Ээлжит ярилцлагадаа бид 5-р сарын 21-28-нд Монголд айлчлан Улаанбаатар хот болон орон нутгуудаар аялан тоглолт хийх “Aberdeen" үлээвэр рок хамтлагийн ахлагчийг урилаа. Тэр бол хамтлагийн гол ая зохиогч, саксафонч Брайн Плауц юм. 2019 оныг "Америк-Монголын залуусын жил" болгон зарласантай холбоотойгоор тус хамтлагийг АНУ-ын Төрийн Департамент, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран урьжээ. Нью Йорк хотод төвлөрдөг тус хамтлаг хоёр саксафон, бүрээ, бишгүүр, хоёр гитар, басс, бөмбөр гэсэн найман хөгжмийн сонсголонтой хүчтэй дуугаралтаар үзэгч, сонсогчдыг эрч хүчээр цэнэглэдэг. 

Байршил: АНУ, Нью-Йорк хот
Эрхэлдэг ажил: Aberdeen хамтлагийн ахлагч, саксафонч, ая зохиогч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 2015
Ажлын арга барилаа товчоор илэрхийлбэл: Зохион байгуулалттай
Сошиал хуудсууд: Aberdeentheband (Фэйсбүүк), @Aberdeentheband (Инстаграм), @Aberdeentheband (Твиттер), Aberdeen (Youtube)
Вэб: www.aberdeen.band

Aberdeen хамтлагийн гишүүд
Брайн Плауц – Алто Саксафонч
Жаред Ий – Тенор Саксафонч
Ви Жей Браун – Цахилгаан гитарчин
Адам Ниле – Басс гитарчин
Себастьян Чирибога – Бөмбөрчин

Та ажлаа ямар арга барилаар хийдэг вэ?

Би өглөө зургаан цагт босож хөгжим бичих, найруулах, видео эвлүүлэх ажилдаа эртхэн ордог. Харин оройн цагаар, амралтын өдрүүдээр энэ ажлуудаа хийхийн зэрэгцээ шоу тоглолтуудынхаа цагийн хуваарийг гаргах, сурталчлах, уран бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргах ажлыг хийдэг. Харин тоглолттой үед бэлтгэлээ тултал хийж, яг тоглолтынхоо үеэр хөгжмөө сэтгэл хангалуун дарж, цагийг сайхан өнгөрөөхийг эрмэлздэг.

та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Хөгжмийн ноот бичихийн тулд “Finale” програмыг түлхүү ашигладаг. Энэ програмыг ашиглахад эхэндээ хэцүү санагдаж магадгүй ч яг л өөрийн чинь хүссэн аялгууг бүтээх эрх чөлөөг олгох болно. Харин хөгжим бичиж найруулахдаа Logic Pro X програмыг хэрэглэдэг. Хөгжмийн найруулга хийдэг өөр олон сайн програм бий л дээ. Гэхдээ Logic Pro X дээр найруулгын холболт хийхэд амархан. Мөн Final Cut Pro программ нь дүрс бичлэг янзлахад хамгийн хялбар гэж хэлж болно. Ингээд хийсэн уран бүтээл, нооргуудаа эмх цэгцтэй хадгалахад Google Drive тус болно. Аberdeen шиг овоо олон гишүүнтэй хамтлагийн хувьд бэлтгэл, сургуулилалтын төлөвлөгөө гаргана гэдэг багагүй ажил болдог. Тиймээс Doodle аппликейшн дээр хамтлагийнхаа бэлтгэлийн төлөвлөгөө, цагийн хуваарийг гаргахад тун тохиромжтой. Түүнээс гадна хийх ёстой маш олон ажлыг мартахгүйгээр санаж байхын тулд “Apple”-ийн Calendar дээр тэмдэглэдэг.Хөгжмийн ихэнх хамтлаг iPad дээр хөгжмийн ноотоо хардаг байх. Бид ч мөн адил Score ашиглан хөгжмийн ноотоо хардаг. Харин зарим хамтлаг Adobe Reader ашигладаг юм билээ. Мөн би анимейшн бүтээх, зураг зурахдаа Photoshop-ийг түлхүү ашигладаг.

