Ковер зургийн тайлбар: Гурван камертай утасны эринд тавтай морил!

Онцлох: Apple шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Apple жил бүрийн 9-р сард зохион байгуулдаг уламжлалт эвентээрээ шинэ бүтээгдэхүүнүүдээ ил болголоо. Тэд зөвхөн ухаалаг төхөөрөмжөөс гадна үйлчилгээ, контентийн зах зээлд анхаарлаа хандуулж байгаагаа энэ үеэр батлав.

Энэ удаад олонхийн таамаглаж байсанчлан гурван төрлийн шинэ iPhone-ийг танилцууллаа. iPhone 11 харьцангуй хямд үнээр буюу 699 доллараас эхлэн борлуулагдахаас гадна зургаан өнгөний сонголттой гарсан нь онцлох байв. Харин гурван камертай гэдгээрээ онцлогтой iPhone Pro, iPhone Pro Max загварууд нь 5,8 болон 6,5 инчийн дэлгэцтэй, 999-1099 долларын үнэтэйгээр борлуулагдана. Эдгээр загваруудын баттерейн багтаамж өмнөх хувилбаруудаас эрс нэмэгдсэн гэдгийг Apple онцлов.

Энэ үеэр тэд 18 цаг цэнэгээ барьдаг, хөдөлгөөнөөрөө удирдах боломжтой Apple Watch Series 5-ийг танилцууллаа. Мөн 10,2 инчийн 7-р үеийн iPad хамгийн анх хэрэглэгчдийн хүртээл болов.

Харин стриминг дайнд тэднийг төлөөлөн оролцох Apple TV+ 11-р сарын 1-ээс гарах болсон нь фенүүдийн хувьд таатай мэдээ байв. Үүнээс илүү таатай мэдээ сарын төлбөр бусадтай харьцуулахад хямд буюу 4,99 доллар байх нь байлаа. Netflix 8,99 доллараас, Disney+ 6,99 доллараас эхэлж байгаа билээ. Мөн тоглоомын платформ Apple Arcade бүр наана буюу 9-р сарын 19-оос нээлтээ хийх бөгөөд сарын төлбөр нь 4,99 доллар байх гэнэ.

Уг эвентийн дараагаар Apple-ийн хувьцааны үнэ 3 хувиар өсч, зах зээлийн үнэлгээ нь ахин 1 триллион долларын босгыг давсан байна. Тэд хамгийн анх 2018 оны 8-р сард энэ амжилтад хүрч байсан билээ.

Techcrunch: Apple-ийн танилцуулсан бүх зүйлс

Утсаа солих уу?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Сингапур хиймэл оюуны технологийн төв болохыг хүсэж байна. Тус улсын засгийн газар энэ төлөвлөгөөний хүрээнд 2020 оныг дуустал 360 сая долларын хөрөнгө оруулалт хийж, Хятад, Америкийн компаниудад таатай нөхцлөөр судалгаа, хөгжүүлэлт хийх боломжоор хангах гэнэ.

Чикагод төвтэй BIOLIFE4D нэртэй стартап жижиг хэмжээний зүрхийг 3D принтер ашиглан бүтээсэн байна. Хүний зүрхний бүтэцтэй ижил хиймэл зүрхийг гаргаж авсан нь анагаах ухаанд чухалд тооцогдох алхам болсон бөгөөд ирээдүйд донорын үүргийг орлох ач холбогдолтой хэмээн экспертүүд үзэж байна. Энэ оны эхээр Тел Авивын их сургуулийн эрдэмтэд мөн 3D принтер ашиглаж хүний зүрхийг гарган авсан билээ.

Маршалын Арал өөрийн улсад албан ёсны мөнгөн тэмдэгтээр ашиглагдах криптовалютыг гаргахаар зэхэж байна. 1979 онд тусгаар тогтносон, 50 мянган хүн амтай тус улс өдийг хүртэл Америк доллараар арилжаа хийдэг байсан юм.

Coindesk: Яагаад бид криптовалют гаргах гэж байна вэ?

