Ан цав бүхий улаан шороотой газарт хот суурингаа үүсгэсэн учраас “Улаанцав” гэх нэртэй, “хөрсөн доороо баялаггүй, хөрсөн дээрээ ургацгүй” хэмээн саяхныг хүртэл гоочлогдож байсан Хятадын хамгийн хойд хязгаарт байрлах ӨМӨЗО-ны Улаанцав хот нь өдгөө аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтаас хэдийн хальж, big data буюу их өгөгдлийг хөгжүүлэхэд гойд анхаарал хандуулж буй нь “Apple”, “Huawei” гэх дэлхийн технологийн топ компаниуд тус хотод дата төвөө байгуулснаас тодхон харагдана. 
Гурван гүрний эдийн засаг, худалдааны гол зангилаа, бизнесийн уулзах цэг болж буй тус хотод “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулъя” гэх өөдрөг уриатай “Монгол-Хятадын экспо” зохион байгуулагдаж, гурван улсын олон мянган төлөөлөгч нэгэн дор цуглан, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцсэн юм. Энэхүү экспог Монголын 30 гаруй сэтгүүлчтэй хамт сурвалжилснаа толилуулж байна.

гурван улсын бизнесийн цэг "Улаанцав"

Дал гаруй жилийн өмнө бидний хөрш Хятад улсын нэг иргэн жилд дунджаар 27 ам.долларын орлоготой, ядуу буурай орны тоонд багтаж байв. Тэр үед Коммунист намын удирдсан бүх ард түмний хувьсгал ялалт байгуулсны дараа БНХАУ байгуулагдаж, 1949 онд Монгол Улстай диплом харилцаа тогтоосон түүхтэй. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй.

Ийнхүү Хятад улс 70 жилийн өмнөөс “Хятад мөрөөдөл”-ийг дэвшүүлэн дэлхийн тэргүүлэгч гүрэн болох зорилго тавин, урт хугацааны туршид тогтвортой хөгжлийг бий болгох даалгаврыг өөрсдөдөө өгсөн юм. Өнгөрсөн хугацаанд улсаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө амжилттай биелүүлсэн тэд 2014 оноос хятад мөрөөдлөөс халин “Ази, Номхон Далайн мөрөөдөл”-ийг танилцуулж, бүс нутгийн хэмжээнд хамтдаа хөгжих “Бүс ба Зам” санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээ дэлхий дахинд мэдэгдсэн билээ.
Энэ хүрээнд бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засгийн үүд хаалгаа улам өргөжүүлэхээр тэмүүлж буйн нэг илрэл нь ӨМӨЗО-ны Улаанцаваас гадна Хөх хот, Тунгляо хотод зохион байгуулагдсан “Монгол-Хятадын экспо” арга хэмжээ юм.

Сүүлийн 50 жилийн хугацаанд экспортын хэмжээгээ 1000 хувиар өсгөж, дэлхийн хамгийн том экспортлогч гүрэн болоод буй БНХАУ үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ой дээр буюу ирэх 2049 он гэхэд дэлхийн тэргүүлэгч гүрэн болохоор зогсолтгүй тэмүүлж буйг Өвөрмонголын хамгийн хойд бүсэд орших Улаанцав хотын шинэ өнгө төрхөөс харж болох аж.

Баруун талаараа Хөх хот, хойд талаараа Монгол Улстай шууд хиллэдэг Улаанцав хот нь ирэх жил гэхэд Бээжинтэй өндөр хурдны төмөр замаар холбогдон, цаашид агаар, авто зам, төмөр замын гурвалсан сүлжээг бий болгож, олон улсын зорчигч, ачаа тээврийн дамжин өнгөрөх томоохон төв болохоор зорьж байгаа аж.

Тус хотоос Бээжин хүртэл 300, Эрээн ороход 350 км-ийн зайтай. Хөх хот-Улаанцавыг холбосон 126 км хурдны төмөр зам 2017 онд ашиглалтад орсноор 40 минутын дотор хот хооронд зорчих боломж нээгджээ. Удахгүй Улаанцав-Бээжинг холбосон хурдны галт тэрэг явж эхэлснээр Хөххотоос Улаанцаваар дамжин Бээжин хүрэхэд гуравхан цаг зарцуулдаг болох гэнэ. Ингээд бодоход тус хот нь Хятадын зүүн хойд болон өмнөд хэсгийн далайн хэд хэдэн чухал боомтыг холбосон төмөр зам, авто замын чухал зангилаа болсон байна.

