Д.Трамп Бүгд найрамдах намыг төлөөлж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө!

Өнгөрсөн долоо хоногт Индианад болсон бүгд найрамдах намын сунгаанд илт давуу ялалт байгуулснаараа тэрбумтан Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ "бараг" халааслачихаад байна. Индианад түүнийг зайлшгүй зогсоох даалгавартай өрсөлдсөн Тед Круз 37 хувийн санал авч, Трампаас 16 хувийн саналаар ялагдсныхаа дараахан сунгааг орхиж байгаагаа зарласан юм. Энэ ялалтаас хойш 24 цаг ч өнгөрөөгүй байхад Трамптай үлдсэн цорын ганц нэр дэвшигч Охайгийн захирагч Жон Кэйсик ч мөн адил бууж өгснөө илэрхийлэн, кампанит ажлаа зогсоожээ. Ингэснээр 28 мужид ялалт байгуулж, 1014 төлөөлөгчийн саналыг цуглуулаад байгаа Трамп 17 нэр дэвшигчтэй эхлэсэн бүгд найрамдах намын сунгаанд ганцаараа тунаж үлдлээ. 7-р сард Кливлендэд болох намын хурлаар түүнийг батламжлах учиртай. Гэхдээ ардчилсан намаас дэвших эрхээ авах нь цаг хугацааны асуудал л болоод буй Х.Клинтонтой түүний хэрхэн өрсөлдөх нь эргэлзээтэй хэвээр буй. Хамгийн чухал нь намын удирдлага болон нөлөөтэй лидерүүд өөрийн дэвшигчээ дэмжиж ажиллах нь бүр ч тодорхойгүй хэвээр л байна.


NewYorker: Круз болон нам яагаад Трампад ялагдсан бэ?
Politico: Трамп цагаан ордныг эзэгнэх 12 шинж

Лондон хотыг анх удаа муслим шашинтан удирдах боллоо

Дэлхийн эдийн засаг, соёл урлагийн төвүүдийн нэг Лондон хот шинэ захирагчаа сонголоо. Лондоны оршин суугчдын 56,8 хувь нь Пакистан гаралтай Садик Ханд санал өгснөөр тус хот түүхэндээ анх удаа муслим шашинтай хотын даргатай болж байна. Лондонд төрж өссөн Хан 8 хүүхэдтэй гэр бүлийн гишүүн бөгөөд энгийн нэгэн нийтийн байранд хүмүүжиж, хуулийн чиглэлээр зэрэг хамгаалж, их сургуульд лекц уншиж байсны эцэст 2005 онд парламентийн гишүүнээр сонгогдож байсан нэгэн. Түүнтэй Консерватив намыг төлөөлөн тэрбумтны хүү Зак Голдсмит өрсөлдсөн ч ердөө 43 хувийн санал авчээ. Хөдөлмөрийн намын энэхүү ялалт нь Консерватив намын сүүлийн 8 жилийн турш Лондоныг удирдсан засаглалыг эцэс болгож байгаа хэрэг юм. 2008 оноос хойш Лондоныг удирдсан Борис Жонсон өдгөө БРЕКСИТ-ийг тууштай дэмжигч болон идэвхтэй ажиллаж буй билээ.

BBC: С.Хан "илүү" Лондоныг амалж байна.
CNN: Яагаад түүний ялалт чухал гэж?

Лестер Сити Английн лигийн аварга боллоо

Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн их үзэгчтэй, хамгийн үнэтэй, анхаарал татсан лигүүдийн нэг Английн Премьер лигийн аваргын нэр тодорлоо. Өнгөрсөн жил лигээс хасагдахдаа тулж, сүүлийн 9 тойргоос 7 ялалт байгуулсныхаа дараа арай гэж үлдэж байсан Лестер Сити энэ жил гайхалтай тоглолтыг үзүүлсээр, клубынхээ 132 жилийн түүхэнд анх удаа Премьер лигт аваргаллаа. Карьертаа Челси, Интер, Ювентус, Валенси зэрэг топ клубүүдийг удирдаж явсан ч нэг ч удаа дотоодын лигтээ аваргалж байгаагүй Клаудио Раньеригийн удирдлаганд тэд энэ улиралд ердөө 3 удаа л хожигдож, 23 ялж, бүгдийг гайхшруулан аваргалсан нь энэ юм. Бооцооны төвүүд дээр тэдний түрүүлэх боломж 5000/1-тэй байсан бөгөөд энэ нь Э.Пресли амьд эсвэл К.Кардашиан ерөнхийлөгч болно гэсэн таамаглалууд дээр тавьдаг мөрийтэй дүйцэхүйц байсныг онцлох хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө үйлдвэрт ажиллаж, карьер нь унаж явсан Жэймс Варди багаа гоолоороо тэргүүлж, шигшээд дуудагдан, Алжир залуу Рияд Махрез уран тансаг тоглолтоороо гайхуулж, лигийн шилдэг тоглогчоор нэрлэгдэж, "Агуу Дани" П.Шмейхелийн хүү Каспер Шмэйхел хаалган дээр бат зогссон энэ багийн нийт тоглогчдын үнэ топ багуудын том наймааны үнэтэй ч тэнцэхгүй гэж хэлж болно. Мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн том дуулианд тооцогдож буй энэ ялалт олон багуудад, олон тоглогчид, дасгалжуулагчид, үе үеийнхэнд урам зориг болсон түүх болон тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй биз ээ.

