Он солигдох мөч өдөр өдрөөр, хором хормоор дөхөж буй энэ цаг мөчид Unread өнгөрч буй оны хамгийн шилдэг, хамгийн онцлохуудыг нэрлэсэн тусгай-цуврал нийтлэлүүдээ эхлүүлж байна. Unread-ийн булангуудын дарааллын дагуу гарах эдгээр цуврал нийтлэлүүдийн онцлог нь жагсаалтыг зөвхөн манай редакц дангаараа биш, манай зочид, хамтрагчид өөрсдийн өнцгөөс та бүхэнд хүргэж байгаа юм. Долоо хоногийн тойм булан нийтлэгддэг ням гарагт бид 2016 оныг тоймлон, хамгийн анхаарал татсан, хамгийн онцлох үйл явдлуудын жагсаалтыг хүргэж байна. 

Ардын намын үнэмлэхүй ялалт

Бичсэн: Ж.Хулан (Ийгл Ньюс ТВ, ерөнхий продюсер)

Сонгуулийн товлогдсон өдрөөс ердөө сарын өмнө шөнө дөл хүртэл хуралдан байж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар манай улс долоо дахь удаагийн УИХ-ын сонгуулиа явуулав. Нийт 498 хүн нэр дэвшсэнээс энэ удаад хамгийн олон буюу 69 хүн бие даан нэр дэвшсэн нь онцлог байлаа. 1992 оноос хойш УИХ-ын сонгуульд 166 хүн бие даан нэр дэвшиж 9 нь сонгогдсон байдаг бол энэ удаагийн 69 өрсөлдөгчөөс ердөө нэг нь болох дуучин Самандын Жавхлан сонгогчдын итгэлийг хүлээв.

Сонгууль хэрхэн явуулахаа хугацаа тулгаж шийдсэн тул намууд, нэр дэвшигчид бодлогын бэлтгэл багатай байв уу гэж хэлж болохоор. Олон нийтэд танилцуулсан мөрийн хөтөлбөр нь бодит судалгаа, ажил хэрэгч төлөвлөгөө дутмаг, заримдаа “мөрөөдлийн хөтөлбөр” гэж нэрлэгдэхдээ хүртэл тулж байв. Гэсэн ч сонгогчдын хувьд өмнөх сонгуулиас илүү сайн ирцтэй, өөрчлөлт хүсэж хүлээсэн сонгууль болсон шиг мэдрэгдсэн.

Сонгуулийн дүнг танилцуулахад тооллого, машинтай холбоотой маргаан хэзээд байсаар ирсэн. Харин энэ жил Сонгуулийн ерөнхий хороонд байрлуулсан дэлгэцээр тооллогын дүнг шууд дамжуулсан нь ил тод байдлыг бодитоор хангасан технологийн шийдэл байлаа. Нийт 65 тойрогт буюу үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга М.Энхболд тэр даруй “Энэ их итгэл найдварын ард талд асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид ойлгож байна” гэж мэдэгдсэн бол есөн суудал авсан АН-ын дарга З.Энхболд “Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Монголын ард түмнийг сонголтыг хүндэтгэж байна” гэснээр Монгол улсын их хурлын долоо дахь удаагийн сонгууль өндөрлөсөн юм.

Бүх шатанд ялалт байгуулсан МАН-д хүндхэн үед улс орныг удирдах амаргүй үүрэг оногдлоо.

Эрдэнэт тойрсон "эргэлзээтэй" үйл явдлууд

Бичсэн: Де Факто Д.Жаргалсайхан (Нийтлэлч, эдийн засагч)

