Unread энэ удаа Pocket хэмээх апп-ийг онцолж байна. Халаасандаа хийчихээд дараа нь гаргаж хэрэглэнэ гэсэн санаагаар Pocket гэж нэрлэсэн уг апп хэрэгтэй нийтлэл, видео зэргийг хадгалж, дараа тухтай үзэхэд тань туслах зорилготой. IOS болон Android-ийн шилдэг апп-уудын нэгт зүй ёсоор нэрлэгддэг Pocket өдгөө 17 сая хэрэглэгчтэй бөгөөд хэрэглэгчид нь нийт 1 тэрбум контентыг хадгалжээ.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Нухацтай уншиж, үзэх шаардлагатай, ямар нэг байдлаар эргээд ашиглах зүйлсийг Pocket-доо хийчихээд цаг зав гарсан үед нээж үзэх нь их цаг хэмнэнэ. Асар их мэдээллийн урсгал дунд бид хэрэгтэй контентыг хадгалж, ангилж, цэгцэлдэг найдвартай туслагчтай байхгүй бол горьгүй.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Хадгалсан контентыг нийтлэл, видео, фото зураг, мөн надтай хуваалцсан гэж ангилдаг. Мэдээж Favorite товч, Tags байгаа. Хадгалсан нийтлэлийнхээ фонт, үсгийн том жижгийг өөрөө тохируулах боломжтой.

Их контент хадгалах тусам Pocket таны сонирхлыг нээн илрүүлж, автоматаар сайн гэсэн контентуудыг санал болгодог. Та ихийг хадгалах тусам санал тэд илүү оновчтой контентуудыг санал болгох магадлалтай. Мөн хадгалсан контентоо татаж аваад интернэтгүй үед ч нээж үзэж болно. Зам зуур явахад, ямар нэгийг хүлээж байгаа үедээ уншихад нэн тохиромжтой.

Миний хувьд урьд нь хэрэгтэй линкүүдээ Delicious.com-д хадгалдаг байв. Тиймээс Delicious зэрэг бусад bookmarking сайтаас контентоо импортолж, Pocket руу шилжүүлж болдог нь их таалагдсан шүү.

Ямар сул талтай вэ?

Хэдийгээр интернэтгүй үед унших боломжтой гэдэг ч Pocket-д хадгалсан контентоо татаж авах буюу sync хийж байх шаардлагатай болдог. Энэ нь таны утас, таблетны зайг дүүргэчихээд байдаг сул талтай. Зарим хэрэглэгчид яагаад утас нь зайгүй болчихсоныг ойлгохгүй явж байх нь бий. Тэр бүү хэл Wi-Fi-аар бус 3G-гээрээ контент татаад, датаны хязгаараа дуусгачихсан тохиолдол ч мэр сэр харагддаг.

Unread-ийн үнэлгээ

Интернэт хэрэглээг тань ихэд хөнгөвчлөх энэхүү апп-д бид 8 оноо өглөө. Unread-ийн нийтлэлүүдийг Pocket руугаа шидчихээд л, уншаад байдаг юм ш дээ :)

Та энэхүү апп-ийг хэрэглэж байсан бол, одоо хэрэглэх гэж байгаа бол санал сэтгэгдлээ үлдээгээрэй. Контент, линк хадгалах өөр апп ашигладаг бол яагаад ашигладгаа мөн бичээрэй.