Энэ хавар Хүнсний 1-р дэлгүүрийн ойролцоо содон хэлбэртэй жижигхэн барилга ашиглалтанд ороход Твиттерт олон хүн сайшаан ярьж байв. Тэр бол Nomon bookstore нээлтээ хийсэн үе юм. Барилгын хэлбэр хийцийн хувьд төдийгүй бизнесийн модель, бүтээгдэхүүн үйлчилгээгээр онцгой, шинэлэг байж чадаж байгаа Nomon bookstore-ийн үүсгэн байгуулагч хатагтай Т.Хүрэлчимэгийг бид энэ удаагийн “Онцлох бизнес” буландаа урилаа.

Бизнесийн нэр: Nomon bookstore
Хаяг: Барилгачдын талбайгаас Хүнсний 1 ордог явган хүний зам дагуу
Үйл ажиллагааны чиглэл: Номын худалдаа ба түрээс, кофе шоп, кафе
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 3-р сар
Үүсгэн байгуулагч: Т. Хүрэлчимэг
Ажилтны тоо: 9
Facebook Page: Nomon Bookstore, N cafe

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би багаасаа л ном унших дуртай хүүхэд байсан. Ном унших дуртай шигээ кофе уугиулж суух бас дуртай. Хэдэн жилийн өмнө Америк явахдаа энэ хоёр зүйл ямар сайхан хоршдогийг, салшгүй хослол юм байна гэдгийг олон газраас олж харсан юм. Тэгээд л энэ дуртай зүйлсээ нэгтгээд тав тухтай сайхан газар байгуулъя гэж зориг шулуудсан. Тохилог сайхан газар ном уншиж суух бол амьдралаас авч болох хамгийн сайхан таашаалуудын нэг гэж боддог.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Өмнө нь хийж байсан бизнесийнхээ орлого болон хуримтлалдаа тулгуурлаж, давхар банкнаас зээл авч хөрөнгө оруулалтаа шийдсэн. Энэ төслийн санаа толгойд буусан үе бол манай улс дэлхийд их моодонд орж байсан 3, 4 жилийн ѳмнѳх үе л дээ. Бүх л бизнес цэцэглээд хүмүүсийн амьдрал илт дээшилж байсан болохоор зоригтой эхэлсэн.

Юугаараа бусдаас өөр, онцлог талуудтай вэ?

Номын дэлгүүрийн маань зай тийм том биш тул шилдэг сайн гэсэн номуудыг борлуулахыг зорьдог. Англи хэл дээрх номын сонголт өргөн. Мөн кофе шопдоо хоол гаргадаг нь, тэр дундаа ази хоолнууд гаргадаг нь шинэлэг болов уу гэж бодож байна. Кофе шопууд америк маягийн бургер, сэндвич зарах нь түгээмэл ч үйлчлүүлэгчдэдээ эрүүл хоол барихыг бид илүүд үзсэн. Манайх шиг ази маягийн хоолыг иймэрхүү үнээр, 5-10 минутанд гаргадаг газар ховор байх. Кафе, номын дэлгүүр маань бас хөнгөлөлтийн карт, урамшууллуудтай. Түүнчлэн гуравдугаар давхрын зааланд маань зөв гэгээлэг зүйлд зорьж яваа төрөл бүрийн бүлэг, клубууд уулзалт, арга хэмжээ зохион байгуулах боломжтой. 20 хүний уулзалт хийхэд бол хангалттай хүрэхээр танхимтай. Товчхондоо, нэлээд цогц үйлчилгээ үзүүлэх чадвартай гэх үү дээ.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Ном унших соёлыг түгээх, монголчуудыг соёлжин гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулах. Өнөөдөр дийлэнх монголчуудын сэтгэлгээ ядуу байна. Өнөө л нүүрсээ ухах тухай ярьсаар, талх гурилын үнэ гэж гомдоллосоор, оюутнууд нь автобусны үнэгүй билет гэж жагсаал цуглаан хийсээр... Улс хөгжье гэвэл хүнээ л хөгжүүлэх ёстой. Хүнийг амархан соён гэгээрүүлэх арга бол ном. Өртөг зардал их шаардахгүй. Ном уншиж байж л соёл ертөнцийн наад захын шаардлагыг хангана гэж би үздэг. Хэтийн энэ зорилгоо биелүүлэхийн тулд дүүрэг болгонд ийм номын дэлгүүр, кафе нээх төлөвлөгөөтэй байгаа.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох нэгдсэн стандарттай байлгах, цаашлаад олон улсад байдаг сайн жишиг, стандартуудыг бизнестээ нэвтрүүлэхийг чухалчихдаг.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамж тань юу вэ?

