Тоондоо сайн хүүхэд бусад хичээлдээ сайн байдаг гэж ярих нь бий. Тоо бодох нь анализ хийх, логикоор сэтгэхэд тустай байдаг тул энэ нь үндэстэй юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтдаа математикийн өндөр оноо авсан хүүхэд ихэнх мэргэжлээр сайн их дээд сургуульд элсэх магадлал өндөрсдөг. Тийм ч учраас элсэлтийн ерөнхий шалгалт дөхөж байгаа энэ цаг үед бид математикийн сургалтыг уламжлалт бус аргаар, үр дүнтэй заадаг Erdem Knowledge Hub буюу "ЭРДЭМ" мэдлэгийн үүрийн залуусыг онцолж байна. Үүсгэн байгуулагчид буюу багш нар нь улсын болон олон улсын математикийн олимпиадаас медаль хүртэж байсан залуучууд бөгөөд тэд мөн суралцагсдынхаа мэргэжил сонголт дээр зөвлөгөө өгдөг аж.

Бизнесийн нэр: Erdem Knowledge Hub
Хаяг: Их Монгол хороолол, 904-р байр
Үйл ажиллагааны чиглэл: Математикийн сургалт, карьерын зөвлөгөө
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 он
Үүсгэн байгуулагч: Ч.Алтан-Өлзий, Н.Эрдэнэ, В.Билгүүндорж
Фэйсбүүк: Erdem Knowledge Hub
Холбоо барих: 95956611, 99643484

Үүсгэн байгуулагчид: Ч.Алтан-Өлзий, Н.Эрдэнэ /зүүн гар талаас/

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Ч.Алтан-Өлзий: Эрдэнэ, Билгүүндорж бид 3 нэг багшийн шавь нар. Гурвуул 1-р сургуулийн тооны ангийг төгссөн, 10 жилдээ олимпиадаар л явдаг хүүхдүүд байлаа. Үүнийхээ хүчинд олимпиадуудад багагүй амжилт гаргасан. Хожим нь өөрсдийн сурсан зүйлээ дотроо хадгалаад байснаас бусадтай хуваалцсан нь зөв гэсэн үүднээс математикийн мэдлэг олгодог, аргаа хуваалцдаг орчин үүсгэхээр шийдсэн. Ингэхдээ одоо байгаа олон сургалтын төвүүдийн арга барилаас арай өөрөөр буюу шинэлэг аргаар хичээлээ заах, бодлогын мөн чанарыг нь ойлгуулахыг л хүссэн. Тиймдээ ч сургалтын төв гэдэг нэршлээс татгалзаж, эрдэм мэдлэгийн үүр гэж нэршлийг сонгож байгаа хэрэг. Харин энэ жилээс зөвхөн математикийн сургалтаар дагнахаас илүүтэй менторшип хөтөлбөртэй хосолсон хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Н.Эрдэнэ: Энэ төрлийн бизнес нь материаллаг хөрөнгө оруулалтаас илүүтэй оюуны хөрөнгө оруулалтыг маш ихээр шаарддаг. Тэр утгаараа бид өөрсдийгөө илүү хөгжүүлэх тал дээр тогтмол ажиллахыг хичээдэг. Сургалтын төв маань бидний болон сурагчдын маань хоёр дахь гэр нь болдог. Тиймээс тохьтой бас сонирхолтой орчин байгаасай гэж бодож оффисоо тохижуулсан. Оффис тохижилтын бүх зүйлийг бид өөрсдийн гараараа хийсэн юм. Оффисоо байгуулж, үйл ажиллагаа явуулахад "Их Үйлсийн Эрэлд" компанийн удирдлагууд их дэмжсэн шүү.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Ч.А: Би суралцахын хүссэн хүмүүсийн түвшинг эхэлж тогтоогоод, тухайн хүнд ямар чадвар дутагдаж байна, түүнийг нь өгөхийг зорьдог. Өмнө хэлсэнчлэн бид шинэлэг арга барилыг баримтлах, тодруулбал бодлогын бодолтыг сурагчдад зүгээр нэг заагаад өнгөрөх бус тухайн бодлогын мөн чанарыг нь ойлгуулахыг хичээж ажилладаг. Хүүхдэд бодлогуудын бодолтыг зүгээр нэг хэлж өгөөд өнгөрөхөд хүүхэд тухайн үедээ ойлгосон юм шиг байдаг ч эргээд мартах нь олон. Тиймээс 10 бодлогын бодолтыг зүгээр хэлж өгөөд “халтуурдаад” өнгөрөхөөс илүүтэй 1 бодлогыг маш сайн ойлгуулахыг бид илүүд үздэг. Тухайн бодлоготой төстэй, өөр хувилбарын бодлогууд ирэхэд тэр бодлогыг алдалгүй боддог болгох нь бидний эрхэм зорилго.