та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Би том дэлгэцийн өмнө эргэдэг сандал дээрээ суугаад ширээнийхээ зүүн талд зөөврийн компьютер, чанга яригч, товчлуур зэргээ байрлуулж, баруун талдаа үргэлж саксафоноо тавьдаг юм. Заримдаа хойно байрлах буйдан дээр бичиг цаас овоорчихоод байдаг тал бий.

цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Маш сайн төлөвлөх! Мөн бичиг баримт, хөгжим, дүрс бичлэгийн файлуудаа ялган ангилсан цэгцтэй сан үүсгэж, дараа нь хэрэг болсон үед хаанаас олох вэ гэж сандрах, цаг алдах явдлаас сэргийлсэн.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажлуудаа тэмдэглэх арга маань үе үе өөрчлөгдчихөөд л байдаг юм. Гэхдээ мэдээж заавал жагсаалт гаргаж явдаг. Хийсэн ажлаа гараараа дараад явах хэвлэмэл жагсаалтад дуртай ч сүүлийн үед гар утасны Notes-ийг ашиглаад байгаа юм байна шүү.

ТА ГЭРТЭЭ БОЛОН АЖИЛ ДЭЭРЭЭ ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би тухайн ажил, төсөлд тодорхой хязгааруудыг тавьж, түүндээ баригдан ажиллахдаа сайн гэж бодож байна. Бүх зүйлийг чөлөөтэй үлдээх нь зарим талаар сайхан ч бүтээмжид тийм ч эерэг нөлөөтэй биш. Сулавтар хязгаарлалтыг тогтоох нь харин ч аливаа зүйлийг сайн судалж, гүнд нь нэвтрэх эрх чөлөөг олгодог. Гэхдээ бас нэг санах ёстой зүйл бол хүний өөртөө тогтоосон дүрэм журмууд өөрчлөгдөж, эвдэгдэж болдог.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Дуу зохионо гэдэг үнэхээр гайхалтай! Бид тоглолт хийхийн өмнөх бэлтгэлд маш их цаг зарцуулахын хэрээр түүнээсээ кайф авч аз жаргалтай болдог. Заримдаа бэлтгэл хийх илүү цаг байсан ч болоосой гэж боддог шүү.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Би яг одоо Америкийн дуу хөгжмийг олон улсад гаргах төслийн хүрээнд Кыргызстан, Монгол Улсад хийх тоглолтынхоо бэлтгэл ажилд анхаарал хандуулж байна. Өөрсдийн уран бүтээлээ толилуулан, та бүхэнтэйгээ удахгүй уулзах гэж байгаадаа сэтгэл догдолж байна. Мөн удахгүй гаргах шинэ цомгийнхоо уран бүтээлүүдэд төвлөрөн ажиллаж байна даа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Ямар ажил хийж байгаагаас шалтгаалан хөгжим сонсох эсэхээ шийддэг. Хөгжим найруулаагүй үедээ бол бусад төрлийн хөгжим сонсох дуртай. Сүүлийн үед Explosions in the Sky хамтлагийн дуунууд болон Японы хөгжмийн зохиолч Рюити Сакамотогийн аялгуунуудыг их сонсож байгаа. Зөвхөн аялгуу эгшиглэдэг учраас ажлаа хийж байхдаа сонсоход тун таатай байдаг юм.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би сүүлийн үед ном уншихаас илүүтэй подкаст сонсох хандлагатай болчихсон. Америк амьдралын хэв маягийн талаар болон явган шог ярьдаг Reply All, Song Exploder
подкастыг сонсдог. Мөн Австрийн яруу найрагч Райнер Мария Рилькегийн шүлгүүд үнэхээр гайхалтай. Түүний шүлгийн утга агуулга, үг сонголт нь олон зүйлийг бодогдуулж, төсөөлөлд автуулдаг. Бид түүний шүлгээс сэдэл авч, Toward The Sky, It Was Here цомгоо гаргаж байлаа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би өөрийгөө ч, хүмүүсийг ч аль нэг талд нь оруулж боддоггүй учраас хэлэхэд хэцүү л юм. Гэхдээ би аль болох нээлттэй, чөлөөтэй байхыг эрмэлздэг хүн. Уран бүтээлч хүний хувьд илүү чөлөөтэй, сэтгэл хөдлөлтэй байж чадвал сайн бүтээл гаргах боломжтой гэж боддог. Хөгжим бол нийгмийн үйлдвэрлэл учраас хүмүүстэй уулзаж ярилцах нь миний хувьд их чухал.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ? ЭРТэч ШУВУУ ЮУ ЭСВЭЛ ШӨНИЙН ШАР ШУВУУ ЮУ?

