Зуны олимпийн наадам Рио де Жанейро хотноо эхэллээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны олимпийн 31-р наадам Бразил улсын Рио де Жанейро хотноо нээлтээ хийлээ. Нийт 17 өдрийн турш спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө 205 улсын 10 мянга гаруй тамирчид өрсөлдөх болно. Манай улсын хувьд түүхэн дэх хамгийн том буюу 43 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Риод ирсэн бөгөөд буудлага, байт харваа, жүдогийн баг тамирчид тэмцээнээ эхлүүлээд байна. Хүлээлт өндөртэй ч эргэлзээ түүнээс дутахааргүй төрүүлж байсан нээлтийн ажиллагаа төсөв багатай, цомхон явагдсан ч гэрлийн үзүүлбэр, хөгжмийн тоглолтуудаараа мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан. Гэхдээ төр засгийнхаа үргүй зардал, ашиггүй бодлогод дургүйцсэн олон нийтийн эсэргүүцэл өндөр хэвээр, Риогийн өнцөг булан бүрт эсэргүүцийн цуглаан, жагсаалууд явагдсаар байгааг сануулъя. Олимпийн наадмын галт бамбарыг 2004 оны Афины олимпийн марафоны төрлийн "албан бус" аварга, хүрэл медальт Вандерлей Лима асаасан нь олон хүний таамгаас зөрсөн ч бамбар асах үйл явц, үзэсгэлэнтэй харагдац нь олныг гайхшруулж чадлаа. Урт бууны 10 м-ийн зайгаас эхний аварга төрж, АНУ-ын 19 настай залуу тамирчин В.Трашер Риогийн эхний алтыг эх орондоо авчирчээ.

Unread: Рио 2016-аас хариулт хүлээж буй 5 асуулт
Olympic.mn: Эхний өдөр жүдочид одгүй байлаа

Даншиг наадам явагдаж байна

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ Улаанбаатар хотын даншиг наадам зохион байгуулагдаж байна. Хүй долоон худагт энэ амралтын өдрүүдэд явагдаж байгаа даншиг наадмын хүрээнд Чингисийн талбайд 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурснаас гадна дэлхийд анх удаа 350 уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд толилуулсан юм. Мөн Хүрээ жахар цам, хүчит бөхийн барилдаан, аялал жуулчлалын үзэсгэлэн, хурдан морьдын уралдаан, Өндөр гэгээн болоод соёмбот туг залах ёслол, лам нарын тэмцээн гээд уламжлал соёлоо хадгалсан олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдаж байна.

Ikon: 350 нугараач "Уул усны домог"-ийг хүүрнэлээ
Ulaanbaatar.mn: Даншиг наадмын хөтөлбөр

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногийн технологийн ертөнцийн хамгийн онцлох мэдээ нь Фэйсбүүк болон Инстаграм сошиал ертөнцөд ид хүчээ авч буй Snapchat-ийн онцлох нэмэлтүүдийг "хуулбарласан" нь байлаа. Инстаграм Snapchat-ийн хамгийн их хэрэглэгчтэй нэмэлт Stories-ийг нэвтрүүлснээр хараахан Snapchat-д нэгдээгүй байгаа өөрсдийн хэрэглэгчдээ хадгалж үлдэж чадна гэж найдаж байгаа гэнэ. Инстаграмын CEO Кевин Систром ч "Snapchat-д талархаж байгаагаа илэрхийлж, хэрэглэгчдийнхээ төлөө хуулбарласнаа" хүлээн зөвшөөрсөн юм. Харин тэдний толгой компани Фэйсбүүк олимпийн наадамд зориулан хэрэглэгчдэд олимптой холбоотой филтер ашиглах боломжийг олгосон нь ч Snapchat-ийг хуулсан хэрэг болсон юм. Силикон Валлигийн хамгийн "шуугиант" стартап Теранос хэдийгээр асуудал ихтэй байгаа ч Зика-илрүүлэгч төхөөрөмжөө танилцууллаа. Тэд энэ бүтээгдэхүүнээрээ олон нийтийн итгэлийг эргүүлэн авахаар тэмүүлж байгаа нь гарцаагүй. Yahoo-г өнгөрсөн долоо хоногт худалдан авсан Verizon IoT, телематикийн бизнес дэх байр сууриа улам өргөжүүлж, Дублинд төвтэй Fleetmatics-ийг 2,4 тэрбум доллараар худалдан авлаа. Харин Apple автоматжуулалт, machine learning-ийн стартап Turi-г 200 саяар худалдаж авч байгаагаа зарлажээ.

