Манай өнөөдрийн зочин бол менежмент, үйл ажиллагаа, санал болгож буй шийдлийн шинэлэг байдлаараа зах зээл дээр ялгарч буй Скинни Студиог үүсгэн байгуулагч, МҮСБХ-ны шилдэг клубүүдийн нэг Сентоза Ирвэсүүд багийн эзэн Ө.Үнэнбүрэн юм. "Багаасаа л технологид дурлаж, утас компьютерийнхаа бүх нэмэлт боломжуудыг туршиж үзэн, ухаж мэдэж байж санаа амардаг байсан" хэмээн ярих түүний гар утсанд миний тоолсноор бараг 200 дөхсөн апп байсан нь дээрх яриаг баталсан хэрэг байлаа. Ингээд түүний хэрэглэдэг онцлох апп-уудтай танилцана уу.

Нэр: Өлзийбүрэнгийн Үнэнбүрэн
Ажилладаг салбар: Интерьер дизайн, худалдаа, спорт
Сошиал хуудсууд: Unenburen Ulziiburen (фэйсбүүк хуудас), Unenburen (твиттер хуудас)
Цагаа хамгийн их үрдэг "дэмий" зүйл чинь юу вэ? Технологийн мэдээ уншиж, хайж "цаг алах"

GLIP

Олон төсөл удирдаж, цөөнгүй багт харьяалагддаг учраас тэдгээрийг хянах, хийх ажлаа жагсаах зорилгоор GLIP-ийг хэрэглэдэг. Нэлээд олон апп хэрэглэж, туршсаны үндсэн дээр GLIP рүү бүрэн шилжээд байгаа. Тус тусдаа багууд үүсгэж, үүрэг хуваарилж, ажил даатган, гүйцэтгэлийг нь хялбар хянах боломжийг энэ апп олгодог. Маш хялбар байдлаар гишүүдтэйгээ шууд чаталж, хоорондоо санал сэтгэгдлээ солилцдог. Орон зай, цаг хугацаанаас хамааран ажлаа хийх боломжтой гэсэн үг. Багаараа видео чат хийх боломжтой нь, мөн файлууд их цэгцтэй хадгалагддаг давуу талтай. Бид бүх ажил, төслүүддээ үүнийг ашиглаж байна. Скинни дээр л гэхэд харилцагчидтайгаа байнга уулзаж, ярилцах албагүй, тэднийг зочин гишүүн болгон багтаа нэмээд, шинэ нэмэлт, апдэйтүүдээ хуваалцаж, санаа оноогоо солилцоод явдаг нь цаг их хэмнэдэг.

Үүнээс гадна ажил хэргээ Apple-ийн өөрийнх нь Reminder ашиглаж явуулах дуртай. Хийх ажлын жагсаалтаа бүртгээд, цаг болон байршил зааж өгдөг нь их амар. Тодорхой радиусаас гарахад тэр ажлыг хийх хэрэгтэй гэх мэтээр тааруулчихдаг нь бусад апп-уудаас давуу болсон юм шиг санагддаг шүү.

Мэдээлэл авдаг апп-ууд

Подкаст их сонсож, төрөл бүрийн мэдээлэл авдаг. Ажил дээрээ ч, гэртээ ч, сууж юм унших цаг төдийлэн гардаггүй учир сонсохыг илүүд үздэг. The Economist, Planet Money, Fareed Zakaria-ийн подкастуудад их дуртай. Эдгээрээс уншигчдадаа Hidden Brain болон Staff You Should Know-ийн сонирхолтой, мэддэг юм шиг хэрнээ яг нарийн мэддэггүй мэдлэгүүдийн талаар өгүүлдэг подкастуудыг санал болгоё. Би баримтат кино үзэх дуртай учир, ийм төрлийн контентын арвин сантай Netflix-ийг их ашиглана. Apple News-ээс өдөр тутмын мэдээг хүлээн авдаг. Апдэйт бүрт л улам сайжраад байгаа.

Өглөө босоод өөрийн сонирхлын дагуу, технологийн ертөнцийн мэдээ мэдээллийг Engadget-аас авдаг. Харин ирээдүйн хандлага, шинэ санаа сэдлийн талаар мэдээллийг Indiegogo-оос олж мэднэ. Энэ хэдий кроудфандингийн платформ хэдий ч хэдэн жилийн дараах зах зээлийг эзэгнэх санаанууд, бүтээгдэхүүнүүд чухам энд л хөгжиж байдаг юм шиг санагддаг. Үзэсгэлэн дээр ч юм уу, эсвэл дэлгүүрт танилцуулагдаж байгаа бүтээлүүд ихэнх нь хөгжөөд удчихсан, үеэ өнгөрөөж байгаа технологи байдаг болчихсон байна.