Монголын иргэд бид оросууд Эрдэнэтийн хувьцаагаа оросууд Д.Эрдэнэбилэг таны зөвшөөрөлгүйгээр хэн нэгэнд зараагүй гэдгийг ойлгочихоод л байгаа. Манай Ерөнхийлөгч Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй 2016 оны зургадугаар сарын 20-нд Ташкентад уулзсанаас хойш энэ наймаа бодитоор хэрэгжсэнийг харж л байна. Зах зээлийн нийгэмд хэн нэг хүнийг, аль нэг компанийг хүчирхэг болохыг дэмждэг ч зөвхөн аль нэг компанийн үнэмлэхүй монополь тогтохоос заавал сэрэмжлэн зогсоодог. АНУ-д гэхэд Рокфеллерийн “Стандарт ойл” компанийг жижиглэн задалж, Б.Гейтсийн “Майкрософт” компанийг торгон, үйл ажиллагааг нь хязгаарлаж байсан юм. Учир нь монополь компани монополь үнэ тогтоосноор зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг алдагдуулан, эдийн засгийн хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлдөг. Монгол шиг залуухан ардчилалд төр, бизнесийнхэн холилдсон авлигаа зогсоож чадахгүй бол чөлөөт өрсөлдөөнийг бий болгох ч аргагүй гэдгийг хүн бүр анхаарах цаг иржээ.

Эрдэнэттэй холбоотой асуудал тийм ч амар намжихгүй нь тодорхой.

Ази Европын уулзалт Монгол улсад зохион байгуулагдлаа

Бичсэн: В.Ганзориг (Bat Solution Partners-ийн ТУЗ-ын дарга, нийтлэлч)

Миний хувьд 2016 оны онцлох үйл явдлаар Ази Европын Уулзалт буюу ASEM-ийг нэрлэнэ. Учир нь бид, монголчууд эзэнт гүрнээсээ хойш Евроазийн улс гүрнүүдийн тэргүүнүүдийг нэг дор төв Азийн цээжнээ дахин цуглуулж чадсан. Хэдий улс орон, дэлхий даяар эдийн засаг, санхүүгийн хямралтай байсан ч төр, олон нийт, иргэний ба бизнесийн байгууллагууд, сайн дурынхан бүгд өөр өөрсдийн боломжоороо оролцсон. Манай баг дотоод мэдээлэл түгээх хэсэгт нь албан ёсоор ажилласны хувьд өөрсдөдөө ч арвин туршлага хуримтлуулж чадсан. Үүний үр дүнд MICE (Meeting, Incentive, Convention, Exhibition) буюу ажил хэргийн аялал жуулчлал гэдэг ойлголт, концепцийг бид Монголдоо таниулж, АСЕМ-ийн дараа олон улсын байгууллагуудын зарим нэг арга хэмжээг ч гардан зохион байгуулж амжсан юм. Цаашид бид Монгол улсынхаа айдентити буюу ялгарал, ондоошлоо олон улсад хэрхэн гаргаж таниулах, сурталчлах ёстой талаар хийх ажил их байгааг ч мөн ойлгож авсан. Монгол улсын ондоошил дээр ажиллах нь манай багийн хамгийн том зорилго, бодитой амбиц төдийгүй нэр төрийн хэрэг, хувь хүн болон байгууллагын хувьд мэргэжлийн том сорилт болох болно.

Дэлхийн лидерүүд Улаанбаатарт цуглав.

Риогийн олимп олон талаараа онцгой байлаа

Бичсэн: Б.Батзаяа (МNB 3 сувгийн захирал, спортын тайлбарлагч)

Олимпийн наадам анх удаа Өмнөд Америк тивд болсон нь сонирхолтой байлаа. Том арга хэмжээ хүлээж авахуйц том бүс нутаг бий болж байгааг харуулж буй мэт. Түүнчлэн тогтмол медалийн тоогоор эхний гуравт бичигддэг Оросын шигшээ багийн хөнгөн атлетикчид допингийн асуудлаар оролцоогүй нь хамгийн том шуугиан байв. Гэвч ОХУ медалийн чанараар 4-т бичигдлээ. Оросын чөлөөт бөхийн тааруу амжилт, хөнгөн атлетикийн 5-7 медаль хасагдсан гэхэд том савны ёроол хоосонгүй гэдгийг харуулах мэт. Лондонгийн олимпоос хойш Их Британи онцгой сайжирсан. Оросыг тооцооноос хаслаа гэхэд БНХАУ-ыг ардаа орхино гэхэд чанар болон тоон үзүүлэлт гайхалтай өссөнийг харуулж байна. Олимпоос үлдсэн өөр нэг онцгой зүйл бол дэлхийн байгаль орчны талаар хүн бүр санаа зовох ёстой тулгарсан асуудал болсныг Бразилчууд онцолж чадсан. Олимп гэдэг том талбарын нээлтийн үеэр эерэг өөрчлөлтөд уриалж чадсанаар олон хүнд нэгийг бодогдуулсан. Леонардо Ди Каприо Оскар авчихаад дэлхийн дулаарлын талаар Оскарын тавцан ашиглаж ямар санаа хэлж байсантай адил юм. Хүн бүр эх дэлхийнхээ ирээдүйд санаа зовж, Оскар, Олимп гээд том арга хэмжээгээр дамжуулан бусдыгаа уриалах болсон нь сайшаалтай.