Techcrunch: Инстаграмын CEO Stories-ийн талаар юу ярив?
GeekWire: Apple яагаад Turi-г худалдаж авав?

Uber Азийн зах зээлд бүтэлгүйтсэн хэвээр

Хятадын зах зээлийг эзлэх гэсэн Uber-ийн санаархал бүтэлгүйтэж, өөрсдийн гол өрсөлдөгч, Apple-ийн хөрөнгө оруулсан нутгийн стартап Didi Chuxing-тэй нэгдэж байгаагаа зарлалаа. Долоо хоногт 40 сая дуудлагын хүргэлт хийж, 15 сая жолоочийн бүртгэлтэй, 28 тэрбумаар үнэлэгдэж буй Didi Uber-ийн хятад дахь бизнесийг бүгдийг нь худалдаж авч байгаа ч брэндийн хувьд тусдаа үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрөх бололтой. Uber China-ийн хөрөнгө оруулагчид шинээр бий болж байгаа хуулийн этгээдийн 5 хүртэлх хувийг эзэмших бололтой. АНУ болон Европын зах зээлд давамгай тоглогч болсон Uber азийн зах зээлд ихээхэн хязгаарлалтууд, хүчтэй өрсөлдөгчидтэй нүүр тулсаар байгаа. Зүүн Өмнөд Азийн зах зээлд тэдний гол өрсөлдөгч Grab-аас гадна шинэ тоглогч гарч ирсэн нь өнгөрсөн долоо хоногт 550 сая долларын хөрөнгө оруулалт босгосон Go-Jek болоод байна. Мотоциклийн дуудлагын үйлчилгээгээрээ ялгардаг Индонез стартап одоогоор 20 сая хэрэглэгч, 200 мянган жолоочтой болсон бөгөөд Uber-тэй зүүн өмнөд азийн зах зээлд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

Business Insider: Uber яагаад хятадын зах зээлд бүтэлгүйтсэн бэ?
e27: Uber Зүүн өмнөд азийн зах зээлд "амьд үлдэж" чадах уу?

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Харри Поттер болон түүний шидтэний ертөнц эргэн ирлээ. Цувралын 8 дахь болон сүүлчийнх гэгдэж буй Harry Potter and the Cursed Child өнгөрсөн долоо хоногт Америк болон Канадад нээлтээ хийж, эхний 2 өдөртөө л 2 сая хувь борлуулагдсан байна. Театрын жүжиг хэлбэрээр анхлан бичигдсэн энэ зохиолд Харри Поттер ба түүний нөхдийн адал явдал дууссанаас 20 жилийн дараах үйл явдал өрнөдөг гэнэ. Game of Thrones " дөнгөж" 8 улиралтайгаар дуусна гэдэг нь тодорхой болсон ч түүнийг бүтээгч Жорж Мартины фенүүдэд сайхан мэдээ гарлаа. Энэ бол харийнханы дайралтын дараах "өөр" дэлхийн тухай өгүүлэх Wild Cards зохиол нь телевизийн бүтээл болох гэж байгаа нь юм. Энэ долоо хоногт DC-ийн ертөнцийн "эсрэг дүрүүд"-ийн нэгдлийн тухай өгүүлэх Suicide Squad нээлтээ хийсэн нь киноны хорхойтнуудын хувьд хамгийн сэтгэл хөдөлгөсөн мэдээ байлаа. Гэсэн ч киноны мэргэжилтнүүд, экспертүүдийн үнэлгээ, дүгнэлт тийм ч сайн биш байгаа бололтой. Гэхдээ энэ нь тэдний бокс оффисийн амжилтанд саад болж чадсангүй, дор хаяж 145 сая долларын орлого цуглуулан, энэ жилийн хамгийн өндөр орлоготой киноны нэг болох төлөвтэй байна.

The Verge: Harry Potter and the Cursed Child-ийн тойм
Vox: Suicide Squads-ийг ийм муу болно гэж хэн ч бодоогүй