Сүүлийн жилүүдэд байгаль орчны экосистемтэй холбоотой олон асуудал эрчимтэй хөндөгдөх болсноор дэлхий нийт нэг үеэ бодвол органик бүтээгдэхүүн, хог хаягдалгүй амьдралын ач холбогдлыг ойлгодог болж, тэр хэрээр өдөр тутмын худалдан авалтаа илүү мэдээлэлтэй, зарчимтай, хариуцлагатай хийхийг эрмэлздэг болжээ. Уг эерэг давлагааг бизнесийн салбарынхан ч аль хэдийн мэдэрч, үйл ажиллагаагаа энэ чиглэл рүү хандуулах болоод буй. Өнөөдрийн онцлох “Greenstock” хамтын нэрийн дэлгүүр нь “Дэлхийн чиг хандлага + үндэсний үйлдвэрлэгчид + эко, органик бүтээгдэхүүн + нэр, төрлийн сонголт + үйлдвэрийн үнэ” зэрэг олон үнэ цэнийг нэг дор цогцлоож, богино хугацаанд хүмүүсийн хэрэглээнд өөрчлөлт оруулж яваагаараа онцлогтой. Бид энэ удаагийн дугаартаа энэхүү шинэлэг, сонирхолтой, эгдүүтэй дэлгүүрийн хамтран байгуулагч Б.Баясгалантай ярилцлаа.

Бизнесийн нэр: "Greenstock” хамтын нэрийн дэлгүүр
Байршил: Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд тал, Голомт банкны Бизнес төвийн зүүн талын 29-р байр
Үйл ажиллагааны чиглэл: Дотоодын органик гар хийцийн бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2019 оны 7 сар
Үүсгэн байгуулагчид: Б.Баясгалан, Л.Наранзул
Сошиал хуудсууд: Green stock (фэйсбүүк хуудас) greenstockmn (инстаграм)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Хамтрагч маань болох Л.Наранзул бид хоёр өөр өөрсдийн гэсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувийн бизнестэй юм. Хувийн бизнесээ эрхлээд, тодорхой хэрэглэгчидтэй болсны дараа үйлчлүүлэгчдээс маань “Танай нэрийн дэлгүүр хаана вэ?” гэдэг асуултууд, бас “Нэрийн дэлгүүртэй болоорой” гэсэн хүсэлтүүд ирэх болсон. Шинээр эхэлсэн гарааны бизнесийн хувьд нэрийн дэлгүүртэй болно гэдэг нь бодоход сайхан ч бодит байдал дээрээ ажилчдын зардал, ашигтай байрлал, түрээсийн төлбөр, наанадаж дэлгүүр нээх хэмжээний олон төрлийн бүтээгдэхүүнтэй билүү гэдгээс эхлээд бодох, төлөвлөх асуудал олонтой. Гэтэл нөгөө талаас үнэнч хэрэглэгчдэдээ байнга нэмүү өртөг шингэсэн үнээр үйлчлэх, ирж буй хүсэлтүүдийг шийдэхгүй яваад байна гэдэг зохимжгүй. Хамтрагчтайгаа ярилцаж, ижилхэн асуудал түгээмэл байдгийг ойлгоод хамтарч дэлгүүр нээхээр шийдсэн. Эрэлт байна, бүтээгдэхүүн байна, хамтрах хүсэлтэй олон үйлдвэрлэгч байна... Тэгэхээр яагаад болохгүй гэж?

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хөрөнгө оруулалтаа хоёр талаасаа гарган хувиасаа шийдсэн. Эрэлт хэрэгцээ байснаас гадна өмнөх ажлын туршлага, судалгаа ч хангалттай байсан л даа. Иймд хөрөнгө оруулалтаа хийхэд тийм ч хэцүү буюу айдастай байгаагүй.

ХАМТРАГЧАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Бид хоёрын хувьд бие биеэ удаан хугацаанд мэддэг, багаасаа найзалсан хүмүүс биш л дээ. Анх хэн хэн нь хувийн бизнесээ эхлүүлээгүй байхдаа буюу 3 жилийн өмнө, ажлын шугамаар танилцаж байсан. Хэдийгээр нөхөрлөөд удаагүй ч, он удаан жил бие биеэ мэддэг мэт ойлголцож, алсын хараа, ирээдүйн хүсэл зорилго таардаг. Тиймээс бие биедээ итгэсэн.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай дэлгүүрт худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүд Монголд үйлдвэрлэгдсэн, гар хийцийн, байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн, үйлдвэрийн үнээр борлуулагдаж буй давуу талуудтай. Үүнээс гадна нэг онцлог гэвэл дэлгүүрээ нээгээд, бүтээгдэхүүнүүдээ байршуулсны дараа манай харилцагч, үйлдвэрлэгчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байгааг анзаарсан. Энд жендер, феминизм огтхон ч ярих гээгүй юм шүү, зүгээр л үйл ажиллагаагаа явуулах явцад олж мэдсэн зүйл. Ингэхээр манайд борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд бүгд л бүсгүй хүний сэтгэл, туршлага, хайраас бий болсон байгаа юм. Нэг талаас хэрэглэгчдэдээ өдөр тутмын, ахуйн хэрэглээгээ эрүүл хэв маягтай болоход нь тусалж, нөгөө талаас давхар үйлдвэр эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжиж байна гэсэн үг. Бидний үйл ажиллагаа дан ганц худалдаа үйлчилгээгээр хязгаарлагдалгүй үйлдвэр эрхлэгчдийн хамтын коммюнитийг үүсгэж байна. Харин үйлчилгээний хувьд худалдан авагчдынхаа үргэлж сайн зөвлөгч, туслагч нь байхыг хичээж ажилладаг. Худалдан авагч манай дэлгүүрээс нэг удаа худалдан авалт хийгээд өнгөрөхөөс илүүтэй тухайн бүтээгдэхүүний онцлог, органик бүтээгдэхүүний ач холбогдлын талаар мэдээлэлтэй болоод гарах нь бидний зорилго.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Ойрын зорилго гэвэл “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер”-аас дотоодод үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний төрөлжсөн хамтын нэрийн дэлгүүр нээх хүсэлт ирсэн. Чадвал энэ ондоо багтаад дэлгүүрийнхээ салбарыг байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн харилцагч үйлдвэрлэгчидтэйгээ хамтран гадна, дотнын үзэсгэлэн худалдаа, экспод ордог болохоор зэхэж байна. Жижиг үйлдвэр эрхлэгчид дангаараа үзэсгэлэн худалдаанд орохоор болбол төлбөр, тохижуулалт, чадамжаасаа шалтгаалаад үргэлж хамгийн хямд үнэтэй, жижиг талбайтай, байрлал муутай хэсгийг авдаг. Харин бид хамтаараа үзэсгэлэн худалдаанд орж заншвал төлбөр, байрлал, талбай, ачаалал гээд олон талаар бие биесээ нөхөж, дэмжиж чадах юм. Явцдаа төрөлжсөн салбарууд, онлайн худалдаа, агуулах, логистикийн асуудлаа сайжруулаад явна. Хэтийн зорилго бол урт хугацаанд, тогтвортой үйл ажиллагаа явуулах механизмтай, харилцагч, хэрэглэгч, нийгэмдээ үнэ хүндтэй байгууллага болох. Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний салбараа хамтын хүчээр илүү таатай, боловсронгуй болгомоор байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Гол консепт маань Монголд тохирсон “Хамтын нэрийн дэлгүүр”-ийн бий болгох. Энэ нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчийг холбох ажил болж байгаа юм. Энэ үйл ажиллагааг хоёр талд харилцан сэтгэл ханамжтай байдлаар гүйцэтгэхийн тулд Greenstock-ийн зүгээс бүх талын дэмжлэгийг үзүүлж, хамгийн гол нь талуудад шударга зарчмаар хандана.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Харилцагч үйлдвэрлэгчдэдээ зориулаад “Үйл ажиллагааны гарын авлага” хийж байна. Компанид, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд, үйл ажиллагаа явуулахад юуг мэдсэн байх шаардлагатай, түүнийг хэрхэн хийвэл тохиромжтой талаар зөвлөж, зааварчилгаа өгөх гарын авлага бэлтгэж байгаа. Савлагаагаа хэрхэн сайжруулах вэ? Энэ тал дээр хэнтэй хамтарч ажиллавал тохиромжтой вэ? Бүтээгдэхүүний ямар стандартууд байдаг? Түүнийг хэрхэн хангах вэ? Тохирлын гэрчилгээ гэж юу болох? Хэрхэн авах? гээд энгийн юм шиг боловч үйлдвэр эрхлэгчдийн хувьд өдөр тутам тулгардаг, ялангуяа үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлэх үед их тохиолддог асуудлуудыг хөнгөвчлөх зорилготой. Үйлдвэрлэгчид маань илүү мэдээлэл, мэдлэгтэй байснаар сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Сайн бүтээгдэхүүнтэй байснаар үндэсний үйлдвэр эрхлэгчдийн нэр хүнд өсөж, зах зээлийн багтаамж ч томрох юм.

Мөн шинэ жилийн баяр дөхөж байгаа тул бэлгийн багц гаргахаар төлөвлөж байгаа. Хэрэглэгч маань хэн нэгэнд бэлэг өгөхийг хүсвэл заавал нэг брэндээр хязгаарлагдалгүй манайхаас хүссэн бүтээгдэхүүнээ нийлүүлээд багц болгоод авах боломжтой. Албан байгууллагуудад ч энэ үйлчилгээгээ санал болгохоор ажиллаж байна. Өдөр тутмын үйл ажиллагааны хувьд мэдээж дэлгүүр, бүтээгдэхүүнүүдээ таниулах, олон нийтэд органик бүтээгдэхүүний тухай ойлголт өгөх, байнгын хэрэглэгчдээ уйдаахгүй байхад анхаарч ажилладаг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Бид хоёр өмнө нь бизнес, хөрөнгө оруулалтын салбарт тус бүр арваад жил ажилласан. Тийм болохоор хэн хэн нь бизнесийн тал дээр аливаа асуудал, бэрхшээлд хандах хандлага, сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээнд төлөвшиж, бэлтгэгдсэн хүмүүс л дээ. Хийх дуртай, итгэж үнэмшсэн ажлаа хийж яваа болохоор хэцүү, бэрхшээлтэй гэхээр зүйл бага шүү. Ажилд маань энэ хэмжээний асуудал, сонголт гарч ирэхийг анхнаасаа бүрэн ойлгож, ухамсарлаж эхлүүлсэн нь ажлаа саадгүй явуулах боломжийг өгдөг байх.Хэрэглэгчид маань манай дэлгүүрт орж ирээд хүссэн мэдээллээ авч, тест хийж үзээд, сонголтоо хийгээд “Хөөрхөн дэлгүүр байна” гэж хэлээд сэтгэл хангалуун гарахад тун таатай мэдрэмж авдаг. Дэлгүүр нээгээгүй байхдаа өөрийнхөө л бүтээгдэхүүнийг хүмүүст таниулах, харуулах гэж ажилладаг байсан бол одоо хориод үйлдвэрлэгчийн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн сэтгэлээр хайрладаг, таниулахыг хичээдэг болсон байна. Энэ нь бидний ажлаасаа авдаг бас нэг сэтгэл ханамж.