Манай улсын хувьд өөрсдийн болон гадныхны тооцоолж байснаас тааруу оролцсон. Бид одоо бодит байдлаа харах ёстой болов уу? Бид яг хаана байгаа юм бэ? Бид цаашдаа яах вэ? гэдэг асуултуудад бодит мэргэжлийн хариу өгөх ёстой. Хөгжье гэвэл бидэнд өөр сонголт алга. Бид үргэлж тооцоолж биш таамагласаар ирсэн. Гадны том тэмцээн, тамирчдыг маш сайн тооцоолдог залуус монголд бий. Харин дотоодын тамирчдаа бид сайн тооцоолох тал дээр дутмаг байна. Аль аль талдаа асуудал бий. Манайх шиг хүний нөөц багатай улс байгаа хэдхэн чадварлаг боловсон хүчнээ зөв ухаалаг ашиглахгүй бол дараагийн олимпоор энэ хэвээрээ л байх вий.

Монгол дасгалжуулагчдын тэмцэл энэ оны спортын ертөнцийн хамгийн дуулиант үйл явдлуудын нэг байлаа.

Түүхэн дэх хамгийн "санамсаргүй" ялалтын эзэн - Д.Трамп

Бичсэн: А.Ундрал (Unread, үүсгэн байгуулагчдын нэг)

Доналд Трампыг олон газраас оны шилдэг хүнээр тодруулж байгаа нь санаандгүй хэрэг биш. Үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан, реалити шоуны од мэтээр л төсөөлөгдөж байсан тэр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлахад олон хүн түүнийг шоолж, тоглоом тохуу хийж байсан нь гарцаагүй. Гэтэл тэр бүгдийг шоконд оруулж, гайхашруулж, алмайруулан, "сэтгэлээр унагасан" ялалтыг байгуулж, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдов. Хамгийн олон, хамгийн олон талт нэр дэвшигчид өрсөлдсөн Бүгд найрамдах намын сунгаанаас удаа дараа шуугиан дэгдээсээр ялахад нь хүртэл ихэнх хүмүүс түүнд "итгэхгүй" хэвээр л байсан. Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоныг "зөөлөн учраатай" таарсан, "ойлгомжтой ялалт байгуулах" нь гэж байсан хэвлэлийнхэн, мэргэжилтнүүд, шинжээчдийг тэр бүгдийг нь "далаар нь цэвэр тавив". Түүнд дуртай хүн тийм ч их биш байж болно, хэтрүүлж ярьдаг хэв маягийг нь үзэн яддаг хүмүүс бүр ч их байж болно, болчимгүй үйлдлүүд, бодлогогүй үгсийг хэлдэг байж болно, лав л түүнийг АНУ-ын ард түмэн ерөнхийлөгчөөрөө сонгож орхив. Америкчуудын энэ сонголт Европын холбооноос гарахаар шийдсэн Британичуудын шийдвэрээс дутахааргүй гэнэтийн байлаа. 2 сая хүний санал илүү авсан ч Хиллари Клинтон төлөөлөгчдийн саналаар ялагдал хүлээж, "цэнхэр мужууддаа" хүртэл ялагдал хүлээснээр Ардчилсан намыг цочоосон билээ. Бизнесийн сэтгэлгээгээр улс орныг удирдах арга барил, уламжлалт бус улс төрийн тоглолтууд нь түүнийг нэг бол маш сайн, үгүй бол хамгийн бүтэлгүй ерөнхийлөгчдийн нэг болгон түүхэнд үлдээх биз ээ. Тэр 1-р сарын 20-нд тангараг өргөнө.

