулгаад сайн инженерүүд санал болгохыг хүссэн. Би өөрийнхөө хүрээллээс тэдний хамгийн эхний хувилбарыг гаргасан бараг 7, 8 инженерийг санал болгож байсан юм. Тэдний зарим нь одоо ч Uber-т бий. 6 сарын дараа тэр надад талархаж байгаагаа илэрхийлж, хувьцаа санал болгож, зөвлөхөөрөө ажиллахыг урьсан юм. Би Трэвистэй зөвлөх, хөрөнгө оруулагч гэхээсээ илүү найзын хувиар харилцдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо би хэд хэдэн шинэ төсөл, стартапыг удирдаж, чиглүүлж байна. 200 гаруй стартапд хөрөнгө оруулалт хийчихсэн учир тэр бүгдээс мэдээлэл хүлээн авч, явцыг нь ажиглан, шаардлагатай тохиолдолд тусламж дэмжлэг үзүүлэх хэрэг гарна. Бид шинэ зах зээл рүү нэвтрэхээр судалгаагаа хийж, Латин Америк, Ази, Ойрх Дорнодын экосистемийг сонирхож байгаа.

Иймдээ ч Монголд ирсэн. Хэдэн жилийн өмнө танилцсан монгол найзуудынхаа урилгаар би танай оронд 2 дахь удаагаа ирээд байна. Би энд залуу энтрепренерүүд, амжилттай яваа стартапуудтай танилцаж, тэднийг хөрөнгө оруулагчид, төр засаг нь хэрхэн дэмждэгийг, оролцоо нь ямар түвшинд байгааг мэдэхээр ирсэн. Гарааны бизнесийн экосистемийн хөгжил хэр байгааг мэдэж, өөрийнхөө боломжоор энд байгаа авьяастнуудыг нээх, замыг нь засах, шинэ үүд нээж өгөх хүсэл байна.

14 жилийн өмнө хамгийн анх Монголд аялах гэж ирснээс хойш их зүйл өөрчлөгджээ.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Сонсдог. Би ритм сайтай, бага үгтэй голдуу инди, альтернатив жанрын дуунуудад дуртай. Ажиллаж байх үедээ нэг дуугаа "давтах" горимоор тавьчихаад хэдэн цагаар ч хамаагүй дараалж сонсож суудаг. Анхаарлаа төвлөрүүлж байгаа хэрэг. Сүүлийн үед гэвэл Future Islands хамтлагийг их сонсож байгаа. Миний бүх цаг үеийн хамгийн дуртай хамтлагуудын жагсаалтанд Daft Punk, Underworld, The Chemical Brothers багтах байх.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Би ихэвчлэн твиттер, фэйсбүүкээсээ мэдээлэл, нийтлэл уншдаг. Сэтгүүлч найзууд олонтой учир тэдний бичсэн нийтлэлүүдэд шууд итгэж уншихад асуудал гардаггүй. Хамгийн сүүлд Элон Маскийн шинээр байгуулж буй, тархи компьютерийг холбох технологийг хөгжүүлэх Neuralink-ийн талаарх нийтлэлийг уншсан. Ер нь миний нүүр хуудсанд ирээдүйтэй холбоотой контентууд дүүрэн. Би өөрөө ирээдүйн технологийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй учир үүндээ сэтгэл хангалуун байдаг. VICE, QZ, Techcrunch, Foreign Policy зэрэг сайтуудыг унших дуртай.

Уншсан ном гэвэл Финляндын видео тоглоомын зах зээлийн түүхийн тухай ном уншсан юм байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би инженер мэргэжлээр төгссөн учир залуудаа их л дотогшоо, бүрэг талдаа хүн байсан байх. Гэхдээ нас ахихын хэрээр хийж байгаа ажилтай холбоотойгоор би их нээлттэй, экстроверт хүн болон хувирч байх шиг байна. Анхныхаа тоглоомын стартапыг хийчихээд яаж зарах вэ гэж бодоход л энэ өөрчлөлт эхэлсэн байх. Гэхдээ л би интрорерт хувилбараа хааяа санадаг юм. Саяхан Тайландад амралтаар долоо хонохдоо нэг ч хүнтэй уулзаж, ярилцалгүй далайн эрэг дээр суусан шүү.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Үнэхээр тогтсон цаг байхгүй. Хуваариасаа л шалтгаална. Надад 10 цаг унтах үе байхад 3 өдөр унтахгүй явах шаардлага ч гардаг. Цагийн зөрүүнээс болоод өөр өөр бүсэд байрлаж байгаа багуудтайгаа байнга харилцах даалгавартай. Дунджаар 5 цаг л унтдаг байх.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ? 

