Италийн нэрт хөлбөмбөгчин, "Маэстро", "Моцарт" хэмээн олноо алдаршсан Андрео Пирлогийн намтар ном өнгөрсөн долоо хоногт хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном нь Монголын спортын тэргүүлэх вэбсайт СиСпортс.мн үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарч байгаа бөгөөд сэтгүүлч Г.Баярсайхан орчуулсан юм. "Би сэтгэдэг учраас тоглодог" номоос та Андреа Пирлогийн 1990-ээд оны эхнээс 2014 он хүртэлх хөлбөмбөгчний баялаг замналын тухай буюу AC Милан, Ювентус, Интер Милан клубууд, Италийн үндэсний шигшээ багийн талаар сонирхолтой зүйлсийг унших болно. Өнөөдөр бид 2011 онд Ювентуст дасгалжуулагчаар ирээд 4 жил дараалан тус багийг Сери А-гийн аварга болгосон, өдгөө Челси клубийн дасгалжуулагчаар ажиллаж буй Антонио Контегийн тухай өгүүлсэн хэсгээс толилуулж байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Би карьерийнхаа турш олон дасгалжуулагчийн нүүр үзсэн. Гэхдээ Антонио Контегоос илүү бишрүүлсэн нь үгүй. Түүний удирдлага дор ажиллаж байсныгаа би хувь ерөөл гэж тооцдог юм. Энэ сэтгэгдэл Контегийн яриаг анх сонссон даруйд л надад хадагдах шиг болж билээ. Ганц би ч гэлтгүй Ювентусын бүрэлдэхүүн тэр чигээрээ Контегийн мэдлийн цоо шинэ ертөнцөд хөл тавьсан юм.
Цас мөсөөр хучигдсан уулсын дундах Бардонеккья бэлтгэлийн баазад ирсэн анхны өдрөө тэр бидэнд өөрийгөө хэрхэн танилцуулсныг нь огт мартдаггүй юм. Түүний үйлдэл болгоноос өөртөө итгэлтэй, хурц, шийдэмгий байдал нэвт шувт мэдрэгдэж байлаа. Тэгээд сэлэмний ир шиг хурц, хатуу үгсээрээ биднийг цавчиж эхлэх нь тэр.
“Залуусаа, та нар сүүлийн хоёр жил лигтээ долоод орсон. Энэ бол гутамшиг. Ичгүүр! Харин одоо Ювег шавар шалбаагнаас гаргах цаг нь болсон байна. Би та нарыг байх ёстой газарт чинь аваачна.
”Тавхан минутын дотор бүх эргэлзээ ариллаа. Хоёр зүйл бүр илт тодорхой байв. Энэ залуу зорьсондоо хүртлээ хэзээ ч зогсохгүй юм байна. Тэгээд хэний ч шүүсийг шахаж чадах хатуу гартай нөхөр байна. Италид ‘Aveva un diavolo per capello’ – “толгойтой үс шигээ чөтгөр” гэсэн хэлц бий. Түүний үс хиймэл байлаа ч чөтгөр нь 100 хувь жинхэнэ гэдэгт эргэлзэх шаардлага байсангүй.

“Энд байгаа хүн болгон сүүлийн хэдэн улиралд хангалтгүй байсан. Харин одоо хуучны хүчирхэг Ювентусыг буцааж авчрах цаг нь болж. Цагаан-хар хөлөг онгоц өнөөдрөөс миний мэдэлд шилжиж байна. Тэгэхээр нэн даруй хөлгөө эсрэг тийш нь эргүүл. Энэ бол хүсэлт биш тушаал!”Бидний анхны сэтгэгдэл зөрөөгүй. Конте хэрэгцээгүй үг амнаасаа унагадаггүй юм. Оюун санааны чинь хаалгыг цөм эвдэж ороод, ясанд чинь тултал шингэж, уусах тийм хүчтэй үгийг түүнээс сонсоно гэж мэд. Мань эрийн яриаг сонсож суухдаа "Конте, дахиад л голыг нь олоод хэлчихлээ" гэж хичнээн олон удаа дотроо зөвшөөж байсан тоогоо алдаж.
“Анхааралтай сонс залуусаа. Би дуусаагүй байна. Ювегийн түүхийг та нар мэднэ. Ямар агуу замнал туулсныг ч гадарлана. Бид клубыг тэр түвшинд нь буцааж аваачих ёстой. Энэ жил би топ гурваас өөр амжилт хүлээн зөвшөөрөхгүй!”

Мэдээж тэр улиралдаа бид Скудетто[1] өргөсөн. Өдөр болгон Контегийн үгээр ташуурдуулж байгаа хойно өөр яах ч билээ. Ювентусын сүр сүлд, хийморь түүний судсаар цустай нь хамт гүйж байх шиг хааяа надад санагддаг юм. Түүн шиг эрэмгий, шазруун, амбицтай хүнийг дагавал зөвхөн нэг л хаалгыг татна. Ялалт.
"Та нар над шиг ааг омогтой байх хэрэгтэй - Цэг"
Энэ бол Контегийн бидний тархинд суулгасан мессэж. Телеграмм шиг богинохон хэрнээ бүрэн итгэл төрүүлэхүйц ганцхан өгүүлбэр. Конте энэтхэгийн гуру, ид шидтэн биш. Гэхдээ л хүн болгоны амыг ангайлгаж, сэтгэлийг соронз адил татах үгсийг малгайн дороо хадгалж байдаг юм.
Хэлснийг нь дагахгүй бол хэн ч байсан сэлгээнд суулгаж л орхино. Ювегийн бүх үйл ажиллагаа зөвхөн Контегийн цагаар өрнөнө. Машинаа асуудалгүй ажиллуулахын тулд эрэг боолт бүрийг нэг бүрчлэн өнгөлж, зүлгэдэг механикчтай түүнийг адилтган зүйрлэж болно.
Жишээлбэл өмнөх тойрогт тактикийн ямар алдаа гаргасныг тэр бидэнд бичлэг үзүүлэн хэдэн цагаар ч хамаагүй дахин дахин тайлбарладаг байлаа.

