Монголын урлаг, соёлыг хадгалан авч үлдэхэд, мөн олон улсад сурталчлан таниулах, нөгөө талаас дэлхийн урлагийн сүүлийн үеийн чиг хандлагыг дотоодын үзэгчдэд ойлгуулах чиглэлээр ихээхэн үр дүнтэй ажиллаж буй Монголын Урлагийн Зөвлөлийн 15 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон сонирхолтой арга хэмжээнүүдийн салхийг хагалсан "Бид танд урлагийг ойртуулна" гишүүнчлэлийн аян "Spanish Spring" үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочдоос бид дээрх асуултыг асуусан юм. Монголын нийгэм, бизнесийн салбарын лидерүүд урлагийг яагаад хөхиүлэн дэмждэгээ, мөн хүмүүс урлагт яагаад анхаарал хандуулах хэрэгтэй талаар үзэл бодлоо хуваалцсаныг хүргэж байна.

1. Та яагаад урлагийг дэмждэг вэ?
2. Яагаад бид урлагт анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?

Б.Батсайхан /"Монголын Хөрөнгө Оруулалтын Сан"-ийн захирал/

1. Урлаг бидний амьдралыг баяжуулж, өнгө нэмж өгдөг гэж бодогддог. Уран бүтээлчид үүний тулд маш их хөдөлмөрлөдөг боловч тэр оюуны хөдөлмөрийг нь үнэлэх үнэлэмж хангалттай биш байгаа. Энэ нь цөөхөн хүн амтай жижигхэн зах зээл, мөн хүмүүсийн дундаж амьжиргааны түвшин доогуур байгаатай шууд холбоотой. Тийм учраас бид бүхэн өөр өөрийн боломжоороо Монголынхоо урлагийг дэмжиж явах ёстой гэж боддог.

2. Миний бодлоор 3 шалтгаан байна. 1-рт, урлаг өөрөө Монгол улсын, Монгол үндэстний тусгаар тогтносон байдал, дархлааны нэг чухал эд эс учраас. 2-рт, даяаршиж байгаа орчин үед олон улстай өрсөлдөх, түүгээр улбаалж өөрийгөө таниулах, цаашилбал түүнийг бизнестэй уялдуулан хөгжүүлэх нэг том талбар учраас. 3-рт, бүтээлч сэтгэлгээг хамгийн ихээр хөгжүүлдэг салбарын нэг учраас урлагт анхаарч, бусад салбарт ч гэсэн энэ чанарыг нь ашиглаж чадвал олон талын ач холбогдолтой учраас бид анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Ивана Гроллова /Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд/

1. Энэ нь миний хувийн зарчмын асуудал юм. Урлаг нь хөгжин дэвшиж буй соёл иргэншлийн нэг хэсэг, биднийг амьтдаас ялгаруулан харуулдаг. Миний дэмжлэг туслалцаа тун бага байдаг ч бусдад сайн үлгэр жишээ үзүүлэхийг хүсдэг.

2. Би аливаа нийгмийг өөрсдийн урлаг, соёлын өв зэргийг хэрхэн хүндэлж, мөн нийгмийн эмзэг, зорилтот бүлгэмүүдтэйгээ хэрхэн харьцаж байгааг харан дүгнэдэг. Түүнээс гадна урлаг бид бүхний амьдралын гоо үзэсгэлэн рүү нэвтэрдэг бөгөөд өөрөө нийгмийн дүр төрхийг өгүүлж, бидний сэтгэл зүрх, дотоод сэтгэлийн “толь” болдог. Амьдралд шууд утгаараа хэрэгтэй байдаггүй ч, түүнгүйгээр амьдрал гэдэг зүгээр л нэг хоол хүнсний төлөөх хар тэмцэл болж хувирна.

Б.Энхбат /"Эм Ди Эс & ХаанЛекс"-ийн партнер/

1. Урлаг бол хүмүүнийг бусад амьтан адгуусаас ялгах хамгийн гол шинжүүдийн нэг нь юм. Хүний төгс бүтээл гэж байдаг бол тэр нь урлагийн бүтээл л байх. Урлаг хүмүүс бидний гоо зүй, сэтгэл хөдлөл, үнэн байдлын илрэл. Бас хүн төрөлхтний түүхийн үзэгдэл, амьдарч буй цаг үеийн илэрхийлэл нь байдаг. Урлаг бидэнд сэтгэлийн таашаал, тайвшралыг мэдрүүлэхээс гадна өөрийн дотоод мөн чанарыг танин мэдэх, аливааг бусдын өнцгөөс харах, цаашлаад үүнийгээ оюун санаандаа эргэцүүлэн тунгаах боломжийг олгодог учир урлагийг дэмжин, өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээдэг.

