Та чөлөөт цагаа гэр бүлийнхэн, хамт олон, найз нөхөдтэйгээ хөгжилтэй өнгөрүүлж, тэрхүү цаг мөчөө дурсах биет зүйлийг хадгалж үлдэхийг хүсдэг л биз дээ? Давхар бас урлагийн талаар мэдлэг ойлголттой болбол догь биз? Тэгвэл энэ боломжийг Керамик урлагийн студи танд олгох болно. Үүсгэн байгуулагдаад цөөнгүй жилийг ардаа үдсэн энэ студи керамикаас гадна зургийн болон баримлын шаврын сургалт явуулж, олон төрлийн бүтээгдэхүүн гаргадаг.  Бид энэ удаа тус студийг онцолж, менежер Г.Гэрэлчулуунтай ярилцлаа.

Бизнесийн нэр: Ceramic Art Studio
Хаяг: Хан-Уулын Home Plaza-гийн дэргэдэх Khansville хотхон, 101-р байр, 1-р орц
Үйл ажиллагааны чиглэл: Керамик урлагийн сургалт, керамик бүтээгдэхүүний захиалга, уран болон хар зургийн сургалт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2010
Үүсгэн байгуулагч: А.Наранбаатар
Ажилтны тоо: Үндсэн 3, гэрээт багш 4
Фэйсбүүк хуудас: Ceramic Art Studio

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Керамик эрт дээр үеэс хөгжсөн урлаг. Архелогийн олдворууд дотор керамикаар хийсэн зүйлс асар том орон зайг эзэлдэг. Социализмын үед Төв аймагт керамикийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн бэлэг дурсгал болон ахуй хэрэгцээний олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргадаг байсан юм. Өөрийн лабораторитай, өөрсдөө шавраа боловсруулдаг байсан. Зах зээлийн үед бүх үйлдвэрүүд хаагдаж, керамик урлаг орхигдсон гэж хэлж болно. Mанай захирал А.Наранбаатар 1994 онд ДУДС-ийг нэрт керамикч Сэрээтэр агсны урланд суралцаж керамикч мэргэжлээр төгссөн хүн. Тийм ч учраас энэ гайхамшигтай урлагийн төрөл зүйлийг орчин үед сэргээн хөгжүүлэх, олонд таниулах зорилгоор энэ студийг үүсгэн байгуулсан юм.

Байгаль, гал, хүний гэсэн гурван энергийн нэгдлээс үүсдэгээрээ керамик урлаг өөрөө гайхамшигтай. Нойтон шавраас эхлээд гар ажиллагааны үр дүнд, хатаах, пааландах, шатаах гээд 4-5 шат дамжлагын дараа керамик бүтээгдэхүүн бий болдог. 1200 градуст 12 цаг шатааж байж галд нэн тэсвэртэй, бат бөх керамик бүтээгдэхүүн гарч ирдэг.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Захирал маань өөрөө хөрөнгөө гаргаад, бор зүрхээрээ л явж байна. Ер нь керамик нь олон шат дамжлагатай, тэр хэрээрээ зардал өндөртэй байдаг.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Одоогоор мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа анхны студи гэж хэлж болно. Манайх мэргэжлийн шаардлага хангах дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүрдүүлж чадсанаараа бахархдаг. Мөн манай сургалт хариуцсан багш нар мэргэжлийн, чадварлаг хүмүүс. Одмаа багш гэхэд Монголын Урчуудын Эвлэлийн шагналыг оны шилдэг бүтээлээр хүртэж байсан, олон улсад бүтээлээрээ танигдсан авьяаслаг керамикч бүсгүй байна. Очирсүх багш маань хүрдэн ваар эргүүлдэг цөөхөн мастеруудын нэг. Хоёр багш маань хоёул Сэрээтэр агсны шавь.
Бид керамик студиэ байгуулаад 1 жилийн дараа зургийн анги нээсэн. Зургийн дугуйлан олон боловч голдуу хүүхдүүдэд зориулсан, мэргэжлийн түвшинд заах сургалт цөөн байдаг. Бид энэ орон зайг олж харсан юм. Москвагийн Суриковын Академийг төгссөн Амгаланбаатар багш хичээл заадаг. Манай зургийн сургалтанд сууснаар их дээд сургуульд элсэх сонирхолтой залуус мэргэжлийн чиг баримжаатай болж, элсэлтийн шалгалтандаа үзүүлэх нэлээд ажлуудтай болоод гардаг даа.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Манай гол зорилго бол керамик урлагийг мэргэжлийн түвшинд олон нийтэд таниулах, сурталчлах, цагийг бүтээлч өнгөрөөх боломжийг хүмүүст олгох, керамик урлагийг орчин үед хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал. Алсдаа төрөл бүрийн монгол бэлэг дурсгал хийх, мөн хотынхоо тохижолтод хувь нэмрээ оруулах зорилготой. Керамикаар хийж болох зүйлс олон байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй баримлуудыг харахад урлагийн бүтээл гэхэд хэцүү байдаг. Тэдгээр бүтээлийн эх загварыг мэргэжлийн хүмүүс сайхан гаргадаг ч улсаас бага төсөв баталдгаас болж шаардлага хангахгүй материалаар урлаж байна. Гал, ус бороо, цасанд тэсвэртэй, олон зуун жилийн настай, өнгө зүсээ алддаггүй керамик урлагийн томоохон бүтээлээр хотоо чимэх сэн гэж мөрөөддөг.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Мэдээж мэргэжлийн түвшинд үнэлэгдэх чанартай сургалт, чанартай бүтээгдэхүүн, бүтээл.

Өнгөрсөн хугацаанд хэдэн хүн танай сургалтад суусан бэ? Ямархуу хүмүүс гол төлөв ирдэг вэ?

Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд манайх 1000 орчим хүн сургасан байна лээ. Залуучууд, хүүхдүүд, ажлын алжаал, стресс ядаргаагаа тайлах гэсэн хүмүүс гээд л ер нь бүх л насны янз бүрийн л хүмүүс ирэн өөртөө цаг зарцуулж, өөрийн гараар хийсэн бүтээлтэй болоод баяр хөөртэй, сэтгэл хангалуун гардаг юм. Үүнд нь бид их урамшдаг. Өдгөө гэрээрээ жижиг үйлдвэрлэл хийдэг болчихсон хүмүүс ч бий. Багш нар маань байхгүй үед ирээд багшилчих хэмжээний хүмүүс олон байдаг. Ер нь суралцагч нартайгаа эргэх холбоо сайтай шүү.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Сургалтууд маань явдгаараа явж байгаа. Одоо бол бид сургалтын чанарыг сайжруулах тал дээрээ анхаарч, мөн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд гаргах тал дээр ажиллаж байна.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү талууд?

Керамик урлаг хөгжих том орон зай бий. Хүмүүс керамик урлагийн тухай бүрэн ойлголттой болж байна. Тэр хэрээрээ үнэ цэн нь ч нэмэгдэж байна.

Хэцүү бэрхшээлтэй зүйлс цөөнгүй. Жишээ нь бидний гар хийцийн, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнийг Хятадын бөөний бараануудтай харьцуулж үнэтэй байна гэх хандлага нэлээд бий. Гэтэл бид тухайн бүтээгдэхүүнээс магадгүй ганц хувийг гаргаж, стандартаа нарийн барьж, урлагийн бүтээл болгохыг зорьдог шүү дээ.