Америкийг ахин агуу болгоно гэх уриатай Трамп чөлөөт ертөнцийн хамгийн хүчирхэг хүн боллоо.

Далай ламын "хамгийн сүүлчийн" айлчлал

Бичсэн: Б.Мөнхдөл (Cover Mongolia-ийн үүсгэн байгуулагч)

Миний хувьд энэ жил сонгуультай, АСЕМ-тай, олимптой, хямралтай жил байсан ч Далай ламын айлчлал болон түүний үр дагаварт бий болсон хачирхалтай гэмээр үйл явдлууд хамгийн их анхаарал татаж, бас толгой гашилгав. Нэг талаас нь харвал Нобелийн энх тайвны шагналт, дэлхийн Буддын шашны хамгийн том төлөөлөгч хүн засгийн газарт нь “мэдэгдэлгүйгээр”, “нууцаар” шахуу нэг улсад ороод ирж болдог юм байна гэмээр. Нөгөө талаас нь харвал манай засгийн газар айлчлалыг зохион байгуулаагүй юм аа гэхэд тодорхой зорилготойгоор айлчлалыг зөвшөөрсөн байж болох.

Эхний хувилбар бол “арай ч үгүй байлгүй дээ” гэж бодох. Харин сүүлийн хувилбар үнэнд илүү нийцэх болов уу. Тэгэхлээр яг ямар зорилгоор төр засаг маань Далай ламыг Хятадын “уурыг” баран байж Монголд айлчлуулав гэж асуух. Гадаад харилцааны сайдын “Энэ засгийн үед Далай ламыг Монголд дахин айлчлуулахгүй” гэх утгатай ярилцлагаас дүгнэхэд Хятад гэх Монгол Улсыг “тэжээгч”-ийн өмнө сөхөрч мөргөх эх орноо өрөвдөх шиг. Үүнийг илүү лавшруулж сэтгэвэл миний хамгийн хүсэж буй хувилбар бол: “ОУВС ямар хэрэгтэй юм бэ? Манайхаас л “үнэгүй мөнгө авчаач” гэх Хятадын ятгалгыг “түр” намжааж “станд бай”-д өөрсдийгөө орохоос өөр замгүй болгох зорилгоор Далай ламыг айлчлуулж, араас нь Хятадыг тайвшруулж “Хихи, ёстой уучлаарай ах аа, дахиж би тэгэхгүй ээ” гэчихсэн юм болов уу? Дараагийн Далай лам тодрохгүй болов уу гээд Дээрхийн гэгээнтэн маань хэлчихсэн байдаг, нас сүүдэр нь ч хэд хүрч байгаа билээ. Ингээд бодвол “хамгийн сүүлчийн” Далай ламыг Монгол Улсад “хамгийн сүүлчийн” удаа айлчлуулсан засаг төрдөө баярлалаа ч гэмээр.

Далай ламын айлчлалын шуугиан урьд өмнөхүүдээс ч илүү асуудал дагуулав.

Сошиал ертөнц дэх монголчууд

Бичсэн: Ж.Тэгшжаргал (Ub.Life сайтын ерөнхий эрхлэгч)

Бага дүүгийн маань үсэглэлийн баяр дээр “Ф” үсэг болсон сурагч “Фэйсбүүк гэхэд ордог Ф үсэг би байна...” хэмээн дуржигнуулсан тухай ээж, аав хоёр нь инээдэм болгож ярив. Орчуулан буулгахын хэрэггүйгээр монгол хэлэнд, монгол хүний сэтгэхүй болоод ахуй амьдралд шуудхан нэвтэрсэн энэхүү “Ф” үсгийн төлөөлөл надаас цаг, мөч, хорм бүрт юу бодож буйг минь шалгаана. What’s on your mind?

Фэйсбүүк бидэнд өнгөрсөн дурсамжийг маань санагдуулдаг “See your memories on Facebook “ цэстэй болов. За тэгвэл бодоод үзье, бид энэ жил ямар дурсамж бүтээв?

