AliExpress бол хятадын онлайн худалдааны гигант Alibaba-гийн олон улсын худалдан авагчдад зориулсан гэж болохуйц жижиглэн худалдааны вэб/апп юм. Энэ платформ Хятадын жижиг бизнесүүдийг дэлхий дахины хэрэглэгчидтэй шууд холбодог тул AliExpress-ийг eBay-тай харьцуулбал илүү зохимжтой байх. Бид тус AliExpress-ээс хэд хэдэн бараа захиж туршаад боломжийн сэтгэгдэлтэй үлдсэн тул өнөөдөр онцлохоор шийдлээ.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Онлайн худалдаа хөгжчихөөд байгаа өнөө үед хэрэглэгчид бид интернэтэд буй боломжуудыг тултал нь ашиглаад сурчихвал амьдралдаа ихээхэн цаг, хөрөнгийг хэмнэнэ. Гэртээ тухтайхан суун, бараа бүтээгдэхүүнүүдийг харьцуулан, хялбархнаар тооцоо хийн, шууд хүргэлтээр авах боломж бидэнд өчнөөн бий. Онлайн худалдааны монгол сайтууд ч сүүлийн үед цөөнгүй бий болоод байгаа. Харин AliExpress-ээс Монголд олдоц муутай буюу олдсон ч үнэтэй тусдаг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнүүдийг захиж авах боломжтой юм.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Та олон улсын карттай л бол тус апп-д бүртгүүлж, олон арван сая бараа бүтээгдэхүүнээс түвэггүйхэн захих боломжтой.

Мэдээж хамгийн том давуу тал бол хямд үнэ. Хямд үнэ санал болгож байгаа нь нэг талаас худалдан авагчдыг Хятадын үйлдвэрүүдтэй шууд холбож байгаагаас шалтгаалж байгаа болов уу. Гэхдээ зарим тохиолдолд хэт хямд үнэ нь бас хулхи, найдваргүй бүтээгдэхүүний шинж байж магадгүйг санаж, тухайн бараа болон худалдагч компанид өгсөн хүмүүсийн үнэлгээ, сэтгэгдлүүд, худалдан авсан тоо зэргийг сайтар судлан авах хэрэгтэй юм.

Мөн нэг гол давуу тал бол Монгол руу үнэгүй тээвэрлэлт. AliExpress-ийн нийт бараа бүтээгдэхүүний 75 хувь нь үнэгүй хүргэлттэй гэгддэг. Бидний хувьд iPad-ний кэйс, дэлгэцийн хамгаалалт гэх мэт бүтээгдэхүүн захиж, үнэгүй стандарт тээвэрлэлтийг сонгоход 1 сар орчмын дараа хүргэгдэж ирсэн.

AliExpress нь олон хэлээр ашиглаж болохын зэрэгцээ хамгийн түгээмэл 8 валютаар төлбөр тооцоо хийх боломжтой байдаг. Далимд өгүүлэхэд, тус сайт/апп нь ОХУ-д хамгийн алдартай онлайн худалдааны талбар гэнэ шүү.

За тэгээд онлайн худалдааны талбар болохоор байнга л хямдрал зарлагдаж байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй байх.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Тухайн апп-ийн гол давуу талууд нь нөгөө талдаа бас эрсдэл, сул талыг үүсгэж байдаг. Үнэгүй тээвэрлэлт нь удаан хугацаа шаардах бол хямд үнэ нь заримдаа баталгаагүй бараа дагуулах магадлалтай. Тиймээс яараагүй үедээ, сайн нягталж шалган худалдаж авахыг зөвлөж байна. Харин тодорхой хугацаанд хэрэглэж дадаад ирвэл найдвартай компани, дэлгүүрүүдийг мэддэг болж, "дэлгүүр хэсэх" үйл явц тань хялбаршаад ирэх нь тодорхой.

Бараа бүтээгдэхүүний танилцуулга хуудас бол Амазон мэтийн аваргуудыг хараахан гүйцэхгүй.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Жак Ма ахын бүтээгдэхүүн болох AliExpress-д бид 8 оноо өгч байна.