Дэлхий даяар баяр хөөрт умбан шинэ оноо "өлгийдөн" аваад удаагүй байгаа энэ цаг мөчид Unread энэ жилийн хамгийн эхний нийтлэлээ, оны онцлох үйл явдлуудыг багцлан хүргэсэн Unread Special цувралынхаа хамгийн сүүлийн дугаараа танд хүргэж байна. Өнгөрсөн он таамаглаж тааварлашгүй, гайхуулж алмайруулам олон үйл явдлаар дүүрэн байсан шиг 2017 он ч тийм байх нь гарцаагүй. 2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлуудыг ийн багцаллаа.

Ерөнхийлөгчийн сонгууль

Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч энэ зун тодорно. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан шинээр тодрох төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөн гол намуудад аль хэдийнэ эхэлжээ. Намуудаас хэн өрсөлдөх нь таамаг төдий хэвээр байгаа ч энэ зуны онцлох үйл явдлуудын нэг нь энэ сонгууль гарцаагүй мөн.

5 дахь ерөнхийлөгчийн нэр энэ зун тодорхой болно.

Трамп ба дэлхий

1-р сарын 20-нд тангаргаа өргөх АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас ирэх жилийн дэлхийн эдийн засаг, нийгмийн амьдралын өнгө ихээхэн хамааралтай байх болно. Түүний цагаачдын талаар баримтлах бодлого, гадаад худалдааны бодлого, ялангуяа БНХАУ-тай харилцах харилцаа ихээхэн анхаарал татаж байна. Их Британи Европын холбооноос гарах үйл явц эхлэх нь Европын холбооны ирээдүйд нөлөөлөх нь гарцаагүй. Европын холбооны улсуудад зүүний хүчний намууд ялж, үндсэрхэг үзэл газар авч, улс улсын сонгуулиуд бие биедээ нөлөөлөх төлөвтэй. Нөгөө талаар дүрвэгсдийн асуудал, Алеппогийн "хямрал", ISIS-ийн эсрэг тэмцэл, БНАСАУ-ын цөмийн зэвсгийн заналхийлэл гээд шийдээгүй олон асуудал биднийг хүлээж байна. Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын ирэх жилийн өрнөлийг нэг үгээр тодорхойл гэвэл "ТОДОРХОЙГҮЙ" гэх үг яг тохирох мэт.

Дэлхийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг болсон Д.Трамп ирэх жилийн хамгийн гол дүрүүдийн нэг байх болно.

Экспо 2017 

1856 оноос эхлэлтэй дэлхийн экспо анх удаа төв Азид зохион байгуулагдах гэж байна. Улс орнууд өөр өөрсдийн онцлогийг харуулсан үзэсгэлэнгээ дэлгэж, дэлхийн хамгийн том компаниуд шинэ бүтээгдэхүүн, шинэ технологио танилцуулдаг дэлхийн хамгийн том экспо энэ жил Казахстаны Астанад явагдана. 5 жилийн өмнө энэ экспог зохион байгуулах эрхээ авснаас хойш асар их бэлтгэж, бүтээн байгуулалт хийсэн Астана хотноо 100 гаруй улс, 10 гаруй компани 3 сарын турш үзүүлэнгээ дэлгэж, 3 сая гаруй хүн зочлох болно.

Энэ жилийн үзэсгэлэнгийн гол сэдэв нь "Ирээдүйн эрчим хүч".

Спортын ертөнц 2017 онд

Олимпийн дараагийн жил мега тэмцээнгүй, завсрын жил мэт санагддаг нь нууц биш. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Биднийг олон сонирхолтой үйл явдал хүлээж байна. 9-р сард Перуд хуралдах ОУОХ-ны чуулганаар 2024 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах хотын нэр тодорхой болно. Тунаж үлдсэн нэр дэвшигчид нь Лос Анжелес, Парис, Будапешт. Том нэрс байгаа биз? Үүнээс гадна 2-р сард Азийн өвлийн наадам, зун нь Универсиад наадмууд бий.

Хойд Америкийн мэргэжлийн лигүүд ч харах зүйл ихтэй өрнөж байна. Голден Стэйтэд бүрдсэн супер баг Хаан Жэймсээс хариугаа авч чадах болов уу? "Хараалаа" тайлж аваргын цом авч чадсан Кабс ноёрхлоо тогтоочих юм биш биз? NHL-ийн 31 дэх баг Лас Вегасын тоглогчид сонгох драфт хэрхэн явагдах бол? гээд л хариулт хүлээж буй олон зүйлс байна.