[1] Ювентус 2011-2012 оны улиралд нэг ч ялагдалгүй, ойрын өрсөлдөгчөөсөө 4 онооны зөрүүтэй аваргалсан юм.

"Пирло бол чимээгүй лидер. Тэр хөлөөрөө ярьдаг юм." Марчело Липпи

"Ертөнцийн чигийг луужин заадаг бол
Тоглолтын чигийг Пирло заадаг юм." Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням

Товчхондоо Контеалдаа эндэгдлээс харшилтай нэгэн. (бүр зэвүүцдэг) Түүнийг нь эмчлэх ерөндөг хаана ч үгүй. Олдсон ч бүрэн эмчлэгдэхгүй бизээ. Туринаас 14 километрийн зайтай орших Виновод манай бэлтгэлийн бааз байрладаг юм. Даваагаас баасан гараг хүртэл бид энд өнжихдөө үл үзэгдэгч 11 хүний эсрэг тоглож ихэнхдээ хождог юм. Конте талбайн хажуу талаас цэнгэлдэхэд байгаа юм шиг орилж, нэг хөдөлгөөнийг 45 минут давтуулна. Тэгээд болж байна гэж үзвэл дараагийн нүүдэл рүү шилжих жишээтэй. Амралтын өдрөөр бидний хождог шалтгаан ердөө л энэ. Конте үйлдэл болгоноо нэгд нэгэнгүй нарийн төлөвлөж, цагийн механизм шиг яг таг ажилладаг юм. Ариго Сакки ч ийм нямбай байгаагүй байх.

Түүний тактик, тооцооллын ухаанаас сурах юм бусад дасгалжуулагчдад чамгүй их бий. Би хүртэл түүнийг ийм дайчин, зүтгэлтэй, байлдан дагуулагч гэж төсөөлөөгүй юмдаг. Гэхдээ тоглолтын завсарлагаанаар бол түүнээс зайгаа барьсан нь дээр. Хожиж байсан ч гэсэн Конте хувцас солих өрөөнд дуу нь хадаад л ороод ирнэ. Тэгээд гартаа таарсан юмаа хана рүү савах агаад тэр нь ихэнхдээ дүүрэн устай хуванцар сав байж таардаг юм. Хийжүүлсэн хүйтэн ус. Цөмөг царцам хүйтэн.
Жанлуйжи Буффон яг хаалганы өөдөөс харж суудаг учраас Контегийн саванд цохиулах нь элбэг. Би ч гэсэн. Хэрэв цаг хугацааг ухраадагсан бол би Буффоноос холхон сандал сонгох байлаа. Учир нь тэр бол Турин дахь хамгийн аюултай цэг. Конте 100 хувь сэтгэл хангалуун байна гэж хэзээ ч үгүй. Санаанд нь нийцэхгүй ямар нэг юм заавал гарч ирнэ.Тэгээд л аадарч эхэлнэ дээ. Миланы талбайд зочилсон нэг тоглолтын дундуур бүр галзууртлаа омогдож байлаа. Бид 1 : 0-ээр хожигдож явсан юм.
“Арай ч дээ Миланд шүү. Цаадуул чинь тэгтлээ илүүрхээд байгаа юм алга. Гэтэл яагаад та нар гоолхийж чадахгүй байна.”

Харин тоглолтын дараа бол мань эр зүгээр л алга болчихно. Эсвэл ганц хоёрхон үг солих төдийгөөс хэтрэхгүй. Гэхдээ зөвхөн хожсон тохиолдолд. Конте ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан нэгэн. Тэр чинээгээрээ таашаал, мэдрэмж авдаг хэдий ч дэндүү их ачааллаас болж нойр нь хулждаг зовлонтой.Бүр хэдэн төрлийн нойрны эм давхарлаж уудгийг нь би мэднэ. Тэгсэн хэрнээ дугхийж чадахгүй шөнөжин эргэж хөрвөж хононо. Тоглогч байхын л тийм байсан гэдэг.

Өдөр болсон үйл явдлыг тэрээр толгойдоо нэг бүрчлэн сэргээж, дүн шинжилгээ хийх агаад эхлэл төгсгөл нь ялгагдахгүй нэг дууг дахин дахин тоглуулж, хойш урагш нь гүйлгэж байгаа мэт тарчилдаг тухайгаа надад цухуйлгаж байсан юм.

Ажлын хариуцлагаас гадна хайртай багаа гэсэн сэтгэл нь ингэтлээ улайрах үндэс болдог байсан биз. Талбайн захаас тэр бидэн лүү хөгжөөн дэмжигч, дасгалжуулагчийн аль алиных нь хувиар орилдог байсан юм.


Өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан Италийн алдарт хөлбөмбөгчин Андреа Пирлогийн намтар "Би сэтгэдэг учраас тоглодог" номын 47-р талаас...

Та бүхэн энэ номыг C1 телевизийн байр, Peace Mall-ийн 6 давхар дахь Jersey Zone дэлгүүр, IT Park-ийн 203 тоот өрөө зэрэг байршлуудаас худалдан авах боломжтой.