Гэрэл зургийг хараад ойлгодоггүй, таашаадаггүй хүн ховор. Тиймдээ ч "Нэг зураг мянган үгтэй дүйцнэ" гэсэн хэлц ганц Монголд төдийгүй дэлхийд түгээмэл байдаг биз. Энэ долоо хоногт та бүхэндээ алдарт зурагчин, зохиолч, академик Том Ангийн "Гэрэл Зураг: Дэлгэрэнгүй Зурагт Лавлах" хэмээх номыг танилцуулж байна. 1820 оноос эхлээд 200 гаруй жилийн туршид үргэлжилж буй дэлхийн гэрэл зургийн түүх, алдарт зургуудыг талбин толилуулж, уран бүтээлээрээ нэрээ арилшгүй болгон сийлсэн гэрэл зурагчдыг нэгд нэгэнгүй өгүүлсэн уг ном нь айл бүрийн номын санд байх ёстой ном гэж тодотгоход зүй ёсны буй заа.

Уг ном 1826 онд авсан гэрэл зургийн хамгийн анхны фокусгүй бүрсгэр дүрснээс эхлээд орчин үеийн цахим гэрэл зургийн үеийг хүртэл бүхэлд нь хамарчээ. Гэрэл зургийн хувьсал өөрчлөлтийг үечлэн паномара, гудамжны гэрэл зураг, аяллын гэрэл зураг, сэтгүүл зүй, цахим гэрэл зураг гээд бүх урсгал чиглэлээр нь нэг бүрчлэн судлах бөгөөд зөвхөн алдарт зургууд гэлтгүй арван есдүгээр зууны Японы хэвлэмэл, Африкийн нэгэн овгийн гүнжийн хөрөг, Дэлхийн 1-р дайны үеийн нисгэгчийн өнгөт зураг гэх мэт ховор олдворуудыг оруулж өгсөн нь номыг улам гайхалтай сонирхолтой болгосон байна.

Бүлэгт бүрт "Дуранд" гэх хэсэг буй бөгөөд энд дэлхийн онцлох гэрэл зургуудыг (Ж/ш: Афган Охин буюу Шарбат Гула - Стив Маккари, 1984) нэг бүрчлэн анализ хийж, зургийн ардах түүх, тайлж унших арга хэлбэрүүд, зургийг авсан зохиомж, арга техникийн талаар тайлбарлан яагаад тухайн зураг дэлхийд алдартайд тооцогддогийг нэг нэгэнгүй оруулсныг нь онцолмоор байна.

Том Анг номондоо 250 гэрэл зурагчны, тэр дотроо 50 гаруй алдарт гэрэл зурагчдын намтар түүх, онцлох бүтээлүүд болон яагаад гэрэл зурагчин болсон сэдэл, тэдний гэрэл зургийн өнцөг хэв маяг хэрхэн бий болсон талаар дэлгэрэнгүй оруулсан бөгөөд мөн олны танил болоогүй зурагчдын бүтээлүүдийг (зарим нь амьд ахуй үедээ бүтээлээ олон хүргэж чадаагүй), цаашлаад энгийн сонирхогчдын зургуудыг хүртэл оруулжээ. Гэрэл зургийн аппаратны хувьсал хөгжил, дурангийн онцлог, гэрлийг хэрхэн зохиомжлох, хальс гээд гэрэл зурагтай холбоотой бүхнийг агуулсан уг номыг авч та гэрэл зургийн дэлгэрэнгүй түүхтэй танилцаарай.