Сошиал медиа, мессенжер апп-ууд

Харилцаж буй хүнээсээ хамаарч мессенжер апп-аа хэрэглэдэг. Манай бизнесийн олон түншүүд солонгосчууд байдаг учир KakaoTalk-ийг их ашиглана. KakaoTalk зөвхөн харилцаанаас гадна хоол захиалга, төлбөр тооцоо, такси дуудлага зэрэг хамгийн түгээмэл хэрэглээний шийдлүүдийг санал болгодог нь таалагддаг. Хятадуудтай WeChat ашиглаж харилцдаг бол барууныхантай Whatsapp-аар холбогддог. Монголд бол Viber, Facebook Messenger-ийг түгээмэл хэрэглэнэ. Өмнө нь Wickr болон ICQ зэрэг апп-уудыг ашиглаж байсан ч их хүн хэрэглэдэггүй учир ашиглахаа больсон. Нууцлал сайтай гэдэг утгаар нь iMessage-ийг хэрэглэх дуртай. Viber гэх мэт бусад жижиг апп-уудыг бодвол Apple том компани учир хэрэглэгчийн нууцлал, дата хамгаалалт дээр илүү санаа тавьж байгаа нь өнгөрсөн сард өрнөсөн FBI vs Apple-ийн хэргээс харагдаж байх шиг байна.

Гадаадад аялахад хэрэглэдэг апп-ууд

Ажлын шаардлагаар гадагшаа явах хэрэгцээ их гардаг. Ийм үедээ онгоцны билет, зочид буудал захиалгын Agoda-г хамгийн эхэнд хэрэглэнэ. Бүр анхнаасаа ашигласан учир оноо цуглуулан, хямдхан сонголтууд олоход дөхөм байдаг. Airbnb, Uber-ийг мөн хэрэглэнэ. Хятадад бол Didi Dache их эрэлттэй болчихсон юм байна лээ. Uber үүсгэн байгуулагдснаасаа хойш 1 тэрбум захиалга авч байхад Didi dache нэг жилийн дотор л ийм хэмжээний хүргэлт хийсэн гэж дуулсан. Үүнээс гадна саяхан Голомт банкнаас олон улсын виза карт захиалахад дагалдаж ирсэн Priority Pass-ийг ашиглаж эхлэсэн. Онгоцны буудлын лоунжуудад нэвтрэн, амарч, төхөөрөмжүүдээ цэнэглэн, үнэгүй хооллох боломжтой байдаг.

Сонин содон, сонирхолтой апп-ууд

Би байнга шинэ гарсан, сайн үнэлгээтэй байгаа аппуудыг туршиж үзэж байдаг. Эдгээрээс BeMyEyes-ийг онцолъё. Хараагүй хүмүүст нүд нь болж тусалцгаая гэсэн санаатай юм. Дэлхийн хаана ч байсан хамаагүй, хэн нэг хараагүй хүн авсан сүүнийхээ хугацаа дууссан эсэхийг мэдэхгүй бол энэ апп руу орж, бүртгүүлсэн хүн рүү залгаж, видео дуудлага хийн хугацаагаа шалгуулж, тусламж авна гэсэн үг. Үүнийг санаачилж, бүтээсэн хүний сэтгэхүй үнэхээр мундаг. Би одоогоор 7 хүнтэй холбогдож, ямар нэг байдлаар холбогдчихоод байгаа. Манайд интернет холболтын хурд удаан учир хааяа сүлжээ тасарчихаад байдаг нь жаахан хэцүү.

Wakie гэж апп-ийг мөн санал болгоё. Цаг, хэл, зорилгоо тохируулахад дэлхийн хаанаас ч хамаагүй хэн нэгэн тан руу залгана гэсэн үг. Өглөө сэрээнэ, ажлыг тань сануулна, сэдэв хамаагүй буу хална, эсвэл бүр дуу дуулж өгнө. Хэлээ сайжруулах зорилгоор бас ашиглаж болно. Мөн MentalCase гэж апп хүн бүрийн утсан дээр байж байхад их зүгээр. Хүмүүс хэлээ сайжруулах, юм цээжлэх зэрэг янз бүрийн шалтгаанаар хийсэн flaschard-уудаа ийшээ нээлттэй санд нэмж, тэрийг нь хэрэглэж болдог апп.

Бусад хэрэглээний апп-ууд

Гадуур явж байхдаа бичиг баримт, зургийг сканнердаж авах хэрэгцээ гардаг учир Evernote-ийн Scannable-ийг тогтмол хэрэглэнэ. Арын суурь нь ямар ч байсан, өнцөг хамааралгүйгээр маш хурдтайгаар өндөр чанартай скан хийж файл болгодог учир үүнийг сонгосон. Мөн Unroll Me гэж хэрэгтэй хэрэггүй бүртгүүлсэн сайтууд, ньюслеттерүүдээ хянаж, зохицуулалт хийдэг апп зүгээр.

Бүх сошиал аккоунтууд, төхөөрөмжүүдийнхээ нууц үгийг нэг дор хадгалсан 1Password гэж апп-ийг хэрэглэдэг. Apple-ийн бүх төхөөрөмжүүд дээр синк хийгдчихдэг учир, байн байн хийгээд байхгүй их амар. Өөр хүмүүс нэвтэрсэн ч нууцлалтай хадгалагдсан, мөн мастер пасстай учир ямар ч асуудал үүсгэхгүй. Яг энэ төрлийн апп дундаа хэдий төлбөртэй ч гэсэн хамгийн сайн нь гэж үнэлэгддэг апп. Үнэгүй гэвэл One Safe бас их зүгээр санагдсан.

Knock гэж апп-ийг ашиглаж, гар утаснаасаа болон цагнаасаа компьютерээ асааж, нэвтэрдэг. Fing-ээр өөрийн интернет сүлжээнд хэн нэвтэрсэн байна зэрэг хэрэглээгээ их хялбархан хянах боломжтой болдог.