Одоогийн эдийн засгийн хямрал л юм даа. Ном гэдэг өөрөө талх, гурил шиг хүний анхдагч хэрэгцээнүүдийн нэг биш учраас хямрал их нөлөөлж, зээлийн эргэн төлөлт маань одоохондоо хангалтгүй байгаа. Бизнесийн дараа дараагийн алхмуудаа хиймээр байгаа ч цаг үе ийм байгаа тул хүлээлтийн байдалд байна. Гэхдээ мэдээж хямрал нүүрлэчихлээ гээд халаглаад суулгүй ажлаа саадгүй явуулах нөөц боломжуудыг улам ихээр эрэлхийлж байна.

Яг одоо ямар зүйлс дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Би анх зорилтот хэрэглэгчдээ 25-аас дээш насны ажил хэрэгч хүмүүс байх болов уу гэж харж байсан. Гэтэл бодит байдал дээр оюутан залуус бас зорин ирж, кофе уунгаа ном уншиж байгаа нь бидэнд урам ѳгч байгаа. Тиймээс оюутан залууст зориулсан ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж болох вэ гэж бодож байна. Мөн хүмүүс уншъя гэсэн номоо тэр болгон худалдаж аваад байж чаддаггүй тул номын түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх санаа байгаа. Фэйсбүүк хуудсан дээрээ ийм санаа цухуйлгатал хүмүүс их дэмжиж байна лээ. Харин кафе дээрээ Sushi & Wine нэртэй оройн хөтөлбөртэй болохоор ажиллаж байна. Энэ маань нэг талаасаа номын дэлгүүрийнхээ тогтвортой үйл ажиллагаа хангах, нѳгѳѳ талаасаа бас л соёлт хэрэглээг дэмжих зорилготой. Ер нь дарс, суши хоёр бол тѳгс хослол гэдгийг дэлхий даяар мэдэрсэн болохоор ийм үйлчилгээ хаа сайгүй түгээмэл байдаг.

Барилгын тань талаар лавлаж асуумаар байна. Жижигхэн хэрхэн их хөөрхөн хийцтэй байшин?

Барилгын суурин дээр урьд нь жижигхэн түц байсан. Номын дэлгүүр, кафе зэргийг эрхлэх төлөвлөгөөтэй байсан учраас дээшээ давхарлаж барин, зай талбай гаргахаас өөр арга байгаагүй. Ингээд архитектордоо өөрийн санааг хэлж, дизайныг нь гаргуулсан юм. Барилга маань хоёр ном давхарлаж тавьсан юм шиг хэлбэртэй. Урьд нь 20 гаруйхан м.кв талбайтай түц байсан газар дээр ийнхүү нийтдээ 200 орчим м.кв талбайтай барилга босгосон. Зай талбайг том харагдуулахын тулд битүү шилэн фасадтайгаар шийдсэн. Подваль ба нэгдүгээр давхартаа номын дэлгүүр, хоёрдугаар давхартаа кофе шоп, кафе, гуравдугаар давхартаа оффис ба уулзалтын танхимтай. Барилга бариулах төсөл бичсэн үеэсээ л номон байшин гэж ярьсаар байгаад сүүлдээ “Номон” гэдгээр бизнесээ нэрлэсэн. Мөн дээр үеэсээ хуучин номын худалдаатай байсан энэ гудамжинд барилга маань баригдсан нь их сайхан бэлгэдэлтэй хэрэг болсон шүү.