Дээд шүүхээс ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарсныг талархан хүлээж авсан мянга мянган ард түмэн хотын төвд цуглан олон сарын турш үргэлжилсэн тэмцэл нь амжилттай болсныг тэмдэглэж буй нь. Эх сурвалж: Getty Images

БНСУ ерөнхийлөгчөө албан ёсоор огцрууллаа

БНСУ-ын дээд шүүхээс улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хег үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлөх шийдвэр гаргалаа. Албан тушаалаа урвуулан ашиглаж, авилгалын хэрэгтэй холбогдсон түүнийг ард олны удаа дараагийн эсэргүүцлийн жагсаал, тэмцлийн дараагаар парламентийн гишүүдийн олонхийн саналаар огцруулах шийдвэр гарсан ч дээд шүүхээс үүнийг нь батламжлан, чөлөөлөх ёстой байсан. Дээд шүүхийн гишүүдийн үнэмлэхүй олонхийн шийдвэрээр буюу 8:0 гэсэн саналаар тэрээр ийнхүү албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. БНСУ-ын түүхэнд анх удаа хугацаанаасаа өмнө дээд шүүхийн шийдвэрээр огцорч буй ерөнхийлөгч болсон Пак Гын Хе ингэснээр халдашгүй байдлаа алдаж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллага албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгах боломжтой болж байна. Пак Гын Хегийн хувьд хуулиар олгогдсон ерөнхийлөгчийн эрх, насан туршдаа хүртэх учиртай хангамжаа ч эдлэх боломжгүй болж байгаа гэнэ. Дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль 60 хоногийн дотор явагдах ёстой ажээ. Одоогоор ерөнхийлөгчийн үүргийг БНСУ-ын ерөнхий сайд Хван Кё Ан гүйцэтгэж байгаа юм.

Forbes: Ерөнхийлөгчөө огцруулсан БНСУ-г юу хүлээж байна вэ?
CNN: БНСУ-ын ерөнхийлөгчийн скандал: Юу мэдэх хэрэгтэй вэ?

Google Next явагдлаа

Google жил бүр зохион байгуулдаг Google Next хурлаа Сан Францискод зохион байгууллаа. Клоуд платформ дээр хийгдэж буй өөрчлөлтүүд болон шинэчлэлүүдээ дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хөгжүүлэгч голцуу зочдодоо танилцуулсан Google-ийн онцлох мэдээ нь Hangouts үйлчилгээндээ хийж буй өөрчлөлт байсан юм. Google-ийн сошиал нетворк дэх гол найдвар болж гарч ирсэн ч хүлээлтэнд хүрч чадаагүй, бараг "бүтэлгүйтээд" буй Hangouts-ийг тэд Chat болон Meet гэсэн үндсэн 2 тусдаа бүтээгдэхүүн болгож байгаагаа зарлажээ. Google Hangouts Chat нь багийн харилцаа холбооны хэрэгслийн үүргийг гүйцэтгэх бөгөөд тусдаа сэдвүүдээр "өрөөнүүд"-ийг санал болгож, багийн гишүүдийг илүү хялбар, шууд харилцах боломжтой болгож байгаагаараа Slack-ийн өрсөлдөгч болон зах зээлд нэвтэрч байна. Харин Hangouts Meet-ийн хувьд илүү аудио болон видео харилцаа руу төвлөрөх бөгөөд одоогоор туршилтын журмаар ашиглагдах ажээ. Мөн тэд тоон өгөгдлийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн гол мэдээллээ солилцож, мэдлэгээ хуваалцдаг талбар болох Kaggle-ийг худалдаж авч байгаагаа зарласнаас гадна үүлэн тооцоолуурын зах зээлд өрсөлдөх давуу талаа нэмэгдүүлэх үүднээс баримталж буй стратегийн онцлох шинэчлэлүүдээ танилцуулжээ.

Recode: Google-ийн шинэ үйлчилгээ Slack-тай "дайн зарлав"
AIM: Яагаад Google Kaggle-ийг худалдаж авав?

2017 оны SXSW эхэллээ

Техасын Аустин хотноо жил бүрийн 3-р сард явагддаг хөгжим, кино, интерактив медиа болон технологийн салбарын хамгийн том наадмуудын нэг SXSW энэ долоо хоногт нээгдлээ. 3-р сарын 19 хүртэл явагдах энэ наадам энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд киноны фестивалд нь гэхэд 84 кино шинээр нээлтээ хийж байна. Р.Мара, Р.Гослинг, М.Фассбендер болон Н.Портмэн нарын оддын тоглосон Song to Song, Р.Рэйнолдс, Р.Фергюсон нарын Life болон К.Спэйсигийн Baby Driver зэрэг кинонууд хамгийн өндөр хүлээлттэйд тооцогдож байна. Хөгжмийн хамгийн том фестивалуудын нэг чухам энд болж 100 гаруй тайзнаа 500 гаруй хамтлаг, дуучид уран бүтээлээсээ хүргэх бөгөөд Game of Thrones шинэ постероо SXSW-д зориулан гаргаж, Твиттер, Амазон, Vimeo, Spotify, Netflix өөрсдийн шинэ нэмэлт, бүтээгдэхүүнүүдээ танилцуулна. IBM-ийн Ж.Ромметти, Даллас Мавериксийн эзэн М.Кюбан, энтрепренер сэтгэлгээний түүчээлэгчид С.Роген, Т.Феррис тэргүүтэй хүндэт зочид бүхий 100 гаруй хэлэлцүүлгүүд энэ өдрүүдэд явагдах ажээ.