Тайгер Вүүдс "эргэн ирж" чадах болов уу? Реал Мадрид Аваргуудын лигт 2 дараалж түрүүлж чадсан анхны баг болж чадах уу? Шинэхэн "Сир" Энди Мюррэй №1 цолоо хэр удаан хадгалах бол? гэдэг ч сонирхолтой асуултууд.

Ром, Хамбург нэрээ татсаны дараа эдгээр хотууд тунан үлдлээ. Та алийг нь дэмжиж байна вэ?

Энтертэйнмент ертөнц 2017 онд

Кино, хөгжим, энтертэйнментийн салбарт хүлээгдэж буй үйл явдлуудыг тусад нь нийтлэл болгон хэд хэд салгасан ч болохоор. Киноны салбарт л гэхэд зөвхөн шинэ анги гарч байгаа кинонуудыг тоочвол Трансформерс 5, Юрийн Галавын хүрээлэн 2, Fast and Furious-ийн 8-р анги, World War Z 2, John Wick 2-аас эхлээд шинэ Карибын Тэнгисийн дээрэмчид, Fifty Shades of Darker, Cars 3, Despicable Me 3 гээд үргэлжилж өгнө. Оддын дайны 8-р ангийг ч мартаж болохгүй. Үүнээс гадна тоглосон жүжигчид, бүтээж буй баг, зохиол болон маркетингаараа ялгарч буй хэд хэдэн кино блокбастер болох боломжтой. Ex Machina-ийн найруулагчийн дараагийн бүтээл, Н.Портмэний Annihilation, С.Иоханссений робот дүр бүхий Ghost In The Shell, Р.Скоттын Alien: Covenant, С.Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй The Dark Tower, Диснэйн ээлжит хит Beauty and the Beast зэргийг дурдахад хангалттай. Marvel, DC-ийн супер баатруудын ертөнцийн кинонуудыг тоочвол бүр дуусашгүй юм болно. Ямартай ч үзэх зүйл ихтэй жил.

Хөгжмийн салбар энэ жил "эргэн ирэлт"-үүдээр дүүрэн байх нь. Эминем 4 жилийн дараа гаргах шинэ цомогтоо Аделетэй хамтран дуу гаргаж байгаа гэнэ. Энэ жагсаалт фенүүдээ чамгүй хүлээлгэсэн Stone Roses, LCD Soundsystem, The Arcade Fire гээд үргэлжилнэ. Гэхдээ энэ жилийн хамгийн их хүлээлт дагуулж буй цомгууд дунд Jay Z, Lorde, The xx, James Blunt-ийн нарынх багтаж байна.

Ахиад ганцхан асуулт, Жорж Мартин Game of Thrones-ийн шинэ номоо гаргаж чадах болов уу?

2016 он киночдын хувьд гайхалтай жил байлаа. Харин 2017 он бүр илүү байх болно.

Технологийн ертөнц 2017 онд

10 жилийн ой нь тохиож буй iPhone-ий шинэ загвар 8 байх болов уу, 7S байх уу? Энэ хооронд Samsung S8-аа гаргаж алдагдсан нэр хүндээ эргүүлэн авч чадах болов уу? Microsoft-ийн Surface-ийн шинэ загварууд хэр өрсөлдөөн өрнүүлж чадах бол? Энэ бол технологийн гигантуудын өмнө тавигдаж буй гол асуулт. Мэдээж олон жил яригдаж буй VR төхөөрөмжүүд, ухаалаг гэрийн концепцтой холбоотой шинэ технологи, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнүүд 2017 онд ч үргэлжлэн биднийг "ангайлгана". Гэхдээ цөөхөн хэдийг онцолж нэрлэ гэвэл дараах гурвыг нэрлэе.

Nintendo Switch

Өнгөрсөн жил Покемон, Супер Мариогоор дэлхийг байлдан дагуулсан Нинтендо консол тоглоомын зах зээлд эргэлт хийх бүтээгдэхүүнээ 3-р сард гаргана. Бид ганцхан видео, цөөн хэдэн таамаг төдий нийтлэлүүдээрээ л Nintento Switch-тэй танилцсан ч түүний олон удирдлагат, олон хэрэглээт байдалд нь татагдаж, тоглож болох тоглоомуудад нь "сэтгэлээрээ" донтчихсон байгаа. Үнэ нь ч мэдэгдээгүй байгаа энэ бүтээгдэхүүн Wii-ийн хувь заяаг давтаж "бүтэлгүйтэх" болов уу, эсвэл бид бүгдийг ахиад "тоглоомчин" болгох болов уу?

