Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр хууль зүйн туслалцаа, зөвлөгөөг чөлөөтэй авах эрхтэй билээ. Гэвч Нээлттэй нийгэм форумаас иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг тодорхойлох судалгаа явуулахад оролцогчдын 57 хувь нь ямар нэг бэрхшээл тохиолдвол хаашаа хандахаа мэдэхгүй хэмээн хариулсан байдаг аж. Ийм хэрэгцээ байгаагаас иргэдэд хууль эрх зүйн мэдээллийг хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх боломжтой хуулийн технологид (LegalTech) суурилсан платформууд сүүлийн үед бий болсоор байна. Өнөөдөр бид Монголдоо хуулийн технологид суурилсан анхдагч платформ болох iLaw-ийг онцолж байна.

Яагаад хэрэглэх ёстой вэ?

“Миний цахим хуульч” хэмээх тодотголтой хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлэгч ухаалаг платформ нь хуульчаас зөвлөгөө авах, өмгөөлөгчтэй уулзах, хуулийн бичиг баримт боловсруулах зэрэг цаг хугацаа, орон зайнаас хамаарсан олон асуудлыг төвөггүй шийдэхээс гадна хууль эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч, түргэн, шуурхай, хялбараар хүргэдэг бөгөөд iLaw апп нь хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлэх энэ ухаалаг платформын нэг хэсэг юм байна.

Иргэнд тулгарсан аливаа зөрчил, эрүүгийн гэмт хэрэг, хөдөлмөрийн харилцаа, бүх төрлийн татвар, хураамж, зээл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх хууль зүйн мэдээллийг үнэ төлбөргүй авахаас гадна тус апп-д бүртгэлтэй мэргэжлийн хуульчдад хандан шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг цахимаар цаг алдалгүй авах боломжтой аж.

Апп-ийн хуульчдын талбар нь Монголд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудын
төлөөлөл болон хувь хуульч, хуулийн фирмүүдээс бүрдэж, нэгдсэн
сүлжээг үүсгэжээ.

Түүнээс гадна иргэд хуульч, өмгөөлөгчөөс ахисан түвшний зөвлөгөө авахыг хүссэн тохиолдолд өөрт боломжтой цагийг товлож, гар утас болон компьютер ашиглан видео дуудлага хийх боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлэлтийн түвшинд ажиллаж байгаа гэнэ.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг хуулийн технологид суурилсан ухаалаг платформоор дамжуулан авна. Монголдоо анхдагч гэгдэж буй энэхүү апп-ийн хамгийн гол давуу тал нь эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх өмгөөлөгч, хуульчтай хэзээ ч, хаанаас ч онлайнаар шууд холбогдох боломж юм. Апп-ийг хөгжүүлэгчид мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд чандлан хадгалж, SSL сертификатаар хамгаалсан тул та хувийн мэдээллээ алдчих вий гэж санаа чилээх шаардлагагүй.

Мөн хүмүүс өдөр тутмын амьдралдаа хүссэн, хүсээгүй хууль, эрх зүйтэй холбогдсон харилцаанд байнга ордог учраас үүнтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг видео, аудио, бичвэрийн хэлбэрээр үнэ төлбөргүй хүргэдэг.

Түүнчлэн аливаа гэрээ, дүрэм, журам, хүсэлт, өргөдөл, гомдол зэрэг шаардлагатай баримт бичгийг хуулийн дагуу бүрдүүлэх тохиолдолд бэлэн загвар баримтуудаас тамга, гарын үсгээ зураад л pdf, jpeg өргөтгөлтэйгөөр файлаар хүлээн авах боломжтойг нь онцлууштай.

Файл хэлбэрээс гадна Хуульчдын нэгдсэн сүлжээнд холбогдсон хуульч, өмгөөлөгчид баримт бичгийг таны хэрэгцээнд тулгуурлан найдвартай боловсруулан өгдөг гэсэн шүү. Эсвэл та өөрийн боловсруулсан баримт бичгийг тэднээр хянуулж, заавар, зөвлөгөө авах боломжтой юм. Ингээд бодоход хуулийн зүйн бүх төрлийн үйлчилгээг олон хэлбэрээр авч болох нь.

Апп-аас баримт бичиг худалдан авах, хуульчаас зөвлөгөө авахдаа ухаалаг гар утсанд байх аль ч банкны Qpay төлбөрийн системийг ашиглан төлбөрөө хийх боломжтой.
Түүнчлэн платформд нэгдсэн бүх өмгөөлөгч, хуульч нь мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан учраас зөвлөгөө, мэдээлэл өгөх явцад мэргэжлийн алдаа гаргасан нь тогтоогдсон тохиолдолд даатгалаас нөхөн төлбөр буцаан авах боломжтой гэнэ.

Мөн шүүх дэх өргөдөл, гомдол, хүсэлт, тайлбарыг авч болохоос гадна улсын өмгөөлөгч, хуулийн фирм, өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, нотариат, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн цогц мэдээллийг нэг цонхоор авах боломжоор хангажээ.

Ямар сул талтай вэ?

Тус апп-ийн хэрэглэгчид нэвтрэх бүрдээ нэр, нууц үгээ зайлшгүй оруулах шаардлагатай. Энэ нь бага зэрэг төвөгтэй байж болох ч мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний нууцыг чандлан хамгаалж буй хэрэг биз ээ. Мөн хуульч, өмгөөлөгчтэй видео дуудлага хийх цэс нь одоогоор хөгжүүлэлтийн шатандаа явж байгааг дурдъя.

Вебээр зочлох: https://ilaw.mn/