Өнөөдрийн нийтлэлээ гарааны бизнесээ эхлүүлэхээр зэхэж буй, дөнгөж эхлүүлчихээд урагш зүтгэж буй залуустаа зориулж байна. Эхлэлийн шатанд гардаг олон олон асуудлыг онлайн орчинд, технологийн шийдлийн тусламжтайгаар шийдэх боломжтой бөгөөд бидний санал болгож буй вэбүүдийг ашиглан хөрөнгө мөнгө, цаг зав, хөлс хүчээ хэмнээрэй. 

Naminum

Гарааны бизнесээ эхлүүлэхээр шийдэж, сонирхолтой гоё санаа олсны дараагаар тулгардаг хамгийн эхний асуудал бол тохирох нэрийг олох байдаг. Энэ үйл явц заримдаа хэдэн сараар үргэлжилж, бүр үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа хүртэл өөрчлөгдөж, эцсийн хувилбар дээрээ тогтох нь бий. Тэгвэл энэ явцыг хөнгөвчилж, танд олон гайхалтай нэрний санааг нэр дор өгч чадах сайт бол NAMINUM юм. Та түлхүүр үгээ оруулан, тэдгээр үгсээр эхэлсэн юм уу төгссөн хэдэн мянган сонголтоос шүүж болно. Үүгээр ч зогсохгүй тэд таны сонирхож буй үг орсон домайнуудыг авах боломжтой эсэхийг харуулна. Эртний Грекийн бурхдын болон одон оронтой холбоотой нэрсийн жагсаалт нь санаа авахад их зүгээр шүү.

ЗОЧЛОХ: Naminum.com

Logaster

Нэрээ олчихсон уу? Тэгвэл дараагийн асуудал бол лого зохиох. Бизнесийн санааг тань бүрэн илтгэх, хэрэглэгчдэд хоногшиж чадах, цэвэрхэн бөгөөд утга учиртай логотой байхыг хүн бүр л хүснэ. Тэгвэл энэ асуудлыг шийдэж өгөхөд хэрэг болох вэбсайт бол LOGASTER юм. Та ердөө сонгосон нэрээ оруулж, үйл ажиллагааныхаа чиглэлийг тохируулахад л санаа сэдэл өгөх хэдэн зуун логоны хувилбарыг санал болгоно. Эндээс санаа авч шууд ашиглах, багахан өөрчлөлт хийж янзлаад авах нь таны сонголт. Багахан төлбөр төлөөд нэрийн хуудас, албан бичиг дээр хэрэглэгдэх иж бүрэн брэндингийн багцыг ч авах боломжтой. Логогоо "ок" гэж үзвэл чанартайг нь татаж авч, хэрэглэж болно. Гэхдээ мэдээж боломж нь байвал мэргэжлийн хүмүүсээр брэндингээ хийлгэх нь дээр байдгийг мартаж болохгүй. Гаргах гэсэн санаагаа хамтрагчдаа ойлгуулж, дүрслэлээр харуулахад энэ вэб хэрэг болно.

ЗОЧЛОХ: Logaster.com

Canva

Нэрээ олчихсон, логогоо гаргачихсан бол дараагийн ажил нь өөрийн бизнесийг товчоор илэрхийлсэн зурагт хуудас хийх явдал. Хамтрагчдадаа, хөрөнгө оруулагчдадаа, хэрэглэгчдэдээ гээд төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох зурагт хуудсыг хийх хамгийн шилдэг хэрэгсэл бол CANVA. Бидний өмнө дэлгэрэнгүйгээр танилцуулж байсанчлан Canva-г ашиглан та өөрөө өөртөө дизайнер болж, тун хялбар хэрэгслүүдийг ашиглан аятайхан зурагт хуудас, танилцуулгуудыг хийчихэж болно. Бүр фэйсбүүкийн ковер зураг, идэвхжүүлэлтэнд ашиглах хуудсууд ч гаргаж болно. Canva-г төгс эзэмшээд сурчихсан байхад таны загвар хэнд ч гологдохгүй байх шүү.

Зочлох: Canva.com
Дэлгэрэнгүйг: Canva - Та өөрөө дизайнер

Strkingly & Themeforest

Хэрвээ бага төсөвтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бол вэбсайтынхаа эхний хувилбарыг өөрөө хийж таарах байх. Үнэгүй, хялбархан вэбтэй болох олон боломж бий ч бид энэ удаад Strikingly-г санал болгож байна. Тун давгүй дизайны сонголтуудтай, урьдчилан бэлтгэсэн загварууд нь ч сонголт арвин, өөрийн хүслээр байрыг нь сольж, өөрт тохирохоор өөрчилж болдог. Нэмэлт төлбөрүүд төлөөд домэйнээ холбох, шинэ нэмэлтүүд авах зэрэг сонголттой. Нэг ёсондоо цагийн дотор л интернэтэд хялбархан гэгч нь өөрийн "гэр"-тэй болчихно гэсэн үг. Хэрвээ сонголтууд нь багадаж, арай залхуутай байвал Themeforest-ийг сонирхож, 2 доллараас эхлэх төрөл бүрийн зориулалттай бэлэн темплэйтүүдээс авч болно. Гэхдээ яг тийм дизайнтай сайтууд энд тэнд тааралдах болно гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас дараа нь боломжтой болмогцоо мэргэжлийн компанид хандаж, өөрийн гэсэн вэбсайтыг хийлгэх нь зөв шийдэл.

Зочлох: Strikingly.com
Зочлох: Themeforest.net

Dropbox & Slack

Эдгээр 2 аппийг хэрэглэдэг хүмүүс их учир уйтгартай сонголт байж магадгүй. Гэвч бизнесийн үйл ажиллагаагаа төлөвлөх, багийн харилцааг хадгалах, бичиг баримтуудаа цэгцлэхэд эдгээрээс илүү сонголт гэж үгүй. Имэйлээр юм уу фэйсбүүкээр хамаг зураг хөрөг, бичиг баримтуудаа "шидэх" нь огтхон ч ухаалаг сонголт биш. Dropbox-ийг ашиглан өөрийн файлуудыг нэг дор хадгалж, түүнийгээ хамтрагчид, ажилчидтайгаа хуваалцаарай. Slack бол үйл ажиллагаагаа удирдах, хянах, мэдээллийн урсгалыг нээлттэй байлгахад туслах хамгийн шилдэг хэрэгсэл. Бидний бичсэн дэлгэрэнгүй нийтлэлийг уншиж өнөөдрөөс хэрэглэж эхлээрэй.

Зочлох: Dropbox.com
Зочлох: Slack.com
Дэлгэрэнгүйг: Slack: Багийн тоглолтоо сайжруул

Бонус: Splashbase & Invoicely

Splashbase бол зохиогчийн эрхтэйгээр ашиглаж болох хэдэн мянган зураг бүхий асар том сан. Сошиал медиад оруулах постууд, хийх гэж буй зурагт хуудсуудад тань үргэлж л чанартай зургууд хэрэг болдог биз дээ? Тэгвэл Splashbase рүү зочлоод үзээрэй.

Invoicely бол тун хялбархнаар төлбөрийн баримт үүсгэдэг сайт. Та урьдчилан бэлтгэсэн темплэйтүүдийг шууд ашиглах, эсвэл санаа аван засах, хадгалж авах, шууд илгээх боломжтой. Хэрвээ таны бизнес амжилттай үргэлжилбэл энэ вэб рүү зочлох хэрэг олон гарах нь гарцаагүй.