Nintendo Switch хэр амжилт үзүүлэх нь толгой компанийн ирээдүйд чухал нөлөөтэй.

Hyperloop One

Элон Маскийн ээлжит нэгэн "галзуу" санаа амьдрал дээр биелэхэд ойрхон байна. Энэ бол тээврийн дараагийн хэрэгсэл Hyperloop. Дэлхийг бүрхсэн хоолой барьж, цагт 700 км-ээс илүү хурдтайгаар Америкийн нэг эргээс нөгөө эрэг рүү ирэх хугацааг хагас цаг болгон багасгах зорилго бүхий энэ төсөл хамгийн эхний туршилтаа энэ зун хийнэ. Лас Вегасын хойд хэсэгт 80 сая долларын санхүүжилт авчихсан 150 инженер түүх бүтээх мөч айсуй.

Hyperloop 2020 он гэхэд анхны хэрэглэгчдээ тээвэрлэх зорилготой.

Дрон, дрон, дрон

Ахиад л дрон уу хэмээн санагдаж байна уу? Тийм ээ, энэхүү нисдэг жижиг биетүүд бидний амьдралд улам бүр гүн шингэх цаг ойртсоор байна. Google өөрсдийн хэрэгжүүлж буй Project Wing төслөөрөө шар айраг, пиццаг дрон дамжуулан хүргэж өгөхөөр туршиж байгаа бол Амазон илүү хурдтай хүргэлтийг дроноор хийгээд эхэлсэн. Walmart тэргүүтэй уламжлалт худалдааны гигантууд ч энэ аянд нэгдсэн. Дронууд энэ жил илүү тэсрэлт хийж мэднэ шүү.

Google бидний мэдэх хүргэлтийн үйлчилгээг үүрд өөрчлөх төсөл дээр ажиллаж байна.

Бизнес ертөнц 2017 онд

2016 онд шуугиан тарьсан бизнесийн ертөнцийн олон үйл явдал энэ жил эцэслэн шийдэгдэх болно. Германы автомашин үйлдвэрлэгч Вольксвагений "шуугиант" хэргийг АНУ-ын дээд шүүх шийдэж, хэдэн тэрбум доллараар торгохоо зарлах учиртай. Үүнтэй адил "хуурамч" бичиг баримт үйлдэж, хэрэглэгчдээ болон зах зээлээ хохироосон Tesco, Royal Bank of Scotland-ийн удирдах албан тушаалтнуудын хэрэг олны анхаарлын төвд хэвээр л байна.

Технологийн салбарын шинэ найдвар Snap Inc-ийн удтал хүлээлгэсэн IPO энэ жил гарах магадлал өндөр байна. Snapchat-ийн толгой компани, Spectacular шилийг худалдаанд гаргаад удаагүй байгаа Snap-ийн зах зээлийн үнэлгээ 25 тэрбум доллар байгаа юм. Олон стартапууд тэдний хэр амжилт олохыг хүлээж байгаа нь гарцаагүй.

Элон Маскийн өөр нэг "төсөл" Теслагийн хувьд 2017 он их чухал. Бараг 500 мянган ширхэг машины урьдчилсан захиалга авчихсан байгаа тэд Model 3-аа цагтаа гаргаж чадах эсэх нь тэдний ирээдүйд ихээр нөлөөлөх болно. Гэхдээ үйлдвэрлэлийн явц удааширч байгаа нь тэдэнд эргэлзэгчдийн армийг улам нэмэгдүүлж буй.

Америкийн харилцаа холбооны тэргүүлэгчдийн нэг AT&T-ийн Warner Brothers, CNN, HBO-ийн толгой компани Time Warner-ийг 85 тэрбумаар авах хэлэлцээрийн эцсийн хариу удахгүй тодорхой болно. Зах зээлд хэт давамгайлагч тоглогч болгож мэдэх энэхүү наймааг зөвшөөрөх эсэхийг өнөөх Д.Трампын кабинет л шийдэх учиртай.

Тесла болон Элон Маск "амлалтаа" биелүүлж чадах болов уу?

2016 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд дараах дарааллаар хүрлээ:

12.25: Оны онцлох үйл явдлууд
12.26: Оны онцлох гарааны бизнесүүд
12.27: Оны онцлох аппликэйшнүүд
12.28: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.29: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох кинонууд
12.31: Оны онцлох номууд
01.01: 2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл editor@unread.today хаягаар холбогдоорой.