Энэ удаагийн дугаартаа бид маш бүтээлч нэгэн залууг урилаа. Хятадад кино урлагаар, Солонгост график дизайнераар сурч, хэдий сургуулиа төгсөөгүй ч Монголдоо ирэн SMOK брэндийг үүсгэн байгуулсан түүнд Улаанбаатар хотын олон залуус талархалтай ханддаг гэдэгт итгэлтэй байна. Ulaanbaatar’s very own grown буюу “Улаанбаатарын унаган брэнд хувцас” гэж тодорхойлж болох уриатай SMOK-оор дамжуулан тэр дизайнерын ур ухаанаа таниулж, мөрөөдлөө биежүүлж явна. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар дуучин Болд, Наран нарын CD-ний коверийг хийсэн, Мөнххада, B production гэх мэт байгууллагуудыг логог урласан, VIBE 105.5 фм-ийн логог хийн нэрийг нь өгсөн гэх мэт ажлуудыг нь онцлон дурдаж болно. Ингээд та бүхнийг SMOK-ийн Анхаагийн ажлын арга барилтай танилцуулъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: SMOK брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер
Хэрэглэдэг гар утас: Iphone 6
Хэрэглэдэг компьютер: iMac 21, Macbook Air 13
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Ажлаа дурлаж хийх
Сошиал медиа хаягууд: ankhbayar_sept (инстаграм) ww.behance.net/sept

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Их зурж тэмдэглэдэг, боддог. Дизайны янз бүрийн туршилт хийнэ. Жишээ нь энэ хоёр өнгө нийлбэл яаж харагдахаа байна гэдэг ч юм уу. Тэгээд явж байтал ажил овоороод эхэлдэг. Тэгэхээр нь өмнөх тэмдэглэлүүдээ сайн эргүүлж байгаад гүйцэтгэлдээ ордог. Товчоор хэлбэл, ажилдаа их бэлддэг гэж хэлж болох юм.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Adobe Photoshop, Lightroom програм, гар утасны Vsco Cam апп-ийг ашигладаг. Гэхдээ 90 хувьд нь Photoshop ашиглана.

Сошиал медиа гэвэл фэйсбүүк, инстаграм ашиглана. Фэйсбүүкийг бол реклам сурталчилгаа гэхээсээ илүү найз нөхөдтэйгээ холбоо тогтоох, таалагддаг зүйлсээ дагах гэж ашигладаг. SMOK-ийн болон өөрийн хувийн инстаграмаа хөтлөхөд цаг нэлээн зарцуулдаг ч зураг янзлаад оруулахдаа их дуртай.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Сүүлийн үед ажилдаа машин унахаа больсон. Их цаг хэмнэдэг юм билээ. Урьд нь 500 метр хүрэхгүй газар албатай юм шиг түгжирдэг байсан бол одоо 3 минут алхаад л орчих жишээтэй. Дулааны улиралд дугуй унана. Дугуй унах юм уу алхахаар ер нь их гоё. Машинд явахаар юмнуудыг алгасаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр хөтөлдөг вэ?

Гар утасныхаа Notes апп дээр их бичдэг шүү. Бас тэмдэглэлийн дэвтэр дээр зарим зүйлсийг буулгана.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Түрүүнд хэлсэнчлэн ажлаа урьдаас сайн бодож төлөвлөж, бэлдэж байгаад яг гүйцэтгэлээ бол хурдан хийдэг. Дэмий нухаад суугаад байдаггүй. Энэ нь бас Photoshop буюу ажлын зэмсгээ сайн эзэмшсэний ач байх. Бодож төсөөлсөн зүйлсээ удаж түдэлгүй гаргаад ирдэг юм.

Мөн хоол хийхдээ сайн. Сүүлийн 2 жил хоолыг маш их сонирхож, дизайнаас гадна үздэг зүйл маань хоол болчихоод байна. Баримтат кино үзнэ, тэр тогооч хаана юу хийж явна гээд сонирхоно. Өглөө 7.30 цагаас хүүхдээ хүргэж өгөөд гэртээ ирж, эхнэртээ өглөөний хоолыг нь хийж өгдөг. Аятайхан сэндвич ч юм уу гоё өглөөний хоол идвэл тэр өдрийн ажил үйлс нь бүтэмжтэй байхад нэмэртэй. Хагас, бүтэн сайнд бас байнга хоол хийнэ.

