Ковер зургийн тайлбар: Н.Жокович 7:6, 1:6, 7:6, 4:6, 13:12 Р.Федерер

дэлхий дахинд

Монгол түмний их баяр наадам энэ өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлэх магадлалтайд тооцогдож байсан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цолыг хүртэв. Хэнтий аймгаас 30 жилийн дараа аварга тодорч байгаа нь энэ гэнэ. Энэ жилийн наадмаар 5 начин, 1 харцага цолтон төржээ.

Ikon: Тойм - Үндэсний их баяр наадам 2019

Хонгконгийн төрийн тэргүүн Карри Лам сэжигтнийг Хятад руу шилжүүлэн өгөх хуулийн төслийг эргүүлэн татаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Ням гараг уг шийдвэртэй холбоотой эсэргүүцлийн жагсаал хотын төвөөр өрнөж, хэдэн зуун мянган хүн нэгдсэн хүчтэй тэмцэл өрнөсөн нь энэ шийдвэрийг гарахад нөлөөлжээ.

БНСУ-ын 2 дахь том иргэний агаарын тээврийн компани Asiana Airlines өнгөрөгч долоо хоногоос эхлэн Улаанбаатар-Сөүлийн хооронд нислэг үйлдэж эхэллээ. Долоо хоногт гурван удаа уг чиглэлд нислэг хийгдэнэ.

Европ, Хятадыг холбох хамгийн богино зам гэсэн тодотголтой хурдны замыг барих төслийг ОХУ-ын улс дэмжиж эхлүүлэхээр боллоо. 2000 км урт үргэлжлэх уг зам нь 9,8 тэрбум долларын өртөгтэй байх бөгөөд Хятадаас Казахстан, Оросоор дамжин Беларус хүртэл сунган баригдана гэнэ.

Microsoft Лондоны Окфсорд гудамжинд Европ дахь анхны нэрийн дэлгүүрээ нээлээ. Жилд 4 сая хэрэглэгчид үйлчлэх зорилготой уг дэлгүүр нь тус компанийн төхөөрөмж, үйлчилгээний салбар дахь амбицыг илтгэн харуулж байгаа хэрэг болсон бөгөөд загвар дизайны шийдлээрээ шинэ уур амьсгал авчирсан том алхам боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

The Verge: Microsoft-ийн Лондоны дэлгүүрээр аялах нь

Э.Оюунболд 23 насандаа анх улсын наадамд түрүүлж байв

технологийн ертөнцийн эргэн тойронд

Facebook болон Carnegie Mellon University-ийн хамтран хөгжүүлсэн Pluribus нэртэй хиймэл оюун покерын дэлхийн шилдэг 12 тоглогчтой халз тоглон ялалт байгуулсан байна. 12 өдрийн турш 10000 гаруй удаа тоглоход хиймэл оюун дунджаар 5 долларыг өөрийн болгож, цагт 1000 долларыг хожиж байсан байна. Сонирхуулахад, Pluribus-ийг ердөө 8 өдөрт л сургасан бөгөөд зардал нь 150 долларт багтсан гэнэ.

АНУ-ын үндэсний спорт бэйсболд анх удаа "робот шүүгч"-ийг ашиглалаа. Уг технологи бөмбөгний чиглэл, нисэлтээс үндэслэн гаргасан шийдвэрээ шүүгчдэд чихэвчээр болон iPhone-ийн апп-аар дамжуулан мэдэгдэнэ гэнэ. Туршилтыг хамгийн том бүсийн лигүүдийн нэг Atlantic League-д эхлэн хийж байгаа бөгөөд амжилттай болсон гэж үзвэл хамгийн том, дээд лиг болох MLB-д хэрэглэж эхлэх гэнэ.

Volkswagen жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Argo-д 2,6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээ зарлалаа. Ингэснээр VW тус компанийн эхний хөрөнгө оруулагч Ford-той стратегийн түншлэл байгуулж, цахилгаан машины шинэ технологи хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах болж байгаа гэсэн үг юм. 7 тэрбум доллараар үнэлэгдэх болсон Argo 2 жилийн өмнө Ford-оос 1 тэрбум долларыг татаж байжээ.