Хаанаас ч олж магадгүй. Яг үнэндээ ажилдаа төвлөрсөн үед надад чөлөөт цаг, ажиллаагүй үе гэж байхгүй болчихдог. Энэ нь хүмүүст "зовлонтой" юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ би хийж байгаа ажилдаа үнэхээр дуртай, хором мөч бүрээс нь таашаал авч чаддаг учир хэзээ ч ядардаггүй. Харин удаан хугацаанд ажлаа "нухаж" байгаад үе үе завсарлаж, ямар нэг "солиотой" юм хийж, дахин сайн ажиллах эрч хүчээ цэнэглэдэг.

Олимпийн наадамд оролцох зорилго тавьсан маань ч үүнтэй холбоотой. 2013 оны 1-р сард Берлиний технологийн хуралд оролцож байхдаа нэг л өглөө "Яагаад би олимпийн наадамд оролцох мөрөөдлөө биелүүлж болохгүй гэж?" гэсэн бодол харвасан. Хүүхэд байхаасаа би хоёр л том мөрөөдөлтэй байсан юм. Эхнийх нь видео тоглоом бүтээх, дараагийнх нь Олимпод оролцох. Видео тоглоомоо аль хэдийн хийчихсэн учир сүүлийн мөрөөдөл рүүгээ дайрахаар шийдсэн хэрэг.

Тэгээд л бүх боломжуудыг судалж, хамгийн уян хатан дүрэмтэй, олимпод орж болох спортыг хайж эхэлсэн. Ингээд боломжит хувилбаруудаас гүйлтийн цанын спортыг сонгосон. Хамгийн азтай нь тухайн үед мундаг дасгалжуулагчтай таарсан юм. Финлянд, Беларусийн шигшээтэй ажиллаж байсан хүн л дээ. Спорттой, дасгалжуулагчтай болсон надад нэг л зүйл хэрэгтэй байсан нь төлөөлөх улс байлаа. Финляндад амьдарч байсан, польш гаралтай, америкийн иргэн надад эдгээр улсуудыг төлөөлөх ямар ч боломж байхгүй нь тодорхой байсан. Ингээд л зогсоо зайгүй имэйл бичиж, утас цохиж эхэлсэн. Өвлийн олимпийн наадамд нэг ч удаа оролцож үзээгүй 109 орон дэлхий дээр байсан нь надад итгэл өгч байлаа. Энд тэнд танилцсан бүх найзууд руугаа, элчин сайдууд, сайдууд, улс төрчид рүү холбогдсон. Ихэнхээс нь хариу ирээгүй. Дийлэнх нь эелдгээр татгалзсан ч Танзани, Уганда, Камбож, Капе Верде, Колумб гэсэн улсуудаас "магадгүй" гэсэн хариу ирсэн юм.

Ингэж л надад Колумбын иргэн болж, Колумбын нэрийн өмнөөс олимпод оролцох завшаан олдсон. Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос надад л зориулсан тушаал гаргаж, хүлээх ёстой хоёр жилийг маань 3 долоо хоног болгон багасгаж, иргэнээ болгосон түүхтэй. Тэгээд би автоматаар үндэснийхээ аварга болж, Сочигийн олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Харамсалтай нь олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй ч маш олон хүнд мөрөөдөл рүүгээ зүтгэхэд, үзээд алдахад хэзээ ч оройтдоггүй юм шүү гэдэг итгэл үнэмшил төрүүлсэн гэж найддаг.