Variety: SXSW-ийн хамгийн өндөр хүлээлттэй 17 кино бүтээлүүд
CNBC: SXSW-ийн өмнө

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Фэйсбүүк өнгөрсөн баасан гарагаас эхлэн Messenger Day нэртэй шинэ нэмэлтээ дэлхий даяар нээлттэй болголоо. Snapchat Stories-тэй төстэй энэхүү нэмэлтийг ашигласнаар мессенжер хэрэглэгчид 24 цагийн дотор устах үйл явдлын тойм, зураг, видеогоо найзууддаа хуваалцах боломжтой болж байгаа юм. Сонирхуулахад Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 2 дахь хүүхдээ хүлээж байгаагаа мөн зарласан. Түүний эхнэртэйгээ хамт ажиллуулдаг Chan-Zuckerberg Initiative бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирлаараа Quora-ийн лидерүүдийн нэг Сандра Лиу Хуангийг томилжээ. Цахиурын хөндийн хамгийн "хайртай" стартапуудын нэг Airbnb 31 тэрбум долларын үнэлгээтэйгээр 1 тэрбум долларыг Sequoia болон Andreessen Horowitz-оос шинээр босгож чадлаа. 2016 оны 2-р хагасаас ашигтай ажиллаж эхлэсэн гэх Airbnb Японд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй болж байгаа тухай энэ долоо хоногт мөн зарласан. Японы парламентаар хэлэцэгдэж байгаа журмаар иргэд жилд 180 хоног хүртэлх хугацаанд байраа түрээслэх боломжтой болж байгаа ажээ. Tinder зөвхөн элит хэрэглэгчдэд буюу алдартнууд, моделиуд болон CEO нарт зориулсан Tinder Select үйлчилгээгээ танилцуулсан байна. Энэ үйлчилгээнд зөвхөн урилгатай зочид л нэгдэх боломжтой аж. Wikileaks-ийн шинээр задласан "нууц мэдээлэл" дунд АНУ-ын Тагнуулын төв газраас iPhone, Android утаснууд болон Samsung-ийн ухаалаг телевизүүдийг хакердан, мэдээлэл цуглуулдаг байж болзошгүй 800 гаруй хуудас материал байсан нь сонирхол татлаа. Гэхдээ эдгээр мэдээллүүдийг Apple болон Google бүгд үгүйсгэж хариу мэдэгдэл гаргажээ.

Techcrunch: Фэйсбүүк Snapchat-ийг ахин хуулбарлаж, Day нэмэлтээ танилцууллаа
WSJ: Wikileaks Vault 7: CIA ямар хэрэгслүүдийг хакердсан бэ?

Археологичид маш чухал шинэ олдвор олжээ

Өнгөрөгч Пүрэв гарагт Египт болон Германы хамтарсан экспедиц Кайрогийн Эл Матарейа дүүргийн орчмоос 8 метрийн өндөртэй хөшөөниий хэсэг гаргаж авснаа зарласан байна. Энэхүү хөшөөг судлаачид Египтийн түүхэн дэх хамгийн агуу фараонуудын нэгт тооцогддог 2-р Рамсесийнх байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Археологичид энэ үеэр 2-р Рамсесийн ач хүү 2-р Сетигийн байж болзошгүй хөшөөний хэсгийг мөн олжээ. Египтийн албаныхан энэхүү үйл явдлыг "түүхэн дэх хамгийн чухал олдворуудын нэгийг олсон" хэрэг хэмээн онцолсон бөгөөд толгой, титэм, баруун чих болон баруун нүдийг нь гаргаж ирээд байгааг баталжээ. Хэрвээ энэхүү олдвор нь нарийвчилсан шинжилгээний дараагаар НТӨ 1279-1213 оны үеүдэд Египтийг захирч байсан 2-р Рамсесийнх мөн гэдэг нь батлагдвал Египтийн төв музейд энэ оны сүүлээр гэхэд тавигдах төлөвтэй байна. Хотын амьдрал ид өрнөдөг яг энэ хэсгээс 2006 онд археологичид 4 тонн жин бүхий хөшөөний хэсгийг мөн илрүүлж байсан түүхтэй ажээ.

The Verge: Археологичд Кайрогоос нэн чухал олдвор олжээ
Guardian: Шавар дунд мартагдаж орхисон эртний хөшөө олдлоо