Таныг 10-р сард унших номоо сонгоход туслахаар бид ээлжит нийтлэлээ хүргэж байна. Бид энэ удаа ном их уншдаг, унших уншихдаа Goodreads сайтыг тун идэвхтэй ашиглаж, уншсан болон унших номуудаа тэмдэглэж, үнэлгээ өгдөг залуусаас дараах хоёр асуултыг асуулаа.

1. Та яг одоо ямар ном уншиж байна вэ?
2. Уншигчдад маань 10-р сард ямар ном уншихыг зөвлөх вэ?

Saikhnaa Ch

Байршил: Монгол
Goodreads: Saikhnaa Ch, www.saixan.blogspot.com

1. Би уйдамтгай, ном голомтгой. Нэг ном таалагдахгүй байх юм уу явахгүй бол дуусгах гэж хичээхээ больсон. Шууд л өөр ном эхэлнэ. Энэ маягаар нэг дор олон төрөл жанрын ном уншдаг зуршилтай. Одоо уншиж буй номууд гэвэл:

"Marriage Plot" - Олон газраас шилдэг номоор шалгарсан, шилдэг номын жагсаалтад нэлээд удаан харагдсан ном. Уншъя даа гээд аваад хадгалчихсан байж байгаад саяхан эхэлсэн. Үйл явдал нь 70-аад онд өрнөдөг, гурван оюутны тухай гарна. Зохиолч нь бас л Пулитцерын шагнал авч байсан зохиолч. Ер нь Пулитцерын шагнал авсан зохиолууд цаанаа л ондоо шүү.

Science: A History - Хүн төрөлхтөний түүхэн дэх онцгой нээлтүүдийг хийсэн эрдэмтдийн тухайн үеийн ахуй байдал, хувийн амьдралтай холбон бичсэн, маш сонирхолтой ном. Олон алдартай эрдэмтний намтрыг нэг дор уншиж байгаа гэсэн үг.

Quiet: The Power of Introverts - Дуугүй байна гэдэг тэнэг гэсэн үг биш ээ. Хүний экстроверт чадвараар нь дүгнэдэг болсон одоогийн нийгэмд интроверт зан чанартай хүнийг өөр өнцгөөс харсан ном. Өөрийгөө интроверт гэж бодож дотроо чимээгүйхэн зэмлэж явдаг бол энэ номыг уншаад үзээрэй гэж зөвлөх байна.

The Economic Book - За энийг эдийн засгийн энгийн ойлголтуудыг мэдэж авч мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор хааяа хардаг. Товчхон, зураг хөрөг ихтэй, ер нь уйдаж амжихааргүй ном.

2. Чойбалсан - Түүхэн хүмүүсийн тухай унших дуртай. Ойрын үед цаасаар унших ганц ном. Баабарын бичсэн хувилбар.

The Sympathizer –Ном ихэвчлэн англи хэл дээр kindle дээр уншдаг болохоор өөр өөр орны тухайн ном уншихыг хичээх болсон. Энэ ном Пулитцерын шагнал авсан, америкийн вьетнам зохиолчийн дайны үеийн Сайгоны тухай зохиол. Миний хувьд уран зохиол нь дэлхийн түүхийг, улс орнуудыг, тэндхийн зан заншлын тухай мэдэх илүү зугаатай арга гэж боддог.

The Little Sisters of Eluria - Dark Tower гээд Стэпэн Кингийн алдартай 7 цуврал ном байдаг. 2005 оноос цувруулан уншиж байж саяхан үндсэн 7 цувралыг дуусгасан. Энэ ном үндсэн цувралаас гадуур, цаг хугацааны хувьд эхний номоос өмнө үйл явдал нь өрнөнө. Үйл явдлын тухайд олон параллель ертөнцөд өрнөдөг, ид шид, бодит байдал гээд юм юм холилдсон ном. Одоо кино нь хийгдэж эхэлж байгаа. "Бөгжний эзэн"-ий арай ширүүн, будлиантай триллер хувилбар гээд л бодчих.

