Бүтээмж гарахгүй байна уу? Анхаарал чинь төвлөрөхгүй байна уу? Эсвэл бүр стресстэж бухимдаад байна уу? Цаг минут, өдөр хоног харвасан сум шиг өнгөрч, ажил амьдрал нь зогсоо зайгүй хөвөрч буй хүн бүрт л тохиолддог зүйлс. Гэхдээ өдөрт өөртөө зориулан таван минут ч хамаагүй гаргаж, бодлоо цэгцэлж байх нь эдгээр асуудлуудыг бүрэн шийдэхээр барахгүй, таны эрүүл мэндэд эергээр нөлөөлж, сэтгэл санааг ч өөдрөг байлгадаг. Зарим нэг нь үүнийг бясалгал гэж нэрлэх нь ч бий. Тиймээс байгаль дунд байгаа мэт тайван, намуухан орчинд аваачиж, зөвхөн өөртэйгөө хамт байхад тусалдаг Calm.com хэмээх вэбийг өнөөдөр танилцуулж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Та ядарсан, стресстсэн, анхаарал тань сарнисан, бүтээмж чинь багассан үедээ, эсвэл зүгээр л тайван намуухан орчинд байж тархиа амраамаар, дотор хүнтэйгээ яримаар байгаа бол хэрэглээрэй. Өдөрт 15 минут л байхад хангалттай. Өөртөө зориулан гаргасан тэр хэдэн хором таны бодлыг цэгцэлж тайвшруулан, аз жаргалтай, эерэг уур амьсгалыг авчрахаар барахгүй шинэ санаа сэдлүүдийг ч төрүүлэх нь дамжиггүй.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Вэбийн хувьд энгийн, ойлгомжтой дизайнтайгаараа давуу юм. Та уг вэбэд ороод хүссэн орчингоо сонгон минутаа тохируулахад л хангалттай. Орчны дүрс болон байгалийн дуу чимээний хувьд маш өндөр чанартай бөгөөд танд яг л тухайн орчинд байгаа юм шиг мэдрэмжийг өгч чаддагаараа онцлог.

Харин гар утасны апп нь бясалгал дээр түлхүү анхаарсан бөгөөд төрөл бүрийн сэдэвтэй 50 гаруй нэмэлт хичээлүүд, зааварчилгаа, олон төрлийн байгалийн орчин, янз бүрийн авиа, тайвшруулах зориулалттай хөгжим зэргийг санал болгодог. Тэр дунд нь өөрийгөө илүү тайван, стрессгүй болгох 21 хоногийн хөтөлбөрт хичээл хүртэл бий. Мөн өөрийн бясалгал хийсэн өдөр, цагийг бүртгэх, хянах боломжтойгоос гадна апп өдөр бүр таныг хэдэн хором өөртөө зарцуулахыг сануулдаг нь тун давгүй шүү.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Гар утасны апп дээрх нэмэлт хичээлүүдийг нь авахад буюу subscribe хийхэд мөнгө нэхдэг гэхээс өөр сул тал гээд байх зүйл бараг л үгүй гэхэд болно.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Их ажлын дундуур стрессийг маань бууруулж, тайвшруулан, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг уг вэб/aпп-д Unread 8 оноо өгч байна.

ВЭБЭД ЗОЧЛОХ

Та www.calm.com хаягаар ороод туршаад үзээрэй. Мөн та өдөрт хэрхэн өөртөө цаг гаргадаг, тэр цагтаа юу хийдэг, хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг талаараа бусадтай хуваалцахаа мартуузай.