Энэ дугаартаа бид хар багаасаа сэтгүүлч болохыг мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэн өдгөө Монголын сэтгүүлчдийн төв байгууллагыг удирдаж яваа нэгэн эрхмийг урин оролцууллаа. Тэрбээр энэ албыг хашихын сацуу өөр олон сонирхолтой ажил үйлийг санаачлан хэрэгжүүлдэг юм. Баярмагнай захирлыг Эстони улсад ажлаар яваад ирээд удаагүй байхад нь бид очиж ярилцлаа.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гүйцэтгэх захирал, Сонгуульт ажил: Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч байдал
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Dell-ийн нөүтбүүк болон суурин компьютер, iPad
Сошиал аккоунтууд: Baikap (твиттер хуудас), Baika Puntsag (фэйсбүүк)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Бүтээлч байхыг эрмэлзэж, түүнийгээ ажилдаа хэрэгжүүлэх гэж оролддог маань болов уу. Бүтээлч байдлаараа 20-оод насныхантай адилхан байх юм сан гэж хүсдэг. Алдахаас эмээдэггүй, эрсдэлээс айдаггүй, шинэ содон зүйлийг эрэлхийлдэг тийм л үнэр өөрөөс минь үнэртэж байгаасай гэж хүсдэг дээ. Өөрөөсөө болон хамтран ажиллагсад, багийнхнаасаа тийм л байхыг шаарддаг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Сэтгүүлч хүн учир төрөл бүрийн мэдээллийн аппликэйшнүүдийг тогтмол ашигладаг. BBC, CNN-ээс эхлээд Al Jazeera хүртэл томоохон агентлагуудын аппликэйшнүүдийг байнга хэрэглэнэ. Би хэдий спортлог хүн биш ч гэсэн спортлог тархитай, спортын улаан фэн. Тийм учраас ESPN, NBA, MLB, Bleacher Report зэрэг спортын мэдээний аппууд, мөн өөрийнхөө дэмждэг San Antonio Spurs, Minnesota Vikings зэрэг мэргэжлийн багуудын аппийг идэвхтэй хэрэглэгч.

Үүнээс гадна Pacer гэдэг нэртэй алхалт хэмждэг аппликэйшнийг сүүлийн үед их хэрэглэх болсон. Өөртөө зорилго тавьж, өдөр бүр алхалтын тоогоо хянах нь эрүүл амьдрахын эхлэл болов уу. Би өдөрт 10000 алхах зорилго тавьчихаад байна. Хүн ер нь аливаа зүйлийг 10000 цаг хийхэд тэр зүйлдээ мэргэшдэг, хэвшил болдог гэсэн үзэл, онол байдаг болохоор энэ тоонд дуртай байдаг юм.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Сайтар төлөвлөх. Хэд хэдэн олон улсын байгууллагад ажиллаж байхдаа хамгийн сайн сурсан зүйл маань төлөвлөгөөгөө сайн гаргах байсан гэж боддог. Төлөвлөгөө гаргахдаа хэр их цаг зарцуулж, нарийн нягталж хийнэ, хэрэгжүүлэхэд төдий чинээ хий бага гарч, алдаагүй гүйцэтгэх боломжтой болдог юм. Сайн төлөвлөж чадвал өөрийн төдийгүй багийн гишүүдийнхээ цагийг хэмнэж, ажлаа алдахгүй байх боломжтой байдаг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Төрөл бүрээр л үзнэ дээ. iPad-ийнхаа Notepad дээр уулзалт, хурлын тэмдэглэлээ хөтөлнө. Утсан дээрээ өдөр тутмын to-do-list-ээ гаргахаас гадна уламжлалт наадаг шар цаасыг ашиглана. Суурин компьютерийнхээ өмнө хугацаа нь дуусчихсан, ашиглахаа больчихсон календарийн хуудсыг эргүүлж харуулаад тавьчихдаг зуршилтай. Хэмжээ нь том учир хаягдахгүй, шууд дуртай газраа тэмдэглэл биччихвэл дараа нь харахад их амар байдаг юм.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Багаасаа сэтгүүлч болохыг мөрөөдөж, түүнийхээ төлөө зүтгэж, өдгөө ч тэр мэргэжлээрээ ажиллаж байгаа учир бичих чадвар маань илүү хөгжсөн байх гэж боддог. Гэхдээ сүүлийн үед нэг их бичсэнгүй. Оюутан байхдаа бол их л урт урт өгүүлбэрээр, уянгын халилтай, зүйрлэл ашиглаж бичдэг байсан. Харин одоо бол аль болох товч бөгөөд тодорхой бичихийг эрмэлзэх болж. Хайку бичлэгийг их л шоолж, бичихэд их амархан юм шиг санаж явсан үе бий. Гэвч одоо л товчоор их утгыг агуулж бичих ямар хүнд вэ гэдгийг ойлгож байна. Ялангуяа орчин цагт энэ чадвар нэн чухал болоод байгаа. Сэтгүүлчдийн хувьд зайлшгүй эзэмших ёстой чадвар.

