Орчин цагт компаниуд технологийн давуу талыг ашиглан өрсөлдөх чадвараа сайжруулж, үр ашгаа нэмэгдүүлэхээр бизнесийн цоо шинэ загваруудыг бий болгож, эрс өөрчлөлт, шинэчлэлтийг хийдэг боллоо. Өөрөөр хэлбэл технологи гэдэг зүйл тоглоомын дүрмийг өөрчлөх боломжийг олгох болов. Энэхүү дижитал хувьсал нь бүхий л салбарт өөрчлөлтийг авчирч байгаа бөгөөд тэр дундаа медиа, банк санхүү, харилцаа холбоо, худалдааны салбаруудад жинтэй нөлөө үзүүлж байгаа билээ. Өнөөдөр бид байгууллагууд дижитал шилжилтийг яагаад хийх ёстой, яаж хийж болох талаар сонирхолтой агуулгыг хүргэж байна.

Дижитал шилжилтийг тайлбарлах нь

Дижитал хувьсал гэдэг нь аналогиос дижитал технологи руу хийж буй энгийн нэгэн шилжилт биш бөгөөд “Transformation” буюу “Хувьсал” юм. Бизнесийн байгууллагын хувьд хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнес загвар, дотоод процесс гээд бүхий л түвшиндээ уламжлалт арга барилаас салж, шинэ арга барилыг эрэлхийлэх нь энэ хувьслыг хэрэгжүүлэх үндэс суурь болно. Өнөөдөр технологи экпоненциал хурдаар өсөж байна. Тодруулбал, Муурын (Moore’s law) хуулиар процессын хүчин чадал 19 сар тутамд, Баттерын (Butter’s Law) хуулиар холболт, дамжуулалтын хурд 9 сар тутамд, Крайдерын хуулиар багтаамжийн хүчин чадал 16 сар тутамд хоёр дахин нэмэгдэж буй. Тийм ч учраас энэхүү хурдыг уламжлалт бизнесийн хөгжлөөр гүйцэх боломжгүй юм. Харин энэхүү орон зайн дээр технологийн боломжийг онцгой санаануудтай хослуулсан стартап компаниуд хүч түрэн орж ирсээр байгааг бид мэднэ. Өөрсдийн гэсэн нэг ч машингүй “Uber”, нэг ч зочид буудалгүй “Airbnb”, нэг ч кинотеатргүй “Netflix” зэрэг компаниуд цоо шинэ бизнесийн загварыг гаргаж ирснээрээ дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад багтаад байгаа билээ.

Гэхдээ дижитал хувьслын гол зорилго нь технологи хүчийг нэмэгдүүлэх гэхээсээ хэрэглэгч, үйлчлүүлэгч төвтэй бодлогыг баримтлах явдал байдаг. Uber, Airbnb, Netflix гэдэг компаниуд урьд байгаагүй технологийг ашигласан гэхээсээ хэрэглэгчдэд хамгийн таатай, тавтай байх үйлчилгээг технологийн туслалцаатай хүргэсэн юм.

БАЙГУУЛЛАГАДАА ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ХИЙХ 4 ШАЛТГААН

1. Хэрэглэгчдийн хүлээлт
Технологи өндөр хөгжсөн өнөөгийн нөхцөлд бизнесийн байгууллагууд хоцрогдсон арга барил, технологиор ажиллах нь хэрэглэгчдэд огт таалагдахгүйг санаарай. Тэд шаардлагатай бүх мэдээллийг авдаг, хаана хэн яаж үйлчилдгийг мэднэ.

2. Байгууллагын үр бүтээмж
Дижитал шилжилт хийсэн байгууллагууд цагийн бүртгэл, хүний нөөцийн систем, цалингийн тооцоолол зэргээ хялбар автоматжуулж, өөрсдийн нөөцийг үндсэн бизнестээ бүрэн төвлөрүүлэх боломж бүрдэнэ.

3. Мэдээллийн аюулгүй байдал
Технологийн хөгжлөөс улбаатай мэдээллийн аюулгүй байдал нь өнөөдөр иргэд, байгууллагуудын хувьд амин чухал зүйл болсон. Тэгвэл дижитал шилжилтийг хийсэн байгууллага дотоод мэдээлэл, өгөгдлөөс эхлээд харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг найдвартай хамгаалдаг болно.

4. Хамтын ажиллагаа
Өнөөгийн хурц өрсөлдөөнт бизнесийн орчинд компаниуд салбарын бусад байгууллагууд, түншүүдтэйгээ хамтран хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг гаргадаг болжээ. Дижитал шилжилт нь хамтын ажиллагааны хүрээнд үүсэх технологийн хүндрэлийг арилгаж, үр ашгийг нэмнэ.

МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ БУЮУ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ДОТООДЫН ЖИШЭЭ

Энэхүү нийтлэлээ илүү ойлгомжтой, практикт ойр байлгах үүднээс бид дижитал шилжилтийг байгууллагадаа бодитоор нэвтрүүлээд буй Мобиком Корпорацийн Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзоригтой холбогдож, дараах хоёр асуултад хариу авсан юм. Мобикомын хувьд дижитал шилжилтийг эхлүүлээд нэг жилийг үджээ.