ALIGERMAA TSE

Байршил: Тайвань
Ажил: Тайпейн Үндэсний Их Сургуулийн магистрант
Goodreads: Aligermaa Tse

1. Одоогоор "The Power of Habit" номыг бичсэн Charles Duhigg-ийн "Smarter Faster Better: The Secrets of Being Productive in Life" гэх номын уншиж байна. Илүү их хөдөлмөрлөхийн оронд илүү ухаалаг, бүтээмжтэй ажиллах нь чухал болсон өнөө үед энэ ном хэрхэн үр өгөөжтэй, цаг хэмнэсэн дадлыг өөртөө бий болгоход тусална. Мөн тархиа амраах зорилгоор хурц хошигнолоор дүүрэн Жером К. Жеромийн “Гурвуулаа нэг завиар” номыг уншиж байна.

2. Танд Jonathan Haidt-ийн "The righteous mind: Why good people are divided by politics and religion" номыг дараах учир шалтгаанаар санал болгож байгаа юм. Юуны өмнө, өнөөгийн дэлхий ертөнцийг урьд өмнө байгаагүй тал хуваагдал нөмөрч байгааг бид харж байна. Бүс нутгийн хуваагдал, үндэстнүүдийн мөргөлдөөнөөс эхлээд нутгархал, намчирхал, хөршүүдийн талцал болон үргэлжилж байгаа энэ үзэгдэл монголчуудыг ч тойрсонгүй. Яагаад бид шашин шүтлэг, яс үндэс, улс төрин үзэл баримтлалаасаа болж ийнхүү хагаралдан хуваагддаг вэ? Jonathan Haidt энэ асуултын хариуг эрсэн юм. Даяаршсан шинжтэй дэлхийн түгээмэл байдалтай энэ үзэгдлийн сурвалж нь яван явсаар хувь хүний хандлага дээр хүрч ирдэг. Нэгэнт зөрчилдөөнтэй санаа оноог хүндлэх, ойлгохыг оролдох нь угаасаа амаргүй. Харин байр сууриа (шашин шүтлэг, үндэстний онцлог, улс төрийн чиг баримжаа гэх мэт) зөвтгөхийн өмнө санаа зөрөлдөж байгаа тэр зүйлээ зөв тодорхойлохоос ойлголцол эхэлнэ гэж үзжээ. Энэ утгаараа өнөөгийн уншигчид хамгийн тулгамдсан асуудлаа зөв өнцгөөс харахад энэ ном тус болно гэж үзэж байна.

DULGUUN

Байршил: АНУ, Бостон
Ажил: Харвардын Их Сургуулийн магистрант
Goodreads: Dulguun, www.booksdb.blogspot.com

1. Монгол улс хэрхэн хурдтай хөгжих вэ? Миний бие 2004 онд их сургуульд орсон цагаас хойш энэ асуултад хариулахын тулд их олон ном сөхлөө. Одоогоор Фрэнсис Фукуямагийн “Улс төрийн тогтолцооны ялзрал” номыг уншиж байна. Энэ бол хоёр цуврал номын сүүлийн боть. Өнөөдөр Монголын улс төрд болж буй үзэгдэл зөвхөн манайд л гагцүү болоод, улс төрийн намууд фракц болон хуваагдаж, 12-р зууны овог аймгууд адил бүлэглэн нэгдээд байгаа зүйл биш юм гэдгийг эндээс харж болох вий. Уг номд бидэнд тулгарч байгаа асуудал өмнө хаа нэгтээ тохиолдож байсныг өгүүлэхээс гадна улс үндэстний өмнөх тогтолцоо тухайн оронд хэрхэн нөлөөлж, улмаар хөгжлийг яаж тодорхойлоход нөлөөлж буйг логикийн хувьд энгийн, дарааллын хувьд ойлгомжтой, жишээ сурвалжаар баяжуулж бичжээ. Өнөөдөр Харвардын Их Сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн профессор маань Монгол улсын засаглалыг хурдацтай муудаж байгаа хэмээн тэмдэглэж байгааг харахад сэтгэл өвдөнө. Тэгвэл энэ засаглалын хямрал, засаглалаас улбаатай эдийн засгийн хямрал, эдийн засгаас хамааралтай сэтгэл зүй, хүсэл мөрөөдлийн хямралаас гарах бодит шийдлийг хайж буй хэнд ч сургамжтай ном юм болов уу хэмээн мөхөс би бодно. Непко хэвлэлийн газраас энэ хоёр ботийг монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан учир хэн хүнгүй унших боломжтой.

