Дэлхий дахинд

Энэ оны төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис Хаан Одон"-г дэлхийг хөгжмийн ертөнцөд чичиргээн үүсгэсэн "The Hu" хамтлагт олголоо. Өдгөө АНУ-аар аялан тоглолт хийж буй тус хамтлагийг төлөөлөн үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог уг шагналыг хүртсэн юм. Биллбордыг тэргүүлж, топ фестивалуудад оролцон, дэлхий даяар сая сая фентэй болсон тус хамтлагийн эх орноо гадаад оронд сурталчилж байгааг нь ерөнхийлөгч онцолжээ.

IKEA байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх зорилгын хүрээнд 220 сая долларын санхүүжилт гаргах болсноо зарлалаа. Тэд түүхий эдээ байгальд ээлтэй байдлаар бэлтгэх, худалдан авагчдын дэлгүүр лүү явах зардал болон бохирдлыг багасгах, үйлдвэрлэлдээ сэргээгдэх эрчим хүч ашиглах чиглэлд энэ хөрөнгө оруулалтаа зарцуулна гэнэ.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарилгаар Иран улсын тамирчин, жүдогийн дэлхийн аварга Моллаей Сайедад Монгол улсын иргэншил олголоо. Улс төрийн шалтгааны улмаас спортын тавцанд шударгаар өрсөлдөх боломжгүй болж, эх орноо орхиод удаж буй М.Сайед ингэснээр Монголын нэрийн өмнөөс Олимпийн наадамд оролцох боломжтой болж буй юм. Монгол улсын хувьд өмнө нь тамирчдаа Казахстан, Азербайжан зэрэг улсуудад "алдаж" байснаас дэлхийн хэмжээний тамирчинг нэгтгэж байсан удаа байхгүй билээ.

Лондон хотын төвд тэсрэх төхөөрөмж биедээ бэхэлсэн хутгатай этгээд халдлага үйлдэж, 2 хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. 2012 онд Лондоны биржид халдлага хийхийн завдсан хэмээн 16 жилийн ял авсан ч өнгөрсөн жил үйлдэл хянагч электрон төхөөрөмжтэйгөөр суллагдсан 28 настай У.Хан гэгч энэ хэргийг үйлдсэн бөгөөд цагдаагийн ажилтнуудад эсэргүүцэл үзүүлэх үедээ амь насаа алджээ. Уг хэргийн хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээсэн байна.

Хонгконгийн орон нутгийн сонгуульд ардчиллыг дэмжигч намууд дийлэнх суудлыг авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Нийт 3 сая гаруй иргэн буюу 71 хувь нь саналаа өгсөн нь түүхэн дээд амжилт болсон байна. Ардчиллыг дэмжигчид нийт 18 дүүргийн 17-д нь олонх болж, өмнөх суудлаа гурав дахин ахиулж 388 суудалтай болсон бол Бээжинг дэмжигчид 240 гаруй суудлыг алдаж, ердөө 62 суудалтай хоцорсон байна.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

MIT-ийн эрдэмтэд Intelligent Tow Tank нэртэй роботыг судалгааны туршилт хийх зорилгоор хөгжүүлснээ зарлалаа. Тус "робот эрдэмтэн" жилд 100 мянган туршилтыг хийх чадвартай гэдгээрээ онцлогтой. Энэ нь докторын түвшний судалгааны ажлыг 2 долоо хоногт хийж гүйцэтгэж байна гэсэн үг гэнэ. Олон удаа давтдаг, нарийн үнэлгээгээр тооцогддог туршилтыг илүү хурдтай хийхэд түлхэц болно хэмээн хөгжүүлэгчид нь үзэж байна.

Го даамын дэлхийн тэргүүн тамирчин Ли Седол спортоо орхиж байгаагаа зарлалаа. Тэрээр өнгөрсөн жил Гүүглийн хөгжүүлсэн хиймэл оюун AlphaGo-д ялагдсан нь энэ шийдвэрийн гол үндэс гэнэ. "Хэдий номер нэг чансаатай боллоо ч хэзээ ч дийлж чадахгүй оюун байгаа учир тоглох аргагүй боллоо" хэмээн тэрээр зодог тайлахдаа хэлсэн байна. Хамгийн хэцүү, төвөгтэй, олон үйлдэлтэй гэгдэж байсан го даамаар хүнийг хожсон нь машин сургалтын салбарт тэсрэлт хийсэн үйл явдал болсон билээ.

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо төрийн зарим албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж, орыг нь хиймэл оюунаар залгуулах хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Тэрээр төрийн хүнд суртал, удаан шийдвэр гаргадаг байдал, албан үүрэг давхцалыг хиймэл оюунд даатгаснаар зардал буурах боломжтой хэмээн үзжээ. Зарим цомхотгох албан тушаалууд дунд дэд сайдын албан тушаалууд багтсан нь мөн анхаарал татав.