Мөн бид сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох тал дээр зөвлөгөө өгөх, сонирхож буй мэргэжлийнх нь мэргэжилтнүүдтэй холбох менторшип програм нэвтрүүлээд ажиллаж байна. Тэгэхээр сурагчдад мэргэжлээ сонгоод, оюутан болсныхоо дараа ч ментортойгоо холбоотой байж, зөвлөгөө аваад явах боломж нээгдэж байгаа юм.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Н.Э: Энэ чиглэлийн бизнес бол бусад салбаруудтай харьцуулахад өгөөж багатай салбар. Тийм ч учраас бид анх эхлэхдээ л мөнгөн орлогоос илүүтэй, нийгэмд оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж бодож энэ бизнесийг эхлүүлсэн. Энэ маань ч бидэнд цааш алхах итгэл үнэмшил, хүчийг өгч байдаг. Бид хүүхэд бүрийг математикт дуртай болоосой, үүнд хүрэх зөв системийг бий болгоход хувь нэмрээ оруулахыг алсын хараагаа болгосон. Математик гэдэг чинь хүн болгоны боддог шиг тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Цаашдаа математик сонирхогчдын хүрээлэл үүсгэх төлөвлөгөө бий.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Ч.А: Миний бодлоор салбар шинжлэх ухаанууд дангаараа хөгжлийнхөө оргил үед ирсэн гэж боддог. Харин одоо салбар шинжлэх ухаанууд хоорондоо хамтран ажиллах, нийлж хөгжих үе шат ирээд байгаа юм шиг. Олон салбаруудад математикийн шинжлэх ухаан эрчтэй нэвтэрч байна. Тиймээс хэрэгцээ нь цаашид улам бүр л нэмэгдэнэ. Тиймээс бид суралцагсдаа зөвхөн хэдэн тоо бодоод, шалгалтандаа сайн оноо аваад өнгөрөх бус математикт дуртай болгох, цаашид ажилдаа ашиглаж явах талаас нь анхаарч заадаг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Н.Э: Одоо бид сургалтын төвийнхөө хөтөлбөрийг илүү боловсронгуй болгох, хүүхэд тус бүрт зориулсан хөтөлбөрийг хэрхэн сайн боловсруулах тал дээр ажиллаж байна. Түүнчлэн энэ ондоо багтааж сурагчид бие даан математикт суралцах боломжийг олгох, энэ шинжлэх ухаанд дуртай сурагчдыг нэг дор нэгтгэх зорилготой цахим платформыг нээхээр зорин ажиллаж байна.

Мөн энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт хүртэл 8, 6, 4 долоо хоногийн сургалтууддаа элсэлт авч байна. Эдгээр сургалтууд ажлын 3 хоногт хичээллэж, амралтын өдөр чөлөөт семинар маягаар орж явах юм. Ер нь аль болох шинэлэг, өөр арга барилаар орж явах болно. Мундаг багш нарыг бас урьж яриа хийлгэх талаар хөөцөлдөж байна. Элсэлтийн шалгалтад 800 оноо авахуулна гэсэн амлалт өгөхгүй ч томоохон ахиц гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Ч.А: Бидний үйлс нийгэмд оруулж буй хөрөнгө оруулалт гэж бид итгэдэг. Энэ бол бидний бизнесийн хамгийн том эерэг зүйл гэж бодож байна. Үүнээс гадна шавь нараа бодлогоо ойлгоод өөрөө бодож буйг харах их сайхан байдаг. Хүүхэд бодлогыг сайн ойлгоод ирэхээрээ өөрөө л математикт дурлаад эхэлдэг. Нэг сайн чиглүүлээд авбал хүүхэд өөрөө цаашаа хөгжөөд, сайжраад явчихдаг.