Мөн Улаанцаваар Монгол, Польш, Герман, Бельги хүрдэг Хятад, Европын тусгай галт тэрэг дамжин өнгөрдөг учраас хэдэн жилийн өмнөөс Хятад, Европын олон улсын вагоны ачаа тээврийн компани байгуулагдан, Монгол, ОХУ болон Зүүн Европын орнууд руу ачаа бараа хүргэх тээвэр, ложистикийн дэд бүтцийг бий болгосон байна. Өнгөрсөн онд гэхэд 6440 чингэлэг гаднын орнууд руу тээвэрлэжээ. Хэдхэн жилийн өмнө байгуулагдсан компани гэхэд олон улсын зах зээлд хэдийн байр сууриа олсныг сонсоод гайхаж алмайрснаа нуух юун.

Монгол-Хятадын экспо арга хэмжээнд Монголын талаас1200 гаруй төлөөлөгч оролцлоо.

Арван тэрбум ам.долларт хүрэх хоёр орны худалдаа

БНХАУ-ын хувьд сүүлийн 20 гаруй жил баримталж ирсэн “даруу байж хүчээ нөөх” гадаад бодлогын жанжин шугамаа өөрчилж, “идэвхтэй байх” хүчтэй бодлого барьж эхэлсэн учраас Монгол-Хятадын экспо арга хэмжээг “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот, Улаанцав, Тунгляо хотод энэ сарын 6-10-нд зохион байгуулсан юм. Энэ хүрээнд хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх 20 гаруй салбар арга хэмжээ болов.

Жилд хамгийн багадаа хоёр сая гаруй жуулчин хүлээж авдаг тус хотын хувьд 10 мянган гаруй төлөөлөгч цуглах “Монгол-Хятадын экспо”-д чухал ач холбогдол өгснийг хотын төвд энд тэндгүй өлгөсөн экспо арга хэмжээний сурталчилгааны самбарууд гэрчилнэ. Улаанцав хотын дарга Ван Синуй “Улаанцав аймаг нь 2003 оноос хотын статустай болсноор дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид цаашид аялал жуучлал, тээвэр ложистик болон их өгөгдөл буюу big data-г хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна” хэмээн онцолж байв.

Нэг жишээ дурдахад, тус улсын нийслэл Бээжин хотод хүн амын төвлөрөл ихэссэн учраас хойд бүс нутгуудад эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд гурван жилийн өмнө Бээжин хотын арьс ширний хамгийн том худалдааны төв болох “Яа Бао Лү” захыг Улаанцавт нүүлгэн шилжүүлжээ. Нийт 2.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар баригдсан савхи, арьсан гутал, цүнх, үслэг эдлэлийн худалдааны төв нь өдгөө дэлхийн 30 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолдог байна.

БНХАУ 2020 он гэхэд үндэсний төмөр замын сүлжээгээ 150 мянган километрт хүргэхээр төлөвлөж байна.

Хятадын удирдагч асан Дэн Сяопин дэлхийд тэргүүлэгч гүрэн болохын тулд гурван алхам хийж гүйцэтгэх шаардлагатайг онцолж, 100 жилийн ойн дээр дуусгасан байх зорилго тавихдаа “Өнөөдрөөс ирэх зууны дунд хүртэлх хугацаа Хятадын хувьд нөр их хөдөлмөрийн он жилүүд байх болно. Бидний үүрэх ачаа хүнд, хүлээх хариуцлага хатуу” хэмээсэн гэдэг. Тэд үнэхээр л хийе гэснээ хийсэн шиг хийж, айлын орнуудыг атаархтал хөдөлмөрлөж буйг хамгийн хойд хязгаарын жижигхэн хотын өөрчлөлтөөс л харж болох аж.

Монгол, Хятадын худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж буйг БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбин онцолсон. Тухайлбал, хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 8.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 21 хувиар өсжээ. Харин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум америк ам.долларт хүргэхээр зорьж байгааг дурдсаныг тэмдэглүүштэй.

ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хороо болон Монголын Үндэсний хөгжлийн газар хамтарсан хэвлэлийн бага хурал хийв.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотоос Улаанбаатар болон Ар хашаат боомтоос Монголын Чойбалсан хот хүртэл хурдны авто зам тавьж, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бий болгохоор зорьж буйг экспогийн үеэр сонсов. Монголын талаас худалдааны бүтцээ сайжруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн чадварыг сайжруулах, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх шаардлагатай байгааг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан онцолж байлаа.

Сонирхуулахад, өнгөрсөн хоёр удаагийн экспод 700 орчим аж ахуйн нэгж оролцож, 278 баримт бичиг, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулжээ. Мөн хоёр улсын үзэсгэлэнгийн үеэр 1.1 тэрбум юанийн худалдаа хийсэн гэх статистик мэдээллийг нээлтийн ёслолын үеэр дурдаж байв.

Ноолуурын салбараас эхэлсэн 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ 

Монгол, Хятадын ноолуурын салбарын хөгжил, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцэв.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус экспод Монголын талаас хөрөнгө оруулалт эрэлхийлж буй, Засгийн газрын 15, хувийн хэвшлийн 50 гаруй төслийг Хятадын хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Тэдгээрийн нийт хөрөнгө оруулалтын дүн 41 тэрбум юаниар хэмжигдэнэ. Үүний бараг тал хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төслүүд аж.

Учир нь, Монгол Улсын Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Улаанбаатар хотноо саяхан болсон, Азийн төлөөх Боао форумын үеэр ч Хятадын хөрөнгө оруулагчид манайхтай хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Ингээд тэдгээр сонирхлууд бодит ажил болж буйг илтгэн бүс, орон нутаг, төр, хувийн хэвшлийн 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг экспогийн үеэр зурагдсан юм.

Тухайлбал, “зөөлөн алт” гэгддэг ноолуурын зах зээлд Хятад, Монгол хоёр дэлхийд тэргүүлж буйн хувьд давуу ба сул талаа харилцан нөхөж, ноос, ноолуурын нөөц баялгаа нэгтгэн харилцан ашигтай хамтран ажиллах тухай хэлэлцсэнийг дурдъя.

Ноолуурын салбарын олон улсын форумын үеэр болсон “Зөөлөн алт” загварын шоуны үеэр Монгол, Хятад, Орос, Япон, Итали, Өмнөд Солонгос зэрэг зургаан орны загвар зохион бүтээгчид өөрсдийн коллекцийг танилцуулсан юм.

БНХАУ нь дэлхийн ноолуурын түүхий эдийн 48, Монгол Улс 40 хувийг бүрдүүлдэг. Үүнээс ӨМӨЗО нь Хятадын ноолуурын үйлдвэрлэлийн 70 хувийг дангаар бүрдүүлдэг тул цаашид их өгөгдлийг ашиглан, ноолуурын бараа бүтээгдэхүүний нэгдсэн худалдааны платформыг бий болгох, үйлдвэрлэлийн хаягдлыг 0 хүртэл бууруулах зорилготой байгаагаа Хятадын тал онцолж байв. Тэд өнгөрсөн онд 32 сая тонн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн 40 гаруй оронд экспортолжээ.

Харин манай улсын хувьд ноолуурын бүтээгдэхүүний нэмүү өртөг бага, өрсөлдөх чадвар сул, бүтээгдэхүүний стандартын хэрэгжилт тааруу хэвээр. Тиймээс нийт түүхий эдийнхээ 10 хүрэхгүй хувийг боловсруулан экспортолж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулах тухай л ярьж байна. Харин Хятад бүр их өгөгдөл ашиглан борлуулалтаа сайжруулах талаар ярьж буй нь бодууштай асуудал юм.

Нэг салбарт өрсөлдөж буй хоёр орны хөгжлийн ялгаа ийн хол зөрүүтэй байгаа нь форумын үеэр тод анзаарагдаж байлаа. Гэхдээ экспод оролцогчид үүнийг анзаарч, юу юун дээр анхаарахаа ойлгон, шинэ санаа сэдэлтэй, өөдрөг тэмүүлэлтэй буцсан биз ээ хэмээн итгэнэ.

Гэрэл зургуудийг М. Энх-Амгалан