Microsoft Teams өдөр бүр хэрэглэж буй 13 сая хэрэглэгчтэй болсноо зарлалаа. 2 жилийн өмнө байгууллагын харилцааны зах зээлд Slack-ийн гол өрсөлдөгч болон гарч ирсэн тус үйлчилгээ анх удаа хэрэглэгчийн тоогоо ил болгосон нь энэ. Саяхан IPO хийсэн Slack харин 10 сая хэрэглэгчтэй хэмээн хамгийн сүүлд мэдээлсэн байдаг юм.

Майкрософтын сэргэлт үргэлжилсээр

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Алдарт тэрбумтан Ричард Брэнсоны үүсгэн байгуулсан Virgin Galactic сансрын аялал жуулчлалын анхны нээлттэй компани болсноо зарлалаа. Жилийн дотор анхны нислэгээ үйлдэх зорилготой байгаа тус компанийн 49 хувийг Social Capital Hedosophia Holdings Corp нэртэй хөрөнгө оруулалтын компани худалдан авч, 800 сая долларын хөрөнгө оруулалт хийх болсон нь энэ. Э.Маскийн SpaceX, Ж.Бэйзосын Blue Origin-той өрсөлдөж буй тэд 250 мянган долларын үнэтэй зуу гаруй тасалбарыг аль хэдийн зарсан, 2021 оноос эхлэн ашигтай ажиллана хэмээн мэдэгдээд байгаа юм.

Маркетинг, медиагийн тоон мэдээллийн хамгийн том нийлүүлэгч Kantar-ийн 60 хувийг худалдан авч байгаагаа хувийн хөрөнгө оруулалтын сан Bain Capital зарлалаа. Тус компанийг эзэмшигч, дэлхийн хамгийн том маркетингийн агентлагуудын нэг WPP Kantar-ийг 4 тэрбум доллараар үнэлжээ.

Хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой скандал, буруутай үйл ажиллагааны улмаас Facebook 5 тэрбум долларын торгууль хүлээх болж байна. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Cambridge Analytica-тай холбоотой уг хэргийг АНУ-ын Холбооны Худалдааны Комисс ийн хаахаар шийдвэрлэж байгаа юм.

Дэлхийн хамгийн алдартай антивирусын програм бүтээгч Mcafee IPO хийх төлөвлөгөөтэй байна. Тэд 5 тэрбум долларын үнэлгээтэйгээр дор хаяж 1 тэрбум долларыг босгох зорилготой байгаа гэнэ. 1999 онд анх нээлттэй компани болж байсан тэднийг 2011 онд Intel 7,2 тэрбум доллараар худалдан авч байсан удаатай.

Amazon Music хэрэглэгчийн өсөлтөөрөө Spotify, Apple зэрэг өрсөлдөгчдөөсөө илт илүүрхэж байгааг судалгааны дүн нотоллоо. Өнгөрсөн 4-р сард 32 сая хэрэглэгчтэй болсон тус үйлчилгээний шинэ хэрэглэгчийн өсөлт жилд 70 хувь байгаа гэнэ. Энэ өсөлтөд Амазоны ухаалаг гэрийн төхөөрөмжүүдийн борлуулалт шууд нөлөө үзүүлж байх магадлалтай гэнэ.

Mcafee аюулгүй байдлын сэдвийг ахин сонирхолтой болгохыг хүсэж байна

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Netflix-ийн хамгийн алдартай цувралуудын нэг Stranger Things-ийн шинэ бүлэг дээд амжилт тогтоосоор нээлтээ хийлээ. 7-р сарын 4-нд Америкийн Тусгаар Тогтнолын Баярын өдрөөр нээлтээ хийсэн тус цувралын гуравдугаар бүлгийг эхний 5 хоногт 40,7 сая өрх үзсэн нь түүхэн амжилт болов. Шинэ найман ангийг бүгдийг нь үзсэн хэрэглэгчийн тоо 18,7 сая байсан гэдгийг Netflix мөн онцолжээ.

"Spider-Man: Far From Home" Хойд Америкийн зах зээлээс 45 сая долларын орлого цуглуулж, бокс оффисийг 2 дахь долоо хоногтоо тэргүүллээ. Шүүмжлэгчид болон үзэгчдээс онцгой өндөр үнэлгээ авч буй тус кино нийт 847 сая долларыг дэлхий даяар олоод байгаа юм. Сонирхуулахад, Диснейн гол найдлага тавьж буй бүтээлүүдийн нэг Lion King Хятадын зах зээлд нээлтээ хийж, 55 сая долларын борлуулалт хийжээ.

