Гэрэл зургийг аппарат бус зурагчин авдаг гэсэн үг бий. Аппарат бол зөвхөн хэрэгсэл юм. Харин зураг авч буй хүн тухайн агшинд төрсөн мэдрэмж, өөрийн төсөөллөө буулгахын тулд аппарат хэрэгслээ бүрэн ашиглаж сурсан байх шаардлагатай. Гэрлийн тохиргоо, хөшигний хурд, ард талын bokeh буюу бүдгэрэлт хэр хэмжээнд байх гээд л энэ бүхэн цөөн хэдэн хоромд л шийдэгддэг. Энэ чадварыг суулгаагүй бол хичнээн үнэтэй аппарат байгаад ч сайн зураг гарахгүй. Хагас мэргэжлийн болон мэргэжлийн DSLR аппаратууд хэрэглэж сурахад харьцангуй хүндрэлтэй байдаг ч үндсэн хэдхэн ойлголтыг авчихад л хоорондоо бараг л ижилхэн гэхэд болно. Өнөөдөр аппаратаа бүрэн ашиглаж сурахад тань дөхөм болох үүднээс Photography Mapped хэмээх вэб түүлийг танилцуулж байна. 

Саймон Робертс хэмээх Лондонд суурьтай дизайнер, аниматор Photography Mapped-ийг өөрт тулгарсан асуудлаас сэдэл аван бүтээжээ. Гэрэл зураг авч сурахыг хүссэн ч нэг дороос, цэгцтэй, цомхон байдлаар үндсэн ойлголтуудаа авчих хуудас онлайн орчноос олдоогүй нь энэ вэб түүлийг бүтээх шалтгаан болсон байна. Өөрийнх нь хэлж буйгаар "Гэрэл зургийн номонд нэг бүтэн бүлэг болохуйц мэдээллийг би нэг хуудсанд багтаахыг хичээсэн" гэнэ. Номноос унших, эсвэл видео үзэх нь хангалттай мэдлэг, чадвар, дадлыг суулгаж чадахгүй байсны улмаас интерактив хэлбэрт оруулсан хөгжүүлсэн байна.

Уг вэб түүл нь 2 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт гэрэл зураг, зургийн аппаратын үндсэн ойлголтыг маш цэгцтэй ойлгомжтойгоор багтаасан инфографик байх аж (дээр харна уу). Бүр том хэвлэсэн хувилбарыг нь ч худалдан авах боломжтой юм байна. Харин интерактив хэсэг нь жинхэнэ гол ид шид нь гэхэд болно. Гэрлийн тохиргоо, өрцийн хэмжээ, хөшигний хурд, ISO буюу гэрэл мэдрэх чадвар зэргийг та өөрчлөн дэлгэц дээр байх хөдөлгөөнт нисдэг тэргийг зургийг авч харах нь маш онцгой. Ямар үед гэрэл цохиж байгаа, ямар үед бүхэлдээ фокустай гардаг, ямар үед ард тал нь бүдгэрдэг, ямар үед grainy буюу барзгар гардаг гээд л та яг камертай харьцаж байгаа мэт ашиглаж боломжтой. Ямар ч гэрэл зургийн аппаратанд энэ үндсэн 3 тохиргоо л хамгийн чухал байдаг билээ. Инфографикаас үндсэн ойлголтоо авч шууд практик дээр буулган турших нь гэрэл зураг сонирхогчдод асар их дэм болох нь дамжиггүй.

Та уг вэб түүлийг хэрэглээд үзээрэй. Photography Mapped-д зочлох.