20 ч хүрээгүй байхдаа буюу 1993 онд “Агапэ” нэртэй сонин гаргаж, сонины эрхлэгч гэдэг гуншинтай болоод их л омголон алхаж байсан үеэ санаж байна. Цөөн хэдэн дугаар гаргасан ч тэндээс их зүйл сурсан. Дараа нь Америкт байхдаа “Цахим өртөө”-ний анхны бичигчдийн нэг болж, өөрөө блог хөтөлдөг байлаа. Мастерт сурч байхдаа “Денверийн мэдээ” гэж сэтгүүл эрхлэн гаргаж байсан. 3 жилийн өмнө дэлхийд алдартай энтертэйнмент сэтгүүл “ОК!”-ийн эрхийг албан ёсоор авч, гаргалцаж байна. 12-р сард “Холливуд ба Монгол” гэдэг сэдвээр тусгай дугаар гаргахаар зэхэн ажиллаж байгаа. Эхнэр маань Netflix-ийн “Марко Поло” цувралын 2-р улиралд дүр бүтээгээд ирээд удаагүй байна. Холливудын баг хэрхэн ажилладаг, яаж ажлаа явуулдаг талаар нүдээрээ үзээд ирсэн, сонин сайхан ихтэй учир дугаар маань сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол Монголын бүх сэтгүүлчийг төлөөлж буй том байгууллага. Нэг талаас сэтгүүлчдээ өмгөөлж хамгаалах, нөгөө талаас мэргэжлийн бөгөөд ёс зүйтэй байхыг уриалж, тэдэнд боловсрол, мэдлэг олгох чиглэлээр ажилладаг. Энэ бол амаргүй ажил. Нийгэмд “сэтгүүлч” гэдэг мэргэжлийн нэр хүнд унаж, сургуулиудад нь бараг “гологдол” мэргэжил гэх ойлголт бий болчихсон байна. Нэгэн сургуулийн захирлаас сонголтгүй хоцорсон, төлбөрөө “малын махаараа” арай чүү хийдэг хүүхдүүд сэтгүүлч мэргэжлийг сонгодог гэж сонсоод багаасаа дурласан мэргэжилдээ бид салхи оруулах хэрэгтэй болж дээ гэдгийг бүрэн ойлгосон. Тэгэхээр хийх ажил их. Одоо байгаа сэтгүүлчдээ чадавхжуулж, давтаж, мэргэшүүлэхийн зэрэгцээ энэ мэргэжлийн нэр хүндийг өсгөх учиртай.

Нийгэмд сэтгүүлч хүн гэж хэн бэ гэдгийг зөв ойлгуулж, олон нийтэд сайн таниулах нь чухал. Өнгөрсөн долоо хоногт ТВ9 телевиз дээр болсон харамсалтай хэрэг дээр олон нийт ажлаа хийж явсан сэтгүүлчдийг ихэд буруутгасан. Болсон явдлыг дүгнэх илүүтэйгээр сэтгүүлчид дээр анхаарал хэт төвлөрчих шиг санагдсан. Өөрөөр хэлбэл мэдээ дамжуулсан “элчийг егүүтгэх” гэдэг нөгөө л байдал ажиглагдаж байна. Сэтгүүлчид бол болсон, болж буй явдлыг нэмэлт хачиргүйгээр шуурхай хүргэдэг хүмүүс шүү дээ.

Сэтгүүлчдийнхээ булхайтай, хуудуутай асуудлыг хөндөж бичсэн, шүгэл үлээсэн (whistle blowing), эрэн сурвалжилсан нийтлэл, нэвтрүүлгүүдийг үзэж унших үнэхээр амттай. Өгүүлбэр бүрээс нь мэдлэг авч, уншиж байхдаа хүртэл боловсрол олж байдаг тийм сурвалжилгыг унших үнэхээр сайхан байдаг. Сэтгүүлчийн маань бичсэн нэг нийтлэл, нэг сурвалжилгаас үүдэн хүмүүс цагаадах буюу буруутай нь тогтоогдож, улмаар шударга ёс тогтох боломж бүрддэг нь үнэхээр бахдалтай. Гэхдээ нөгөө талаас захиалгат нийтлэл бичиж, хэт нэг талыг барьсан, зохиомол зүйлсийг харах сэтгэл гутам байдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Ирэх жил МСНЭ-ийн 65 жилийн ой тохиох гэж байна. Урт удаан түүхтэй, нэр хүндтэй энэ байгууллагын түүхэн ойг хэрхэн тэмдэглэх талаар төлөвлөж байна. Мөн ирэх жилийн нарийвчилсан төлөвлөгөөн дээр багийнхаа хамтаар сууж байгаа.