2. Хэрвээ үүнийг уншчихвал Дарон Ажемоглу, Жэймс Робинсоны “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан” хэмээх баруунд бестселлер болсон номыг зайлшгүй харах хэрэгтэй. Эндээс “улс үндэстэн хэрхэн хурдтай хөгжих вэ” гэх асуултад хариулт олж авахгүй ч гэсэн “чухамхүү яавал хурдтай доройтдог вэ” гэдэгт товч тодорхой хариулт авна. Та яагаад анхны цастай зэрэгцээд өвөл болгон утаанд утуулж, зун бүр уртын харайлтаар хичээллэж, замын түгжээнд бухимдаж суугаагийн далд шалтгааныг эндээс бага ч атугай нээн илрүүлэх буй за.

ANUDARI

Байршил: Хонг Конг
Ажил: Zodiac Northwest Aerospace Technologies-ийн төслийн менежер
Goodreads: Anudari

1. Survival in the Killing Fields - Хэдэн долоо хоногийн өмнө Камбож улсаар аялаад ирэхдээ авсан ном. Зохиолч нь 1975-1979 оны Кхмер Ружийн дэглэмээс амьд үлдэж чадсан хүн. Камбож улс 12-13 дугаар зуунд сүм хийд, барилгуудыг олноор нь босгож чадсан ухаантай хүмүүс боловч Вьетнамын дайны үеэр барууны оролцоотойгоор Пол Потын дэглэмд унасан. Энэ үеэр Азийн Holocaust болсон гэж хэлж болно. Ойролцоогоор 4 сая хүн өвчин, өлсгөлөн, хоморгон устгалд өртөж амиа алдсан. Заримдаа Хайнг Нгорын бичсэн тамлалтын тухай уншиж чадахгүй номоо доош тавих үе бий. Дэлхийд энэ түүх битгий дахин давтагдаасай гэж бодовч олон дайн үймээн болсоор л байна. Хүн төрөлхтөн урагшилж чадах уу гэж бодогдуулмаар.

2. What Uncle Sam Really Wants - Энэ ном миний одоо уншиж буй дээрх номтой бага зэрэг холбоотой. Алдарт хэл судлаач Ноам Чомски нь барууны хүчит гүрнүүдийг, тэр дундаа өөрийн эх орон болон АНУ-ыг шүүмжлэн бичдэгээрээ алдартай. Богино хэдий ч энэ номыг уншаад аль ч улсын засгийн газар улс төрийн бодлого гаргахдаа ямар ашиг хожоо хөөж байгааг, түүнийгээ олон нийтэд үнэнээр нь хэлж байна уу, олон нийт түүнийг зэрэгцүүлэн бодож байна уу гэж өөрөөсөө асуух чадвартай болно.

Хайнг Нгор "The Killing Fields" киноны зураг авалтын үеэр. Тэрээр энэ дүрээрээ Оскарын туслах дүрийн шагналыг хүртжээ.

DENAR

Байршил: Канад
Ажил: Коbo Inc. компанид маркетингийн зөвлөх
Goodreads: Denar

1. Би одоогоор Монголын уншигчдад өндрөөр үнэлэгдэж буй Батрэгзэдмаагийн "Очир эрхшээгч" романыг уншиж байна. Барууны хүний нүдээр харж бичсэн нь ихээр сонирхол татаж байна.

2. Пулитцерын шагналыг 2015 онд хүртсэн, Элизабет Колбертын "6 дахь мөхөл" гэсэн номыг танилцуулж байна. Түүхэнд хэд хэдэн удаа томхон мөхөл байсан гэх онол хэрхэн үүссэнийг тайлбарлангаа зохиогч дэлхийг тойрон аялж, одоо өрнөж буй амьтдын мөxлийн тод жишээнүүдийг харуулна. Нэг бүлэг нь 30-40 хуудаснаас бүрдсэн нь уншихад их амар. Хүн төрөлхтөн байгальд хэрхэн нөлөө үзүүлж байгааг сонирхсон хүмүүст заавал уншаарай гэж зөвлөе.