Байгууллагын нэр: Капитрон банк 
Байгуулагдсан он: 2001 
Үйл ажиллагааны чиглэл: Банк санхүү 
Ажилтны тоо: 400 
Хаяг: Ардчиллын Ордон, 8 давхар 
Сошиал хуудас: Facebook

яагаад сонгох болов? 

Чойжин ламын сүм музей, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын Хүүхдийн Ордон, Шангри-Ла зочид буудал зэрэг нийслэл хотын маань алдартай барилга байгууламжуудын дунд орших "Ардчиллын өргөө"-д байрлах КАПИТРОН Банк бидний ээлжит зогсоол болсон юм.

Өнөө жилийн жагсаалтад банкны салбарын төлөөлөл болон орж буй Капитрон банкны тус оффис open space буюу задгай орчинд чөлөөтэй ажиллах шийдлийг сонгон тохижилтоо хийжээ. Нүсэр том биш талбайд тун аятайхан төлөвлөлт, хуваарилалт хийн өнгөлөг орчныг бүрдүүлж чадсаны зэрэгцээ байгууллагын таатай соёл, уур амьсгал бүрдүүлж чадсан нь тэднийг онцлох шалтгаан болсон билээ.

ажлын орчин 

Өдгөө улс даяар 43 салбар, 400 гаруй ажилтантай тус банкны арын албаны бүх ажлыг хариуцаж буй Цахим банк, Бизнес хөгжил, Мэдээллийн технологийн багийнхан энд нэгдэн ажилладаг. Өмнө нь алба албаараа олон жижиг өрөөнд хуваагдан суудаг байсан тэд одоо ийн нэг дор төвлөрснөөр зөвхөн албаныхантайгаа холбоо харилцаа үүсгэх бус, бусад мэргэжилтнүүдтэй нээлттэй ажиллаж, нэгдсэн таатай уур амьсгалыг бүрдүүлэх болсон хэмээн тэд ярьж байв.

Тус оффисыг чимж буй нэг гол зүйл нь тал тал тийш нүд булаах гоёмсог харагдац бөгөөд завсарлага авмагцаа хана дүүрэн цонхоор харан сэтгэлээ сэргээх боломжтой газар хүмүүс стрессдэх нь хавьгүй бага байдаг биз ээ.

Банк гэдэг авдар шиг хүний үнэ цэнтэй зүйлийг аюулгүй хадгалах чухал үүрэгтэй учраас оффисынхоо хоймор хэсэгт есөн эрдэнийн чулууг хадгалж буй гэх бэлгэдэлтэй гоёмсог авдрыг байршуулж, зүрхэн талд нь банкныхаа логог дүрслэн байрлуулсан нь хараа булаана. Мөн амралтын хэсэг, шатар даам тоглох ширээнүүд тэргүүтэн нь энэхүү оффисыг тун тохилог болгож өгчээ.

байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт 

Халуун дулаан уур амьсгалыг чухалчилдаг Капитрон банкны хамт олон шинэ ажилтнуудаа угтан авахдаа гойд анхаарал хандуулдгийн нэг жишээ бол “Капитронжуулах” хөтөлбөр юм. Шинээр ажилд орж буй хүн бүрд байгууллагын түүх, соёл, үнэт зүйлсийг танилцуулах сургалт явуулж, бие биеэ хүндэлж дэмжин, хамт олноо гэсэн сэтгэлээр аливаад хандаж, хариуцсан ажилдаа өөриймсөг, санаачилгатай, үнэнч шударга хариуцлагатайгаар ажиллахыг зөвлөдөг байна. Мөн шинэ, залуу ажилтнууддаа зориулсан менторын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, цаасан дээр буугаагүй дүрэм журмыг таниулж, хамт олондоо хурдан уусахад нь туслах зорилгоор тусгайлан ментор гаргаж өгдөг гэнэ.

Боловсон хүчний дийлэнх нь залуус учраас тэднийг дэмжих, тэдэнд чиглэсэн арга хэмжээг түлхүү хийдэг болсныг онцолж байв. Тухайлбал Спорт хороо, Инновацын клуб, Сургагч багш нарын клуб, Судлаач нарын клуб зэргийг байгуулан, үүгээр дамжуулан ажилтнуудад зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Спортын хорооны хувьд сагс, хөл бөмбөгийн спортоор түлхүү хичээллэж, банк хоорондын олон тэмцээнд шалгарч байснаас гадна хөлбөмбөгийн “Аthletic 220” баг болон өсвөр үеийнхний хөл бөмбөгийн тэмцээн болох “Дуулиан 2020”-ийг дэмжин, спортод өндөр ач холбогдол өгдөг нь үүдний хананд жаазлан тавьсан өмсгөлөөс тодхон харагдана.

Ажилтнуудынхаа хувийн хөгжлийг дэмжих чиглэлээр сар бүр хийдэг Өглөөний уулзалтдаа гаднаас зочин урьж тодорхой сэдвээр ярилцдаг бөгөөд IT баг дотроо Хакатон, нийт байгууллагын хүрээнд “Capitron’s Got Talent” урлагийн наадмыг жил бүр зохион байгуулдаг хэмээн бидэнд ярьсан юм.

АжилТНУУдын сэтгэгдэл

Стратеги, бизнес төлөвлөлт хариуцсан менежер Т.Тэмүүжин:

"Миний хувьд 2010 оноос буюу их сургуулиа төгсөөд ажлын гараагаа Капитрон банкнаас эхлүүлсэн. Одоо ажил минь миний хоёр дахь гэр шиг ойр дотно болжээ. Манайд ажиллаж буй хүн бүр хариуцаж буй ажилдээ эзэн болж, шаардлагатай мэдээллийг шуурхай солилцож ажилладаг нь таалагддаг."

Цахим банкны хэлтсийн карт хариуцсан ажилтан Г.Отгонмандах:

"Манай хамт олны сайн харилцаа ажлын гүйцэтгэл төдийгүй байгууллагын уур амьсгалд эергээр нөлөөлж байдаг.
Банкиндаа би хариуцаж авсан ажлаа сайн хийж, өөрийгөө байнга хөгжүүлэхийг хичээдэг."

Бүтээгдэхүүн хариуцсан менежер М.Энх-Од:

"Бид задгай орчинд бусад багийнхантай ойр ажилладаг учраас мэдээллийг хурдтай солилцож чаддаг. Монголоос 100 хувь хөрөнгө оруулалттай Капитрон банкинд өсөн дэмжих боломжтой, сурах юм ихтэй учраас долоо дахь жилдээ ажиллаж байна."

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг.Байгууллагын дотоод соёл, сургалт хөгжүүлэлт ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун байдалд жинтэй нөлөөтэйг та бид мэднэ.

Эдгээр хүчин хүчин зүйлээр дамжуулан ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг нэмдэг, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг олж алдаршуулахаар Unread Media "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг жил тутам гаргадаг билээ. Энэ жил бид уншигчдаасаа 1300 гаруй санал хүлээн авч, редакцын шүүлтүүрээр шигшин Улаанбаатарын хамгийн таатай 9 оффисыг тодрууллаа. Манай жагсаалт жил бүр шинэчлэгдэн гарах тул таны саналыг бид хэзээд дуртайяа хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Мобиком Корпораци
Улаанбаатарын хамгийн таатай оффис: АНУН ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Дэнцү Дата Артист Монгол
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Invescore Financial Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Premium Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: RE/MAX Collection Luxury Properties
Улаанбаатарын хамгийн таатай оффис: СаяСанаа ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Hub Innovation Center

Өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018