“Өгөх өдөр” гэж хөдөлгөөнийг манай эхнэр санаачлан, гэр бүлээрээ зохион байгуулалтад нь гар бие оролцдог. Жил бүрийн 11-р сарын 1-нд дэлхий даяар тэмдэглэдэг энэ хөдөлгөөн энэ жилийн хувьд тархины саажилттай хүүхдүүд рүү чиглэж, тэднийг нийгэмд таниулах, зөв ойлголт өгөх зорилготой явагдлаа. Энэ хүрээнд бид эдгээр хүүхдүүдэд нэн хэрэгтэй, шаардлагатай байдаг “аалзны тор” гэдэг нэртэй төхөөрөмжийг авахаар хөрөнгө босгож байна. Нийт 50 орчим сая төгрөг хэрэгтэйгээс 10 гаруй саяыг нь босгочихсон байгаа. Он дуусахаас өмнө гүйцээчих зорилготой байна.

Энэ жилийн арга хэмжээ надад маш их зүйлийг ойлгуулсан. Саажилттай хүүхдүүд хотын гудамжаар ямар ч айж ичих зүйлгүй бусадтай хамт алхаж, хамт кино үзэж, дэлгүүр хоршоо хэсдэг тийм орчин бүрдээсэй гэсэн тэмүүлэлтэйгээр нийгэмд мэдээлэл өгөх гэж хичээсэн. Тэд хэдий хөдөлгөөний хязгаарлалттай ч эрүүл сэтгэж, бидэнтэй адил баярлаж, хөөрч, гунигладаг хүмүүс шүү дээ. Миний 4, 6 настай хоёр охин тэднийг хараад айж ичилгүй найзууд болж, нөхөрлөдөг байгаасай гэж би хүссэн. Тэднийгээ яг л тийм байж, тоглож найзалж байгааг хараад их баярласан. Хувь хүний маань хувьд их том ололттой, олон зүйлийг ойлгуулсан "Өгөх өдөр" байлаа.

Та ямар төрлийн хөгжим голдуу сонсдог вэ? Ямар хөгжим танд эрч хүч өгдөг вэ?

U2, Coldplay, Dave Matthew’s Band-ийн улаан фэн. Хаана ч, ямар ч нөхцөлд байнга л сонсдог. Бүгдийнх нь тоглолтыг амьдаар нь үзэж байсан шүү. Сүүлийн жил гаруйн хугацаанд өглөө ажлаа эхлэхдээ өрөөнийхөө хаалгыг хааж байгаад хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт Б.Шаравын “Гэгээн алсад одох юмсан” бүтээлийг байнга сонсох болсон. Урам зориг өгч, сэтгэл хөглөдөг сайхан аяз.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Яг одоо Английн улс төрч, зохиолч Майкл Доббсын бичсэн “House of Cards” гэдэг номыг уншиж байна. Маргарет Тэтчэр, Жон Мэйжор гэж 2 ерөнхий сайдын кабинетэд ажиллаж байсан түүний энэ номоор BBC, Netflix телевизийн цуврал хийсэн нь их амжилтанд хүрсэн. Улс төрчдийн хувьд гарын авлага болчихоор ном гэж хэлж болно. Зөвхөн улс төрчид төдийгүй удирдагч лидер хүмүүс бодлого шийдвэрээ хэрхэн гаргах, хэрхэн багаа бүрдүүлж, удирдах талаар ихээхэн мэдлэг, зураглал авахаар ном. Английн ерөнхий сайд асан Жон Мэйжор кампанит ажлаа амжилттай явуулахад энэ ном их хэрэг болсон талаар зохиогчид нь дуулгаж, баяр хүргэж байсан гэдэг. Ташрамд дуулгахад, бид энэ номыг орчуулахаар зэхэж байна. Номын эрхийг нь албан ёсоор авсан.

