Сельфичид буюу "өөрөгчид" гар утсандаа төрөл бүрийн зураг засах, сайжруулах аппуудыг суулгачихсан явж байдаг билээ. Өнөөдрийн нийтлэлээрээ тэр цуглуулганд нэмэгдэж орохуйц, сельфичдэд зориулсан, хүмүүсийн тун ам сайтай байгаа Microsoft Selfie хэмээх нэгэн шинэхэн апп-ийг танилцуулж байна. Уг апп-ийг Microsoft корпорациас гаргасан нь тун онцлог гэж судлаачид үзээд байгаа юм.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Та сельфи зураг ихээр авдаг, тэдгээр зурагнуудаа олон нийтийн сүлжээнд байрлуулдаг бол хэрэглээрэй. Энэхүү апп нь хэдийгээр амин чухал байнгын хэрэглээтэй биш хэдий ч сельфи зураг авах, тэдгээрийг засаж сайжруулах тал дээр маш сайн апп болсон гэж Unread дүгнэж байна. Тиймдээ ч уг апп маш хурдтайгаар татагдаж, дэлхий даяар хүмүүс нэлээн ам сайтай байгаа юм. Ард нь Microsoft хэмээх том хөдөлгүүр байгаа тул аргагүй биз ээ.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Зөвхөн сельфи хийхэд зориулагдсан уг апп нь өнгөний зохицол, арьсыг толигор болгох, гэрлийг сайжруулах дээр голлож анхаарсан бөгөөд таны нас, хүйс зэрэгт тулгуурлан "ухаалаг" сайжруулалтыг хийдгээрээ нэн онцлогтой. 13 төрлийн филтертэй бөгөөд эдгээр нь тус бүрдээ өөр өөрсдийн онцлогийг агуулсан өвөрмөц дүр төрхийг бий болгоход туслах юм.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Зөвхөн iPhone-д зориулагдан гарсан нь том сул тал юм. Гэхдээ энэ нь Satya Nadella Microsoft корпорацийн CEO болсноос хойш ихээхэн өөрчлөгдөөд буй тус корпорацийн шинэ бодлого, стратегитэй холбоотой байж болох юм.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Сельфичдийн хэрэгцээг бүрэн хангах энэхүү апп-д Unread 7 оноо өгч байна.