Өдгөө дэлхийд дахинд дэлгүүр хэсэхээс илүү онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж авдаг хүмүүсийн тоо жил ирэх бүр өссөөр байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 1.8 тэрбум хүн онлайнаар худалдаа хийсэн тоо бий. Олон улсад хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтыг Amazon, Alibaba зэрэг онлайн худалдааны платформууд тэргүүлж, ямарваа бүтээгдэхүүнийг цаг хугацаа ба орон зайг үл хамааран бөмбөрцгийн өнцөг булан бүрд хэрэглэгчдийн гарт очиж буй. Энэ хүрээнд онлайн дэлгүүрүүд баяр ёслолыг тохиолдуулан хямдрал, урамшууллаа зарлах нь ихсэж, нүсэр хямдралын үе болох “Black Friday” өдрийг томоохон дэлгүүрүүд зохион байгуулдаг болоод байна. Тиймээс бид энэ удаа цахим худалдан авалтад анхаарвал зохих зөвлөмжүүдийг, дэлхийн топ 10 онлайн дэлгүүрийн хамт танилцуулахаар бэлтгэлээ. 

1. Бүтээгдэхүүний гадаад үзэмжид хууртахгүй байх

Цахим дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн компьютерын цаанаас маш цэвэрхэн, өө сэвгүй харагдаж, хүний харцыг ихэд булаадаг. Тиймээс зарим худалдан авагч өөрт хэрэгцээтэй эсэхээс үл шалтгаалан тэр дор нь захиалах нь бий. Гэвч худалдан авагчдын анхаарлыг татаж, тухайн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд түүний ард зураг авалтын бүтэн баг ажиллан, дизайн зохиомжийг нь төлөвлөж, өнгө дүрсийг нь сэргээн, хэрэглэгчдэд хамгийн сайхнаар харагдуулах боломжит бүх хувилбарыг ашигласан гэдгийг та санах хэрэгтэй.

2. Сошиал нөлөөлөгчдийн сурталчилгаанд автахгүй байх

Сүүлийн үед Social influencers буюу сошиал нөлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан маркетинг хийх нь элбэг болсон. Олны танил хэн нэгэн аливаа брендийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тухайгаа хуваалцахад л охид, эмэгтэйчүүдийн анхаарал татаж, худалдан авалтад нөлөөлдөг. Гэвч influencers захиалагч байгууллагаасаа цалин авч, тухайн бүтээгдэхүүнүүдийг борлуулахын тулд ажиллаж байгаа гэдгийг санаарай. Та бүхэнд цахимаар харуулсан бүтээгдэхүүн бодит байдлаас зөрүүтэй ч байж болох юм.

3. Онлайн худалдааны вэбсайтаа шалгаж, нягтлах

Онлайн бизнесийн платформд цахим гэмт хэрэг гарах нь цөөнгүй учраас худалдан авалт хийх гэж буй вэбсайтаа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, найдвартай эсэхийг сайтар нягтлаарай. Сүүлийн үед бусдын нэрийг барьж, хуурамч хаяг нээн хэрэглэгчдийг хуурах тохиолдол элбэг болсон. Тиймээс худалдан авалтаа баталгаажуулахаас өмнө тухайн вэбсайтын талаарх мэдээллийг цуглуулах нь кибер гэмт хэргээс сэргийлэх эхний алхам юм шүү.

4. Төлбөрийн аюулгүй байдлаа хянах

Вебсайтын найдвартай байдлыг шалгахаас гадна төлбөр, тооцооны аюулгүй байдалд анхаарах нь зүйтэй юм. Хэрэглэгчид худалдан авалт хийх бүрдээ өөрсдийн картын мэдээллийг оруулах нь тийм ч тохиромжтой биш. Учир нь, худалдан авалт хийсэн онлайн дэлгүүрт таны картын мэдээлэл хадгалагдсан байх магадлалтай. Түүнээс гадна аливаа асуудал үүссэн тохиолдолд мөнгөө буцааж нэхэмжлэх эсвэл төлбөрийн баримтаа авахад хүндрэл үүсэх эрсдэлээс сэргийлж, урьдчилан лавлаж асуухаа мартуузай.

5. Хүргэлтийн үйлчилгээнд анхаарах

Онлайн дэлгүүрийн гол онцлог нь үйлчлүүлэгч дэлхийн хаанаас ч, хэзээ ч бараа бүтээгдэхүүнээ захиалан авах боломжтой. Энэ нь маш том давуу тал боловч бид хүргэлтийн үйлчилгээг зайлшгүй харгалзан судлах шаардлагатай юм. Ихэнх онлайн дэлгүүрүүд бараагаа тодорхой хугацааны дараа таны гарт хүргэж өгдөг. Ингэхдээ буруу хаягаар очих, замдаа хаа нэгтээ төөрөх, ирэх ёстой хугацаанаасаа хожимдох зэрэг олон эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс үйлчлүүлэгчид захиалсан барааныхаа хүргэлтийн үйл явц, аюулгүй байдалд санаа тавьж, хаяг болон хугацаагаа сайтар нягтлаарай.

6. Буцааж болох эсэхийг урьдчилж тодруулах

Та худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд хэнд, хэрхэн хандах, нэмэлт шимтгэл төлөх эсэхээ урьдчилж мэдэх нь чухал юм шүү. Зарим тохиолдолд аливаа бараа хүргэлт болон буцаалтын явцад замдаа эвдэрч, гэмтэх нь ч бий. Тиймээс нөхөн төлбөр болон буцаах тээвэрлэлтийн зардлын талаар нарийвчлан судлаарай.

7. Хэрэглэгчийн сэтгэгдлийг унших

Худалдан авагчид хамгийн найдвартай, найрсаг харилцаатай, баталгаатай онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсэх нь тодорхой. Тиймээс хэдэн вэбсайтын үйлчилгээг харьцуулан судалсны эцэст сонголтоо хийх нь зүйтэй. Юун түрүүнд өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших нь хамгийн эхний чухал алхам юм. Ингэхдээ тухайн сэтгэгдлүүд жинхэнэ, хуурамч эсэхийг нягталж, ямар хаягаас юу бичсэн байгааг орж хараарай. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж нь онлайн дэлгүүрийн маркетингийн чухал хэсэг юм шүү.

Олон улсын топ 10 онлайн дэлгүүр

1. Amazon.com
2. Ebay.com
3.Alibaba.com
4. Craigslist.com
5. Walmart.com
6. Etsy.com
7. HomeDepot.com
8. Target.com
9. BestBuy.com
10. AliExpress.com