Сүүлийн үед манайд эрчимтэй хөгжиж буй, хамгийн эрэлттэй спортуудын нэг туялзуур сэлэмний Duel клубийг өнөөдөр онцолж байна. Арвин баялаг түүхтэй, өөрийн гэсэн өвөрмөц соёлыг агуулсан энэ спортыг дэлгэрүүлж буй тус клубийг спортын мастер Ц.Жигжидсүрэн үүсгэн байгуулж, өөрөө багшаар нь ажилладаг. Монгол улсын 2016 оны аварга, тамирчдын чансааг тэргүүлж буй тэрээр сэлэмний спортын онцлог болоод клубийнхээ талаар хуваалцлаа.

Бизнесийн нэр: Duel Туялзуур сэлэмний клуб
Хаяг: Төв Бассейний зүүн хойно, Монголын Архитекторын Эвлэлийн B1 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Спорт клуб
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014 он
Үүсгэн байгуулагч: Ц.Жигжидсүрэн, Б.Батхүү
Фэйсбүүк: DUEL Туялзуур сэлэмний клуб

КЛУБЭЭ АНХ ХЭРХЭН БАЙГУУЛСАН БЭ?

Б.Батхүү бид хоёр 2012 оноос хойш туялзуур сэлмээр эрчимтэй хичээллэж эхэлсэн. 2014 оны үед манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр ах бидэнд өөрсдийн клубийг үүсгэж, тамирчид бэлдэхийг санал болгосон. Энэ саналыг бид хүлээн зөвшөөрч, холбооноос дэмжин, онооны самбар, тулааны зам, бусад хэрэглэл материалуудыг гаргаж дэмжсэнээр анх клубээ байгуулж, 2015 оны намраас эрчимтэй ажиллаж эхэлсэн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Сэлэмний спортоор хичээллэхэд багагүй хэрэглэл материал, зардал шаардагддаг. Клубт шаардлагатай хэрэглэл материалыг бол сая хэлсэнчлэн Туялзуур сэлэмний холбооноос дэмжиж өгсөн. Түүнээс хойш сургалтын төлбөрөөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд явж байна.

ТАНАЙ КЛУБИЙН БОЛОН ЕР НЬ ЭНЭ СПОРТООР ХИчЭЭЛЛЭХИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Туялзуур сэлэм бол анхны олимпоос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй олимпийн наадамд багтаж буй урт түүхтэй спорт. Тулааны бусад төрлүүдээс зэвсгээр тулалдаж, биед контакт авдаггүйгээрээ ялгаатай. Хүнээс биеийн авхаалж самбаа, нарийн техник, оюуны овсгоо, түргэн сэтгэлгээ шаарддаг. Хор хохирол багатай, 2 тархи зэрэг ажиллуулдаг, "биеэр тоглодог шатар” гэгддэг спорт. Биеийн хөгжил, бяр хүч гэхээсээ илүү хөлийн ажиллагаа, техник сайтай бол өрсөлдөгчдөө илүүрхдэг. Хувцас хэрэглэлийн хувьд 500 орчим мянга байдаг юм.

Манай клубийн хувьд анхан шатны, сонирхогчдод зориулсан сургалтад төвлөрдгөөрөө Улаанбаатарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нөгөө клубээсээ ялгаатай. Хүүхдийн сургалтыг оруулаад 8-10, 11-13, 14-ээс дээш гэсний насны ангиллуудаар 7 хоногийн турш хичээллэдэг.

КЛУБИЙНХЭЭ АЛСЫН ХАРААГ ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Цаашид хичээллэгсдийн тоог нэмэн хүрээг тэлж, олон нийтэд сайн таниулж, энэ спортыг хурдтай хөгжихөд хувь нэмрээ оруулах зорилготой. Мэдээж энэ зуур спортоороо гүнзгийрүүлэн хичээллэх сонирхолтой тамирчдыг бэлдэнэ.

ТАНЫ ДАСГАЛЖУУЛАХ ГОЛ АРГА БАРИЛ ?

Туялзуур сэлэм өөрөө техник голчилсон спорт учраас тухайн хүний суурийг сайн тавьж өгөхийг чухалчилдаг. Манай холбоо ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч байсан алдарт Александр Ровнягинийг 2 жил гэрээгээр ажиллуулаад саяхан үдэж явуулсан. Олон олимпын аварга төрүүлсэн энэ домогт дасгалжуулагч Монголд багш дасгалжуулагчид сургасны нэг нь би. Энэ хүний школоор л хичээллэгсэд, тамирчдаа дасгалжуулж байна даа.

МОНГОЛЧУУДАД ЭНЭ СПОРТ ЯМАР АМЖИЛТ ГАРГАДАГ ВЭ?

Сүүлийн үед манайхны амжилт хурдтай ахиж байгаа. Дэлхийн шилдэг багшийг авчирч ажиллуулсантай холбоотой. Саяхан болж өнгөрсөн Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид багаараа хэсгээсээ гарч шилдэг 25-д үлдсэн. Мөн залуучуудын аваргад анхны багийн ялалтаа саяхан авсан.

Бусад спортын адил мэдээж бага наснаасаа хичээллэвэл өндөр амжилтанд хүрэх магадлалтай. Бид хамгийн багадаа 8 настай хүүхдийг клубтээ элсүүлж байгаа. Өнгөрсөн жил 23-аас доош насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд зохиогдсоноос хойш ер нь хүмүүс сэлмийг нэлээд сонирхох болсон шүү.

ОДОО ТА ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Саяхан бид клубийнхээ байрыг арай томруулан сольсон. Тийм болохоор хичээллэгсдийнхээ тоог нэмэх боломжтой болсон. Энэ далимд туялзуур сэлэмний спортоор сонгон хичээллэхийг танай уншигдад уриалъя. Миний бие энэ сарын 18-нд Япон Амори муж руу Багануурын багштай хамт өсвөр болон залуучуудын 8 тамирчнаа аваад 7 хоногийн хамтарсан бэлтгэлд явах гэж байна. Манай холбоо тус мужтай 2020 он хүртэл хамтарсан бэлтгэл хийх гэрээтэй юм.

СПОРТЫН КЛУБ ЭРХЛЭН ЯВУУЛАХЫН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?


Монгол улсад шинээр хөгжиж буй спортын анхны тамирчдын нэг байж, өөрөө шавьтай нартай болоод явж байгаа нь сайхан байдаг. Манай клубээс сая Залуучуудын улсын аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн. Өдгөө 3 дэд мастер, 1 спортын мастер хичээллэж байна.

Өөрсдийн хүсэл сонирхлоор клубээ үүсгэн байгуулсан болохоор хэцүү бэршээлтэй гээд байхаар зүйл байхгүй дээ. Мэдээж хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хэрэглэл материалаа базаах зэрэг асуудлууд бол гарна.

ТАНАЙ АЛЬ ЭЭЛЖИЙН ЯМАР СУРГАЛТЫГ ХҮМҮҮС ИХЭВЧЛЭН СОНИРХДОГ ВЭ?

Бид сургалтуудаас гадна Go Fencing гэдэг хөтөлбөртэй. Хүмүүс найз нөхөд, гэр бүлээрээ заал авч байгаа юм шиг 2 цаг аваад, 10-15 минутанд зогсолт, хатгалт заалгуулаад, бие халаалтаа хийн, шууд тулалдах боломжтой байдаг. Цагаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлье гэвэл манайд ирэх боломжтой.

Гэрэл зургийг Э.Соёл-Оргил