Хамгийн сүүлд Ник Вуяачичийн “Хязгаар үгүй амьдрал” нэртэй номыг нь уншиж дуусгалаа. Дөрвөн мөчгүй хэдий ч хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваа түүний амьдралаас олон зүйлийг сурч, маш их эрч хүч олж авсан. Нийтлэлийн хувьд New York Times дээр гардаг Томас Фридман, Рожер Коэн нарын op-ed булан, Huffington Post-ийг тогтмол уншдаг. Мөн Паоло Коэльогийн блогийг унших дуртай.

Миний хувьд, алдарт соён гэгээрүүлэгч Ш.Чоймаа багш, Г.Аким гуай нарын сор болсон эрдэмтэдтэй нийлж “Монголын нууц товчоо сан”-г байгуулсан. Монголын Нууц Товчоог залуу, шинэ үеийнхэн унших нь бүү хэл уншаад ойлгохгүй юм гэсэн тайлбаруудыг олон сонссоны эцэст “Монголын нууц товчоог 365 хоногт” гэж ном гаргасан юм. Уг номонд нууц товчоог 365 хувааж, өдөр бүр унших зориулалттай болгон, дотор нь багтсан эртний үгсийн утгыг тайлбарласан. Ном маань олон нийтэд маш сайн хүрч, борлогдоод дуусаж байна. Бестселлерийн жагсаалтанд номоо оруулах нэг мөрөөдөл маань ингэж биелсэн. Удахгүй гар утасны аппликэйшин хэлбэрээр гаргах гэж байна. Залуучууд маань эхлээд утсан дээрээ нууц товчоотой гэж гангараасай, дараа нь уншаад гайхуулаасай, үүнийхээ дараа ойлгосон түүхээрээ гангардаг болоосой гэж хүссэн хэрэг. Нэг ч гэсэн үгээ сурч, номоор дамжуулж хүмүүжил олоосой гэж зорьж байна даа.

Уг сан маань дараагийн төсөл болох монгол баатрууд, хатадын дүрс бүхий жижиг ширээний тоглоомуудыг бүтээхээр ажиллаж байгаа. Хөвгүүд нь батмэн, супермэн гээд анддаггүй, охид нь пони, барби гээд алдалгүй нэрлэдэг үе ирчихсэн байна. Бид яагаад монгол жанжид, хатад, баатруудыг тоглоомоор дамжуулж залуу үедээ хүргэж, ядаж л нэрийг нь цээжлүүлж, цаашлаад тэдэн шиг эр зоригтой, эх оронч, ухаалаг болох хүсэл мөрөөдөл бэлэглэж болохгүй гэж? Тоглоомоор дамжуулж хүмүүжил боловсрол олгож болно шүү дээ. Тэгж байж түүх, соёл, уламжлалаа дараагийн үедээ үлдээдэг юм байна гэж бодогдох болсон. Монголчууд өөрсдийн гэсэн брэндтэй байх хэрэгтэй байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Илүү дотогшоо хүн гэж хэлж болно. Би гадагшаа нэг их олон юм яриад байдаггүй, олон зүйл боддог хүн. Гэхдээ энэ маань миний ажилд саад болдоггүй гэж боддог.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Шөнө их сууж ажиллах дуртай учир нэлээн орой унтдаг. Шөнийн 3, 4 цаг хүртэл суух бол энгийн үзэгдэл. Өглөөдөө бол 7, 8 гээд л босчихдог. Энэ зуршлыг би ааваасаа олж авсан юм. Аав минь шөнө дөлөөр ажиллаад, үүрээр нь жаахан нойр аваад л ажилдаа явдаг сан. Тэр үед аавыгаа их л өрөвддөг байж билээ. Гэхдээ өөрөө Америкт очоод, тэнд байгаа залуусаас 2 дахин илүү хөдөлмөрлөж, илүү их хичээж байж мөрөөдөлдөө ойртох юм байна гэдгийг ойлгосноос хойш унтах нойроо улам багасгах болсон. Их сургуульд сурч байхдаа 4 цаг унтаад л өглөө 7:30-д сэрэхдээ их унтчихлаа гэж өөрийгөө зэмлэдэг байлаа.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Тухлагхан кофе шопийн нэг буланд, компьютерээ гаргачихсан халуун кофе уугаад сууж байх болов уу. Сүүлийн үед UBean, Caffe Bene-ээр их үйлчлүүлж байгаа. Өөрийн гэсэн кофе шоптой болоод, нэг буланд нь зөвхөн өөртөө суудаг суудал гаргачихсан, өөрийнхөө гаргасан сонин сэтгүүлийг унших мөрөөдөлтэй болоод их удаж байна. Бага багаар ойртож байна л гэж боддог. Ойрын үед өглөөдөө гүйж, оройдоо хоолоо хязгаарлах дэглэмтэй болоод байгаа. Зунаас хойш 10 орчим кг хассан шүү. Зөв амьдралын хэв маягтай болох санаатай.