ТА Дижитал ХУВЬСАЛ ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ ОЙЛГОМЖТОЙ ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ?

Товчхондоо дижитал хувьсал нь өнөөдөр “сонголтгүй сонголт” болоод байгаа. Хэдийгээр дижитал хувьсал нь технологийн дэвшлийг ашиглан боломжийг нэмэгдүүлэхийг хэлж байгаа ч цаад утгаараа, хамгийн гол нь хэрэглэгч төвтэй байх буюу хэрэглэгчээ мэдэрсэн, сэтгэлд нь хоногшсон үйлчилгээг (Customer experience) үзүүлэх зорилго, сэтгэлгээтэй байх явдал юм. Жишээ нь, таксины бизнесийг UBER устгаагүй, харин хүртээмжийн хязгаарлагдмал байдал, хяналт хийх боломжгүй онцлог нь энэ бизнесийг устгасан гэдэг. Өөрөөр хэлбэл, технологи ганцаараа бизнесийг мөхөөдөггүй. Харин хэрэглэгчээ мэдрэхгүй, хэрэглэгч төвтэй биш байх нь бизнесийн гол аюул занал юм.

Дэлхийн даяар компаниуд дижитал хувьсал хийдэг боловч одоогийн байдлаар 14 хувь нь л амжилттай хэрэгжээд байгаа дүн бий. Харин амжилттай хэрэгжүүлсэн компаниуд ижил талбарт үйл ажиллагаа явуулж буй бусад компаниас ашгийн үзүүлэлтээрээ 9 хувь илүү байгаа. Компаниудын тун цөөн хувь нь дижитал шилжилтийг амжилттай хийж байгаагийн шалтгаан нь байгууллагын соёл, байгууллагын сэтгэлгээ юм. "Өмнө нь ингэж хийж болоод л байсан юм" гэх мэт хандлага өнөөдөр хоцрогдсон. Хэчнээн тууштай байлаа ч гэсэн хуучны арга барилаараа амжилтад хүрэх баталгаа өнөөдөр үгүй болоод байна. Иймээс байгууллагууд шаламгай, уян хатан ажиллах арга барилыг компанидаа нэвтрүүлэх учиртай.

МОБИКОМ КОРПОРАЦИ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ХЭРХЭН ХИЙЖ БАЙГАА ВЭ?

Манайх компани даяараа дижитал хувьслыг хэрэгжүүлж, удирдлагаасаа эхлээд ажилтан бүр дижитал технологийг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлж, хэрэглэгчийн сэтгэлд хоногшсон үйлчилгээг үзүүлж чаддаг, нээлттэй сэтгэлгээ, инновацлаг соёл бүхий шаламгай компани байхын төлөө хичээн ажиллаж байна. Үүний тулд дата аналитикийг ашиглан хэрэглэгчээ илүү зөв таних, тохирсон үйлчилгээг нь санал болгоход түлхүү анхаарч, дотооддоо гар ажиллагаа шаардсан аливаа ажлуудыг дижиталчлан хөнгөвчилж байгаа.

Өнөөдөр хүн бүр гар утсаа өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж, мэдлэг мэдээллээр хангагдах боломжтой болсон. Хэрэглэгч олон төрлийн үйлчилгээ гэхээсээ илүү өөртөө таарсан хамгийн энгийн үйлчилгээг авахыг хүсдэг. Тийм ч учраас бид хэрэглэгчдэдээ улам ойртон, дэвшилтэт технологиудыг ашиглан уламжлалт сувгаар авч байсан үйлчилгээ болон сэтгэл ханамжийг нь дижитал сувгаар ижил түвшинд үзүүлэх болно.

Бид өөр хоорондоо харилцан уялдаатай олон дэд төслүүдийг хамруулан хэрэгжүүлж, компанийн хэмжээнд нэгдсэн бодлого, систем, тогтолцоотойгоор энэхүү хувьслыг хийхээр зорин ажиллаж байна. Хамгийн ойрын жишээ, хэрэгжүүлсэн төслөөс дурдвал манай компани Оffice365 систем рүү шилжсэнээр ажилтнуудын хамтын ажиллагаа, бүтээлч байдалд эергээр нөлөөлж, технологиос хамаарсан аливаа хүндрэлийг арилгаж, нийт эдийн засгийн үр ашиг ба үр ашигтай байдлаараа зардлыг 25 хувь бууруулаад байгаа. Түүнчлэн, тоон гарын үсэг буюу хуулиар баталгаажсан дижитал гарын үсгийг сим картан дээр суурилсан шийдлээр удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дотооддоо бид BI dashboard-ийг түлхүү ашиглан мэдээ, тайлангаа боловсронгуй хэлбэрээр, цаг алдалгүй боловсруулан харж, бүтээмжээ нэмэгдүүлээд байгаа. Бид төслүүдийнхээ үр дүнг дан ганц эдийн засгийн үр ашиг бус үр ашигт байдал, бүтээмж гэсэн гурван төрлөөр харж, үр дүнг нь хэмжигдэхүйц байлгахад онцгой анхааран ажиллаж байна.