Массачусетс мужийн цагдаагийн газар Boston Dynamics-ийн хөгжүүлсэн Spot нэртэй робот нохойг тусгай ажиллагаанд туршиж эхэлсэн байна. 90 хоногийн турш үргэлжилсэн туршилтын хугацаанд робот ноход цагдаад туслах үүргийг гүйцэтгэн, аюултай орчинд ажиллах чадамжтай эсэхийг шалгасан гэнэ.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

2019 оны "Хар баасан гараг"-ийн борлуулалт 7.4 тэрбумд хүрсэн нь Америкийн түүхэнд 2-т бичигдэх худалдааны амжилт болсон байна. Нэг худалдан авагчийн дундаж зарцуулалт 168 доллар байсан нь 6 хувиар өссөн амжилт болсныг шинжээчид онцлов. Үүний өмнө тохиосон Талархлын баярын хямдралаар 4.2 тэрбум долларын борлуулалт хийгдсэн нь өмнөх жилээс 14 хувиар өсөж, рекорд болсон юм. Мөн нийт борлуулалтын 35 хувь нь гар утаснаас хийгдсэн нь онцлох тоо байв. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн "Cyber Monday"-ээр нийт 7.9 тэрбум долларын борлуулалт хийгдсэн нь дээд амжилтад тооцогддог билээ.

Alibaba-ийн удтал хүлээлгэсэн Хонгконгийн бирж дээрх хувьцааны арилжаа эхэлж, 11 тэрбум долларыг босголоо. 5 жилийн өмнө Нью Йоркийн биржээс 25 тэрбум долларын санхүүжилт татаж, түүхэн амжилт тогтоож байсан тэдний хувьцаа эхний өдрөө 7 хувиар өссөн байна. Энэ нь 2019 оны хамгийн том IPO-д тооцогдох үзүүлэлт байлаа.

Европын хамгийн том тасалбар борлуулагч платформ Viagogo Америкт төвтэй гол өрсөлдөгч Stubhub-ийг 4.05 тэрбум доллараар худалдан авлаа. Stubhub-ийг 2007 онд 310 сая доллараар худалдан авч байсан eBay гол бизнес рүүгээ төвлөрөх стратегийн хүрээнд ийн зарахаар болжээ. Хамгийн сонирхолтой нь, Viagogo-г үүсгэн байгуулагч Э.Бэйкэр оюутан байхдаа Stubhub-ийг мөн хамтран байгуулж байсан ч зарагдахаас нь өмнө компаниа орхисон түүхтэй гэнэ.

Энэтхэгийн хамгийн том финтек стартап Paytm 1 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт татжээ. Мөнгө шилжүүлэх, тасалбар худалдан авах, зээл авах зэрэг бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг авах боломжтой Paytm 16 тэрбум долларын үнэлгээтэй болсон нь энэ. Шинэ санхүүжилтэд Softbank, Ant Financials зэрэг өмнөх хөрөнгө оруулагчид нь мөн оролцжээ.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Талархлын баярын долоо хоногт "Frozen 2" бокс оффисийг илт тасархай тэргүүлж, энэ жил 1 тэрбум долларын босгыг давсан Диснейн 6 дахь бүтээл болоход ойрхон ирлээ. Тэд баярын өдрүүдээр 124 сая долларын орлогыг Хойд Америкаас цуглуулсан нь түүхэн дэх дээд амжилт болсон бөгөөд ердөө 12 хоногийн дотор дэлхий даяар 739 сая долларын борлуулалттай болжээ. Харин Д.Крэйг, К.Эванс нарын оддын тоглосон "Knives Out" 2-р байрт, "Ford v Ferrari" 3-р байрт тус тус жагсжээ.

Шинэ мянганы хамгийн алдартай охидын хамтлагийн нэг Pussycat Dolls 10 жилийн дараа эргэн ирснээ зарлалаа. Тэд энэ жилийн X-Factor-ийн финалд уран бүтээлээ хүргэж гэнэтийн бэлэг барьсан бөгөөд үүнээс өмнө 2020 онд хийх аялан тоглолтын товоо мөн ил болгосон байна. Дэлхий даяар 54 сая цомог борлуулсан тус хамтлаг аяллаа Их Британиас эхлэх гэнэ.

Нью Йоркийн хамгийн алдартай кино театруудын нэг "The Paris"-ийг Netflix эзэмших боллоо. 1948 онд нээгдэж байсан тус театр өнгөрсөн 8-р сард санхүүгийн шалтгаанаар хаалгаа бариад байсан юм. Нетфликс нийт 571 үзэгчийн суудалтай уг театрыг ашиглан киноны нээлт, тусгай эвент, урьдчилсан үзүүлэн зэргийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Попын хаан Майкл Жэксоны намтраас сэдэвлэсэн бүрэн хэмжээний киноны ажил эхэлсэн гэнэ. Киноны эрхийг "Bohemian Rhapsody"-г бүтээснээрээ Оскарын шагнал гардсан Г.Кинг эзэмших болсон бөгөөд "Aviator", "Gladiator"-ийн зохиолыг бичсэн Ж.Логан мөн ажиллах болжээ. Хэдий киноны гарах хугацаа тодорхойгүй байгаа ч хүүхэд наснаас нь нас барах хүртэлх түүхийг бүгдийг нь багтаана хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.