Та хэнээс, юунаас урам зориг эрч хүч авдаг вэ?

Гоё сайхан юм болгоноос л эрч хүч авдаг. Зөв юмыг зөв цагт нь, зөв зүйлийн төлөө хийж байгаа ямар ч хүнээс урам зориг олдог. Өнөө өглөө л гэхэд, гадаах цасаа цэвэрлээд зогсож байсан өвөө эмээ хоёрыг хараад гоё энерги авсан. Би ер нь юмыг ажиглах дуртай. Гоё ургачихсан цэцгийг хүртэл харахад сэтгэл нэг их сайхан болчихдог. Та нар хааяа ч гэсэн нар луу харж зогсоод, урт амьсгаа аваад уужирдаггүй гэж үү?

Ханиасаа, үр хүүхдүүдээсээ, олон жилийн өмнө өөд болсон ч өдгөө хүртэл сэтгэлдээ амилуулж явдаг ааваасаа урам зориг үргэлж авч байдаг. Аав минь үргэлж миний төлөө гэж сэтгэж, амьдарч явсан. Намайг Америкт оччихсон, арай их сургуульд орж амжаагүй байх үед тэр үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга М.Албрайт Монголд айлчилж таарсан юм. Тэр үед аав минь бичсэн захиагаа тэр том хүнд өгөх гээд элчингийн гадаа цагдаа нарт хөөгдөөд зогсож байсныг бүр сүүлд л мэдсэн. “Миний хүү Америкийн их сургуульд сэтгүүлчээр сурах мөрөөдөлтэй. Та түүнд туслаач” гэж агуулгатай захиа бичсэн байсан юм билээ. Ямар гайхамшигтай сэтгэл вэ? Тэр явдлыг би сэтгэлдээ амилуулан бодох дуртай. Үнэхээр гайхалтай, аав хүнээс л гарах сэтгэл байсан санагддаг. (хоолой зангирав)

Баярмагнай захирлын ааваасаа өвлөж авсан бичгийн машин

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагад ажиллаж байх үед минь хамт ажиллаж байсан Шинэ Зеланд хүний хэлж байсан үг санаанаас ер гардаггүй юм. Ажил дээрээ орой үлдсэн надад тэр ах “Өглөө их чухал ажилтай, түлхүүрээ орхиод яваарай. Маргааш эрт ирнэ шүү” гээд захиж захиж явсан юм. Би ч окэй, санаа зоволтгүй гээд л үлдсэн. Мэдээж түүнийг өглөө ирэхэд түлхүүр байгаагүй. Би л түлхүүрээ үлдээхээ мартчихсан, ирээд л баахан шалтаг тоочиж гарсан. Тэр үед тэр хүн надад “Зүгээр ээ, Байка. Би чамайг уучилна. Гэхдээ наадахаа битгий зуршил болгоорой” гэж богинохон хэрнээ учиртай үгийг хэлсэн юм. Энэ үг ой тойнд үлдэж, нэг талаар нээрээ л амьдралынхаа турш ийм хариуцлагагүй, хайнга болчих вий гэсэн айдастай, нөгөө талаар сургамжтай үлдсэн дээ. Бид нэг алдаагаа байнга давтдаг, дараа нь засчихна даа гэж бодсоор зуршил болгочихдог. Энэ бол сүйрлийн дохио. Тиймдээ ч энэ үгийг хүүхдүүддээ бас хэлэх дуртай. 

Дараагийн удаа энэ буланд хэнийг оруулж, ажлынх нь арга барилтай танилцмаар байна?

Сингапурт суугаа элчин сайд Т.Лхагвадоржийн ажлын арга барилыг сонирхож байна. Бизнесмен байхдаа Австралийн хөрөнгийн биржэд IPO гаргаж байсан түүнийг чадварлаг менежер гэж үнэлдэг. Элчин сайд хүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг нь их сонирхолтой байна.

Шоу, энтертэйнмент салбараас гэвэл жүжигчин Б.Амарсайханыг нэрлэе. Холливудад нэрээ гаргачихсан, саяхан “Бодлын хулгайч” киногоороо Азийн кино фестивалд амжилттай оролцсон, залууст үлгэр дууриал болж байгаа хүн гэж боддог.