WarnerMedia-г эзэмшигч AT&T ирэх оны хавар HBO Max нэртэй шинэ стриминг үйлчилгээгээ гаргах болсноо танилцууллаа. Disney+, Netflix, Hulu-тай өрсөлдөх амбицтай тус платформ Friends цувралыг онцгой эрхтэйгээр дамжуулах эрхийг 450 сая доллараар өөрийн болгосон юм. Үүнээс гадна тэд зөвхөн тус платформд зориулсан онцгой контентуудыг үйлдвэрлэн, Warner-ийн мэдлийн бусад контентуудтай нэгтгэх аж.

Теннисийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд тооцогдох Уимблдоны эрэгтэйчүүдийн төрлийн аваргаар Сербийн Новак Жокович тодорлоо. Жокович шигшээд финалын түүхэн дэх хамгийн урт буюу 4 цаг 57 минутын хүнд тулааны эцэст домогт Рожер Федерерийг буулган авсан юм. Жокович карьерынхаа 16 дахь их дуулгын түрүүг хүртлээ. Эмэгтэйчүүдийн төрлийн аваргаар Румын теннисчин С.Халеп алдарт С.Уильямсыг хожсноор тодорчээ.

Оросын нэрт зохиолч Александр Пушкины хамгийн алдартай зохиолуудын нэг "Евгений Онегин"-ий эхний хэвлэл дуудлага худалдаагаар 580 мянган долларын үнэ хүрчээ. 1825 онд хэвлэгдсэн уг хэвлэлээс гадна Л.Толстой, Ф.Достоевски зэрэг Оросын алдарт зохиолчдын бүтээлийн цуглуулга энэ үеэр мөн борлуулагджээ.

Сэтгэл хөдөлж байна уу?

алдалгүй унших арван мэдээ

CNN: Пол, Ринго эргэн тайзан дээр нэгдэв
The Beatles-ийн дуо 2014 оноос хойш анх удаа хамтдаа тайзан дээр гарч, Дожерс цэнгэлдэхэд цугларсан олныг алмайруулав

Vox: Amazon Prime Day-ийг тайлбарлах нь
Зуны хамгийн том онлайн худалдан авалтын өдрийг Амазон төрсөн өдөртөө зориулан үүсгэсэн гэдгийг мэдэх үү?

MSN: Volkswagen Beetle загварын үйлдвэрлэлээ зогсоов
Домогт Beetle-ийн ээлжит эргэн ирэх оролдлого бүтэлгүйтэв.

NYTimes: Британийн ерөнхий сайдаар хэн сонгогдох вэ?
Сунгаанд тунаж үлдсэн Борис Жонсон болон Жереми Хант нарын халз мэтгэлцээн бидэнд юу хэлэв?

Pitchbook: Postmates зарагдаж магадгүй
Хоол хүргэлтийн зах зээлийн топ тоглогчдын нэг Uber Eats эсвэл Doordash-тай нийлэхээр зэхэж байна

NPR: Цагаан ордон "Сошиал медиа форум" зохион байгууллаа
Гэхдээ Трампын урьсан 200 зочин дунд Google, Facebook-ийн төлөөлөл байсангүй

The Verge: Nintendo Lite-тай танилц
Нинтендо 199 долларын үнэтэй илүү хөнгөн, авсаархан гэхдээ баттерейгаа удаан барьдаг төхөөрөмжөө гаргалаа

AP: Хятад дахь машины бүүм зогсов уу?
Өнгөрсөн жилтэй адил Хятад дахь машины борлуулалт ахин буурав. Энэ удаагийн бууралт 7,8 хувь байсан нь хөрөнгө оруулагчдыг зовоож эхэллээ

BBC: Хэмилтон Ф1-ийн дээд амжилт тогтоов
Британийн гараанд тэрээр 6 дахиа түрүүлж, түүхэн амжилтын эзэн болов. Улирал дундаа ороход түүний тэргүүлэл аль хэдийн 39 оноо болжээ

DW: Vega пуужингийн нислэг бүтэлгүйтэв
Европын сансрын технологи хөгжүүлэгч ArianeSpace-ийн нислэг бүтэлгүйтсэн нь олон хүний эргэлзээг төрүүлэв