Ер нь хоолыг урлагийн нүдээр хардаг юм. Урлагийн төрлүүдээс хоолны урлаг хамгийн өндөрт эрэмбэлэгдэх байх гэж боддог. Тогооч хүн асар олон хүнсний бүтээгдэхүүнтэй харьцаж, байнга шинэ жор зохиох ёстой болдог. Тэгээд гал, ус гэх мэт есөн шидийн зүйлсийг учрыг олно. Асар их хөдөлмөр болж хийсэн хоолыг нь хүн зүгээр л идэж орхидог. Ийм болохоор хоол хийх ч дуртай, идэх ч дуртай (инээв).

SMOK брэндийг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцахгүй юу? SMOK-ийн онцлог хийгээд хэтийн зорилго нь юу вэ?

2012 оны 6-р сард би багын найз, реппер Цэцэтэй хамтран SMOK брэндээ үүсгэн байгуулсан. Бид тэгэхэд хоёул гадаадаас ирээд удаагүй, юу хийх вэ гэсэн байдалтай байлаа. Тэгээд футболкон дээр гоё график зураг буулгаад заръя гэж шийдсэн. Тухайн үед street wear буюу гудамжны хувцасны монгол брэнд бараг байдаггүй байсан. Бас бид өөрсдийн дизайнд ч итгэлтэй байлаа. Ингээд л футболк маань ч амжилттай борлогдож, дараа дараагийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж эхэлсэн дээ.

Анх графикууд дундаа монгол агуулгатай зүйл оруулбал зүгээр байх гээд цамын урлагаас Улаан Жамсран буюу дайны бурханы дүрийг сонгосон. Дайснаа хав дардаг, чөтгөрийн зүрхийг иддэг гэдэг болохоор их сүртэй, гоё санагдсан юм л даа.

Хэтийн зорилго бол брэндээ гадаадад гаргах. Одоогоор бол хувцаснууд маань цөөн тоогоор гардаг. Манай зах зээл жижиг, бас ихээр үйлдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Гэхдээ цөөн гардаг нь эргээд манай үнэ цэнийг өсгөж, давуу тал болдог юм. Гадаадад гаргасан ч энэ л чанараа хадгалж, хүмүүс хайж байж олдог брэнд хувцас байгаасай гэж хүсдэг. Ер нь гудамжны хувцсанд яагаад дурлах болсон бэ гэвэл энэ урлаг нь тухайн хүний хаанаас гаралтайг, юу хийдэг, юунд дуртайг илэрхийлж байдаг. Брэндээрээ дамжуулан монгол хүний үнэлүүштэй зан араншинг гадаад улсуудад илэрхийлж, бүтээлч хүний хувьд өв үлдээхийг хүсдэг дээ. Тэрнээс тренд дагах, хэт коммершиал брэнд болох нь манай зорилго биш.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Ажилдаа маш дуртай болохоор ажил гэж боддоггүй. Тиймээс амрах ч шаардлага гардаггүй юм. Ер нь юм бүтээнэ гэдэг сайхан. Юу ч байсан хэрэгтэй зөв зүйлсийг бүтээдэг хүмүүст хүндэтгэлтэй ханддаг шүү.

Хотын залуус маань манай хувцсыг өмсөөд, өөрийн өнгө төрхийг илэрхийлээд явж байгааг харахад мэдээж сайхан. Хэцүү тал гэвэл ер нь манайд бизнес эрхлэхэд, эд материалаа авахад гачигдалтай юмнууд нэлээн гарна. Хүссэнээрээ үйлдвэрлэл явуулахад хэцүү л байдаг юм. Одоогоор нэг оёдлын цехтэй гэрээ байгуулаад ажиллаж байгаа.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

Зуны бүрэн коллекц дээр ажиллаж байна. Хэдий цомхон ч гэсэн манай анхны бүрэн коллекц болох юм. Том принттэй, эмэгтэйчүүд хувцаснууд нэлээд байгаа. 5 юм уу 6-р сард багтаад гаргачих төлөвлөөтэй ажиллаж байна. Манайх бас саяхан хажуугийн хаалга руу нүүж ороод төвхнөөд байж байна.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Бүх төрлийн хөгжим сонсоно. Сүүлийн нэг жил Боб Диланыг сайн сонсож байна. Ер нь Thomas Dybdahl, Common зэрэг дуртай хамтлаг, дуучдаа байнга л сонсож байдаг.