McDonald's энэ жил гурав дахь удаагаа технологийн стартап худалдан авлаа. Тэд 2017 онд байгуулагдсан Apprente-ийн технологийг ашиглан машинтай зорчигчдын худалдан авалтыг автоматжуулах зорилготой байгаа юм. Үүнээс өмнө тэд хэрэглэгчдийн зан төлвийг таамаглах технологи хөгжүүлэгч Dynamic Yield болон Plexure-ийг эгнээндээ нэгтгээд байсан билээ.

2 жилд нэг удаа явагддаг Европын хамгийн том авто үзэсгэлэн "Франкфуртын мото шоу" явагдаж байна. Энэ жилийн гол тренд цахилгаан машин байсан нь VW, Porsche, Mercedes шинэ EV загваруудаа танилцуулснаас харагдана. Lamborghini анхны хайбрид машинаа үзүүлснээс гадна Audi AI Trail нэртэй 5 дроны тусламжтайгаар эргэн тойрноо хянах боломжтой концепцоо танилцуулсан нь сонирхол татав.

Ирээдүйн машин?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Хонгконгийн Хөрөнгийн Бирж 36.6 тэрбум доллараар Лондоны Хөрөнгийн Биржийг худалдан авах саналыг тавилаа. Эх оронд нь эсэргүүцлийн жагсаал хөрөнгө оруулагчдын багагүй тэвдүүлж буй энэ үед Брекситийн хямралд автаад буй Лондоныг сонирхсон нь олон жилийн судалгааны үр дүн хэмээн Хонгконгийн тал онцолж буй. Тэд хөрөнгө оруулагчдад 18 цагийн турш нээлттэй байх нэгдсэн платформыг танилцуулж, үр өгөөжийг хамгийн өндөр түвшинд байлгана хэмээн үзэж байгаа аж. Хэлэлцээр амжилттай болбол нэгдсэн бирж 70 тэрбумын үнэлгээтэй болж, NYSE-г давах учиртай юм.

Африкийн хамгийн том интернет компани Naspers технологийн портфолиогоо тусад нь салган, Prosus нэртэйгээр Амстердамын бирж дээр нээлтээ хийлээ. 100 тэрбум долларын үнэлгээтэй шинэ компани Tencent-ийн 31 хувиас гадна Mail.ru, Delivery Hero зэрэг стартапуудын хувьцааг эзэмшиж буй. Ингэснээр тэд Германы SAP-ийн араас Европын 2 дахь том технологийн компани болж байгаа юм.

Alibaba-г үүсгэн байгуулагч Жэк Ма амласан ёсоороо 55 насны төрсөн өдрөөрөө "тэтгэвэртээ гарч", ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр 20 жилийн өмнө байгуулсан 460 тэрбум долларын үнэлгээтэй компаниа орхих үдэлтийн баяраа 80 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд, 4 цагийн турш үргэлжилсэн шоугаар хийж, рок одын дүрээр тайзнаас буусан юм. Ж.Ма компанидаа зөвлөхөөр үлдэх бөгөөд боловсролын төслүүдэд анхаарлаа хандуулах аж.

Залуусын хувцасны брэнд Forever 21 дампуурлын ирмэг дээр буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. 1984 онд байгуулагдсан, дэлхий даяар 800 гаруй дэлгүүртэй уг брэнд зөвхөн энэ жил 100 дэлгүүрээ хаах төлөвтэй байгаа юм. Тэд сүүлийн саруудад шинэ хөрөнгө оруулагч хайсан ч бүтэлгүйтсэн нь энэ бололтой.

Дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт 10 ширхэг дрон халдсан хэрэг гарлаа. Үүний улмаас газрын тосны нийлүүлэлт 50 хувиар тасалдаж, үнэ нь 13 хувиар өссөн нь зах зээлийг донсолгов. Энэ нь 79 оны Исламын хувьсгал, 90 оны Иракийн түрэмгийллийн үеийнхнээс ч илүү хохирол учруулсан гэсэн үг. Халдлагыг Иемений хэт даврагч бүлэглэл үйлдснээ хүлээн зөвшөөрсөн байна.