2. Аливаа урлагийн төрлөөр дамжуулан хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөлд түвэггүй нэвтэрч сэтгэлгээний шинэ өнцөг, шинэ мэдрэмжийг олгодог. Тиймдээ ч хүн эрдэм боловсролыг багшаар дамжуулан олж авдаг бол өөрийн дотоод мөн чанар, гоо зүйн хүмүүжлийг урлагаар дамжуулан олж авдаг. Хүн төрөлхтөн боловсролыг нэн чухалд тооцож, эрдэм мэдлэгийг олж авахаар хичээдэг. Тэгвэл мэдлэг дангаараа хүнийг “Хүн” болгодоггүй гэж боддог. “Мэдлэгт хүн”-ээс “бодгаль хүн”-д хувирахад “урлаг” гол үүрэгтэй. Тиймдээ ч нийгэм дэх сөрөг үзэгдлийг бууруулахад урлагийн гүйцэтгэх үүргийг дутуу үнэлж байх шиг. Хүн төрөлхтөний түүхэнд аль ч нийгмийн хөгжлийн үзүүрт техник технологи биш, харин урлаг явж ирснийг анзаарч болно.

С.Оюун /"Зориг Сан"-ийн тэргүүн/

Амьдрал урлагаас ангид байх аргагүй учраас бидний хэн нь ч байсан урлагийг дэмжиж, урлагийн төлөө байх учиртай. Урлагаар дамжуулан нийгмээ, амьдралаа танин мэдэх тухай мэргэд ухаантнууд бишгүй нэг хэлсэн байдаг. Нийгмийн маань оюун санааны амьдрал, соёлыг урлаггүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тийм учраас урлаг, соёл бол олон нийт, төр засаг, хүн бүрийн анхаарах, сэтгэл гаргах салбар байх ёстой биз ээ.

Рожер Перри /МУЗ-ийн эрхэм хүндэт хандивлагч/

1. 2015 онд анх удаа үзэсгэлэнт Монгол оронд уул уурхайн ажлаар очиж байсан. Тэр үеэсээ л Монголын гайхалтай соёл урлагтай танилцаж, Монголын Урлагийн Зөвлөлтэй холбогдон, дэмжиж ажилласаар иржээ. Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын ард түмнийг илэрхийлж байгаа гэж би боддог. Бид дэмжсэнээр тэд салбартаа амжилттай үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Цаашлаад Монголын өв соёлыг хадгалж шинэ залуу үед зөв зохистой таниулж ирээдүйд хадгалж үлдэх боломж бүрдэнэ гэж би бодож байна.

2. Монголын соёлын өв бол Монголын амин сүнсний нэг хэсэг юм. Шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид төсөв, санхүүгийн талаар шийдвэр гаргахдаа соёлын өвийн үнэ цэнийг хэзээд санаж, үндэсний өвд үзүүлэх нөлөөг байнга давхар бодолцож байх хэрэгтэй юм шиг санагддаг. Монгол улс өв соёлоо хамгаалах нь олон талтай. Зөвхөн аялал жуулчлалыг хөгжүүлэх бус, залуу үед тэдний өвөг дээдсийн байгуулсан амжилт бүтээлийг таниулснаар зөв Монгол хүн болж төлөвших замыг нээж өгөх учиртай. “Хөх тэнгэрийн уудам тал нутаг”-ийн амин сүнсний нэг хэсэг бол соёлын өв яах аргагүй мөн. Тийм учраас бид соёлын өвийг хайрлан хамгаалах хэрэгтэй.

Ц.Түвшинбаяр /"Ноён Уул Эрдэнэ"-ийн захирал/

1. Урлаг бол нийгмийн түүчээ, улс үндэстнийг илэрхийлэх нүүр царай, мөн маш том соёл учир би урлагийг дэмждэг.

2. Бид урлагаар дамжуулан үр хүүхэд, ирээдүй хойч үедээ үндэснийхээ өв соёлыг ойлгуулах, дамжуулан өвлүүлж үлдээх, мөн эх орноо дэлхийн тавцанд таниулах учраас бид урлагт анхаарах ёстой.