Таны сүүлд уншиж дуусгасан болон одоо уншиж буй ном?

Сүүлд уншсан гэвэл “Бөөгийн домог”, “100 жилийн ганцаардал”, “Монголын түүх” зэрэг номууд байна. “Монголын түүх” нь 17-р зууны үед Монголд ирсэн итали жуулчдын бичиж үлдээсэн тэмдэглэл юм билээ.

Нийтлэл их уншина. Vice.com руу байнга орж хувцас, хөгжмөөс эхлээд бүтээлч салбарын талаарх нийтлэлүүдийг уншдаг. Хиймэл биш, бодитой, өөрийн гэсэн хэв маягтай сайт. Мөн Talks гээд гоё сайт байдаг. Жүжигчин, дуучнаас эхлээд урлагийн хамгийн мундгуудаас ярилцлага авчихсан байдаг, тэдгээрийг уншина. Rolling Stones сэтгүүлийг уншина.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Уг нь бол их дотогшоо хүн. Сүүлийн үед ажлын шаардлагаар овоо нээлттэй болоод байх шиг байна. Аль аль нь л ажилд маань эергээр нөлөөлдөг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Шөнө 12-1 цагийн хооронд унтаад өглөө 7.30-д босдог. Ажил дээрээ 10 цаг өнгөрөөж ирээд орой 8 цаг гээд харина даа. 7 хоногтоо ганц хоёр удаа оройтно.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Бүтэн сайнд бол заавал гэртээ амардаг. Салхинд гарах, лагерь гарах дуртай. Байгалийн зураг авах дуртай. Зундаа ажиллаагүй цагийнхаа 90 хувьд нь лагерь дээрээ. Найзуудтайгаа хамт лагерь гарч, хоол хийж бужигнадаг юм. Бас нохой, муур тэжээдэг. Олуулаа бужигнаж байхад дуртай хүн юм шиг байгаа юм.

Лагерь гараагүй үед гэртээ гоё хоол хийж, кино үзнэ, найзуудтай уулзана. Залуу хүн учраас гэр бүл, ажил, найз нөхөдтэй хөгжилдөх зэрэг зүйлсийг бүгдийг нь баланслахыг хичээдэг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Хийж байгаа ажил минь эцсийн бүтээгдэхүүн болж гарахад их урамшдаг. Сурах зүйлс их байдаг болохоор дараагийн удаа өмнөхөө яаж сайжруулах вэ гэж байнга эрэлхийлж, түүнээсээ ажиллах эрч хүч олж авна.

Мөн гоё дуу, гоё зураг, гоё сайхан хувцас гэх мэт зүйлсийг харахаар адилхан гоё зүйлсийг бүтээх урам зориг ундардаг. Ялангуяа хар цагаан зурганд их дуртай шүү.

SMOK-ийн хувьд миний харж хүндэлж явдаг хүн биеийн хэлэмжээрээ дамжуулан хийж байгаа зүйлийг минь үнэлэхэд их урам авч байсан.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ээжийн хэлдэг байсан үг надад их нөлөөлсөн юм шиг санагддаг. Бүр бага байхаас л “Миний хүү хүсэх юм бол далай лам ч болж чадна, ерөнхийлөгч ч болж чадна” гэж байнга хэлдэг байсан. Цээжилтэл л давтдаг байсан даа. Тиймдээ ч одоо ямар ч юмыг хийчихье гэсэн итгэлтэй болсон байх.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

Peaberry coffee house-ийн Анархүү. Эмчийн ажлынхаа хажуугаар Монголын хамгийн сайн кофег боловсруулж, хамгийн сайн баристануудыг сургадаг юм.

Гэрэл зургийг Д.Ганзул


Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.