Рок од!

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

"IT: Chapter Two" 47 сая долларын орлогоор 2 дахь долоо хоногтоо дараалан бокс оффисийг тэргүүллээ. С.Кингийн зохиолоос сэдэвлэсэн уг аймшгийн төрлийн кино дэлхий даяар 323 сая долларыг цуглуулаад байна. Алдарт дуучин Ж.Лопезийн гол дүрд нь тоглосон Hustlers 32 сая долларын орлогоор 2-р байрт жагсчээ.

"Game of Thrones"-ийн хамгийн нөлөөтэй гэр бүлүүдийн нэг Таргарианы овгийн түүхийг өгүүлэх шинэ цуврал дээр HBO ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. 8 бүлгийн дараагаар дууссан үндсэн түүхээс 300 жилийн өмнө өрнөх уг түүхийн зохиол дээр Жорж Мартин өөрөө ажиллаж байгаа гэнэ. Ташрамд дурдахад, HBO "The Long Night" нэртэй түүхийн эхэн үеийн бүтээл дээр мөн ажиллаж байгаа билээ.

Рок хөгжмийн томоохон төлөөлөгчид болох Green Day, The Weezer, Fall Out Boy хамтлагууд хамтран аялан тоглолт хийх болсноо зарлалаа. Тэд 2020 оны 6-р сарын 13-нд Парисаас гараагаа эхлэх бөгөөд нийт 28 тоглолтыг Европ, Америкаар хийх аж. Сонирхуулахад, Green Day, The Weezer аль аль нь шинэ цомгоо зарлаад байгаа юм.

Холливудын хамгийн эрэлттэй найруулагчдын нэг Ж.Абрамс өөрийн "Bad Robot" компанийн хамтаар AT&T-WarnerMedia-тай гэрээ байгууллаа. "Lost", "Fringe", "Westworld" зэрэг топ цувралуудыг бүтээсэн тус продакшн 2024 он хүртэл 500 сая долларын гэрээг үзэглэсэн гэнэ.

Алдалгүй унших арван мэдээ

Wired: Endgame-ийг бүтээсэн нь
Дэлхийн хамгийн амжилттай киноны график дизайныг хэрхэн бүтээсэн бэ? Маш сонирхолтой видео

CoS: The Strokes эргэн ирнэ
6 жилийн дараа тэд шинэ цомгоороо фенүүдтэйгээ уулзах гэж байна

NYTimes: Amazon 30 мянган ажилтан шинээр авна
Тэд Америк даяар ажлын яармаг зохион байгуулж, нийт ажилчдынхаа 5 хувьтай тэнцэх хүчийг татахаар зэхэж байна

VW: Volkswagen шинэ логогоо танилцууллаа
Германы алдарт автомашин үйлдвэрлэгч шинэ эрин эхэлснийг шинэ логогоороо мэдэгдэхийг хүсэж байна

Coindesk: Deutsche Bank блокчэйн технологи хөгжүүлнэ
Сүүлийн үед ихэд барцадтай байгаа гигант блокчэйнийг ирээдүй хэмээн үзэж байна


WSJ: Кевин Дюрантын шинэ гэр
NBA-ийн хамгийн шилдэг тоглогч яагаад одоог хүртэл аз жаргалгүй байна вэ?

Bloomberg: Мэри Кюригийн үлдээсэн "хог"
Франц улс одоог хүртэл агуу эрдэмтнийхээ үлдээсэн хаягдалтай зууралдсаар л

Vox: Арван гуравны баасан гарагийн түүх
Яагаад хүмүүс энэ өдрийг ингэж их сүсэглэж ирэв? Үнэхээр аймшгийн зүйл тохиодог гэж үү?

IndieWire: Мартин Скоурсесийн санал болгох 35 кино
Алдарт найруулагчийн сонголтод зөвхөн Холливудаас гадна Солонгос, Сенегал, Итали кинонууд багтжээ