Өдгөө дэлхийн косметик үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр өсөж, эдийн засгийн хямралыг ч үл ажран хурдтай тэлж буй хамгийн том зах зээлийн нэг болжээ. Шинэ бүхнийг туршиж, сайхан харагдахыг мөрөөдсөн хүн төрөлхтний хэрэгцээ гоо зүйн шинэ соёлыг түгээж, асар том эдийн засгийг бий болгож байна. Гэвч гоо сайхан дэлхийг аварсангүй. Үсний шампунь, нүүрний тос зэрэг хуванцар савнууд хэдэн сая тонноороо далайн ёроолд булагдаж, химийн найрлагатай элдэв бүтээгдэхүүнүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг "Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлынхоо шинэ дугаарт гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээний асуудлыг хөндөж, дэлхий нийтийн чиг хандлага хэрхэн энгийн, байгальд ээлтэй хэв маяг руу шилжиж буйг тайлбарлахыг зорилоо.

Хүн төрөлхтөн гоо сайхандаа анхаарал хандуулж, бодитоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн түүх МЭӨ 3500 оноос эхлэлтэй. Дундад зууны үеийн бүсгүйчүүд нүүрний өө сэвээ дарахын тулд шохой, гурилыг гоо сайхны бүтээгдэхүүн болгон хэрэглэж байжээ.

Гэвч янз бүрийн хортой бодис хүртэл туршиж, амь насаа алдсан тохиолдол ч цөөнгүй байсан. Тухайлбал, XX зууны үед хар тугалга хэмээх бодисыг өргөн хэрэглээний бараг бүх бүтээгдэхүүнээс олж болох байв. Хоол хүнсийг тугалган саванд хийж, тугалган хороор шавьж устгаж, тугалгыг шүдний ооны савны найрлагад хүртэл ашигладаг байжээ. Гэвч тугалга нь мэдрэлд нөлөөлөх аюултай учраас хэт их хэмжээгээр биед орвол тархи болон төв мэдрэлийн систем гэмтэх, цаашлаад сохрох, сонсгол муудах, хорт хавдар үүсэх зэрэг олон эрсдэл дагуулж байдаг. Тиймээс өдгөө Канад, Япон болон Европын орнуудад гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад хар тугалга хэрэглэхийг хуулиар хоригложээ.

Өдгөө гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл 540 тэрбум ам.долларт хүрээд байна. Нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд дунджаар 6-40 гаруй төрлийн химийн болон байгалийн түүхий эд ордог, мөн жилд 300 сая тонн гоо сайхны зориулалттай хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй юм. Гэвч тэдгээр бүтээгдэхүүний 70 хувь нь дахин боловсруулагдахгүйгээр газрын хөрсөнд хаягдсаар байна.

Дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид жилд дахин боловсруулах боломжгүй 120 тэрбум ширхэг хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн судалгааг Zero waste байгууллагаас гаргажээ. Таны хэрэглэж буй чийгшүүлэх тосны хуванцар сав газрын хөрсөнд хаягдсанаас хойш 1000 жилийн дараа бүрэн задардаг. АНУ-д хийгдсэн судалгаагаар дундаж орлоготой америк эмэгтэй дунджаар 12 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг байна. Тэдгээр нь нийт 168 төрлийн химийн бодис агуулдаг ажээ.

Иймд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 12 дахь нь буюу Хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилгын хүрээнд химийн бодис болон бүх төрлийн хог хаягдлыг амьдралынх нь мөчлөгийн хугацаанд байгаль орчинд ээлтэй байдлаар зохицуулах, үндэстэн дамнасан томоохон компаниудын тогтвортой байдалд чиглэсэн арга ажиллагаа нэвтрүүлэхийг дэмжих зэрэг зорилго тавин ажиллаж буй билээ.

чиг хандлага 

Энэ мэтчилэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд хүний эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй учраас хүн бүрийг хариуцлагатай худалдан авалтад уриалсаар байна. Байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг илэрхийлэх ногоон шошго бүхий тухайн бараа нь хэрэглэгчийн гарт очих хүртлээ ёс зүйн ямар нэгэн буруу үйлдэл гаргаагүйг батлах Fair trade, мөн амьтан дээр туршилт хийгээгүйг илтгэх Cruelty free гэх логонуудыг байрлуулах болжээ.

“McKinsey & Company”-аас хийсэн судалгаагаар нийт миллениалуудын 66 хувь нь байгальд ээлтэй гоо сайхны бүтээгдэхүүн, загварын брэнд сонгохыг илүүд үзэж буй аж. Энэ хүрээнд дэлхий даяар онцын шаардлагагүй зарим хэрэглээгээ хязгаарлах зорилготой "NoBuy" нэртэй хөдөлгөөн дэлгэрч, худалдаж авсан косметик бүтээгдэхүүнээ дуустал нь хэрэглэх, арьс арчилгааны илүү энгийн арга руу шилжих хандлага түгээд байна.

Үүнийг даган дэлхийн гоо сайхны томоохон брэндүүд AI буюу хиймэл оюунаас эхлээд AR төхөөрөмжийг ашиглан, хэрэглэгчийг илүү зардал болон хаягдал гаргахаас сэргийлэх шийдэл бий болгоод байна. Тухайлбал, "L'Oreal" компани хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулахад нийт эмэгтэйчүүдийн 50 хувь нь өөрийн арьсанд тохирох энгэсгийг олж чаддаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Иймд тэд хиймэл оюун ухаанд суурилсан “Le Teint Particulier” машинаар тухайн хэрэглэгчийн арьсанд тохирох будгийг 20 мянган өнгөний сонголттойгоор үйлдвэрлэдэг болжээ.

Арьс арчилгааны мэргэжилтнүүд гоо сайхны арчилгаанд чанартай, үр дүнтэй олон төрлийн бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх бус эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маягтай болох нь ямар ч бүтээгдэхүүнээр орлуулшгүй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хэмээн үзэж байна. Энэ нь зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах бус санхүүгийн зохистой дадлыг бий болгож, тогтвортой хөгжлийг дэмжиж буй хэрэг юм.

-Жил бүр хоёр тэрбум хуванцар сойз далай тэнгис болон хөрсөнд хаягддаг. Тиймээс биологийн задралд ордог, хулсны модоор хийсэн байгальд ээлтэй сойзыг сонгоорой.

-Төмөр эсвэл модон соруул хэрэглэснээр байгальд 500-1000 жилийн дараа задрах хог хаягдлаас сэргийлж буй хэрэг юм.

-Нүүр цэвэрлэгч хөвөнгийн савлагаа нь гялгар уут, хуванцраар хийгдсэн байдаг тул хөвөн даавуун нүүр цэвэрлэгч ашиглаж дадах

-Хуванцар, гялгар ууттай ариун цэврийн хэрэглэлээс татгалзаж, тогтмол ариутган дахин хэрэглэх боломжтой cup ашиглах

-Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа амьтан дээр туршилт хийсэн эсвэл химийн элдэв найрлага орсон эсэхийг нь шалгаж, шошгон дээрх мэдээллийг сайтар нягтлах

-Хатуу шампунь, үнэртэн туршиж үзэх

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/

2030