Унтах хэмнэл янз бүр дээ. Гэхдээ ер нь аль болох эртэч байхыг хичээдэг. Өглөөгүүр бүтээлч сэтгэлгээ шаардсан чухал ажлууд дээрээ төвлөрвөл үр бүтээмж хамгийн өндөр байдаг. Хэрэв өмнөх орой нь тоглолтоосоо оройтож ирсэн бол өглөө нь 6 цагаас бага зэрэг хойш босдог доо.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ? ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ вЭ?

Ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг учраас чөлөөт цаг хомс гардаг. Ажиллаагүй үедээ бол амттай хоолтой ресторан орох, гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэн рүү явах дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Би өөрийн тоглодог хөгжмөөс гадна өөр олон төрлийн хөгжмөөс эрч хүч авдаг. Өвөрмөц, ер бусын дуу хөгжмөөрөө ялгарсан “Bon Iver” хамтлаг бол яахын аргагүй олон хүнд хүрч, нөлөөлж чадсан. Мөн домог болсон ахмад үеийнхнээсээ маш их урам зориг авдаг. Тухайлбал, Польшийн хөгжмийн зохиолч Хенрик Гурецкигийн гайхалтай хөгжмийн хэмнэл, АНУ-ын алдарт хөгжимчин Тромбон Шорти, жааз хөгжмийг рок хөгжимтэй хослуулсан Snarky Puppy хамтлагийн үлээвэр хөгжмийн тоглолтуудыг онцлох нь зүйтэй. Түүнээс гадна хамтлагийнхаа басс гитарчин Адам Нилегийн долоо хоног бүр Youtube хуудсанд оруулдаг хөгжмийн бичлэгүүдийг үзэх дуртай. Энэ нь намайг илүү олон зүйл хийхэд дайчилж, түлхэц болж өгдөг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Намайг коллежид байхад алдарт бүрээчин, кино зохиолч Теренс Бланшар манай сургууль дээр ирж, оюутнуудтай уулзаж байсан юм. Тэр үед би АНУ-ын жааз хөгжимчин, саксофонч Уэйн Шортерийн дууг өөрчлөн найруулснаа үзүүлээд сэтгэгдлийг нь асуусан. Түүнд миний дуу таалагдсан ч хүний зүрх сэтгэлд хүрэхээр дуу биш байна гэж хэлсэн юм. Тэр үг надад урам зориг өгч, уран бүтээлдээ илүү гүн гүнзгий утга санааг агуулах ёстойг ойлгуулсан. Гэхдээ анх сонсоод бүрэн дүүрэн ойлгоогүй л дээ. Хэдэн жилийн дараа Aberdeen хамтлагаа байгуулах үед мөнөөх үг санаанд орж, утга учрыг нь сая нэг ойлгосон хэрэг. Үзэгчид аливаа уран бүтээл, хөгжмөөс жинхэнэ мэдрэмжийг авах учиртай.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ТА ЮУ ГЭХ ВЭ?

Хэрэв та залуу хөгжимчин бол байнга л хөгжим бичихэд цаг зарцуулаарай гэж зөвлөнө. Өдөр бүр хичээж байж л үр дүнгийн үзүүр цухуйж эхлэх болно. Гол нь тууштай байж чадвал шүү дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Би “Bon Iver” хамтлагийн ахлагч Жастин Верноны ажлын арга барилыг сонирхож байна. Далимд хэлэхэд, энэ ярилцлагад уригдсан зочидтой 5 юм уу 10 жилийн дараа дахин уулзаж, өмнө нь асуусан асуултаа дахиад асуугаад үзээрэй. Тэгээд тэдгээр хүмүүсийн үзэл бодол, хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулж харвал гайхалтай байх болов уу гэж бодож байна.