Фэйсбүүк дэх монголчууд сонгуулийг эргүүлэв. Улс төрчдийн сонгуулийн сурталчилгааны гол хэрэгсэл сонин, телевиз бус нийгмийн сүлжээ болсны хүчинд Марк Зукербергийн орлого зэгсэн нэмэгдсэн бол бид улстөрчид гэдэг ямархан хөгжилтэй, солиотой, галзуу, увайгүй, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс үл буцах хүмүүс гэдгийг олон нууц, зураг, бичлэг, дэлгэгдсэн бичиг баримтаас олж мэдэв.

Бид энэ зуур өөрсдөдөө тохиолдсон хөгжилтэй явдлаа хуваалцаж, эгэл хэрнээ эгэлгүй гавьяатай хүмүүсийн түүхийг мэдэж, Олон Улсын Олимпийн Хорооны фэйсбүүк хуудсыг сүйдлэхээ шахаж, Дэлхийн миссийн тэмцээнд гуравхан сая хүн амтай монгол бүсгүйг олон нийтийн санал асуулгад ялуулж, хэний ч нөлөөгүйгээр өөрсдийгөө сорьж, баахан challenge явуулан, утааны эсрэг, хүчирхийллийн эсрэг, түгжрэлийн эсрэг нэгдэн тэмцэв.

Монгол, монголчуудын амьдралын өчүүхэн жижгээс улс орны амин чухал бүхий л хэрэг, үйл явдал Фэйсбүүкийн “хаос шүүлт”-ийн гадна үлдсэнгүй. Гэхдээ эндээс шийдэлд хүрсэн нь хэр бол? Энд хэн ч хариулж чадахгүй. Учир нь фэйсбүүк зөвхөн нэг л асуулт асуудаг. What’s on your mind?

Монголын миссийн төлөө саналаа өгөх сошиал давлагаа энэ жилийн онцлох кампанит ажлуудын нэг гарцаагүй байлаа.

Утааны эсрэг ээж, аавууд анх удаа нэгдлээ

Ч.Болортуяа (Ikon.mn сайтын ерөнхий эрхлэгч)

80, 90-ээд оныхны ид өсөлтийн насанд чанартай барааны хомсдолтой байсан учраас энэ үеийнхнийг хүнсний дутагдлынхан гэх нь бий. Харин 2000 оноос хойш бараа, хүнсний хангамжийн хувьд сонголт ихтэй болсон ч тэд уушгины эмгэгтэй нэгэн үе бий болж байгааг мэргэлжилтнүүд хэлнэ. Агаарын бохирдол сүүлийн 10 гаруй жил хүний эрүүл мэндэд ямар хэмжээний ноцтой хохирол учруулж байгааг төр засгийн зүгээс ултай, суурьтай анхаардаггүй. Улаанбаатарын утааны хүний биед учруулж буй хор хохирлын талаар дорвитой шинжлэх ухааны үндэслэл ч үнэндээ алга.

НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг саяхан танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас ДОЛОО дахин их байна. Монголд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь хатгалгаа байгаа юм. Энэ нь өөрөө эх нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байна. Хатгалгаанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг бөгөөд уушги нь бохирдоход амархан байдаг юм байна.

Мөн насанд хүрээд архагшиж болох гурван төрлийн өвчин агаарын бохирдлоос үүсэж байгаа гэдгийг судалгааны тайлан харуулсан тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенес онцолсон юм. Хүүхэд багачуудаа агаарын бохирдолд өвчлүүлж, зарим тохиолдолд бүрмөсөн алдаж байсан монголчууд сая л нэг бие биенийхээ дэмжлэгтэйгээр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн тайван жагсаал хийхээр боллоо. Жагсаал 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд 12:00 цагт болно.

Нэгэн үе Азийн цэнхэр дагина гэгддэг байсан Улаанбаатарын иргэдийг "Утаанбаатарынхан" хэмээн дуудах нь тоглоом биш болжээ.

2016 оны шилдгүүдийг нэрлэх Unread Special цуврал контентууд дараах дарааллын дагуу танд хүрнэ.

12.25: Оны онцлох үйл явдлууд
12.26: Оны онцлох гарааны бизнесүүд
12.27: Оны онцлох аппликэйшнүүд
12.28: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох кинонууд
12.31: Оны онцлох номууд
01.01: 2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдохыг хүсч байна.