Сонирхуулахад, намайг иргэний үнэмлэхээ гардан авах үед Ерөнхийлөгч Сантос ажлын улмаас ирж чадахгүй нь гэж имэйл илгээсэн байдаг юм. Хожим сонсоход тэр босогчидтой энх тайвны хэлэлцээр хийж байсан юм билээ. Чухам тэр ажлаараа найз маань Нобелийн шагнал хүртсэн нь гайхалтай.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Өдөр бүр уулзаж, танилцаж буй хүмүүсээс. Үнэхээр гайхалтай зүйл хийж, эргэн тойрноо өөрчилж байгаа хүмүүс надад урам зориг өгдөг. Тэднийг хараад би өдөр бүр сайжрах хэрэгтэй юм байна гэж сэтгэлээр унадаг. Гэртээ очоод "арай ч дээ, энэ надаас дээр юм хийж байна, хавьгүй илүү байна, их хичээх хэрэгтэй юм байна" гэж өөрийгөө хурцалдаг. Энэ сэтгэл зүй маань ч надад хэрэг болдог байх.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Дөнгөж эхний стартапаа зарчихсан, тоглоомын салбарт танигдаагүй, 22-хон настай байсан надад нэгэн том хуралд оролцох боломж олдсон юм. Сүүлийнх нь хүлээн авалт их л гоё байшинд маш ганган хүмүүсээр дүүрэн явагдсан юм л даа. Би хэнийг ч танихгүй байсан учир арга эвээ олохгүй цагийг өнгөрүүлж байхдаа цаад буланд "Металлика"-ийн футболк өмссөн даруухан нэгэн зогсож байхыг харлаа. Тийшээ очоод л нөхөртэй яриа өдлөө дөө. Гэтэл тэр хүн жинхэнээсээ "Металлика" хамтлагийн ерөнхий менежер байж таарсан. Би ч дуу алдаж, "та чинь энэ өрөөн дэх хамгийн чухал хүн байна шүү дээ" гэж хэлэхэд зөөлөн инээмсэглээд "Би энд хэнийг ч танихгүй, хэнийг ч мэдэхгүй, энэ салбарынх биш юм чинь юугаараа чухал байх вэ дээ" гэсэн юм. Маргааш өглөө нь түүнтэй лифтэнд гэр бүлтэйгээ цэвэрхэн костюм өмсөөд явж байхтай нь таараад "Өнөөдөр та яасан ганган явж байна аа?" гэхэд "Гэрийнхэнтэйгээ явж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Өчигдөр бол зүгээр л цаг нөхцөөж явсан" гэдэг юм байна. Энэ явдлаас би "Хүнийг хэзээ ч битгий зүс царай, өмссөн зүүснээр нь шүүж бай. Өрөөн дэх хамгийн ядруу хувцастай, өрвийсөн үстэй, хэнд ч тоогдохгүй ганцаараа зогсож байгаа хүн чиний дараагийн хамтрагч, хөрөнгө оруулагч, зөвлөгч чинь ч байж мэднэ" гэдгийг ойлгосон. Ялангуяа Цахиурын хөндийд хамгийн заваан, доожоогүй нэгэн хамгийн чухал үүрэгтэй гол нөхөр байх магадлал өндөр шүү (инээв).

Залуу энтрепренерүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх вэ?

Зүгээр л яг одоо хий. Битгий хэт их бод. Хийсэн нь л хождог дүрэмтэй. Хийж байж л үр дүнд хүрнэ. Бүтэлгүйтсэн ч түүнээсээ суралцана гэдгийг сана. Илүү дутуу зүйлд санаа зовохоо болиод зүгээр л яг одоо хийж эхэл гэж хэлье.

Хөрөнгө оруулах компаниасаа хардаг хамгийн чухал шинж тань юу вэ?

Багийн хатуужил, тэвчээр гэж боддог. Хамгийн хүнд хэцүү үед тэсэж үлдэх чадвар, бие биеэ тулж түших чанар тэдэнд байна уу гэдгийг л хардаг. Мэдээж чадвар, эрч хүч, санаа гээд олон чухал хүчин зүйл бий ч надад гишүүдийн хатуужил л хамгийн гол байдаг.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсэж байна вэ?

Цанын багшаа санал болгож болох юм. Их сонирхолтой хүн байгаа. Технологийн салбараас гэвэл, интернетийн эхэн үеийн хамгийн алдартай стартап Napster-ийн үүсгэн байгуулагчдын нэг Жон Фаннингийг санал болгоё. Фаннинг бүтээмжээ нэмэгдүүлэх гэж их олон зүйл туршиж үздэг, сонин дадалтай хүн.

Гэрэл зургийг: Б.Батзаяа (Зак)