SkySports: Лестер аварга боллоо: Тэд юуг өөрөөр хийв?
BBC: Лестер аваргын цомоо гардлаа

Хөгжмийн ертөнцийн эргэн тойронд

Beyonce болон Drake-ийн шинэ цомог хөгжмийн ертөнцийг доргиож дуусаагүй байхад рок хөгжмийн энэ цаг үеийн хамгийн том төлөөлөгчдийн нэг Radiohead шинэ буюу 9 дэх цомгоо мөн гаргаж байна. Өнөөдөр буюу 5-р сарын 8-нд зарлагдсан энэ цомгоо гаргахын өмнө үргэлж шинийг сэдэж, санаачилж байдаг Radiohead-ийнхэн интернет дэх өөрсдийн тухай мэдээллүүд, вебсайт, сошиал медиагийн бүх контентуудаа устгаж, "алга болсон" нь сонирхолтой шийдвэр байв. Үүний дараахан тэд Burn the Witch болон Daydreaming нэртэй шинэ сингл, видеонуудаа цацсан юм. 2011 оны King of Limbs-ээс хойш 5 жилийн дараа тэд үргэлж байдаг шигээ эргэлзээ төрүүлсэн, сэтгэл түгшээж, тэр хэрээрээ догдлуулсан, гунигт автуулам хэрнээ гайхшруулж ханахгүй, таамаглашгүй хөгжмөөрөө эргэн ирж байна. Үүнтэй зэрэгцэн Монголын амьд хөгжмийн хамгийн том фестивал Playtime наадам энэ жил оролцох хамтлагуудын жагсаалтаа танилцуулав. Эдгээр дунд Шведийн The Radio Dept хамтлаг багтсан нь хамгийн онцлох мэдээ байлаа. The Radio Dept 2003 онд гаргасан Lesser Matters цомгоороо олны танил болж, NME-ийн оны шилдэг 10 цомгийн нэгээр нэрлэгдэж байсан түүхтэй. Тэднээс гадна нийт 11 хамтлаг гадаадаас оролцох болсон нь 15 жилийн түүхтэй энэ наадам цар хүрээгээ улам тэлж байгаагийн илэрхийлэл биз ээ.

The Week: Radiohead-ийн шинэ цомгийн тухай
UB.LIFE: Энэ жил Playtime явахаасаа өмнө заавал сонсох 11 дуу

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногийн технологийн ертөнцийн хамгийн онцлох мэдээ нь цахим мөнгөн тэмдэгт Bitcoin-ийг бүтээгч Сатоши Накамото өөрийн жинхэнэ дүрээ илчилсэн нь байлаа. Австралийн энтрепренер Крэйг Райт хэмээх эрхэм өөрийгөө bitcoin-ийг бүтээсэн хэмээн зарлаж, BBC, GQ болон The Economist-д бүрэн хэмжээний ярилцлага өгсөн юм. Гэсэн ч 1 сая bitcoin-ийг эзэмшиж, 450 сая долларын хөрөнгөтэй байх учиртай К.Райтын өөрийгөө Накамото гэх нотлох баримтуудад нь эргэлзэх хүмүүс цөөнгүй байсаар байна. Бразилийн шүүх Фэйсбүүкийн эзэмшдэг Whatsapp-ийг хар тамхины хэрэгтэй холбоотой хэрэгтнүүдийн мессежийн нууцлалыг тайлж өгөх шаардлага тавин, улмаар 72 цагийн турш үйлчилгээг хорих шийдвэр гаргав. Энэ нь Whatsapp-ийг хэрэглэдэг 100 сая Бразилчуудыг "гонсойлгосон" хэрэг болсон бөгөөд хэрэглэгчдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас 24 цаг орчмын дараагаар үйлчилгээг эргэн сэргээх болжээ. Өнгөрсөн 12-р сард шүүх мөн л Whatsapp-ийг 12 цаг орчим "бан"-даж байсан юм. Твиттерийн эзэмшдэг Periscope Facebook Live-ийн эсрэг хариу үйлдлээ хийж эхэллээ. Тэд тун удахгүй шууд бичлэгүүдээ үүрд хадгалах боломжтой нэмэлтийг танилцуулах гэнэ. Тэгвэл Facebook газарзүйн байрлал, нас, хүйс, боловсрол болон сонирхлын ерөнхий мэдээллээс хамааран танд тохирох группүүдийг санал болгох Discover үйлчилгээгээ туршиж байгаа ажээ.

The Economist: К.Райт өөрийгөө Накамото мөн хэмээн зарлав. Үнэхээр тийм гэж үү?
Mashable: Фэйсбүүк шинэ группд элсэхэд тань туслах үйлчилгээгээ туршиж эхлэв

К.Райт үнэхээр биткойнийг бүтээсэн гэж үү?